Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 926

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Л.Батбаяр

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Д.Цэрэнханд

иргэдийн төлөөлөгч О.С, Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Г.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... тоот, 6 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..” группын “...” .. ажилтай байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт .. дүүргийн ... дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, .... дугаарын регистртэй, Ө овогт Г Ө

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...  оны ... дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “... ажилтай байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, ... дугаарын регистртэй, Б овогт Б-ийн Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ....-нд ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, “..ажилтай байсан, ам бүл 2; эхийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүрэг ... дүгээр хороо.... урьд ял эдэлж байгаагүй, РД:. дугаарын регистртэй, В овогт Д-ийн Г

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны .. дүгээр сарын ...-нд .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, ... боловсролтой, .... ажилтай байсан, ам бүл 8; эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, .... дугаарын регистртэй, Ө овогт Б. Л

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, .....мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ....дүүргийн ... дугаар хороо, ... .. байр, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, .... дугаарын регистртэй, Б овогт Б-ын С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй караоке дотор М.Аийн нүүрэн тус газар цохиж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулж алсан,

шүүгдэгч Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй караоке дотор нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаа болон өмнөх шүүх хуралдааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн ар гэрээс дахин дахин уучлалт гуйя. Хохирлын мөнгийг манай ар гэрээс өгсөн тул яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд мөн адил мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд гэж талийгаачийн ар гэрт 3 сая төгрөг өгсөн байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бас өмнө нь ярьсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэхгүй. Хохиролд нийт 5 сая төгрөг өгсөн. Надад хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

 

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохиролд гэж 3 сая төгрөг өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Бусад шүүгдэгч нарын нэгэн адил өмнө нь мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 5 сая төгрөг төлсөн. Хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүсье гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өмнөх шүүх хуралдааны явцад тодорхой ярьсан. Эдгээр хүмүүс мөнгө яриад байгаад харамсаж байна. Сүүлдээ бүр надад 1 сая төгрөг өгсөн өгөөгүй гэж маргаж байх шиг байна. Миний хүүгийн амь насыг юугаар ч нөхөшгүй. Хүүдээ зориулж суварга босгоход 40 сая орчим төгрөг болох юм билээ. Тэр утгаараа эдгээр хүмүүстэй ярилцсан. Ер нь бол маш их гомдолтой байгаа. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх болно гэв.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж уг хэргийг тус шүүх 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаас 2020/ШТ/55 дугаартай тогтоолоор:

“... шүүгдэгч Б.Ө нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай. Учир нь, гэмт хэрэг гарсан тухайн үеийн үйл баримт хэргийн зүйчлэлд тохирохгүй байна. Шүүгдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “А” нэртэй караоке бааранд орох явцдаа тэнд үйлчлүүлж байсан иргэдтэй зүй бусаар харьцан маргалдаж, зодоон үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид нийцнэ. Харин уг зодооны явцад иргэн М.А зодуулж нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын шинжийг бүрдүүлэх тул хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа хэргийн зүйлчлэл тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтад тохирохгүй байгаа, мөрдөн шалгах бусад ажиллагаа дутуу хийгдсэнийг нөхөн гүйцэтгэхээр заасан байх боловч захирамжийн заалт биелэгдээгүй ...” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан.

 

Хэргийн оролцогчдоос шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 789 дугаартай магадлалаар:

“... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШТ/55 дугаартай шүүхийн тогтоол нь үндэслэл муутай болжээ. Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна. Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэр, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ. Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

гэж үзээд анхан шатын шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Г.Ө нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

 

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан гол агуулга, санаа нь гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн, гэмт хэргийн нотлогдох байдал нотлогдон тогтоогдоогүй гэхээс илүүтэйгээр тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, заалтад нийцэж байгаа эсэхийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэнийг онцлон дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой Шинэ жил тэмдэглэхээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” нэртэй караоке-д очсон, улмаар тэнд Шинэ жилээ мөн тэмдэглэж байсан талийгаач М.Аийн талын хүмүүстэй маргалдаж, зодолдох явцдаа тухайн байгууллагын /караоке-ны/ орчин дахь хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгийг нь устгаж гэмтээсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн явцад талийгаач М.Аийн амь нас хохирох нөхцөл байдал бүрджээ гэж анхан шатны шүүх дүгнэж байсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

гэрч Гантулгын Ч “… бид нар цуглараад 12 шил пиво, дээр нь нэг шил 0,75 литрийн Едэн нэртэй архи авсан ба бүгд хуваагаад уусан. Тэгээд дээр нь пиво, 3 шил архи нэмж аваад уусан байх, ерөнхийдөө манайхан согтоцгоосон байсан. Караокегаар нь дуу дуулаад байж байсан. Манай ангийнхан буюу бид нар хоорондоо огт муудалцаагүй. Бид нар эхлээд 3 давхрын 1 дугаартай, том караокений өрөөнд суусан. Тэндээс бүгд гарахаар шийдээд нийтийн том зааланд суухаар болсон. Бид нарын орсон өрөөний спикер мааслаад байсан, бас дээр нь том өрөөнд сууя гэж тохироод сууцгаасан. Нийтийн зааланд 23 цагийн үед орсон санагдаж байна, тухайн үед би нилээн согтсон байсан. Тэр үед гаднаас Зандар, Гираа, Б нар нэмэгдэж орж ирсэн. Бид нар дуулаад сууж байтал нэг харсан чинь бид нарын сууж байсан өрөөний шатаар өгсөж гардаг хэсгийг хаасан хаалт байсныг татаж холдуулаад хоёр намхандуу /царай зүс хэдий хэр насных байсан, өмссөн хувцсыг нь санахгүй байна/ 165 орчим см өндөртэй залуу орж ирсэн. Тэр үед Данил очоод тэр хоёртой юм ярилцаж байсан ба намайг очих гэхэд А чи согтуу байна, хэрэггүй гэхээр нь би суудлаасаа босоод хүн зогсож дуулах зай гаргасан байсан хэсэгт дуулах гээд очсон. Тэгээд очоод нэг дуу дуулж байхад гэнэт хажуунаас зүүн шанаа руу цохисон. Юу болов гээд хартал манай сууж байсан өрөөнд эхэлж орж ирсэн хоёр залуу дээр нэмэгдээд дахиад хоёр залуу орж ирээд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн бужигнаан болоод тэр гадны залуус манайхан руу дайраад, бие давхар манай ангийн С, Сайханцэцэг гэсэн хоёр охиныг газар унагаачихсан байсан. Үйл явдал бөөн бужигнаантай, би дээр нь согтуу байсан болохоор бөөн бужигнаан л болоод байсан. Би ч орж ирсэн залуусыг түлхээд болиулж гаргах гээд бужигнаад байсан. 4-5 минут бөөн л юм болоод тэр залуус манай хэд рүү дайраад цохихыг нь цохиод байсан. Арай гэж тэндээс гаргаад эргээд өрөөндөө ортол манай ангийн хүүхэд болох А өрөөний урд талд, гацуур модны хойд талд дээшээ харсан толгой нь урагшаа харсан байдалтай ам хамраас нь бас дагзнаас нь цус гарчихсан байсан. Манай ангийн охидууд Аагий босохгүй байна гээд бөөн юм болсон. Тухайн үед эмнэлэг цагдаа дууд гээд байж байснаа Гэмтлийн эмнэлэг ойрхон юм чинь шууд үүрээд аваад явъя гээд би эхэлж үүрээд согтуу байсан болохоор даагаагүй, Б талийгаачийг үүрээд Гэмтэл рүү оруулсан. Харин би тэндээ бөөлжөөд үлдсэн. Тэгээд хэсэг байж байтал гаднаас цагдаагийн ажилтнууд орж ирсэн. Би зөрөөд Гэмтэл ороод байж байтал найз А нас барсан. Гаднаас орж ирсэн 4 залуу л зодож амь насыг нь хөнөөсөн. Яг хэн нь цохисоныг хараагүй ч тэд нар бид нарт илтэд танхайрч, дээрэлхэж орж ирээд л төд удалгүй зодсон. Анх тэр хүмүүсийг бид нарын сууж байсан газар орж ирэхэд нь Данил гэх залуу бид нар энд сууж байна, түрээслээд авчихсан, та нар өөр газар орооч гэж хэлж байсан. Тэгэж хэлээд байхад л танхайрч дайраад ийм зүйл болсон” /1 хх-н 119-120/ гэж,

гэрч Энхбаярын Э“... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай дунд сургуулийн ангийнхан уулзаж Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр болсон юм. Ингээд орой 19 цагийн үед “А” нэртэй караокед орсон. Тус караоке нь миний одоо ажиллаж байгаа газар ба би тус газарт зөөгчөөр ажилладаг юм. Ер нь бол би захиралдаа хэлээд захиалга өгөөд орох болсон. Бид нар 12 хүн цугларсан ба талийгаач А, Ч, Б, Д, Б, Д нар цугларсан. Мөн 5 эмэгтэй ирсэн байсан. Бид нар анх тус караокены 3-н давхрын 1 тоот өрөөнд орж архи, пиво ууцгаасан. Ингээд бөөнөөрөө 22 цагийн үед өрөөнөөс гарч 2 давхарт байдаг нийтийн заалтай караокенд орж дуулах болсон. Тэр үед бид нар бүгдээрээ байсан. Хэн нэгэн хүн яваагүй. Сууж байгаад 01 цагийн үед тус караокеноос гарахаар болоод би доошоо тооцоо хийх гээд ганцаараа 1 давхарт бууж очсон. Намайг текен дээр байж байхад гаднаас танихгүй 3 эрэгтэй хүн шууд дээшээ гараад явсан. Ямар нэгэн зүйл яриагүй ороод явсан. Би тооцоогоо яриад зогсож байтал ердөө удалгүй 1-2 минутын дараа л шууд түс тас гээд хүмүүс орилолдоод эхлэхээр нь би юу болж байгаа юм бол гээд дээшээ сандраад гүйгээд гараад ирсэн чинь бужигнаад л байсан. Тэр дотор хэн нь хэнийгээ цохиж зодоод байгаа нь тодорхойгүй, орилолдоод нөгөө 3 залуу дээр хэзээ нь ч юм бүү мэд дахин 1 эрэгтэй хүн нэмэгдээд ирчихсэн манай ангийнханыг эр, эмгүй цохиж зодоод байсан. Би ороод тэнд байгаа хүмүүсийг бүгдийг нь салгах гээд л зүтгээд байсан. Тэнд хөл толгой нь олдохгүй хэн нь хэнтэйгээ яаж зодолдоод байгааг одоо сайн санахгүй байна. Тэгсэн чинь гэнэт нөгөө залуучуудын 1 залуу нь намайг Сэнгүүр пивоны шилээр баруун талын хөмсөгний орчимд цохиж гэмтээсэн. Миний хөмсөгнөөс их цус гарсан. Би шилээр толгой руугаа цохиулсан учир манараад явсан. Яг юу болоод байгааг би мэдэхгүй хойшоогоо сандал дээр суусан. Нэг мэдсэн нөгөө залуучууд гараад явсан байсан. Миний хувьд тэр хүмүүсийг хэзээ яаж гарсаныг нь санахгүй байна. Нэг харсан чинь засаж өрсөн байсан гацуур модны доор талийгаач А дээшээ хараад ухаан алдсан байдалтай, дагзны хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Хэзээ яаж байгаад тийшээ очиж хэвтсэн талаар би мэдэхгүй байна. Би өөрөө шилээр цохиулаад манараад үүдний хэсгийн сандал дээр сууж байсан юм. Манайхан бүгд эмнэлэг, цагдаа дуудсан, эмнэлэг удах байх гээд ярилцаад байсан. Тэгээд талийгаачийг Б нуруун дээрээ үүрээд хэсэг хүмүүс ГССҮТ-ийн эмнэлэг рүү явсан. Харин миний ухаан орж гараад байсан учраас би яваагүй. Сүүлд манай хэд ирээд Аийг нас барсан гэж хэлсэн. Тэр үед би нэг их согтуу байгаагүй, гайгүй байсан. Харин намайг нэг залуу нь шилээр цохисоноос хойш би тэнд юу болоод байгааг харж мэдээгүй. Талийгаачийг хэн гэдэг хүн, хэзээ, юугаар, яаж цохисоныг болон, талийгаач тэр доор яаж очоод хэвтсэнийг ч үнэхээр мэдэхгүй байна.

Намайг доор тооцоо хийх гээд зогсож байх үед гаднаас орж ирсэн гурван залуугийн нэг буюу 30 орчим насны, 165-170 см орчим өндөр, махлаг, бөөрөнхий царайтай, чих нь хулгар буюу чихээ хугалсан залуу байсан. Тэр гурван залуу бөх нар юм шиг байна лээ. Намайг шилээр цохисон хүн дээгүүрээ цагаан өнгийн срочкин цамцтай, бусад хувцсыг нь анзаарч хараагүй, эрэгтэй хүн байсан” /1 хх-н 121-122/ гэж,

гэрч Энхбаярын Д “…2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10-н жилийн ангийнхаа хүүхдүүдтэйгээ Шинэ жил тэмдэглэхээр болоод Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй газарт 19 цагт уулзсан. Тэр “А” нэртэй караоке нь манай найз Дийн аавынх нь караоке байгаа юм. Караокед Б, Уранцэцэг, Амараа нар очих үед А, Ч, Э, Д, Гонгор, А нар ирсэн байсан. Харин намайг очсоны дараа Цэнд-Аюуш, С, Б, Хоо нар ар араасаа цувраад ирсэн. Тэгээд бид нар шинэ жилийн үйл ажиллагаагаа 19 цаг 30 минутын үед эхлүүлсэн. Бид нар тэндээ 3-н давхарт нь VIP өрөөнд 21 цаг хүртэл сууж байгаад багтахгүй болохоор нь нийтийн зааланд орж суусан. Харин Д ярьж байгаад нийтийн зааландаа хүн авахааргүй болсон. Тэгээд тэндээ архи болон пиво ууж сууцгаасан. Цагийг нь сайн санахгүй байна, гаднаас нийтийн зааланд 2 залуу хаалгыг нь хаасан байсан хаалтыг нь түлхэж орж ирсэн. Тэгсэн чинь Д босоод тэр хоёр залууд “энд шинэ жил болж байгаа, хүн авахгүй” гэж хэлэхэд нөгөө 2 залуу нь бид нар энд дуулах гэж байна хэлсэн. Тэгсэн тэр хоёр залуу нь гарч байх шиг байсан. Гэтэл тэр хоёр залуу буцаад эргээд ороод ирсэн. Тэгээд манай эмэгтэйчүүдтэй муудалцаад байсан. Тэгэхээр нь би эргэж хартал манай найз болох 8 сартай жирэмсэн С газар унаж байсан. Би тэр хүмүүсийг цохиж зодсон эсэхийг нь бол мэдэхгүй байна. Тэгэхээр нь би босч очоод Сг босгоод авсан. Харин С босч ирээд, уурлаад үсчээд байсан. Би харин тэр Сг тэврээд хөдөлгөөгүй. Тэгээд манай охидууд салгах гээд байх шиг байсан. Харин тэнд тухайн үед бужигнасан юм болоод байсан. Би харин хэн хэнтэйгээ цохилцож, зодолдож байгаа талаар бол хараагүй. Тэгээд тэр караокег ажиллуулж байсан гэх Нараа эгч тэр хүмүүсийг орж ирж байгаад салгаж гаргаад явуулсан. Тэгээд бид нар нийтийн караокеноос доош шатаар буугаад 1 давхар руу очтол Нараа эгч бүгдийг нь гаргачихсан байгаа, хаалга түгжсэн, та нар дээшээ орцгоо гэж хэлсэн. Тэгээд дээшээ би гараад очтол А нь нийтийн караокены өрөөнд байсан ёлкны модны хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Ч А дээр очоод толгойг нь өргөөд Аагий яачихсан юм бэ? гэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэгээд Ч Аийг үүрээд доошоо нэг давхар руу буутал Ч дийлэхгүй байна гэж хэлтэл Б үүрээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Харин С, А, Э, Хоо, Д бид нар “А” гэх тэр караокедоо үлдсэн. Тэгээд бид нар үлдээд хагарсан шил болон тэр хавиарахаа цэвэрлэж байтал эмнэлгээс Б залгаад хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ эмнэлэг дээр очсон. Тухайн үед тэр орж ирсэн гэх хоёр залуу нь 165-170 см орчим өндөртөй хоёр залуу байсан. Тэр хоёр залуу нэг нь хар костьюм, хар өмдтөй, цагаан цамцтай, нөгөө нь цэнхэр костьюм, өмдийн би сайн анзаараагүй, дотуураа цагаан цамцтай байсан. Тэр хоёр залуугийн чих нь бөхчүүдийн чих шиг хугарч боовон болсон байсан. Тэр хүмүүс бөхчүүд шиг бие хаатай байсан” /1 хх-н 123-124/ гэж,

гэрч Доржжанцангийн Б “… өдөр нь манай найз Эминий 99835452 дугаарын утас руу залгаад өнөөдөр орой “А” кароекед найзуудын Шинэ жил болно, чи ирэх юм уу гэж асуусан. Тэгээд би хэдэн цагаас юм бэ гэж асуухад 18 цагт гэж хэлсэн ба би 21 цаг өнгөрөөгөөд оройтож очих байх гэж хэлсэн. Тэгээд би түлээ нүүрсээ зараад 21 цаг 50 минутын үед “А” кароекед очсон. Намайг очиход нийтдээ надтай нийлээд 16 хүн байсан. Миний мэдэхээс Д, Э, Чойжоо, Данил, А нар байсан. Тэгээд би өөрийгөө танилцуулаад шөнийн 00 цаг хүртэл дуулж бүжиглээд ууж идсэн. Бид нар хоорондоо ярилцаад одоо тарцгаая гээд ярилцаж байгаад зарим нь тамхи татах гээд гарсан байсан. Тухаин үед бага зэрэг манарсан байсан ба буйдан дээр сууж байсан. Манай хэд тамхи татаад орж ирэх үед үл таних хоёр залуу дээшээ өгсөж гарч ирж байсан. Тэгээд тэр хоёр залуу одоо бид нар дуулна гээд байхаар нь манайхан бид нар заалыг бүтнээр нь түрээслээд авсан, та нар өрөөнд ороод дуул гэж хэлэхэд үл таних хоёр залуу “та нар ямар даварцан бацаанууд вэ” гээд манай хэдтэй маргалдаад буцаж яваад дөрвүүлээ болоод орж ирсэн. Тэгээд манай хэд очоод заалыг бид нар түрээслэсэн байгаа, та нар өрөөнд ороод дуул гэхэд Эгийн хөмсөгийг сэт цохисон. Хажууд нь байсан жирэмсэн охиныг бас цохисон. Тухайн үед охидууд орилж чарлахад нэг залуу нь бид нарын дундуур орж ирээд Чойжоог барьж аваад цохисон. Нэг залуу нь эр, эмгүй цохиж зодоод байсан. Тухайн үед би цохиулсан эмэгтэйчүүдийг буйдан руу суулгасан. Чойжоог цохиж байсан залуу доошоо буухад нөгөө гурван залуу дагаад буусан ба манай найзууд бас дагаад буусан. Тэгээд хүмүүсийн завсараар харахад зүүн хойд буланд А дээшээ хараад газар хэвтэж байсан. Би Аийг ухаан алдсан байна гэж бодоод найзуудыгаа салгах гээд доошоо буухад кароекены эгч зодолдож байсан хүмүүсийг салгаж байсан ба манай хэдэн найзууд зодолдуулахгүй гээд бариад зогсож байсан. Тэгээд бид хэд буцаж дээшээ гараад Аийг сэрэхийг хүлээсэн. Яг тэр үед нэг охин нь цагдаа дуудаад, түргэн дуудаж байсан. Гэмтлийн эмнэлэг ойрхон байсан учраас Гэмтэл рүү авч явъя гээд Чойжоо үүрээд, би хажуунаас нь тулаад аваад явсан. Далан хүртэл Чойжоо үүрээд, далангаас цааш Гэмтэл хүртэл би үүрч ороод хүлээн авахын орон дээр хэвтүүлсэн” /1 хх-н 126-127/ гэж,

гэрч Наранцогтын З “... бид нарыг 2 давхрын нийтийн караоке дотор ширээний орчимд байж байхад нийтийн караоке дотор бид нараас өөр үйлчлүүлэгч байхгүй байхад гаднаас үл таних /хэн нь ямар хувцастай байсанг санахгүй байна, нэг нь бор өнгийн өвлийн куртиктэй, хоёулаа цагаан өнгийн сорочкон цамцтай, 27-28 орчим насны/ хоёр эрэгтэй орж ирээд хүнтэй зүгээр харилцаж байгаа юм шиг бид нар дуулмаар байна, та нар гарах болж байна уу гэж асуухаар нь бид нарын дундаас нэг эмэгтэй нь ахаа бид нар арай гарах болоогүй байна аа, удахгүй гарна гэж хэлэхэд та нар яасан сонин юм бэ, одоо гарцгаа гээд дуу нь өндөрсөж дайрч эхэлсэн. Тэнд байсан бүхий л хүмүүс тэр хоёр эрэгтэйд бид нар найзуудаараа явж байна, гарах болоогүй байгаа талаар ойлгуулах гэж нилээн хичээсэн боловч үг ойлгохгүй байсан. Ч тэр хүмүүстэй ерөөсөө харилцаагүй тусдаа зогсоод, найзуудтайгаа юм яриад байж байтал үл таних 2 залуу гарах гэж явж байснаа бор өнгийн куртиктэй залуу нь эргэж ирээд шууд Чгийн зүүн талын шанаа орчимд нэг удаа гараараа цохиж авсан. Тэгээд үл ойлголцол үүсэж хэрүүл маргааны чанартай болж уг хоёр залууг эндээс гар гэж хэлсэн боловч гарахгүй зодолдох гээд дайраад байсан. Энэ үед хаанаас гарч ирсэн мэдэхгүй, гэнэт 27-28 орчим насны 2 залуу орж ирээд зодолдох гээд байгаа 2 найзыгаа авч гарах гэж оролдсон боловч нөгөө хоёр нь гарахгүй, тэнд байсан эмэгтэйчүүд нь бүгд гарцгаа гээд орилж хашгирсан. Тэгтэл найзуудыгаа авч гарах гэж байсан хоёр хүний нэг буюу хөх өнгийн брьюкэн өмдтэй, дээгүүр цагаан цамцтай, уруулын дээд хэсгээрээ жоохон бүдэг сахалтай, цайвар шаргал царайтай, үсээ налуулж самнаж, лакадсан, дөрвөлжин хамартай эрэгтэй гэнэт шууд манай найзууд руу дайрч, та нар бацаан нар байж том дуугарлаа гээд салаавч гаргаж дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би зодоон болж магадгүй гэж бодоод доошоо буух гээд шатан дээр ирэхэд ард шил хагарах пис пас гэх чимээ гараад эхэлсэн. Тэгэхээр нь шууд цагдаа руу залгах гээд андуураад 103 дугаарын утас руу залгасан. Цагдаа дуудаарай гэж 103 хэлэхээр нь дахин 102 дугаарын утсанд өөрийн ...... дугаарын утаснаас “Гэмтлийн хойд талын А караоке дотор зодоон болчихлоо, хурдан ирээрэй” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд эргээд хартал 2 давхрын нийтийн караоке дотор хамт байсан найзуудаас зарим нэг нь үлдчихсэн, нөгөө зодоон эхлүүлсэн залуучууд гадагшаа гарах гээд шатаар доошоо бууж байсан. Тэгэхэд нь найзууд руугаа харахад талийгаач А нь зүүн хойд булан хэсэгт шалан дээр ухаангүй хэвтэж байхаар нь шууд очоод харахад талийгаач ухаан алдчихсан, толгойны ар дагз хэсгээс нь нилээн их цус гарчихсан, шалан дээгүүр нилээн цус болчихсон байсан. Тэгээд би шууд дахин 103 руу залгаж манай найз ухаан алдчихлаа гэж хэлэхэд очиж байна гэж хэлсэн. Бас дахин цагдаа руу залгасан. Талийгаачийн толгойноос цус гарсан байсныг найзууд хараад бүгд бужигнаж эхэлсэн. Ингээд байж байтал түргэн ирж байна гээд надтай утсаар яриад, ирээд талийгаачийг хаана байгаа талаар асуухад найзууд нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү үрээд аваад явсан гэж хэлсэн. Хэн нь үүрч авч явсныг хараагүй. Зодоон “А” караокены 2 давхарт, нийтийн караокены хэсэгт болсон. Бор өнгийн куртиктэй залуу эхэлж Чг цохиж авч, хэрүүл маргааны эхлүүлээд, араас нь хоёр залуу орж ирээд бүгдийг гаргах гээд бүгд татаж чангааж байсан. Энэ үед сүүлд орж ирсэн хоёр залуугийн нэг нь салаавч гаргаад зодолдох гээд эхэлсэн. Ер нь бол надтай хамт байсан найзууд бүгд үл таних дөрвөн залуутай хэрүүл маргаан зодоон хийхгүйгээр гаргая гээд та нар одоо гарчих гэж хэлж байсан. Эмэгтэйчүүд нь тэр залуучуудыг гаргах гэсэн боловч зодолдох гээд дайраад байсан” /1 хх-н 132-133/ гэж,

гэрч Нямцэрэнгийн А “... би Атэй хамт багаасаа нэг ангид сурч байсан. Манай дунд сургуулийн ангийнхан энэ жил Шинэ жилийн баяраа хамт тэмдэглэцгээе гээд ярилцаж тохирсон байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уулзахаар болоод орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 7-р хорооны нутагт байрлах “А” нэртэй караокед хамт орцгоохоор болсон. 19 цагийн үед манай ангийн А, Э, Д, Ч, А, Б, Б бил үү, мөн Д гээд танил залуу ороод Сайханцэцэг, С, Батцэцэг бусад эмэгтэйг нь мэдэхгүй байна, бид нар бөөндөө цуглаад тус караокены 3-р давхарт байрлах 1 тоот өрөөнд орж дуулж пиво архи ууцгаасан. Харин би нэг ч юм уугаагүй эрүүл байсан. Ингээд тэд нар дуулж байгаад 22 цагийн үед байх доошоо 2-р давхарт нийтийн караокенд орж сууцгааж дуулсан. Тэндээ пиво ууцгаасан. Тэгтэл 23:40 минутын үед гаднаас 2 танихгүй эрэгтэй хүн орж ирээд бид нарыг “за, бацаанууд болно бид нар одоо дуулна” гээд бид нарыг хараагаад байсан. Тэгэхэд нь Ч та нар юу гээд байгаа юм бэ гээд нэг хар өнгийн урт гялгар куртиктай хүнтэй нь маргалдсан. Тэгэхлээр нь би очоод салгаад цаашаа аваад явсан. Тэгсэн чинь манай ангийн охидууд тэр хүмүүстэй маргалдаад байж байсан чинь гаднаас тэр хүмүүсийн найз гээд дахин 2 хүн орж ирээд нийт дөрвүүлээ болсон. Би анзаараа ч үгүй байж байтал манай С гээд жирэмсэн эмэгтэйг нэг эрэгтэй нь цохиод авсан байсан. Тэгээд л бужигнаад эхэлсэн. Цаана нь мөн Бипгүүн маргалдаад байхаар нь аваад цаашаа болсон. Манай эрэгтэйчүүд тэр хүмүүсийг больцгоо гээд байсан. Харин нөгөө жирэмсэн эмэгтэй цохиулсандаа уурлаж бухимдаад дайраад байсан. Тэгээд бужигнаад байсан. Хэн нь хэнийгээ цохиод байгааг нь би мэдэхгүй байна. Жижиг газарт л бужигнаад байсан. Тэгээд арай гэж нэг гайгүй болсон чинь дээгүүрээ цагаан срочкин цамцтай, саарал өнгийн өмдтөй, 30 орчим настай, 165-170 орчим см өндөртэй, хулгар чихтэй, бөөрөнхий бордуу царайтай эрэгтэй хүн шууд л дайраад Чг гараараа 1 удаа, намайг хойноос 2 удаа, мөн манай найз Аийг нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон. Их хүчтэй саваж дагзаараа шалан дээр унасан юм. Тэгээд нөгөө залуу дахиад Аийг дээрээс нь дэвсэж өшиглөх гээд байхаар нь би арай гэж нэг татаж аваад зассан байсан гацуур модны доор аваачиж хэвтүүлсэн. А угаасаа эхнээсээ цохиулаад ухаан алдаад сэргээгүй, толгойноос нь цус гараад байсан. Тэгээд би бүр шоконд ороод цаашаа очоод ийм зүйл боллоо гээд хэлсэн. Арай гэж нэг салаад нөгөө хүмүүс гараад явсан. Тэгээд бид нар Аийг сэргэхгүй болохоор нь 102, 103 дуудна гэсэн. Удах байх гээд Ч үүрээд Д тэд нар хамтдаа явсан. Ингээд удаагүй эмнэлэг дээр нас барсан гэж сонссон. Ер нь бол тэр А бид нарыг цохисон хүнийг л харсан. Харин бусад хүмүүс нь тэр хүнийхээ хойноос нь түлхээд байсан болохоос яг манай хэдийн алийг нь цохисоныг хараагүй. Манай ангийнхан харсан байж магадгүй. Өмнө нь яаж цохисон эсэхийг нь би хараагүй. Харин сүүлд нэг удаа гараараа нүүрэн тус газарт нь цохих үед талийгаач газарт унаад толгойгоороо саваад толгойноос нь цус гарсан” /1 хх-н 136-137/ гэж,

гэрч Тунгалагийн Х “... 12 дугаар сарын 18-наас эхэлж залгаад манай 10-н жилийн найзуудын Шинэ жил болох гэж байгаа, чи найзтайгаа хамт орох уу гээд ярьж байсан. Би тэгье гэж хэлээд дуртай зөвшөөрсөн. 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас Шинэ жил болно гэж А хэлсэн. Би хорооллын И-мартад ажилладаг юм. Манай ажил 22 цагаас тардаг болохоор ажлаа тараад “А” гэх нэртэй кароекед очсон. Намайг очих үед 11-12 хүн байсан. Миний танихаас Э, Ч, Данил, Д, мөн талийгаач байсан. Намайг очиход манай найзууд бүгдээрээ 2 давхрын нийтийн караокений зааланд уугаад ерөнхийдөө нилээн согтчихсон байцгааж байсан. Би өөрөө очихдоо бол эв эрүүл очсон. Ороход манай хэд суугаач гээд надад нэг пиво задалж өгсөн. Тухайн үед А надаас миний найз юу уух вэ гэж асуухаар нь би пиво ууя гэхэд А надад 2 шил Сэнгүр пиво авчирч өгсөн. Би тэр пивоо уусан. Дээр нь манайхан архиа тойруулж байсан. Би бас архинаас нь уусан. Гэхдээ нэг их уугаагүй, 2 удаа л татсан байх. Тэгээд дуулж бүжиглээд ууцгаасан. Доороос шатаар гараад заал руу орох хэсэгт нь бид нар хаалт тавьчихсан байсан. Хоёр залуу шууд хаалтыг татаад ороод ирсэн. Тэр үед Заяа та нар яах гэж байгаа юм бэ гэхэд нөгөө хоёр залуу бид нарт хандаад бид нар дуу дуулмаар байна, пацаан нар минь гээд өндөр дуугаар орилоод орж ирэхдээ Заяа гээд манай жирэмсэн найзыг түлхээд унагаасан. Тэгэхээр нь манай найзууд юу болоод байна гэхэд нөгөө орж ирсэн залуус дайраад Ч гэх найзыг маань цохиод авсан. Би тэгэхээр нь Чойжоог тэврээд цаашаа салгасан. Яг тэр үед нөгөө залуус эргээд буух шиг болсон ба тэгсэнээ дахиж орж ирээд дөрвүүлээ болчихсон орж ирээд манайхан руу дахиад дайраад эхэлсэн. Яг тэр үед гаднаас орж ирсэн залуу намайг өшиглөөд унагаасан. Тэгсэнээ дахиад нэг удаа өшиглөхөөр нь тэр газрын ажиллуулдаг эгч чи наад хүүхэд аллаа гээд болиулсан. Би тухайн үедээ бага зэрэг манараад босоод иртэл гаднаас орж ирсэн нэг залуу Эгийн нүүр рүү шилээр цохиж байсан. Тэгээд намайг хартал Аагий буюу А гацуур модны урд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод босгох гэтэл бие нь нүсрээд хүнд болчихсон, ар дагзнаас нь цус гарч байсан. Тэгээд сэргээх гээд амных нь дээд талд дарж үзэхэд сэргээгүй. Тэгэхээр нь яаралтай эмнэлэг рүү Аагийг Болдоо, Чойжоо нар үүрээд ГССҮТ дээр хүргэж өгөөд үзүүлсэн ба хүлээн авахад хүргэж өгөөд Аагийг цааш нь аваад орсон. Зодоон болох үед 00 цаг 20 минут болж байсан. Эмнэлэгт Аагийг аваачихад 01 цаг болж байсан. Би Аийг хэн зодсоныг үнэхээр хараагүй” /1 хх-н 137/ гэж,

Шинжээч эмч М.З “... Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүдээс хамар ясны хугарал, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Бусад гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн нүүрэнд хүч үйлчилсэний улмаас арагшаа дагзаар унах үед гэмтэл үүсч байгаа. Энэ тохиолдолыг олон удаагийн гэж үзнэ. Нүүрэнд учирсан гэмтэл гавал тархины битүү гэмтэлтэй шалтгаант холбоотой. Уруул, харам /нүүрэнд/ хүч үйлчилсэний улмаас хамар ясны хугарал, хамар уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирна. Уруул, хамарт үйлчилсэн хүч хойш чиглэж буюу нүүрэнд үйлчилсэн хүчний улмаас ар дагзаар унах үед дагзны ясны төвгөрөөс доош нугасны нүх рүү үргэлжилсэн лямбда хэлбэрийн салаалсан болон нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүснэ. Гавал тархины гэмтэл нь хязгаарлагдмал /хэлбэр, хэмжээ бүхий эд зүйл, чулуу, /хязгаарлагдмал бус/ хана, шал, тэгш гадаргуу/ талбайтай хатуу гадаргуутай харилцан үйлчлэлцсэний улмаас үүснэ. Энэ гэмтэл нь өөрийн биеийн жингээр арагш унахад үүсэх боломжтой. Энэ тохиолдолд бол амь хохирогчийн нүүрэнд хүч үйлчилсэний улмаас арагшаа унахдаа дагз хэсгээрээ унасны улмаас гавал тархины битүү гэмтэл үүссэн. Уг гавал тархины гэмтэл авсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжгүй” /1 хх-н 35/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд хоорондоо харилцан хамааралтай байгаа нь, түүнчлэн тухайн үед болсон үйл явдал “А” караоке-ны камерын бичлэгт /CD бичлэг/ бичигдсэн байгаа зэрэг нь “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг, “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотолно.

 

Талийгаач М.Аийн үхлийн шалтгааны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаач М.Аийн цогцост дагз ясны төвгөрөөс доош нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, дагзны төвгөрийн доод хэсгээр баруун, зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн лямбда хэлбэрийн салаалсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн духны орой болон суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, хамар ясны хугарал, дагзны хуйханд шарх, дагзны хуйх, хамар, уруул, баруун бугуйд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, дагзны хуйх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан дагз ясны төвгөрөөс доош нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, дагзны төвгөрийн доод хэсгээр, баруун, зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн лямбда хэлбэрийн салаалсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн духны орой болон суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад хамар ясны хугарал, дагзны хуйханд шарх, дагзны хуйх, хамар, уруул, баруун бугуйд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, дагзны хуйх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 1,1 промилли, ходоодны шингэнд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэсэн 117 тоот дүгнэлт гарчээ. /1 хх-н 32/

 

“Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдэгдсэнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хүмүүсийг энэ гэмт хэргийн хохирогч хэмээн үзэж хохирогчийн мэдүүлэг авчээ. Үүнд:

хохирогч Доржжанцангийн Б “... намайг харж байхад тэр хүмүүс олуулаа болоод шатаар гарч ирэх үед нэг эрэгтэй нь пивоны шилээр Эгийн нүүр рүү цохисон. Би Эг цохиулсаныг сайн харсан. Миний санаж байгаагаар цагаан цамцтай эрэгтэй нь цохисон шиг санаж байна. С, Цэнд-Аюуш, Зандаргираа нар тэр хүмүүс рүү дайраад цохиулчих гээд байсан учир би өөрийнхөө ойр байгаагаар нь араас татаад холдуулж байсан” /2 хх-н 37-38/ гэж,

хохирогч Гантулгын Ч “... А намайг татаад би ширээний дэргэд очоод зогсож байхад хажуу талаас цагаан цамцтай, бид нарыг “харьцгаа” гээд байсан эрэгтэй хүн миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Цохиулаад газар унаад хэсэг хугацаанд манараад байж байгаад босоод ирэхэд зааланд бужигнаан болчихсон хэсэг хэсэг газарт хүмүүс хоорондоо зодолдож байсан. Би найзуудтайгаа нийлж нөгөө хүмүүсийг түлхэж доош буулгасан. А нийтийн заалны урд хэсэгт гацуурын дэргэд хэвтэж байсан. Хоо А рүү очиж үзээд ухаан алдсан байна гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаад дуудлага өгөөд байсан” /2 хх-н 40/ гэж,

хохирогч Энхбаярын Э“... намайг дээшээ гарах үед шатны ойролцоо Ч нэг эрэгтэйтэй зодолдож байсан. Би тэр хоёрын дундуур нь ороод салгаад Чг хойш татсан. Хүмүүс энд тэнд бужигналдаж зодолдоод байсан. Тэгээд Ч салгаад татах үед цагаан өнгийн цамцтай эрэгтэй миний баруун хөмсөг рүү архины шилээр нэг удаа цохисон. Хүмүүс гарсаны дараа харахад А зүүн урд булангийн хэсэгт дээшээ хараад ухаагүй хэвтэж байсан” /2 хх-н 38/ гэж,

хохирогч Наранцогтын З “... тэгээд тэр хүмүүс буухгүй байхаар нь мөн манай найз Чг цохисон болохоор нь би гаднаас орж ирсэн хүмүүсийн үснээс татах гэхэд гар хүрэхгүй байсан. Гараараа самардсан, алгадсан. Тухайн хүмүүс Чг цохисон учраас миний уур хүрээд байсан юм. Тэр бужигнаан дунд А миний хажуугаар хүнд цохиулаад унаж байсан. Би Аийг унаж байгааг хараад шалан дээрээс босгох гэхэд миний зүүн шанаа хэсэг рүү хүн тохойгоороо цохичихсон” /2 хх-ийн 46-47/ гэж,

хохирогч Энхбаярын Д “... дээшээ гарах үед А модны дэргэд ухаан алдчихсан байсан” /2 хх-н 4/ гэж,

хохирогч Тунгалагийн Х “... тэр үед гаднаас хоёр хүн орж ирсэн. Тэр хүмүүстэй Ч очоод маргалдаад байсан. А очоод Чг салгаад авч ирээд чи Чг барьж аваад өөрийнхөө ойролцоо байлгасан. Ч барьж байгаад эргээд харах үед миний ойролцоо А байсан ба Аыг араас нь нэг хүн цохисон. А цохиулаад толгойгоо бариад миний ойролцоо зогсоод байсан. Аын ар хэсэгт бужигнасан зодоон болж эхэлсэн. Тэр үед С заалны дунд хэсэгт байсан ширээ дээрээс пивоны шил аваад зодоон болж байгаа хэсэг рүү шидээд шил нь шатны хаалт цохиж хагарсан. Бужигнасан зодоон дунд би найзуудаа салгах гээд явж байсан. Гэхдээ хэн нь хэнтэй зодолдож байсныг сайн харж чадаагүй. Тэр дунд явж байхдаа би гаднаас орж ирсэн цагаан цамцтай хүнд хандаад бид найзуудын шинэ жил болж байна, болилдоо гэж хэлсэн. Би хүмүүс дундуур явж байхад гаднаас орж ирсэн хүмүүс Данилыг цохих гээд байхаар нь Данилыг түлхээд заалны хойд хэсэг рүү явсан. Данилыг хүмүүсээс холдуулаад байж байгаад эргээд харахад тэр хүмүүс бууж байсан. Би бууж байгаа хүмүүсийг цааш нь явуулах гээд ар талаас нь түлхэлцэж байхад цагаан цамцтай эрэгтэй миний гэдэс рүү цохисон. Учир нь би тэр эрэгтэйг буух гэж байхад нь араас нь тэнд байсан хүмүүсийн хамтаар шатаар буулгах гээд түлхэж байсан. Тэгээд гэдсэндээ цохиулаад хойшоо болсон. Тэр үедээ би ямар нэгэн өвдөлт мэдрээгүй. Хүмүүс гарсны дараа Аийг ухаан алдсан байхыг мэдсэн. А ухаан алдсан байхад эхлээд З очоод үзсэн. Тэгээд би очоод босгох гээд толгойны доод хэсгээс нь өргөсөн чинь миний rap цус болсон. Тэр үед талийгаач амьсгалахгүй байгаа юм шиг санагдаад байхаар нь би уруулын дээд хэсэгт нь дарж үзсэн. Тэгээд би түргэн дуудаач ээ гэхэд З түргэн тусламж дуудсан” /2 хх-ийн 54/ гэж,

хохирогч Чулуутын А “... С тэр хүмүүст юм хэлж байгаа харагдсан. Уранцэцэг, Б хоёртой юм яриад байж байхад ард эрэгтэй хүн чанга чангаар дуулъя болох уу гэх нь сонсогдсон. Эргээд харахад гэнэт бужигнасан зодоон болоод манай найзууд гаднаас орж ирсэн хүмүүстэй зодолдоод бид нар руу ширээ түлхээд ороод ирсэн. Маш хурдан хугацаанд зодоон болсон бөгөөд би хэн хэнтэй зодолдсон тодорхой харж чадаагүй. Б очих гэхэд нь Уранцэцэг Бийг суудал дээр дарж үлдсэн. Цагаан цамцтай эрэгтэй буцаж дайрч гарч ирээд намайг түлхээд унагасан. Би газар унахад тэр эрэгтэй миний баруун хөл рүү өшиглөсөн үү, гишгэсэн үү миний хөлд гэмтэл учруулчихаад явчихсан” /2 хх-н 59-60/ гэж,

хохирогч Даваасамбуугийн С “... би сууж байсан ширээ дээрээсээ очоод тэдгээр хүмүүст бид нар ангиараа сууж байна, та нар өөр газар суучих гэхэд тэр хүмүүс бид нар сууна гээд байсан. Би тэр хүмүүст хандаж гар гэж хэлэхэд тэр хүмүүс бид нар энд сууна, та нарын өмчилсөн газар юм уу гээд байсан. Тэгээд тэр хүмүүсийг гар гэж түлхээд өмнө нь хүн оруулахгүй гэж тавьсан хаалтаа татаад авсан. Тэр үед тэр хүмүүс заалны урд хэсэг рүү дайраад манай найзуудтай зодолдоод эхэлсэн. Би араас нь очоод салгах гэж алийг салгахаа мэдэхгүй, өөрт ойрхон байсан хүмүүсийг салгах гэж байгаад цохиулаад газарт унасан. Би ямар хүнд цохиулснаа мэдэхгүй, заалны урд хэсэгт байхдаа нүүрний баруун шанаа хэсэг рүү цохиулсан” /2 хх-н 58/ гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П “... тухайн үед Шинэ жил тэмдэглэж байсан хүмүүс болон гаднаас орж хүмүүс хоорондоо маргалдаж, зодоон хийсэний улмаас манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

Байгууллагын эд хогшил болох аяга, пивоны шилэн хундага олон тоогоор хагарсан байсан. 3 өрөөний 2 өрөөнд хүмүүс үйлчлүүлж байсан ба зодооны улмаас эдгээр хүмүүсийн болон амгалан тайван байдал алдагдсан ба үзүүлж байсан үйлчилгээгээ зогсоосон” /2 хх-ийн 52/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол /гэмтлийн зэрэг/ учирсан байхыг шаардахгүй, харин гэм буруутай этгээдүүд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн байхыг, эд хөрөнгө устгасан, гэмтээсэн байхыг, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан байхыг, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байхыг хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь дээр дурдсан шинжүүдийг агуулснаар тухайн гэмт хэрэг төгсөнө.

Иймд шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогч шаардахгүй буюу хэн нэгэн хохирогчийн биед /эрүүл мэндэд/ хохирол учруулсан байх гэхээс илүүтэйгээр нийтийн эмх замбараагүй байдлыг бий болгосон, олон нийтийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Г.Ө нарт холбогдох энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч байсан /2 хх-н 40/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэхгүй.

 

Харин уг гэмт хэргийн улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдгээр “А” караокены ажилтан П.Пг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч гэж үзсэн байх ба тэрээр “... байгууллагын эд хөрөнгө устаж, гэмтсэн гэх байдалтай холбогдуулж гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ.

 

Эдгээр байдлуудаас дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч болох шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй,

харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн /талийгаач М.Аийн/ хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүгдэгч Г.Өаас гэм хорын хохирлыг цаашид жич нэхэмжлэх эрх нээлттэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдэж талийгаач М.Аийн амь нас хохирсонтой холбоотойгоор уг гэмт хэрэг үйлдэгдэх явцад шүүгдэгч Г.Өтай хамт байсан шүүгдэгч Б.Б 3,000,000.0 төгрөг, шүүгдэгч Д.Г 5,000,000.0 төгрөг, шүүгдэгч Б.Л 3,000,000.0 төгрөг, шүүгдэгч Б.С 5,000,000.0 төгрөг нийт 16,000,000.0 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт өгсөн байна. Мөн шүүгдэгч Г.Өын ар гэрээс хохирогч талд нийт 16,000,000.0 төгрөг өгч, нэр бүхий 5 шүүгдэгч нийтдээ 32,000,000.0 төгрөг хохирогч талд өгсөн байна.

 

Хохирлын мөнгө өгсөн энэ тооцоог хүн тус бүрээр нь гаргавал:

Талийгаач М.Аийн оршуулгын ажлын зардалд анх 18,000,000.0 төгрөг өгсөн байна.

Энэ мөнгөний 6,000,000.0 төгрөгийг шүүгдэгч Г.Өын ар гэрээс, бусад 4 шүүгдэгч тус бүрээс 3,000,000,0 төгрөг /4х3,000,000.0=12,000,000.0 төгрөг/ нийтдээ 18,000,000.0 төгрөг /3 хх-н 196/ болж байна.

 

Үүний дараагаар 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Г.Өын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт 5,000,000.0 төгрөг /5 хх-н 211/,

Б.Мын эхнэр /талийгаач М.Аийн ээж/ Ц.Дугармаад 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000.0 төгрөг /5 хх-н 212/ нийтдээ шүүгдэгч Г.Өаас өгсөн мөнгөний хэмжээ 16,000,000.0 төгрөг болж байна.

 

Харин шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Батбаяр “... 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүх хуралдааны өмнө 1,000,000.0 төгрөг хохирогч талд өгсөн гэх боловч үүнийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М аваагүй, тийм мөнгө өгөөгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Б.С, Д.Г нарын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мт тус бүр 2,000,000.0 төгрөг /нийт 4,000,000.0 төгрөг/ өгч, энэ талаар бичгээр баримтжуулсан байна. /6 хх-н 53/

 

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт,

“Хүний алах” гэмт хэргийн шүүгдэгч Г.Өт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн талаар маргахгүй байгаа, шүүгдэгч Г.Өаас бусад шүүгдэгч нар “Хүнийг алах” гэмт хэрэгт оролцоогүй боловч тухайн гэмт хэргийн хохирлоос төлөлцсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Тухайлбал; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, энэ гэмт хэргээс улбаатай бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч байгууллагын төлөөлөгч П.П нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Өын хувьд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” боломжгүй юм.

Учир нь, шүүгдэгч Г.Ө “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”, “Хүнийг алах” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх ба энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн заалтад нийцнэ.

 

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугийн талаар маргахгүй байгаа, түүний ар гэрээс хохирогчид учирсан хохирлыг төлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 8 жил хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Ө 672 хоног, шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар тус бүр 173 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул тэдгээрт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Өын цагдан хоригдсон 672 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий 8 ширхэг DVD-г хэрэгт хавсарган үлдээж, “juan jr-n 6016” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг DVD тоглуулагчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллагын төлөөлөгч П.Пд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Ө овогт Г Ө, Боржигон овогт Бямбасүрэнгийн Б, Ват овогт Даваасүрэнгийн Г, Ө овогт Бат-Эрдэний Л, Боржигон овогт Батбаярын С нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ө овогт Г Өыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Г.Өт оногдуулсан 9 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Г.Өын цагдан хоригдсон 672 /зургаан зуун далан хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

7. Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт хүлээлгэсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарын “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ”-нд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт тус тус мэдэгдсүгэй.

 

10. Шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар тус бүр 173 /нэг зуун далан гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

тэдгээрийн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилж, тус бүрт нь “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт шүүгдэгч Г.Ө 16,000,000.0 төгрөг, шүүгдэгч Б.Б 3,000,000.0 төгрөг, шүүгдэгч Д.Г 5,000,000.0 төгрөг, шүүгдэгч Б.Л 3,000,000.0 төгрөг, шүүгдэгч Б.С 5,000,000.0 төгрөг тус тус /нийт 32,000,000.0 төгрөг/ өгсөн,

шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар бусдад төлөх төблөргүй болохыг,

хохирогч байгууллагын төлөөлөгч П.П гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын шүүгдэгч Г.Өт холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий 8 ширхэг DVD-г хэрэгт хавсарган үлдээж,

juan jr-n 6016 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг DVD тоглуулагчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллагын төлөөлөгч П.Пд буцаан олгосугай.

 

14. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Өыг “цагдан хорьсонг”,

шүүгдэгч Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.

 

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                               ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

                               ШҮҮГЧ                                     М.ДАЛАЙХҮҮ