Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Цын Гд холбогдох эрүүгийн 2035001380159 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны  сарын нд Увс аймгийн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Увс аймгийн  сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х Цын Г /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн сумын 5 дугаар нутагт 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч С.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар нутагт 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрээгүй хохирогч С.Бг зодсон болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч С.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, 17 настай. ...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өглөө хичээлдээ явсан ба хичээл 12 цагт тараад шууд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байтал орой манай найз Б.П, А хоёр манай гадаа ирээд намайг дуудаж бид гурав зааланд тоглохоор болж Б.П-гийн мотоциклтой Болдоо гэх найзынхаа гэр лүү явж байтал сумын төв гудамжинд Н.М, Ц.Г, Э нар таарч би сонин юу байцгаан гэж хэлсэн чинь Ц.Г гэх залуу над руу ирээд чи юу гэнээ гээд намайг шууд нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиод авахаар нь би та яаж байгаа юм бэ? гээд мотоциклоосоо буугаад тэврээд авсан чинь дахиад нүүрэн тус газар баруун гараараа цохиход би ухаан балартсан. Би доош тонгойтол хөмсөг тус газар хөлөөрөө хоёр удаа өшиглөж байтал Н.Ш ах, Н багш нар ирээд салгасан юм. ... Тухайн өдөр Ц.Г, Н.М нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүнээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

- насанд хүрээгүй гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Бг дуудаж зааланд тоглохоор Болдоо гэх найзынхаа гэр рүү явж байтал гудамжинд Н.Мөнхтөр, Ц.Г, Энхсайхан нартай таарч С.Б тэд нар дээр очиж юу байцгаан гэж хэлтэл Ц.Г С.Бг нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиод авсан юм. Тэгээд С.Б доош тонгойтол хөлөөрөө нүүрэн тус газар нь хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

-  гэрч Н.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд  “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... 17 цагийн үед гэрээсээ гараад хашааныхаа гадна зогсож байтал гудамжинд хүүхдүүд зодолдож байх шиг байхаар нь би яваад очтол С.Б-г Ц.Г гэх залуу нүүрэн тус газар нэг удаа баруун хөлөөрөө өшиглөхөөр нь би гүйж очоод “юу болоод байна боль” гэж хэлсэн чинь С.Б-г өшиглөсөн Ц.Г гэх залуу мотоциклын ард суугаад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

- гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр жижүүр эмчийн ээлжинд гарч байсан, 18 цагийн үед манай эмнэлэг дээр зодуулсан хүүхэд ирсэн байна гэх дуудлага авч, сургуулийн насны 12 дугаар ангийн С.Б, Б.П гэсэн 2 хүүхдийг үзсэн. Тухайн үед С.Бн хөмсөг нь задарч цус гарсан байдалтай байсан ба би хөмсгөнд нь 3 удаа оёдол тавьж цусыг нь тогтоосон юм...” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...та нар миний дүү хэзээ ийм том болцон юм гээд би очоод С.Бг нүүрэн тус газар нь хоёр удаа баруун гараараа цохиод авсан юм. Тэгээд С.Б намайг заамдаад авахаар нь би баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан чинь С.Б нь доош тонгойхоор нь баруун хөлөөрөө С.Бгийн нүүрэн тус газар нь хоёр удаа өшиглөсөн тэгсэн С.Бгийн хөмсөгнөөс цус гараад байхаар нь би гэр рүүгээ яваад өгсөн юм...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “...Үзүүлэгч С.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2020.09.14-ний 21 цаг 00 минутын үед үүсчихсэн байсан талаар эмчийн тодорхойлолтод бичигдсэн байна. Баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 599 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч С.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Бн баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй болох нь насанд хүрээгүй хохирогч С.Бн “...Надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй болсон...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч Ц.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г-д урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 64-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч П.Б-ийн өгсөн: “Манай дүү Ц.Г нь их ажилсаг, мал малладаг, малд их сайн болохоор мал төллөх үеэр манайд ирж очоод байдаг юм. Бага байхдаа толгойдоо гэмтэл авснаас болоод түргэн ууртай болчихсон. Урьд өмнө нь их даруу төлөв зантай хүүхэд байсан. Арван жилд байхаасаа спортод дуртай, янз бүрийн уралдаан тэмцээнд орж олон шагнал авч байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байх гэж бодож байна. Надтай согтуу таарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/, гэрч П.Цын өгсөн: “Манай хүү Ц.Г нь айлын том хүү бөгөөд одоо Улаанбаатар хотод МҮИС-д сурдаг оюутан юм. Ц.Г нь бага байхдаа төлөв даруу зөөлөн хүүхэд байсан ба 2010 онд мориноос унаад толгойндоо бэртэл авч байсан. Тэгээд тэрнээсээ болоод зан ааш нь өөрчлөгдөөд уур уцаартай болчихсон. Тэр өвчнөөсөө үе үе юм асуухаар дугардаггүй болсон. Миний хүү Ц.Г нь сагс сайн тоглодог спортлог хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч Ц.Г эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний суралцах нөхцөл боломжийг алдагдуулж болзошгүй тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х Цын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ