Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0473/З |
Дугаар | 773 |
Огноо | 2018-12-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 773
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, н З дд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:............../,
Хариуцагч: Н З д
Гуравдагч этгээд: Т ц а,
Нэхэмжлэлийн шаардлага: Н З д-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд Т ц аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Т-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК нь 2003 оноос “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал"-ын 199 тоот тогтоолын дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер, замын цагдаагийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан анх удаа нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчил дутагдлыг багасгах, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор Монгол улсын стандартын дагуу оношлогооны төвийг байгуулан, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх үндсэн үйл ажиллагаатай ажиллаж эхэлсэн.
Тухайн үед энэ чиглэлийн үйл ажиллагаа нь шинэ тутам байсан ажлыг манай компани тухайн үед өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө, автомат оношилгооны төвийг байгуулан, автомашин ачиж буулгах автомашин зэрэг нийт найман зуун сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай хийснээр 2007 оноос бусад харьяа дүүргүүдийн замын цагдаа жишиг журмын хашаатай болж үйл ажиллагаа нь жигдэрсэн учир “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал”-ын 2002 оны 199 тоот тогтоол, 2003 оны Улаанбаатар хотын ерөнхий менежер, замын цагдаагийн газартай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн гэж үзэж Б******* дүүргийн******* хороонд байрлах журмын хашааны 3,586 м.кв газрыг “Н З д”-ын 2011 оны 10 сарын 31 өдрийн 778 тоот захирамжийн дагуу 5 жилийн хугацаатай, нэгж талбарын ******* дугаарт бүртгүүлэн, эзэмших эрхийн 0231998 дугаар гэрчилгээгээр эзэмших болсон.
Гэтэл тус газрыг манай компанид мэдэгдэлгүйгээр “н З д-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр эзэмших эрхийг хүчингүй болгосон байсныг хожим мэдэж, энэ асуудлын талаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр н З дд хандсан боловч 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 03/2110 тоот албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэл гаргаж байна.
Засаг дарга уг захирамжийн хууль зүйн үндэслэлдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт буюу Засаг дарга өмнө нь гаргасан захирамжаа хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгосон агуулгатай заалт хэрэглэсэн атлаа мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу газар эзэмшигч зөрчил гаргасан учраас газар эзэмших эрхийг дуусгавар болсон мэт хоорондоо хууль зүйн хувьд болон агуулгын зөрчилдөөнтэй байдлаар хууль хэрэглэсэн байгаа нь ойлгомжгүй.
Мөн уг захирамжийн үндэслэлд "... Н З д-ын 2011 оны 778 дугаар захирамжаар “А" ХХК-д авто, үйлчилгээний зориулалтаар 3,586 м.кв газрыг эзэмшүүлсэн байдал нь Газрын тухай хуулийн 33.1.2 ... зөрчсөн байх тул тус захирамжийн “А" ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай..." гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, газрыг эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын захирамжийн үндэслэлд дүгнэлт хийх замаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон атлаа нэхэмжлэгч байгууллагатай холбон үндэслэлдээ дурдсан нь хууль бус болсон.
Нэхэмжлэгч байгууллага нь уг газрыг эзэмших эрхийг олж авахдаа эрх бүхий этгээдээс тавьсан аливаа болзол, шаардлагыг зөрчөөгүй. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь шийдвэр гаргах эрхээ хэрэгжүүлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх асуудал нь газар эзэмшигчийн эрхэд халдах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд уг захирамжийн улмаас манай компанийн эрх зөрчигдөөд байгаа юм.
Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг бидэнд хуульд заасан журмын дагуу өдийг хүртэл мэдэгдэж шаардлага тавьж байгаагүй байдал нь ч газар эзэмшигчийг буруутгах үндэслэл байгаагүйг бодитоор нотлох үндэслэл болно.
Иймд н З д-ын 2013 оны А/837 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
... захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд манай эзэмшиж байсан газрыг н З д-ын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжаар Нийслэлийн цагдаагийн газарт олгож улмаар н З д-ын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дугаар захирамжаар Замын цагдаагийн албанд олгосон байх бөгөөд анхны хууль бус захирамжийн үр дагавар хууль бус гэж үзэж байна.
Иймд Н З д-ын 2014 оны 7 сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, н З д-ын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гуравдагч этгээдэд газар эзэмших эрх шилжсэн 2013 оны А/837 дугаар захирамж байдаг бөгөөд энэхүү захирамж нь хууль зүйн хувьд хоёрдмол агуулгатай.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа бол мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар үгүйсгэх үндэслэлтэй юм.
Хэргийн материалд авагдсан баримтууд болон хариуцагч гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжтой. Учир нь н З д гаргасан шийдвэртээ дурдсан асуудал, хууль зүйн үндэслэл нь баримтаар нотлогдохгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан байна. Жишээлбэл, 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн гэсэн байна. Гэтэл захирамждаа хэзээ, хэрхэн яаж зөрчсөн талаар дурдах ёстой.
Мөн нэхэмжлэгч газар эзэмших эрхээ зөрчсөн бол тухайн үед ямар зөрчил гаргасан талаар баримтжуулах ёстой байсан. Захирамж гараад л газар ашиглах эрх үүсдэг юм биш. Гэрээ байгуулна, гэрээнд тодорхой нөхцөл болзлуудыг заана, хариуцагч энэ талаар мэдэгдэх ч үүрэгтэй. Гэтэл энэ зөрчил мөн л тогтоогдохгүй байна. Энэ талаас харвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гарах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Нөгөө талаас “А” ХХК нь тухайн үед төрийн байгууллагын чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх тодорхой чиг үүргийг өөрсдийн хөрөнгөө гаргаад, хэрэгжүүлээд явж байсан. Хэргийн оролцогчдоос аль нь ч “А” ХХК-ийг маргаж буй газар дээр хөрөнгө гаргаагүй гэж мараагүй. Харин үйл ажиллагаа явуулж байсан эсэх, хариуцагчийн шийдвэр гаргахтай холбоотойгоор л маргаж байгаа. Н З д 2013 оны шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хөрөнгийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн эсэх асуудлаар хууль зүйн үндэслэл нь алдаатай бөгөөд зөрчилдөөнтэй байна. Мөн хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байна. Энэ асуудлуудыг н З д шийдвэрлэж байж захирамж гаргах ёстой байсан. Үүнээс үүдэн өнөөдрийн маргаан үүссэн бөгөөд уг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэлээр шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тодорхойгүй байгаа энэхүү асуудлыг дахин хянуулж, нягтлаад оруулсан хөрөнгийг төсвөөс буцаан гаргаж өгөх, эсхүл маргаан бүхий газрыг “А” ХХК-д тодорхой нөхцөл зориулалттайгаар эзэмшүүлэх талаар Засаг дарга шийдвэр гаргах шаардлагатай.
Энэхүү тодорхой бус маргааныг шийдвэрлэх нь шүүхийн нотлох баримт шинжлэн судалж шийдвэр гаргах цар хүрээнээс хэтэрсэн асуудал юм. Иймд шийдвэр гаргасан этгээдийг нөхцөл байдлыг тодруулж дахин энэ асуудлын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргах хугацаа олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Н З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““А” ХХК-д анх 2011 оны н З д-ын 778 дугаар захирамжаар Б******* дүүргийн******* хороонд авто үйлчилгээний зориулалтаар 3586 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн байх тул гэж үзэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжпэгч “А” ХХК нь хууль, ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтыг зөрчин 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байна.
Тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг захирамж гарсан өдөрт нь н З д-ын цахим сайтад байрлуулсан байдаг ба тус компани нь мэдсэн мэдэх боломжтой гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Цагдаагийн газраас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ баталгаажуулах хүсэлт гаргасныг судлан үзээд н З д-ын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 дугаар захирамжаар Б******* дүүргийн******* хороонд Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны зориулалтаар 3,586 м.кв газрыг эзэмшүүлжээ.
Улмаар н З д-ын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжаар Замын цагдаагийн албыг дахин байгуулсантай холбогдуулан Замын цагдаагийн албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Тус маргаан бүхий газрыг анх н З д-ын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамжаар Замын цагдаагийн газарт журмын хашааны зориулалтаар түр ашиглуулахаар олгосон байх бөгөөд Замын цагдаагийн газар болон нэхэмжлэгч “А” ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 6-д тус газрыг “А” ХХК-д шилжүүлэн өгөх хэмээн дурджээ. Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамж гараагүй хэдий ч энэхүү гэрээний үндсэн дээр 2011 онд “А” ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан нь дээрх гэрээнд мөн хамаарч байна.
Нэхэмжпэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараагаар Замын цагдаагийн газарт үйл ажиллагааны хүрээнд тохируулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын Т ц аны дарга Д.А үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ““А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, н З дд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Замын цагдаагийн алба нь Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөн зохицуулах, тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
1990 онд Монгол Улс чөлөөт эдийн засаг шилжиж, улсын авто баазууд татан буугдсан, хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн тоо огцом өссөнтэй холбогдуулан осол, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа /байр/ байгуулах хэрэгцээ шаардлагын упмаас Б******* дүүргийн 25-р хороо /одоогийн/ нарны зам дагуух газарт өөрийн хөрөнгөөр тээврийн хэрэгсэл түр саатуулах тусгай /журмын хашаа/ байрыг анх байгуулж, Замын цагдаагийн газрын бүтцэд ажиллаж ирсэн.
Хууль зүйн сайдын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэл түр саатуулах журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар тээврийн хэрэгсэл түр саатуулах байрыг цагдаагийн байгууллагын бүтцэд байхаар тогтоосон байдаг.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулах зорилгоор Замын цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засвар үйлчилгээ үзүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал үзлэг оношилгоо хийх зориулалттай Техникийн үзлэг, оношилгооны лаборатори байгуулахыг Замын цагдаагийн газрын даргад үүрэг болгосон байдаг.
Тухайн үед Замын цагдаагийн газрын дарга, “А” ХХК-ийн захирал нар 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх боловч уг гэрээ нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу Цагдаагийн ерөнхий газрын даргаас эрх шилжүүлсэн шийдвэргүйгээр гэрээ байгуулсан, мөн Хууль зүйн сайдын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаар тушаалын /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ хоёрдугаар хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам”-ын “Нийтлэг үндэслэл”-ийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашаа байрлаж буй газрыг Н З д-ын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/648 тоот захирамжийн дагуу /Замын цагдаагийн албыг татан буулгасантай холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгж/ эзэмшиж байсан ба бүтцийн өөрчлөлт хийж, Замын цагдаагийн алба байгуулагдсантай холбоотойгоор Н З д-ын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 тоот захирамжийн дагуу тус албанд “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-ны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг зохих ёсоор төлж, хууль ёсоор зориулалтын дагуу эзэмшиж байна.
Одоогоор уг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд авто оношилгооны лаборатори ажилладаггүй бөгөөд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 4 алба хаагч харуулаар ажиллаж, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах тээврийн хэрэгслийг түр саатуулах, битүүмжлэх зориулалтаар ашиглагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Т ц аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, Х.Г нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус нэхэмжлэлийн шаардлагад н З д-ын 2014 оны А/643, 2018 оны А/421 дүгээр захирамжийн цагдаагийн байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан нь 1998 оноос хойш тээврийн хэрэгсэл түр саатуулах байр хэлбэрээр ашиглаж ирсэн газрын хууль ёсны өмчлөл, эзэмшлийг үгүйсгэж, төрийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл үүсгэж байна.
Дээрх газрыг н З д-ын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 тоот шийдвэрийн дагуу мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний хуулбар тус албанд хадгалагдаж байна.
Мөн Нийслэлийн газрын албанаас 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дээрх журмын хашааны газрын төлбөрт 2,433,024 төгрөг /2004, 2005, 2006 оны/ нэхэмжилж байсан ба Замын цагдаагийн газар уг нэхэмжлэлийн дагуу мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,807,100 төгрөгийг газрын төлбөрт шилжүүлж байсан баримт мөн архивд хадгалагдаж байна.
Үүнээс харахад “А” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулахаас өмнө Замын цагдаагийн газар нь уг газрыг эзэмшиж байсан, одоо ч эзэмшиж, зориулалтын дагуу ашиглан, зохих төлбөр хураамжийг төлж байгаа ба уг газрыг өөр байгууллага, аж ахуй нэгжид эзэмшүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хэрэгжүүлж буй төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа зогсох эрсдэлийг үүсгэнэ гэж үзэж байна.
Иймд “А” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь анх “Н З д-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “н З д-ын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” гэж нэмэгдүүлжээ.
“А” ХХК нь н З д-ын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжаар Б******* дүүргийн******* хороонд 3586 мкв газрыг эзэмшиж байсан байна.
Н З д-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн “н З д-ын 2011 оны 778 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 199 дүгээр тогтоолын дагуу манай байгууллагаас хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулсан байхад бидэнд мэдэгдэлгүйгээр, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэлгүйгээр, түүнчлэн Газрын тухай хуулийн 40 болон 61 гэсэн хууль зүйн хувьд зөрчилдөөнтэй заалтуудыг үндэслэн газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““А” ХХК нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй ба газрын төлбөр төлөөгүй, түүнчлэн 1985 оноос хойш замын цагдаагийн байгууллагын мэдэлд журмын хашааны зориулалтаар ашиглаж байсан газрыг өөр хуулийн этгээдэд олгосон нь хууль бус байсан тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.
Хариуцагчаас маргаан бүхий актыг гарсан даруйд нь н З д-ын цахим сайтад байрлуулсныг тус компани мэдэх боломжтой тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн тайлбарыг ирүүлсэн байх боловч маргаан бүхий актыг цахим хуудсанд байрлуулсан явдал нь актыг мэдэгдсэн гэж үзэхээргүй, мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 03/2110 тоот албан бичгээр “Тус албан бичигт дурдагдсан н З д-ын ...А/837 дугаар захирамжийг ... гэх үндэслэлээр гаргасан. Иймд тухайн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул шүүхэд хандана уу” гэж мэдэгдсэн, “А” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацаанд багтаж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор “Замын Цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засварын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд үзлэг, оношлогоо хийх зориулалттай Техникийн үзлэг, оношлогооны лаборатори” байгуулахаар шийдвэрлэсэн байх ба тус тогтоолын 2 дугаар заалтаар ...лабораторийг байгуулахад хөрөнгө оруулалт хийх байгууллагыг сонгон шалгаруулах, газрын асуудлыг шийдвэрлүүлэх...-ийг Замын цагдаагийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ .
Улмаар “А” ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Замын цагдаагийн газартай “...хамтран ажиллах гэрээ”, 2003 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежертэй “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулжээ .
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байх ба энэхүү зохицуулалтыг газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу үүссэн боловч газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон тохиолдолд хэрэглэх ёстой.
Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нь анхнаасаа газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны алдааг залруулах агуулгатай.
Гэтэл хариуцагч н З д нь маргаан бүхий А/837 дугаартай актыг гаргахдаа өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан хуулийн дээрх зохицуулалтыг хамтад нь хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “аль аль заалтуудыг үндэслэсэн” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч н З дас маргаан бүхий А/837 дугаар актыг гаргахдаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Тодруулбал,
Н З д нь маргаан бүхий А/837 дугаар захирамжийн 1 дэх заалтад “...авто үйлчилгээний зориулалтаар газрыг эзэмшүүлсэн байдал нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 ... дахь заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн...” гэсэн байх боловч энд дурдагдсан 199 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар “лабораторийг байгуулахад хөрөнгө оруулалт хийх байгууллагыг сонгон шалгаруулах, газрын асуудлыг шийдвэрлүүлэх” гэсэнтэй агуулгын хувьд зөрүүтэй байна.
Мөн “А” ХХК нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг зөрчсөн болохыг хэрхэн шалгаж тогтоосон тайлбар, нотлох баримтыг шүүхээс удаа дараа шаардсан боловч хариуцагч нь гаргаж ирүүлээгүйн дээр н З д-ын тамгын газраас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 07/4435 тоот албан бичигтээ “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г зөрчсөн гэсэн тайлбарыг нэмсэн байх ба уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд “...хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн” гэсэн үндэслэлийг мөн нэмж тэмдэглэсэн байна.
Гэтэл “А” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэрэгт Нийслэлийн зам тээврийн газар, Замын цагдаагийн газрын 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “...Техникийн үзлэг оношлогооны лаборатори”-ын танилцуулга, лаборатори байгуулахтай холбоотой нэхэмжлэгч хуулийн этгээдийн зардлын тооцоо зэрэг баримтууд авагдсан байх ба уг танилцуулгын санал хэсгийн 4-т “..гүйцэтгэгчийг тендерийн журмаар шалгаруулж ажиллуулах” гэжээ.
Хэрэв хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан гэж үзвэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоол, түүнд үндэслэгдсэн хөрөнгө оруулалтын болоод хамтын ажиллагааны гэрээг “А” ХХК нь хэрхэн зөрчсөнийг шалгаж тогтоох шаардлагатай байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2003 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын болон Хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/211 тоот албан бичиг , Замын цагдаагийн газрын даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тушаалаар ... нарыг “А” ХХК-ийн гэрээт цагдаагаар томилж ажиллуулж байснаар тогтоогдож байх ба шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн газар нь хашаалагдсан, харуул хамгаалалттай байгаа болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог гүйцэтгэх ажил нь 2012 оноос Авто тээврийн үндэсний төвийн чиг үүрэгт шилжсэн” гэсэн тайлбарласантай хэргийн оролцогчид маргахгүй байгаагаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд газраа авто үйлчилгээний зориулалтаар эзэмших, ашиглах боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд “Замын цагдаагийн газарт 1984 оноос хойш одоог хүртэл ашиглаж байгаа 3586 мкв газрыг баталгаажуулж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байх боловч н З д-ын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-227 дугаар захирамжаар маргаан бүхий газрын 0,25 га талбайг Замын цагдаагийн газарт журмын хашааны зориулалтаар гэрээгээр түр эзэмшүүлж шийдвэрлэсэн боловч холбогдох гэрээ нь архивд хадгалагдаагүй, Замын цагдаагийн газарт эзэмшүүлсэн хугацаа тодорхойгүй, “А” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэхээс өмнө тухайн газрыг гуравдагч этгээд нь хууль тогтоомжийн дагуу ашиглаж байсан эсэхийг шүүхээс шалган тогтоох боломжгүй байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан 2003 оны “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр “Нийслэл хотын авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулах ажилд “А” ХХК нь 710,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх”-ээр тохиролцсон байх ба уг гэрээний “Хоёр” зүйлийн 6-д “хөрөнгө оруулалт хийгдсэн тохиолдолд ашиглаж буй газрыг хөрөнгө оруулагчийн талд шилжүүлэн өгөх”-өөр заажээ.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрт үндэслэн захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байсан хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр маргаан бүхий А/837 дугаар захирамжийг гаргасан гэж үзэхээр байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас дээрх хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны гэрээ, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 199 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч хуулийн этгээд хэрхэн зөрчсөн болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон 778 дугаар захирамжид дурдагдсан ...техникийн зөвлөлийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлд маргаан бүхий газрын асуудал тэмдэглэгдээгүй байх тул
хариуцагчийн тайлбарт шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Мөн хариуцагч нь “А” ХХК-аас газрын төлбөр төлсөн эсэхэд “төлөөгүй”, “бүрэн төлөөгүй” зэргээр зөрүүтэй тайлбар ирүүлж байгаагаас үзвэл, төлбөр төлөлтийн байдлыг мөн шалгаагүй гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллага дээрх дурдсан нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээрх “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан н З д-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч н З д нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан н З д нь шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд н З д-ын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/837, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/643 захирамжийн Нийслэлийн цагдаагийн газарт холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Замын цагдаагийн албанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ