Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Нармандах |
Хэргийн индекс | 102/2017/00332/и |
Дугаар | 1076 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 1076
“Элит техно монгол сервис” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00716 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Гээпэлмаад холбогдох
3 750 000 төгрөг гаргуулах болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага Ц.Гээпэлмаатай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5 500 000 төгрөгийн үнэ бүхий чанарын доголдолгүй, шинэ “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдаж, гэрээг байгуулахдаа урьдчилгаа 300 000 төгрөгийг бэлнээр авч, 5 200 000 төгрөгийг 17 сарын хугацаатай, сар бүрийн 25-ны өдрийн дотор 300 000 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр тохирч, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч Ц.Гээпэлмаа үүргээс 2015 оны 09 сар хүртэлх хугацаанд 3 000 000 төгрөгийг төлж, 2 500 000 төгрөгийг төлөөгүй байсан.
Талуудын хороонд байгуулсан гэрээний хугацаа дууссан, гэрээний 6.2-т зааснаар 690 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул хариуцагчаас төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Гээпэлмаагийн шүүхэд өгсөн тайлбар болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 09 дүгээр сарын 10-ны үед тус компанийн диллер залгаж, гэрт чинь очиж, хивсийг чинь үнэ төлбөргүй цэвэрлэж өгье гэж ярьсан. Эхний удаа би учрыг нь олоогүй ч татгалзсан. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрх компанийн ажилтан гэх н.Тэлмэн, санхүүгийн албаны дарга гэх өндөр залуугийн хамт манай гэрт хивс цэвэрлэдэг төхөөрөмжөө авч ирсэн. Хивсээ цэвэрлүүлсэн. Ноолууран хувцас цэвэрлэсэн. Тэгээд уг төхөөрөмжөө 40 үйлдэлтэй маш сайн гэж танилцуулж, манай гэрт 4 цаг орчим байж авахыг тулгасан. Төхөөрөмжийн үнэ 5 500 000 төгрөг, онгоцны мотортой 100 жилийн эдэлгээтэй, үр хүүхдэдээ үлдээх хөрөнгө оруулалт гэх мэтээр ятгасан. Би тэтгэвэрт байдаг, их өндөр үнэтэй зүйлийг авч чадахгүй гэдгээ хэлсэн. Бичсэн гэрээг надад өгч, гарын үсэг зуруулаад уг төхөөрөмжөө орхиод явсан. Энэ өдрөө барьцаа гэж бэлнээр 300 000 төгрөг авсан. 9 сарын сүүлээс эхлэн би өөрийн боломжоор үр хүүхдээсээ мөнгө авч энэ төхөөрөмжийн үнээс нийт 3 000 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 8 сараас эхлэн төлөх боломжгүй болсон. Уг төхөөрөмж хүнд учраас тэр бүр ашиглаж чаддаггүй. Би өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн гэрээг байгуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анхнаасаа намайг хуурч, төөрөгдөлд оруулж, тулган шаардаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, миний төлсөн 3 000 000 төгрөгийг “Элит техно монгол сервис” ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хариуцагчийг хуурч мэхэлж, төөрөгдүүлж, төөрөгдөлд оруулж, тулган шаардаж хийсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, хүчин төгөлдөр бус гэж үзэх ямар ч нөхцөлд хамаарахгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, 3 000 000 төгрөгийг “Элит техно монгол сервис” ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Гээпэлмаагаас 3 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК-д олгож,
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч төлсөн 75 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагч төлсөн 133 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 74 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Би "Элет Техно Монгол Сервис" гэх компанийг мэдэхгүй. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрх компанийн ажилтан гэх н.Тэлмэн, санхүүгийн албаны дарга нь гэх өндөр залуугийн хамт манай гэрт хивс цэвэрлэдэг төхөөрөмжөө авч ирээд том өрөөний нэг хивс цэвэрлээд, ноолууран платье угаасан. Энэ цэвэрлэгч төхөөрөмжөө худалдан ав гэж үндсэндээ тулгасан. 5 500 000 төгрөгийн үнэтэй, онгоцны мотортой, 100 жил эдлэгдэнэ, үр хүүхдэд чинь хөрөнгө оруулалт болж, дамжина гэх мэтээр ятгасан. Надад та гэрээ хийгээд сард 100 000-300 000 төгрөг төлөхөд болно тантай энэ гэрээг хийвэл би өнөөдөр албан тушаал ахиж албаны дарга болох гээд байна гэж Тэлмэн гэдэг нь хэлсэн. Ингээд намайг төөрөгдөлд оруулж бэлэн бэлдчихсэн гэрээ гаргаж ирээд захиалагч гэдэг дээр Тэлмэн гэх залуу нь миний нэрийг өөрөө бичээд надаар гарын үсэг зуруулсан юм. Тэгээд л нөгөө төхөөрөмжөө гэрт орхиод явсан. Энэ өдрөө барьцаа гэж бэлэн мөнгө 300 000 төгрөг аваад явсан. 9 сарын сүүлээс эхлээд би өөрийн боломжоор үр хүүхдээсээ мөнгө төгрөг авч энэ төхөөрөмжийн үнийг төлж эхэлсэн бөгөөд нийт 3 000 000 төгрөг төлчихсөн байна. Ингээд 2015 оны 8 дугаар сараас эхлээд төлбөрийг төлж чадахаа байсан.
Ийнхүү Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн 196 дугаар зүйл 196.1.2-т заасанчлан гэрээг байгуулахдаа талууд тохиролцсон байх ёстой гэтэл гэрээний нэг тал өөрсдийн санал тулгаж, бэлэн бэлдсэн гэрээний загвар гарган ирж "зээлээр худалдах худалдан авах гэрээн"-д гарын үсэг зурахыг шаардсан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Гээпэлмаа би өндөр насны тэтгэвэрт байдаг сард 200 000 гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг хүн 5 500 000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн авах хүсэл сонирхол байгаагүй юм. Гэтэл нэхэмжлэгч тал миний эдийн засгийн чөлөөт байдлыг хязгаарлаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх бие даан шийдвэр гаргах байдалд нь нөлөөлж, гэрээ хийснээр хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК нь хариуцагч Ц.Гээпэлмаад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 750 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
“Элит техно монгол сервис” ХХК болон Ц.Гээпэлмаа нар 2013 оны 09 дүгээр 20-ны өдөр “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг 5 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, хариуцагч урьдчилгаа төлбөрт 300 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 5 200 000 төгрөгийг 17 сарын хугацаанд, сар бүрийн 25-ны өдрийн дотор 300 000 төгрөг төлөхөөр тохирч, нэхэмжлэгч төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд хүлээлгэн өгсөн, 2015 оны 09 сар хүртэл хугацаанд хариуцагч 3 000 000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.
Гэрээ байгуулахад хариуцагч ноцтой төөрөгдсөн, нэхэмжлэгч түүнийг хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн байж болох Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийг хуурч, төөрөгдөлд оруулж, тулган шаардаж гарын үсэг зуруулсан гэх тайлбар, шаардлагаа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул шүүх түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймээс хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн төлбөрт төлөгдөөгүй 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зөв юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т “...төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар хүү төлнө” гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцэхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй болно.
Иймд алдангид 1 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00716 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 750 000” гэснийг “2 500 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дах заалтын “74 950” гэснийг “54 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Б.НАРМАНДАХ
.