Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0436

 

Ц.Г, Г.З нарын нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Ц.Г, Г.З,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн Ц.Г, Г.З нарын 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2022/0115/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн Ц.Г, Г.З нарын 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ц.Г, Г.З нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нарт олгосон газар нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа болохыг нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй бөгөөд хариуцагчаас анх газар олгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Заавар батлах тухай А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадга иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгах ажлын заавар”-ын 4.4.1-4.4.7-д заасан газруудын алинд хамаарч байгаа талаар дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү дүгнэлт гаргасны дараа нэхэмжлэгч нарт олгосон газрын өөр нэгж талбараар солих эсхүл хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байхад энэхүү үүргийн дагуу ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргах үүргээ хариуцагч гүйцэтгээгүй нь дээрх зааварт нийцэхгүй байхаас гадна нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч Ц.Г, Г.З нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/34 дүгээр захирамжийн Ц.Г, Г.З нарын 4 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны А/34 захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/40 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжийг үндэслэн 2015 оны А/463 дугаар захирамжаар олгосон Г.З, Ц.Г нарт холбогдох 4 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон байна.

4. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар дүүргийнхээ хэмжээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нарын шилжүүлэн авсан газрыг анх иргэдэд эзэмшүүлэхдээ “хээрийн судалгаа” хийлгүй, нутаг дэвсгэрийн хилийн цэсийн зөрчилтэй газрыг эзэмшүүлсэн нь судалгаагаар тогтоогдсон учир Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч нар уг газрын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  байгаа гэдгийг мэдэх боломжгүй, анхан газар олгох,  шилжүүлэхдээ энэхүү нөхцөл байдлыг хариуцагч шалган тогтоох үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэжээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзэхгүй талаар дүгнэсэн, харин нэхэмжлэгч нарыг буруутгаагүй, буруутай этгээдээс учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн тул гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

7. Мөн гомдолд “... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар баталсан “Харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна иргэн, хуулийн этгээдэд газар өмчлөх эзэмших, ашиглах эрх олгосон ажлын заавар”-ын 4.4.1-4.4.7-д заасан аль газарт нэхэмжлэгч нарын  газар хамаарч байгаа талаар дүгнэлт гаргаж өөр нэгж талбараар солих, эсхүл хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэх байсан, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэжээ.

8. Нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь нэгэнт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаггүй болох нь тогтоогдсон байх тул өөрийн алдаатай шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

9. Харин нэхэмжлэгч нар нь дээрх Зааврын дагуу өөр газар сольж эзэмших, эсхүл бусдын ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тохиолдолд тухайн газрын харьяалагдах Чингэлтэй дүүргийн Засаг даргад зохих ёсоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх, эсхүл буруутай этгээдээс хохирлоо гаргуулах зэргээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүй.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Г, Г.З нарын өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ