Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 125/ШШ2022/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.О  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХК,

Хариуцагч:  Ховд аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , Д.Ө ,

Гуравдагч этгээд: О.М 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ж  нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э ” ХК-ны захирал У.Б , түүний өмгөөлөгч Н.О , хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э ” ХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар “Газар хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн О  овогтой М ”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 3 сарын 04-ны өдрийн 46 дугаар захирамжаар “Э ” ХК-нд Наран баг, Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

3 Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 5 сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжаар Х.Б  нарт Наран багийн 22-17 тоот, 970 кв метр газрыг өмчлүүлснийг  2008 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ”-гээр Х.Б   Х.Б , 2010 оны 8 сарын 24-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ”-гээр Х.Б -аас О.М -д тус тус шилжсэн байна. Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 7 сарын 03-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар “газрын зөрчилтэй” гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 5 сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжийн Х.Б  нарт өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосон. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 сарын 14-ний өдрийн А/16 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар О.М -д 970 кв метр талбай бүхий газрыг 1186,9 кв метр газар болгон өөрчилсөн байна.

4.Нэхэмжлэгчээс эзэмшил газраа чөлөөлүүлэхээр О.М -д холбогдуулан иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн ба Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153/Ш32021/02212 дугаар захирамжаар нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Э  ХК-ны захирал У.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймагт 1961 онд анх Усны аж ахуйн контор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1990-ээд оноос Монгол улс даяар улсын өмчийн үйлдвэрийн газрууд, хөдөө аж ахуйн нэгдэл, газар тариалангийн Сангийн аж ахуйнууд хувьчлагдаж эхэлснээр Усны аж ахуйн контор нь Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хувьчлагдсан. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр 1998 онд "Э ” ХК, "Шандны булаг" ХК болж хуваагдахад "Э ” ХК-ны 43444 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгөнд Усны аж ахуйн эзэмшлийн газар болон хашаа, бусад үл хөдлөх хөрөнгө шилжиж ирсэн.Усны аж ахуйн контор нь 1961 онд анх байгуулагдсан үеэсээ одоогийн Ховд аймгийн Жаргалант сумын 8-р баг, Наран багийн 21-23 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 03 сарын 04-ний өдрийн 46  дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт, Наран баг, Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэтэл Э  ХК-ны газар эзэмших эрхийг Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар хүчингүй болгосон хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож “Э ” ХК-ны газар эзэмших эрхийг сэргээсэн. Ховд аймгийн Засаг даргын 2012 оны А/159 дүгээр захирамжаар Х.Б  нарт өмчлүүлсэн 2006 оны5 сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжийн Х.Б  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон боловч 2013 оны А/16 дугаар захирамжаар О.М -д тус газрын хэмжээ талбайг өөрчилж өмчлүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Газрын тухай хууль нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, өмчлүүлж байсан газруудыг хуульд нийцүүлэн баталгаажуулах ажил явагдсан. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэр Наран баг, Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг үйлдвэрлэлийн зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар “Э ” ХК-нд эзэмшүүлсэн. Гэтэл Ховд аймгийн Засаг дарга уг эзэмших эрх олгосон захирамжаа 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. “Э ” ХК-нийн зүгээс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 220 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Энэ хугацаанд Ховд аймгийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаартай “Газрын хэмжээг өөрчлөх тухай” захирамжаар Наран багийн 22-17 тоот хашааны газрыг өмчлөх эрхийг О.М -д олгосон байна. Энэ нь хууль бус бөгөөд тус газар нь анхнаасаа “Э ” ХК-ны эзэмшлийн газар юм. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад “Э ” ХК-ний эзэмшлийн газар дээр О.М -ын байшин байрлаж байгаа ба мөн “Э ” ХК-ны өмчлөлийн обьектийг давхцуулан газар өмчлүүлсэн байгаа нь тодорхой харагддаг.

Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын 2013 оны А/16 дугаар захирамж нотлох баримтаар авагдсан ба уг захирамжтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө газар чөлөөлүүлэх маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж 2021 оны 11 дүгээр сард иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч, хуульд заасан хугацаанд гардаж авсны дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна.Э  ХК нь анх 2011 онд тус газрыг эзэмших эрхтэй болсноос хойш жил бүр газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан нь хэрэгт баримтаар авагдсан байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

7. Хариуцагч, Ховд аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжтай газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар хүчингүй болгосон учир аймгийн Засаг даргын 2013 оны 1 сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамжаар О.М -д Наран багийн 21-23 тоот хашааны 1086,9 кв метр газрыг өмчлүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь тухайн газраа хамгаалж, төлбөрөө төлж, ямар нэгэн зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээдэг. Газрын тухай хуулийн дагуу О.М  болон “Э ” ХК-нд газар эзэмших, өмчлөх эрх олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байгаа. Эдгээрийн аль аль нь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өмчлөх, эзэмших эрх үүссэн, хуульд нийцсэн гэх гэх үндэслэлээ энэхүү маргааны асуудлаа  шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

О.М  нь өөрийн өмчлөлийн гэх газар дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа тохиолдолд шүүхээр уг газрын маргаанаа шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй байгаа. Зөвхөн захирамж гарсан байсан бол тухайн Засаг дарга өөрөө хүчингүй болгох боломжтой байсан. 2006 оны үед иргэн нь газар өмчлөх тухай хүсэлт гаргаж, хүсэлт гаргаж буй газар нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаж байгаа эсэх, уг газрын тойм зураг зэргээр хувийн хэргийг бүрдүүлдэг. Тухайн үед О.М -ын өмчлөлийн гэх газар нь дээр дурдсан шаардлага хангаж байсан тул газар олгосон байх. Тухайн үед тойм зураг нь гар зургаар гарч байсан тул давхцалгүй гэж үзэж өмчлүүлсэн гэж ойлгож байна гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байна. Маргаан бүхий газрыг анх Ховд аймгийн Засаг даргын  2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 96 дугаартай захирамжаар Х.Б , түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн байдаг. Уг захирамжтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах байтал аймгийн Засаг даргын 2013 оны А/16 дугаар захирамжийн О.М -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах буюу “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг мэдсэн буюу хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор ...” гэж заасан. Мөн 2016 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар “Газар хэмжээ өөрчлөх тухай” захирамжийг дээрх хуульд заасны дагуу мэдсэн байсан. Учир нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан хэргийн материалтай танилцаж, хэргийн материалтай танилцсан баримтанд нэхэмжлэгч тал нь гарын үсэг зурсан байсан. Тухайн үед уг иргэний хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамж нотлох баримтаар авагдсан байсан, үүнтэй нэхэмжлэгч тал хэргийн материалтай танилцахдаа уг захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид өмчлүүлсэн гэдгийг мэдсэн. Шүүх уг асуудал дээр холбогдох хэргийн материалд үзлэг хийсэн. Нэхэмжлэгч нь ийнхүү мэдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу 2 жил орчмын хугацаа өнгөрсөн. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.  Захиргааны актыг мэдэгдэх үүргийг хариуцагч буюу захиргааны байгууллагад үүрэг болгосон. Захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. 2013 оны 01 дүгээр сарын А/16 дугаартай захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул уг захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий захирамжийг хэзээ мэдсэнээс хамаарч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёстой. Хувьчилж авсан асуудлын хувьд О.Э  болон У.Б нар нь хамтран авч, тодорхой газрыг хоорондоо дамжуулж авсан. У.Б  нь маргаан бүхий актыг 2 жил орчмын өмнө мэдсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил газарт давхцуулан О.М -д газар олгосон гэж, хариуцагчаас тухайн үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан гэж, гуравдагч этгээдээс тухайн газрыг бусдын өмчлөлөөс шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ авч баталгаажуулсан гэж тус тус тайлбарлан маргана.

 3. Нэхэмжлэгчийн газар эзэмшлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 1998 оноос хойш өөрийн мэдэлд байлгаж эзэмшиж байгаа гэх боловч  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг үндэслэн хуучнаар усны аж ахуйн хашааны 1,1га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 2008 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг 0165785 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар мөн байршилд 1га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж гэрээг шинэчлэн байгуулж 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0176130 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж байжээ.

3.2. Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 46 дугаар захирамжийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргаснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаар шийдвэр, захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220  дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэн.    

4. Гуравдагч этгээдийн газар эзэмшлийн талаар:

4.1. Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжаар Х.Б  болон түүний гэр бүлийн гишүүдэд маргаан бүхий газарт 970 м2 газрыг өмчлүүлснийг 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулжээ. Уг газраа 2008 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Х. Б  худалдаж, Х.Б  нь 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр О.М -д худалдсанаар гуравдагч этгээд газрын өмчлөгч болжээ.

4.2. Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/159 дугаар захирамжаар 2006 оны 96 дугаар захирамжийн Х.Б  болон түүний гэр бүлийн гишүүдэд газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ хугацаанд гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр гараагүй энэ талаар маргаан үүсээгүй байна. Харин тэрээр 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өмчлөлийн газрын хэмжээг өөрчлүүлэхээр өргөдөл гаргаж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамжаар “2006 оны 96 дугаар захирамжид Наран баг 22-17 тоот 970 м2 гэснийг 1086,9 м2 гэж өөрчилжээ. 

5. Нэхэмжлэгчээс О.М -д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр 2020, 2021 онуудад Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  хандаж байсан ба Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 153/Ш32021/02212 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн “ Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар захирамжийн О.М -д холбогдох хэсгийн талаар захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

6. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар талууд мэдээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид актын талаар мэдэгдээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг тооцох боломжгүй. Нэхэмжлэгч актын талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэх хугацааны хувьд иргэний хэргийг хянан шийдвэрлэснээр эсхүл  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосны дараагаар захиргааны хэргийн шүүхэд хандах нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэнд тооцогдохгүй.

7. Нэхэмжлэгч нь хуучнаар усны аж ахуйн эзэмшилд байсан конторын барилга, хашааг 1998 оноос хойш эзэмшин ашиглаж байгаа талаар талууд маргаагүй. Хашаалсан хэлбэр болон хэмжээнд өөрчлөлт ороогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, газрын байршлыг харуулсан 2006, 2013, 2019 онуудын сансрын зураг /2 дахь хавтаст хэргийн 41-43 дахь тал/, кадастрын зураглалаар тогтоогдож байна гэж үзлээ.

8. Хариуцагчаас гуравдагч этгээдийн өмчлөлийн гэх газар нь анх  О.Э -ийн өмчлөл байсан гэж тайлбарласан бөгөөд газрын мэдээллийн нэгдсэн санд О.Э , Х.Б , Х.Б , О.М  нарын газар өмчлөлийн мэдээлэл, кадастрын зураглал байхгүй ч Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар захирамжаар Х.Б  болон  түүний гэр бүлийн гишүүдэд Наран багийн 25-03 тоот хаягт 750 м2 газар, 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар захирамжаар О.Э  болон түүний гэр бүлийн гишүүдэд Наран багийн 22-15 тоот хаягт байршилд 1800м2 газрыг тус тус өмчлүүлсэн, Х.Б -ийн мэдүүлэгт “... Энхээгээс газар худалдаж авсан. Усны аж ахуйн хашааны баруун хойд өнцөгт зам дагуу байрлалтай газарт гэрээ барьж хашаалаагүй амьдарч байсан. 2008 оны 1 сард Х.Б -т зарсан...” гэх мэдүүлэг, О.Э -гийн өмчлөлийн гэх газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар гуравдагч этгээдийн өмчлөлийн гэх газар нь О.Э -ийн өмчлөлийн газар байсан гэдэг нь үгүйсгэгдэж байх бөгөөд тухайн үед О.Э  өөрийн өмчлөлийн бус газрыг   Х.Б -д худалдсан гэж үзэхээр байна.

9. Мөн О.Э , Х.Б  нар тус газрыг хууль ёсоор эзэмшиж байгаагүй, 2006 онд тус тус газрыг шууд өмчилж авсан. Гуравдагч этгээд нь Х.Б -аас 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан 970м2 газар нь Х.Б  болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байсан болох нь маргаан бүхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан гэрчилгээнүүдээр давхар нотлогдоно.

10. Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/159 дугаар захирамжаар 2006 оны 70 дугаар захирамжийн О.Э  болон түүний гэр бүлийн гишүүдэд, мөн оны 96 дугаар захирамжийн Х.Б  болон түүний гэр бүлийн гишүүдэд газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй тус тус болгож шийдвэрлэсэн. О.Э  нь энэ захирамжтай маргаж 2015 онд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн бол тухайн үед Х.Б -ийн газрын өмчлөгч болсон байсан О.М  маргаагүй байна. 

11. Газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагаас гаргуулсан 8414002123 дугаартай О.М -ын өмчлөлийн гэх газрын хувийн хэрэгт газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон 2012 оны А/159 дүгээр захирамж, хүчингүй болсон захирамжид заасан газрын хэмжээг өөрчилсөн 2013 оны А/16 дугаар тус тус захирамж хадгалагдаж байх ба хариуцагчаас гуравдагч этгээд нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй учраас газар өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргах боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хүлээн авах үндэслэлгүй.

12. Гуравдагч этгээдийн өмчлөлийн гэх газрын худалдаж авах үеийн  байршил, хэмжээг харуулсан зураг газрын хувийн хэрэг болон цахим мэдээллийн санд  байхгүй бөгөөд зөвхөн 2013 онд гаргасан газрын кадастрын зураг байх тул уг зургийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын кадастрын зурагтай давхцуулж үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаан доторх газартай бүрэн давхцалтай.

13. Хуучнаар усны аж ахуй татан буугдаж хувьчлагдахад Э  ХХК, Шандын булаг ХХК байгуулагдаж, хашааг хувааж тусгаарласнаар нэхэмжлэгч нь хашаалсан газар, хашаан доторх байшин барилгыг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй болсон нь маргаангүй ч Газрын хуулийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулсан нь хугацаанаас хамаарч газар эзэмшлийн талаар маргах эрхтэй юм.

14. Газар өмчлөх эрх нь газар эзэмшил үүссэний дараа үүсэх хэдий ч Х.Б -гийн мэдүүлснээр тухайн үед захиргаанаас газар өмчлүүлэх боломж олгож байсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс өмнө буюу 2006 газар өмчилж авсан байх тул тухайн үед нэхэмжлэгч маргах эрхгүй байсан гэж үзэхээр байна.

15. Харин нэхэмжлэгчид 2011 онд газар эзэмшүүлэхдээ гуравдагч этгээдийн өмчлөлийн газартай давхцуулан олгосонд хариуцагч буруутай. Зүй нь тухайн үед давхцалтай газрын талаар талуудад мэдэгдэж газар эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хөндөхөөргүй шийдвэр гаргах байжээ. Түүнчлэн гуравдагч этгээдээс өмчлөлийн газарт бусдад давхардуулан газар олгосон талаар тухайн үед маргах боломжтой байсан.

16. 2012 онд гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоход маргаагүй атлаа 2013 онд газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүнийг хангаж шийдвэрлэсэн захиргааны акт нь хууль бус юм.

17. Учир нь газар өмчлөх эрх үүссэн акт хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тохиолдолд уг актыг үндэслэн ямар нэгэн өөрчлөлт хийх дахин акт гаргах хууль зүйн үндэслэлгүй буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

18. Иймд хариуцагч, гуравдагч этгээд талаас маргаан бүхий актыг өмчлөх эрх олгосон гэж ойлгож байгаа, уг захирамжийг үндэслэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгох боломжгүй гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

19. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим 27 дугаар зүйлийн 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байгаад хүчингүй болсон газар, одоо эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршилд өөрчлөлт ороогүй, зориулалтын дагуу эзэмшиж байх тул хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.  

 20. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д” иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус зааснаас дүгнэвэл газар өмчлүүлэх захирамжийг үндэслэн хууль ёсны өмчлөгчийг баталгаажуулахаар байх тул гуравдагч этгээдийн газар өмчлүүлсэн захирамж хүчингүй болсноор түүнийг газрыг өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

21. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны  үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн О.М -д холбогдох хэсэг нь гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг сэргээсэн агуулгагүй бөгөөд бодит байдалд нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн гэж дүгнэв.     

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн О.М -д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эвлэл ХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн О.М -д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ