Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/00173

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2017/00173

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонт 3-р гудамж 30 тоотод оршин суух БНСУ-ын иргэн Ким Чан Вон-ы нэхэмжлэлтэй,

“Боржигон овгийн Өөдөсийн Занданзулыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал оролцов.

 

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ким Чан Воны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан хүсэлтдээ “Ким Чан Вон нь Солонгос улсаас  Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн зөөж зардаг байсан ба уг бизнесийг эрхлэх явцдаа Занданзул гэх эмэгтэйтэй танилцсан байна. Занданзул нь 2015 оны 01 дүгээр сард Тэрэлжид том газрыг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр зарна. Уг нь маш бага үнэ юм гэж Ким Чан Вонд итгүүлсэн. Уг газрыг авчихвал удахгүй их үнэд хүрнэ. Би аваад удахгүй буцааж зараад мөнгийг чинь өгнө гэж ойр ойрхон Ким Чан Вонтой уулзаж, ятгаж байсан. Ким Чан Вон 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж бэлнээр 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар Занданзулд шилжүүлэн өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Занданзул нь огт буцаан төлөлт хийгээгүй байна. Иймд Ө.Занданзул нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Шүүх хуралдааны өмнө Ким Чан Воны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан хүсэлтдээ “иргэн Ө.Занданзулыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг ... хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон боловч миний бие хүндэтгэн үзэх шалтгаан /шүүх хуралдаан давхцсан/-ы улмаас оролцох боломжгүй болсон тул Ким Чан Воны итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ким Чан Вон нь “Ө.Занданзулыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овгийн Өөдөсийн Занданзул нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3-р хороо, Замчин 45-р гудамж, 4 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг Даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Ким Чан Вон-ы Ө.Занданзулыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Боржигон овгийн Өөдөсийн Занданзул /РД: НЦ81061505/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Өөдөсийн Занданзулыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ким Чан Вон-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Боржигон овгийн Өөдөсийн Занданзулыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ким Чан Вон /утас: 96891718/-д мэдэгдэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХБҮРЭН