Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 732

 

МАГАДЛАЛ

 

2017.03.15                                                  Дугаар 732                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00127 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ариунболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хера пропертийз” ХХК,

Хариуцагч “Хүчит чулуут” ХХК нарт холбогдох,

“Хера пропертийз” ХХК-ийн эрх зөрчсөн үйл ажиллагааг зогсоож, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хороололын дахин төлөвлөлтийн ус, дулааны шугамыг нэхэмжлэгч Б.Ариунболдын эзэмшлийн газраас чөлөөлүүлэх хэлбэрээр зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай “Хера пропертийз” ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 2 920 000 төгрөг гаргуулах тухай “Хүчит чулуут” ХХК-д холбогдох шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ариунболд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, Н.Энх-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны 19-1-д оршин суудаг ба уг газраа хүнсний дэлгүүр, гараж, мөн амины орон сууцтай. 2015 оны 11 дүгээр сард “Хера пропертийз” ХХК нь дулаан, цэвэр усны шугамын ажил хийж эхлэн ажлын явцдаа манай байшингийн урдуур орох хаалга таглан газар ухаж эхэлсэн. Үүний дараа тус компанийн эрх бүхий хүмүүстэй уулзахад газраа 65 м.кв байраар тохиролцох санал тавьсан. Энэ санал нь 417 м.кв талбай бүхий газар, 162 м.кв амины орон сууц, 111 м.кв дэлгүүрийн зориулалттай байр, гаражтай миний хувьд маш их хохиролтой байсан тул тохиролцоонд хүрч чадаагүй боловч ажлаа үргэлжлүүлэн манай хашааны хэсгийг нураан бетон хурааж, хашаа байшин руу орох орц, гарцыг таглан шугам тавьж эхэлсэн юм. Миний хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө дээшээ давхар нэмж өндөрлөх хүсэлтэй байсан ба холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад хандаж барилгын өргөтгөл хийх зөвшөөрөл хүсч байсан боловч төсөл хэрэгжүүлэгч “Хера пропертийз” ХХК-ийн зөвшөөрөл хэрэгтэй гэх үндэслэлээр надад барилгаа өргөтгөх зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагууд өгдөггүй юм. Өөрөөр хэлбэл, би өөрийн өмчлөлийн барилгаа давхар нэмэн өндөрлөх боломжгүй болсон ба “Хера пропертийз” ХХК-ийн боловсруулсан, эсхүл санал болгосон зураг төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар баталсан тул “Хера пропертийз” ХХК нь миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байна. Иймд “Хера пропертийз” ХХК-ийн энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ус дулаан хангамжийн шугамыг зайлуулах хэлбэрээр миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

Энэ шаардлагыг “Хера пропертийз” ХХК-д холбогдуулан гаргаж байна. Харин ажлын гүйцэтгэгч буюу хамтран хариуцагч “Хүчит чулуут” ХХК нь батлагдсан зураг төслийг зөрчиж ажил гүйцэтгэснээр өмнө манайруу орж ирдэггүй байсан үерийн ус орж ирж 20 м.кв өрөөний паркетан шал норж хэрэггүй болсон, нам даралтын зуух эвдэрч цоорон ашиглах боломжгүй болсон, зуухны хажууд байх насос норж ажиллахгүй болсон, үүд болон өрөөний хаалга рам гажин хэрэглэх боломжгүй болсон, зуух руу орох сангийн холболтуудыг дахин хийх болсон, хөргөгч уруу ус орж ажиллахгүй болсон, дулаалгын шилэн хөвөн норж ашиглах боломжгүй болсон, гаражны хаалга байхгүй болсон, дотор тусгаарлах гипсэн хана рамуудыг дахиж хийхээр болсон. Иймд эвдэрч гэмтэн ашиглах боломжгүй болсон, алга болсон дээрх эд зүйлсийн хохиролд нийт 2 920 000 төгрөгийг хариуцагч “Хүчит чулуут” ХХК-иас шаардаж байна гэжээ.

Хариуцагч Хера пропертийз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хийгдэж буй гэр хорооллын цэвэр ус, дулааны шугамын барилга угсралтын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Монгол улсын хөгжлийн банк, “Хүчит чулуут” ХХК нарын хооронд байгуулагдсан түншлэлийн гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ба жинхэнэ хариуцагч нь манай компани биш юм. Түүнчлэн “Хера пропертийз” ХХК-ийн албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд бүртгэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан заалт зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хүчит чулуут ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19-1-д оршин суух Б.Ариунболдын хувийн өмч болох хашааны газар дээгүүр ямар нэгэн шугам сүлжээ явуулаагүй болно. Хийгдсэн шугам сүлжээний ажил нь нийтийн эзэмшлийн газар дээр хийгдсэн болно. Уг шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгээд гаргасан шороог эргүүлэн булж, орц, гарцыг чөлөөлсөн. Ажил эхлэхэд энэ хүний дэлгүүр ажилладаггүй, байшинд хүн байдаггүй шинжтэй байсан. Хашааны гадна талд шугамын нүхнээс гарсан шороог түр зуур овоолох явцад уг хашаа чанар муугаас нурж унасан. Хашаанд байгаа айл усанд автсан нь бидний буруу биш. Энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу бороо их хэмжээгээр орсноос болсон гэж үзэж байна. Тэр хавийн айлууд байн байн үерт автдаг учраас бид хөрөнгийн хохирлыг барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Байшингаа өргөтгөх асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд газар дээрээ өмчлөгч юу хийх нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн байдаг гэж ойлгож байна. Бид гаражийн хаалгыг авсан, мөн хашааг эвдсэн тул эдгээрийн үнийг төлөхөд бэлэн байна. Гэвч нэхэмжлэгч нь хашааны үнийг нэхэмжлээгүй тул гаражийн хаалганы үнэ 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Манай компанийн хийж гүйцэтгэх ёстой байсан    ажил нь зургаараа нэхэмжлэгчийн хажуугийн цэцэрлэгийн өргөтгөлийн байртай давхцаж байсан. Манай шугамын зураг төсөл батлагдсанаас хойш цэцэрлэгийн өртгөтгөлийн зураг батлагдсан. Энэ талаар зураг төсөл зохиогчид мэдэгдсэнээр төрийн захиргааны байгууллагын эрх бүхий этгээдүүд зураг төсөлд өөрчлөлт оруулж, зургийг нэхэмжлэгчийн хашааруу 3 метр ойртуулж хийсэн нь үнэн болно. Иймд нэхэмжлэлээс 300 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан, “Хера пропертийз” ХХК-ийн эрх зөрчсөн үйл ажиллагааг зогсоож, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ус, дулааны шугамыг нэхэмжлэгч Б.Ариунболдын эзэмшлийн газраас зайлуулах хэлбэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн, “Хера пропертийз” ХХК-д холбогдох, Б.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “Хүчит чулуут” ХХК-иас 300.000 төгрөгийг гаргуулан Б.Ариунболдод олгож, нэхэмжлэлийн “Хүчит чулуут” ХХК-д холбогдох хэсгээс 2 620 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 320 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “Хүчит чулуут” ХХК-иас 9 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунболдод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хурал эхлээс өмнө “Хера пропертийз” ХХК нь хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдож байсан Ус дулааны шугам ажлын захиалагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг хариуцагчаар татан тухайн хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэргийн хугацаа хэтэрсэн мөн хэргийн нөхцөл байдалд ач холбогдолдгүй шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шүүх хурлыг үргэжлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 127 дууртай шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй, хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн    28.1-дэх заалтийг зөрчсөн, процессийн алдаа гаргаж, хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ариунболд нь хариуцагч “Хера пропертийз” ХХК, “Хүчит чулуут” ХХК нарт холбогдуулан “Хера пропертийз” ХХК-ийн эрх зөрчсөн үйл ажиллагааг зогсоож, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ус, дулааны шугамыг нэхэмжлэгч Б.Ариунболдын эзэмшлийн газраас чөлөөлүүлэх хэлбэрээр зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, гэм хорын хохиролд 2 920 000 төгрөгийг “Хүчит чулуут” ХХК-иас гаргуулахаар шаардсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “өөр этгээдийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн болон нэмэлт хугацаа дууссан” гэж хуульд заагаагүй үндэслэл зааж, хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд зааснаас өөр этгээдийг хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай байна.

Хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа болсон нь хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх...” гэж давж заалдсан гомдол гаргасныг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                      ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ