Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01455

 

Т.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00668 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1156 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э Б И” ХХК болон А.Б, Д.Б нарт холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Б гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Т.Т, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Э Б И” ХХК-ийн захирал А.Б тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр 272184 дугаартай импортын мэдэгдэл бүхий 126 тонн тахианы цээж махыг Хятад Улсын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг компаниас оруулж ирж, борлуулахаар харилцан тохиролцсон. Тахианы махыг хятадаас худалдан авах мөнгөө 50, 50 хувиар буюу 67 000 000 төгрөгийг тус тус гаргаж, харин А.Б гийн компани тахианы мах импортлох тусгай зөвшөөрөлтэй тул өөрсдөө оруулж ирж, эрсдэлээ хүлээхээр 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан.

Тус компанийн захирал А.Б  хэд хэдэн удаа хятадаас мах оруулж ирсэн ба намайг уг наймааны ажил, борлуулалтдаа огт оролцуулдаггүй байсан. Энэ наймааг маш ашигтай, 1 вагоноос 20 000 000 төгрөгийн ашиг олдог, 15 хоногт ашгийн тал хувь болох 10 000 000 төгрөгийг өгнө гэж анх тохирсон. А.Б  надаас авсан 67 000 000 төгрөгөө 3 сарын дараа буцааж өгөх байсан боловч цувуулж миний дансаар 46 500 000 төгрөг, н.Энхжаргалын дансаар 5 000 000 төгрөг нийт 51 500 000 төгрөг төлсөн. А.Б  өмнөх шүүх хуралдаан дээр н.Энхжаргалын дэргэд 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж ярьж байсан боловч өнөөдөр н.Бат-Эрдэнийн дэргэд 10 000 000 төгрөг өгсөн гэж худал ярьж байна. Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар ярилцаж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, 40 000 000 төгрөгийг надад 4 хувааж төлнө, хугацаандаа төлөхгүй бол алданги төлнө гэж тохирсон.

Иймд уг хэлцлийн үндсэн мөнгө 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч алданги нэхэмжлэхээс татгалзсан. Улмаар шүүх хуралдааны явцад тайлбарууд болон дансны баримтуудыг үзэхэд А.Б  надад 67 000 000 төгрөгийг буцааж төлөхөөс 51 500 000 төгрөг төлж, 15 500 000 төгрөг үлдэж байх ба үүн дээр нэг сарын ашиг буюу өөрөө хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан тул 10 000 000 төгрөг нэмж 25 500 000 төгрөг нэхэмжилж, бусад шаардлагаас татгалзаж байна. Уг мөнгийг ­­“Э Б И” ХХК, А.Б  нараас нэхэмжилж, Д.Б-д холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч А.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Т.Т-аас тахианы мах оруулж ирэхээр 67 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан нь үнэн. Тэр үед компанийн нэрээр хамтран ажиллах гэрээ байгуулж, БНХАУ-иас тахианы цээж мах оруулж, зарж борлуулж ашгаа хуваахаар тохирсон боловч энэ 3 сарын хугацаанд Хятад улсад шувууны өвчин гарч шувууны мах импортлохыг зогсоосон. Тиймээс энэ бизнес явагдаагүй, ашиг олоогүй.

Миний бие Т.Т-аас 67 000 000 төгрөгийг авсан ба мөнгөө Хятад руу явуулсан тэнд түгжигдсэн тул 3 сарын дотор мөнгийг буцааж өгч чадаагүй. Ингээд мөнгийг 2014 оны 01 дүгээр сараас 09 сарын хооронд 51 500 000 төгрөг дансаар, 2014 оны 06 сард бэлнээр 10 000 000 төгрөгийг н.Бат-Эрдэнийн дэргэд өгч, нийт 61 500 000 төгрөг төлсөн. Миний хувьд өвчин гарч хориг тавигдаагүй бол тахианы махаа оруулж, ашигтай ажиллах боломж байсан. Гэтэл Т.Т байнга мөнгөө нэхэж намайг дарамталж байсан тул 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөгийг 4 хувааж төлнө гэж мөнгө төлөх хэлцлийг хийсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр 20 000 000 төгрөгөөр эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Т.Т-д төлөх мөнгөнөөс 5 500 000 төгрөг үлдсэн, миний хувьд мөнгийг өгөлгүй удаасан тул нийт 10 000 000 төгрөг төлөх боломжтой.

Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э Б И” ХХК болон Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Т.Т нь “Э Б И” ХХК-ийн захирал А.Б тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч мөнгийг А.Б авсан. Тус компанийн нэрээр гэрээ байгуулсан болохоос мөнгө компанийн нэрээр шилжиж орж ирээгүй. Т.Т. Т, А.Б нарын хоорондоо зээлүүлсэн мөнгийг манай компани болон Д.Б нараас нэхэмжлэх боломжгүй юм. “Э Б И” ХХК болон Д.Б нарт энэ хэрэг ямар ч хамааралгүй.

Иймд хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00668 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон “Э Б И” ХХК, А.Б нараас алданги 20 000 000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг тус тус баталж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Б И” ХХК, А.Б нараас 25 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э Б И” ХХК, А.Б   нараас 285 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1156 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...“Э Б И” ХХК, А.Б  нараас...” гэснийг ““Э Б И” ХХК-иас” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч А.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл 40 000 000 төгрөгийг хамтаар гэснээс ч үзэхэд “Зээлийн гэрээ” гэдгийг илэрхийлсээр байгааг зөв дүгнэж чадаагүй, хамтран ажиллах гэрээний дагуу сунгаж болно гэснээс ч харсан зээлийн гэрээг байгуулсан юм. Мөнгө төлөх хэлцэл нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу гээд бичүүлсэн нь мөнгийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Т.Т нь намайг үргэлж дарамтлаад байхаар нь бичиж өгсөн, бид хоёр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тус гэрээний дагуу 67.0, 67.0 сая төгрөг хэн нь ч гаргаагүй энэ гэрээ өөрөө ч хэрэгжээгүй гэдгийг тайлбарлаж байна. Т.Т-ын 5753410764 тоот данс руу А.Б  надаас шилжүүлсэн мөнгийг үнэн зөвөөр нь дүгнээгүй юм. 57 900 000 төгрөгийг ч тооцоогүй, гэрчээр Эхнжаргалыг оролцуулах хүсэлтийг хангасан атлаа гэрчийг оролцуулах боломжоор хангаагүй гэдгийг тайлбарлаж байна.

Миний бие нь өмнөх шүүх хурал дээр өөрт хамааралтай баримт гаргаж өгөхөд шүүгч буцааж өгөөд миний баримтыг хэрэгт оруулаагүй, би үндсэн баримтыг шүүхэд өгч байсан болно. Ийм учраас миний нотлох баримт бүрдүүлж өгөх эрхийг зөрчсөн юм. Миний бие болон өөрийн өмгөөлөгчийн хамтаар хэргийн материалтай танилцаж чадаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нар нь шүүх хурлыг эхэлтэл хэргийг танилцсаар байгаад биднийг хэргийг материалтай танилцуулаагүй шүүх хурлыг хийсэн болно.

Би Т.Т,  ямар ч хамтран ажиллах гэрээ нэгэн үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй байхад шүүгч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5-д зааснаар ашиг, алдагдлыг хуваарьлах журмаар аль алинд тэнцүү байдлаар хандаагүй, нэхэмжлэгчийн ашиг гэх талаар баримт байхгүй, илтэд нэг талд үйлчилсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг, уг харилцааны оролцогчийг зөв тодорхойлж, эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар иргэн А.Б , Д.Б, “Э Б И” ХХК-ийг татаж, хамтран ажиллах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20 000 000 төгрөгийн шаардлагаас, Д.Б-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч Т.Т нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Э Б И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, БНХАУ-аас тахианы мах оруулж ирж борлуулах зорилгоор хоёр талаас тавь тавин хувийн хөрөнгө оруулалт хийж, “Э Б И” ХХК барааг тээвэрлэх, борлуулах, эрсдлийг хариуцах үүрэг хүлээж, талууд ашгаа тэнцүү хуваах 15 хоногийн хугацаатай тохиролцоо хийжээ.

“Э Б И” ХХК-ийг төлөөлж захирал А.Б  гэрээ байгуулсан байна.

Хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ тус бүрийг 67 000 000 төгрөг байхаар гэрээнд заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1., 477.3.-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцаж, гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байдаг байна.

Зохигч нь хамтран ажиллах гэрээнд хураамжийн хэмжээг адил тэнцүү 67 000 000 төгрөг байхаар тохиролцсоноос гадна “Э Б И” ХХК нь Т.Т-ын оруулсан 67 000 000 төгрөгийг 3 сарын дараа буцааж төлөхөөр гэрээнд зааснаас үзвэл талууд хураамжийг дундын өмчлөх хөрөнгөд хамааруулаагүй буюу гэрээндээ өөрөөр заажээ.  

Хамтран ажиллах гэрээний талууд нь хөрөнгө нийлүүлэх буюу хураамж төлөхөөс гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1., 478.4.-т зааснаар хамтын ажиллагааг хэрхэн явуулахыг тохиролцох ёстой ба талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, эсхүл хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцох боломжтой юм. Зохигчийн гэрээнд үйл ажиллагаа эрхлэх тал нь “Э Б И” ХХК байхаар заасан байна.  

Энэ гэрээгээр хариуцагч тал нэхэмжлэгчид 15 хоногийн дараа ашгийн 50% буюу 10 000 000 төгрөг, нэхэмжлэгч 15 хоногт ашгийн 10 000 000 төгрөгийг тогтмол авч байхаар тохиролцжээ.

Гэрээнд хамтын үйл ажиллагааны алдагдал, хохирол, бусдын өмнө хүлээх хариуцлагыг талууд хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна гэж заасан боловч хариуцагч тал алдагдал, хохирлын тооцоо, сөрөг шаардлагыг шүүхэд гаргаагүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Ттөлбөр авагчийн хувьд иргэн А.Б  төлбөр төлөгчийн хувьд “мөнгө төлөх хэлцэл” нэртэй баримт үйлдэж, А.Б  хамтран ажиллах гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 4 хувааж төлөх үүргийг хүлээсэн байх ба төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцох талаар талууд тохиролцжээ.

Хариуцагч А.Б  нь “Э Б И” ХХК-ийн захирлын хувьд нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бол төлбөр төлөх буюу өрийг зөвшөөрсөн хэлцлийг иргэний хувьд хийсэн байх тул нэхэмжлэгч нь хуулийн этгээд болон иргэнийг хариуцагчаар татсан, анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг хуулийн этгээд болон иргэнд хариуцуулсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулан төлбөрийг дан ганц хуулийн этгээдэд ногдуулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох төлбөрийн хэмжээг зөв тооцоолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1156 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН