Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0808/З |
Дугаар | 221/МА2022/0445 |
Огноо | 2022-06-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2022/0445
М.Ц, М.С нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар шийдвэрийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч М.Ц, М.С,
Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд “Д” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д” ХХК-д олгосон 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилга эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэргийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажилллагааны улмаас учирсан хохирол 36.062.000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөжглийн газраас гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,
Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2020/0808/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5, 12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М.С, М.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д” ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус шийдвэрийн улмаас М.С учирсан хохиролд 66.938.000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэгч нарын бусад шаардлага болох Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан Хансвилл хотхоны барилга эскиз зураг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажилллагааны улмаас учирсан хохирол 36.062.000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөжглийн газраас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нархан” хотхоны урд талд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 тоот захирамжийг үндэслэн “Т” ХХК-д тус газраас 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2008 онд эскиз зургийг баталсан.
“Д” ХХК-д Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан /Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эс загвар зургийг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д иргэний саналыг аваагүй, 4.3.1-д заасан зай хэмжээний нормативыг зөрчсөн гэжээ.
Уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Орон сууцын хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно” гэж заасан. “Т” ХХК-ийн барилга барьж байгаа эзэмшил газар нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй тул иргэдээс санал авах шаардлагагүй болно. Журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д орон сууцны дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд зайд байрлах үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөс санал авна гэж заасан нь нэхэмжлэгчид хамааралгүй заалт болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тус “Д” ХХК нь барилга холбогдох дүрэм зөрчиж баригдсанаар манай байрны үнэ унасан тул мкв бүрийг нь 1 сая төгрөгөөр үнэлж хариуцагчаас гаргуулах гэжээ. Тус барилга нь холбогдох норм дүрэм зөрчиж зөвшөөрлүүд нь олгогдоогүй бөгөөд тухайн нэхэмжлэгч нарын байрны үнэ буурсан талаар баримт тогтоогдох боломжгүй, баримт гаргаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2019 онд барилгын зөвшөөрлийн гэрчилгээг 12.2 х 45м хэмжээтэй 15 давхар барилга барих зөвшөөрөл олгосон байхад гуравдагч этгээд нь 17 давхраар барьж байхад хариуцагч нь хянаагүй ашиглалтад оруулжээ” гэжээ. Тус барилгад Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажилласан нь тус газраас тусдаа чиг үүрэг бүхий газрын үүргийг Хот байгуулалт, хөгжлийн газар зөрчсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Үүнтэй уялдуулсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан журмыг баримтлаагүй нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль бус байсан гэж үзэх үндэслэл боллоо гэх зэргээр дүгнэсэн байна
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийг шаардлага хангасан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгодог. Барилгын зай хэмжээ болон нарын ээвэрлэлт нь барилга төлөвлөлт буюу Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийн шатанд шийдвэрлэгддэг асуудал байх бөгөөд шүүх дүгнэхдээ “ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Хансвилл” хотхоны барилгын эскиз зургийг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болох боломжгүй байна гэж үзлээ” гэсэн атлаа тус үндэслэлүүдээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруутай болсон.
Мөн барилгын буурсан эрүүл аюулгүй орчинд амьдар эрх нь зөрчигдсөн гэх байдлаар хохирол нэхэмжлэн гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хууль дүрэмд нийцсэн бодит үнэлгээ мөн эсэх талаар ямар нэгэн үндэслэл бүхий шийдвэрлэсэн талаар ямар ч ажиллагаа хийгээгүй нь дээр нэхэмжлэгч нарын өөрсдийн гаргасан үнийн дүнгээр тооцож холбогдох хувь бодон тооцож байгаа нь мөн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болон хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч М.С, М.Ц нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцны урд талд “Д” ХХК нь өндөр барилга барьсны улмаас барилга хоорондын зайн стандарт, нарны ээвэрлэлтийн норм зөрчигдөж, галын аюулгүй байдал алдагдаж, газар хөдлөлтийн үеийн эрсдэл нэмэгдэх нөхцөл байдалтай болж, урагшаа харсан 2 цонх нар үзэхээ больж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, ашиглалтад оруулах улсын комиссын актыг тус тус хүчингүй болгуулах, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжлэх ухаан, техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудал гэж үзэж, шинжээч томилон дүгнэлт гаргуулсан атлаа тухайн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар лавлаж тодруулалгүйгээр шууд үгүйсгэж, нарны ээвэрлэлтийн шаардлага хангаагүй нь нэхэмжлэгч М.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.
3. Учир нь шүүх хэрэв шинжээч Барилга хөгжлийн төвийн дүгнэлт дутуу, эргэлзээтэй бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар нэмэлт болон дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, эсхүл яагаад нэхэмжлэгч нарын хоёр тусдаа орон сууцыг нэг гэж үзсэн талаар шинжээчээс тодруулах боломжтой байхад “... эскиз зургийн дагуу баригдсан эсэхийг дүгнээгүй, ... асуултад хариулаагүй, ... нарын ээвэрлэлтийн шаардлагын тухайд тусдаа орон сууцыг нэг орон сууц буюу 4-6 өрөөтэй гэж тооцсон нь буруу” гэх байдлаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь ... шинжээчийн дүгнэлт ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, 102 дугаар зүйлийн 102.3-д “... Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэж болно” гэж заасанд нийцэхгүй байна.
4. Өөрөөр хэлбэл шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэх, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эсэхийг сонгох эрхтэй боловч энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “барилгын зөвшөөрөл олгохдоо холбогдох норм дүрмийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын орон сууц анхнаасаа нэг орон сууц байсан, хуваагаад а, б тоот болгож, 2 тусдаа болгосны улмаас наранд ээвэрлэлтийн хугацаа өөр гарч байгаа, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн” гэх тайлбарыг харгалзан үзэж, шинжээчийн дүгнэлтийг тодруулах шаардлагатай байна.
5. Мөн нэхэмжлэгч нарын орон сууцны анхны зураг төсөл, хэзээ, хэрхэн хуваагдсан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулаагүй, нарны тусгалын шаардлага хангахгүй болсон нөхцөл байдалд маргаан бүхий захиргааны актын хууль зөрчсөн байдал, эсхүл нэг орон сууцыг өөрчилж, хувааж 2 орон сууц болгосон нь нөлөөлсөн эсэх талаар шинжээчийн тайлбар байхгүйгээс шүүхийн дээрх дүгнэлтийг үндэслэл бүхий болсон эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.
6. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт ач холбогдол бүхий бусад асуудлыг бүрэн тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ