Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1075

 

Ж.Ганбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00425 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-д  холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговор 30 046 511 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ганбаатар нь тус компанид мастераас эхлэн уул уурхайн олборлолтын даргын албан тушаал хүртэл дэвшиж ажиллаж байсан. Тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд  шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 00484  шийдвэрээр  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, урд ажиллаж байсан ажилтай дүйцэхүйц ажилд эгүүлэн авахыг ажил олгогчид даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 18 504 290 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хариуцагч компани нь 16 682 229 төгрөг төлсөн.  Ж.Ганбаатар нь дээрх шийдвэрийн дагуу дүйцэхүйц ажил албан  тушаалд ажилд орох саналыг 2-3 удаа тавьж, мөн  уул уурхайн олборлолтын дарга байхдаа 9 000 000 төгрөгийн цалин авч байснаа 7 800 000 төгрөг авахаар ажил олгогчтой харилцан тохиролцсон. Ажил олгогчтой контрактын гэрээ байгуулах эсэх талаараа маргаантай байсан. Нэхэмжлэгч өмнө нь ажлаас халагдахдаа контрактын гэрээгээр ажиллаж байсан учир мөн контрактын гэрээ байгуулж ажиллана гэсэн шаардлагыг ажил олгогчид тавьсан боловч хүлээн аваагүй. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Уул уурхайн яаманд Уул уурхайн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон учир эргээд ажилд орох боломжгүй.

Иймд ажилгүй байсан хугацааны олговор болох анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажлын 68 хоногийн цалин 30 046 511 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ганбаатарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Ж.Ганбаатарыг өмнө нь ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгасан.  2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Ганбаатартай уулзаж, эгүүлэн ажилд авъя гэхдээ түүний ажиллаж байсан уул уурхайн олборлолтын даргын албан тушаал цомхтголд орсон учраас дүйцүүлж өөр албан тушаалд томилохоор, цалинг 7 800 000 төгрөгөөр тохиролцсон. Тухайн уулзалтаар Ж.Ганбаатар нь надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн тохиолдолд ажилдаа  буцаж орохгүй гэх шаардлага тавьсан боловч ажил олгогч ийм их хэмжээний мөнгө гаргах боломжгүй, ажлаа хийгээд цалингаа аваад явах хэрэгтэй гэх шаардлагыг тавьсан.

 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч компанийн ерөнхийлөгч Ж.Ганбаатарыг шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу өмнөх ажилтай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  утга бүхий тушаалыг гаргаж, нэхэмжлэгчид гардуулан хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн боловч нэхэмжлэгч Ж.Ганбаатар нь одоо шууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан.

Компанийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буюу 7 хоногийн дараа Ж.Ганбаатартай холбоо барьж болохгүй байсан тул гэрийнх нь хаягаар ажилдаа орох тухай мэдэгдэл хүргүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин гэрийнх нь хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч эргээд цахим хаягаараа би хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахгүй, контрактын гэрээ байгуулна гэсэн хариу ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь иргэний ховор авьяас, иргэний гоц авьяасыг хөлслөн авч, ашиглах зорилгоор иргэнтэй контрактын гэрээг байгуулж болно, мөн 22.2 дахь хэсэгт контрактын гэрээ байгуулж болох албан тушаалын жагсаалтыг баталсан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 93 тоот тушаалын хавсралтад ажил олгогч нь өөрийн сонголт шийдвэрээр гэрээ байгуулж болох ба заавал ажилтантай контрактын гэрээ байгуулна гэсэн үүрэг байдаггүй. Ажил олгогчийн зүгээс Ж.Ганбаатарыг заавал контрактын гэрээ байгуулж ажиллахаар ховор гоц авьяастай хүн гэж үзээгүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагыг тавьсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Уул уурхайн яаманд бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байснаас харахад зунаас хойш өөр ажилд орохоор хөөцөлдсөн гэдэг нь харагдаж байгаа учраас энэхүү хугацаанд ажилгүй байсан гэх хугацааны олговор гаргуулах үндэслэлгүй, манай компанид анхнаасаа ажиллах сонирхолгүй байсан юм байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1,  46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар “Саусгоби сэндс” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 30 046 511 төгрөг гаргуулж Ж.Ганбаатарт олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Саусгоби сэндс” ХХК-иас 308 190 төгрөгийг гаргуулж Ж.Ганбаатарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Талууд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уулзалдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож улмаар тушаал гаргаж Хөдөлмөрийн гэрээг байгуулах гэсэн боловч нэхэмжлэгч нь гэрээний зүйл заалттай танилцана гээд гэрээ байгуулаагүй. Ингээд хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ж.Ганбаатарын гэрийн хаягаар хөдөлмөрийн гэрээгээ байгуулж ажилдаа орох тухай мэдэгдлийг дээр дурдсан тушаалын хамт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Дахин 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэл хүргүүлж хөдөлмөрийн гэрээгээ баталгаажуулж ажилдаа орох, хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй бол шалтгаанаа тайлбарлахыг хүссэн. Ж.Ганбаатар нь дээрх 2 мэдэгдлийг авсны дараа компанийн байранд хүрэлцэн ирж ямар нэгэн тайлбар өгөөгүй ба зөвхөн цахим шуудангаар "... хөдөлмөрийн гэрээгээр бус контракт байгуулж ажиллана" гэсэн тайлбар ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь заалттай холбогдуулан Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайдын 2000 оны 93 дугаар тушаал батлагдсан ба тушаалын Хавсралтын тайлбар хэсэгт " ажил олгогч нь өөрийн сонголт шийдвэрээр гэрээ байгуулна" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн иргэнтэй контракт байгуулах эсэхийг ажил олгогч бие даан шийдвэрлэх эрхтэй байхыг зааж өгсөн. Гэвч Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт контракт байгуулах эсэхийг ажил олгогч шийдэх эрхтэй гэсэн дээрх тогтоолын хэсгийг авч үзээгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч Ж.Ганбаатар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн "Үүрэг гүйцэтгэгч томилох тухай" Б/91 тоот тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус яамны Уул уурхайн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тухай нотлох баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Ганбаатар нь анхнаасаа "Саусгоби сэндс" ХХК-д дахин ажиллах сонирхолгүй, өөр ажил хайж байсан нь тодорхой юм. Анхан шатны шүүх энэхүү баримтыг үнэлэлгүй орхигдуулсан.

Иймд дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг  зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Ганбаатар нь хариуцагч "Саусгоби сэндс" ХХК-д холбогдуулан   ажилгүй байсан хугацааны олговорт 30 046 511 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

"Саусгоби сэндс" ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/165R тушаалаар Ж.Ганбаатар нь тус компанийн “Овоот толгойн уурхайн даргын орлогч бөгөөд олборлолт, ашиглалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон,  контрактын гэрээг 5 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16/31R тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00484 дүгээр шийдвэрээр Ж.Ганбаатарыг “Саусгоби сэндс” ХХК-ийн Овоот толгойн уурхайн орлогч дарга бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын хэлтсийн дарга буюу түүнтэй дүйцэхүйц хэмжээний ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажилтны сарын цалинг 7 800 000 төгрөгөөр тогтоон, түүнийг тус компанийн уурхайн ашиглалт, олборлолтын хэлтсийн менежерийн албан тушаалд дүйцүүлэн томилсон тухай “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/201 тушаал хэрэгт баримтаар авагдсан./хх-27/ Нэхэмжлэгчид дээрх тушаалын талаар ажил олгогч удаа дараа мэдэгдсэн байна. /хх-23-25/ Энэ тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хүчинтэй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн гэрээ эсхүл контракт байгуулах эсэх маргаанаа талууд холбогдох этгээдэд хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны  өдөр ажилд томилсон тушаал гарсан атал ажилтан ажилдаа ирээгүй тул түүний ажилгүй байсан хугацааг 2016 оны 08 сарын 16-наас 2016 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл ажлын 32 хоног байна гэж дүгнэхээр байна. Энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэл бүхий болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорыг тогтоохдоо нэг өдрийн дундаж цалинг 441 860 төгрөг гэж анхан шатны шүүхийн тодорхойлон тогтоосон хэмжээгээр тооцож  14 139 520 /441 860 * 32/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “30 046 511” гэснийг “14 139 520” гэж, “даалгасугай” гэснийг, “даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15 906 991 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “308 190” гэснийг “228 648” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 200 төгрөгийг шүүгчийн захиарамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                 Б.НАРМАНДАХ