Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0415

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд О.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

   Гуравдагч этгээд О.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Э” ХК

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд О.М,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамж “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн О.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 125/2021/0023/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамж “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн О.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээд О.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. “Нэхэмжлэгч нь анх энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байна. Маргаан бүхий газрыг анх Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 96 дугаартай захирамжаар Х.Б, түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах буюу “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг...” гэж заасан.

Мөн 2016 од хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөө заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа зөвхөн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамжийг дээрх хуульд заасны дагуу мэдсэн байна.

Учир нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан хэргийн материалтай танилцаж, хэргийн материалтай танилцсан баримтад нэхэмжлэгч тал гарын үсэг зурсан. Тухайн үед уг иргэний хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамж “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж нотлох баримтаар авагдсан байсан. Үүнтэй нэхэмжлэгч тал хэргийн материалтай танилцахдаа уг захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид өмчлүүлсэн гэдгийг мэдсэн.  Шүүх уг асуудлаар холбогдох хэргийн материалд үзлэг хийсэн. Нэхэмжлэгч нь ийнхүү мэдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу 2 жил орчмын хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Захиргааны актыг мэдэгдэх үүргийг хариуцагч буюу захиргааны байгууллагад үүрэг болгосон. Захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.  2013 оны 01 дүгээр сарын А/16 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул уг захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй. Нэхэмжлэгч тал маргаан бүхий захирамжийг хэзээ мэдсэнээс хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой.

 

Хувьчилж авсан асуудлын хувьд О.Э болон У.Б нар нь хамтран авч, тодорхой газрыг хоорондоо дамжуулж авсан. У.Б нь маргаан бүхий актыг 2 жил орчмын өмнө мэгдсэн. О.М нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 23 тоотод газрыг Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжаар иргэн Х.Б, Б.И, Б.М, Б.Ц, Б.Б, Б.Н нарын өмчлөлд олгосон. Тухайн үед хаяг нь Наран багийн 22-17 тоот гэж гарсан. Маргаан бүхий А/16 дугаар захирамжаар Наран багийн 22-17 тоот газрыг Наран баг 21-23 тоот болгон өөрчилсөн.

 

О.М нь Наран багийн 22-17 тоот газрыг 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Г-1617000895 дугаар бүхий газар өмчлөх гэрчилгээгээр өмчилж авсан. Дараа нь Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамж дугаар захирамжаар Наран багийн 22-17 тоот газрыг 21-23 тоот болгон өөрчлөн Г-1617000895 дугаар газар өмчлөх гэрчилгээг авсан. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т зааснаар “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байна.

 

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч “Э” ХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамжаар Наран багийн 22-17 тоот хаягт О.М-ийн өмчилж байсан 970 м.кв газрын хэмжээг 1086,9 м.кв, хаягийг Наран багийн 21-23 тоот болгож тус тус өөрчилжээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, дээрх А/16 дугаар захирамжийн О.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо тус маргаан бүхий захирамжид дурдсан 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжийг мөн Засаг даргын 2012 оны А/159 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, тухайн үед уг газрыг өмчилж байсан О.М болон 2006 оны 96 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болсон Х.Б нар гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул “өмчлөх эрх үүсгэсэн актыг хүчингүй болгож эрх зүйн үйлчлэлгүй болсон тохиолдолд тухайн актыг үндэслэж акт гаргах хууль зүйн үндэслэлгүй буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...  нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 96 дугаар захирамжаар иргэн Х.Б, түүний гэр бүлийн гишүүдэд өмчүүлсэн байдаг. Уг захирамжтай холбогдуулан нэхэмжлэл гаргах байтал 2013 оны А/16 дугаар захирамжийн О.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан...” гэжээ.

Нэхэмжлэгч нь ямар захиргааны актын талаар нэхэмжлэл гаргахаа өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2012 оны А/159 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Э” ХК-ийн хөрөнгө байрлаж буй хашааны дотор 970 м.кв газрыг өмчлүүлсэн 2006 оны 96 дугаар захирамжийн Х.Б болон түүний гэр бүлийн гишүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хүчингүй болсон захирамжийг дахиж хүчингүй болгох нэхэмжлэл гаргах шаардлагагүй тул энэ талаарх гомдлыг  хангах боломжгүй.

5. Мөн давж заалдах гомдолд “... нэхэмжлэгч нь 2013 оны А/16 дугаар захирамжийг иргэний хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцахдаа 2020 оны 09 сарын 07-ны өдөр мэдсэн. Хэзээ мэдсэнээс хамаарч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцох ёстой” гэжээ.

Анхан шатны шүүх “Маргаан бүхий 2013 оны А/16 дугаар захирамжийг хариуцагчаас тухайн үед нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй, иргэний хэргийн шүүхэд маргах үедээ мэдсэн гэх боловч тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараагаар захиргааны хэргийн шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэнд тооцогдохгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

6. Мөн гомдолд “... 2010 онд О.М нь өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-д ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан” гэжээ.

Гуравдагч этгээд О.М нь тухайн газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа уг газрыг анх Х.Б-д өмчлүүлсэн 2006 оны 96 дугаар захирамжаа Ховд аймгийн Засаг дарга нь газрын зөрчилтэй гэж хүчингүй болгосон, тухайн газар нь бусдын эзэмшлийн газартай давхцалтай нь тогтоогдсон байх тул өмчлөх эрх нь дуусгавар болсон 970 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж өмчлүүлсэн захирамжийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. О.М нь 2006 онд тухайн газрын өмчлөх эрх хууль бусаар үүссэнийг мэдээгүй, мэдэх боломжгүй, шударга өмчлөгчийн хувьд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл зохих журмаар буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Харин нэгэнт өмчлөх эрх нь дуусгавар болсон газрын хэмжээг өөрчилснөөр өмчлөх эрх нь хэрэгжих үндэслэлийг бий болгохгүй тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Эдгээр үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд О.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  .

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ