Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/00668

 

                        

 

 

 

 

 

 

     2018 оны 03 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2018/00668

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Тын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б,

 

Хариуцагч: Д.Б,

 

Хариуцагч: Э.Б.И  ХХК-д тус тус холбогдох

 

Гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т.Т, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, хариуцагч А.А.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Э.Б.И  ХХК, Д.Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Отгон оролцов.   

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Т.Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Б.И  ХХК-ийн захирал А.А.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр 272184 дугаартай импортын мэдэгдэл бүхий 126 тонн тахианы цээж махыг Хятад улсын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг компаниас оруулж ирж, борлуулахаар харилцан тохиролцсон. Тахианы махыг Хятадаас худалдан авах мөнгөө 50, 50 хувиар буюу 67.000.000 төгрөгийг тус тус гаргаж, харин А.А.Бгийн компани тахианы мах импортлох тусгай зөвшөөрөлтэй тул өөрсдөө оруулж ирж, эрсдэлээ хүлээхээр 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тус компанийн захирал А.А.Б хэд хэдэн удаа Хятадаас мах оруулж ирсэн ба намайг уг наймааны ажил, борлуулалтдаа огт оролцуулдаггүй байсан. Энэ наймааг маш ашигтай, 1 воганаас 20.000.000 төгрөгийн ашиг олдог, 15 хоногт ашгийн тал хувь болох 10.000.000 төгрөгийг өгнө гэж анх тохирсон. А.Байгальмаа надаас авсан 67.000.000 төгрөгөө 3 сарын дараа буцааж өгөх байсан боловч цувуулж миний дансаар 46.500.000 төгрөг, н.Энхжаргалын дансаар 5.000.000 төгрөг нийт 51.500.000 төгрөг төлсөн. А.А.Б өмнөх шүүх хуралдаан дээр н.Энхжаргалын дэргэд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж ярьж байсан боловч өнөөдөр н.Бат-Эрдэнийн дэргэд 10.000.000 төгрөг өгсөн гэж  худал ярьж байна. Би А.А.Бтай уулзаж, чи миний мөнгийг цувуулж, бүрэн өгөхгүй байна, мөн ашиг хуваана гэж тохироод юу ч өгөхгүй байгаа талаар хэлэхэд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар ярилцаж, тооцоо нийлж, 40.000.000 төгрөгийг надад 4 хувааж төлнө, хугацаандаа төлөхгүй бол алданги төлнө гэж тохирсон. Иймд уг хэлцлийн үндсэн мөнгө 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч алданги 20.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан. Улмаар шүүх хуралдааны явцад тайлбарууд болон дансны баримтуудыг үзэхэд А.Байгальмаа надад 67.000.000 төгрөгийг буцааж төлөхөөс 51.500.000 төгрөг төлж, 15.500.000 төгрөг үлдэж байх ба үүн дээр нэг сарын ашиг буюу өөрөө хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан тул 10.000.000 төгрөг нэмэж 25.500.000 төгрөг нэхэмжилж, бусад шаардлагаас татгалзаж байна. Уг мөнгийг  Э.Б.И  ХХК, А.А.Б нараас нэхэмжилж, Д.Д.Бд холбогдох шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч А.А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний бие иргэн Т.Т.Таас тахианы мах оруулж ирэхээр 67.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан нь үнэн. Тэр үед компанийн нэрээр хамтран ажиллах гэрээ байгуулж, БНХАУ-аас тахианы цээж мах оруулж, зарж борлуулж ашгаа хуваахаар тохирсон боловч энэ 3 сарын хугацаанд Хятад улсад шувууны өвчин гарч шувууны мах импортлохыг зогсоосон. Тиймээс энэ бизнес явагдаагүй, ашиг олоогүй. Миний бие Т.Т.Таас 67.000.000 төгрөгийг авсан ба мөнгөө Хятад руу явуулсан тэнд түгжигдсэн тул 3 сарын дотор мөнгийг буцааж өгч чадаагүй. Ингээд мөнгийг 2014 оны 1 дүгээр сараас 9 сарын хооронд 51.500.000 төгрөг дансаар, 2014 оны 6 сард бэлнээр 10.000.000 төгрөгийг н.Бат-Эрдэнийн дэргэд өгч, нийт 61.500.000 төгрөг төлсөн. Миний хувьд өвчин гарч хориг тавигдаагүй бол тахианы махаа оруулж, ашигтай ажиллах боломж байсан. Гэтэл Т.Т.Т байнга мөнгөө нэхэж намайг дахамталж байсан тул 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөгийг 4 хувааж төлнө гэж “мөнгө төлөх хэлцэл”-ийг хийсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр 20.000.000 төгрөгөөр эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Т.Т.Тд төлөх мөнгөнөөс 5.500.000 төгрөг үлдсэн миний хувьд мөнгийг өгөлгүй удаасан тул нийт 10.000.000 төгрөг төлөх боломжтой. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б.И  ХХК, Д.Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.Т.Т нь  Э.Б.И  ХХК-ийн захирал А.А.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч мөнгийг А.Байгальмаа авсан. Тус компанийн нэрээр гэрээ л байгуулсан болохоос мөнгө компанийн нэрээр шилжиж орж ирээгүй. Т.Т.Т, А.А.Б нарын хоорондоо зээлүүлсэн мөнгийг манай компани болон Д.Д.Б нараас нэхэмжлэх боломжгүй юм. Э.Б.И  ХХК болон Д.Д.Б нарт энэ хэрэг ямар ч хамааралгүй. Иймд хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Т.Т.Т  хариуцагч А.А.Б, Д.Д.Б, Э.Б.И  ХХК-д тус тус холбогдуулан гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөг болон Д.Д.Бд холбогдох шаардлагаас тус тус татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Т.Т нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Б.И  ХХК-ийн захирал А.А.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компанийн захирал А.А.Б 272184 дугаартай импортын мэдэгдэл бүхий 126 тонн тахианы цээж махыг Хятад улсын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг компаниас оруулж ирж, борлуулах, Т.Т.Т 67.000.000 төгрөг өгөх, тээвэрлэлт, борлуулалт, эрсдлийг адил тэнцүү хариуцахаар тус тус харилцан тохиролцож, улмаар А.А.Б 15 хоногийн дараа тухайн орж ирэх барааны ашгийн 50 хувийг буюу 10.000.000 төгрөг болон үндсэн мөнгө буюу 67.000.000 төгрөгийг 3 сарын дараа Т.Т.Тд буцаан өгөх, 15 хоногт ашгийн 10.000.000 төгрөгийг тогтмол өгч байхаар тохирчээ.

 

Нэхэмжлэгч Т.Т.Т тус компанийн захирал А.Байгальмаа 67.000.000 төгрөгийг 3 сарын дараа буцааж өгөх үүрэгтэй байсан боловч хугацаандаа өгөөгүй, цувуулж 51.500.000 төгрөг өгсөн, мөн гэрээнд зааснаар ашиг хуваана, 15 хоногт ашгийн 10.000.000 төгрөгийг тогтмол өгч байхаар тохирсон боловч өгөөгүй, түүний надтай тохирч хийсэн “мөнгө төлөх хэлцэл”-ийн дагуу 60.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч алданги 20.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б.И  ХХК, А.Байгальмаа нараас 25.500.000 төгрөг нэхэмжилж, дээрх шаардлагаа дэмжиж байна.  

         

          Хариуцагч А.Байгальмаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Т.Т.Таас компанийн өмнөөс биш хувь хүнийхээ хувьд тахианы мах оруулж ирэхээр 67.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан боловч энэ хугацаанд Хятад улсад шувууны өвчин гарч шувууны мах импортлохыг зогсоосноос бизнес явагдаагүй, ашиг олоогүй, Т.Т.Тд буцаан төлөх 67.000.000 төгрөгнөөс 51.500.000 төгрөгийг дансаар, 2014 оны 6 сард бэлнээр 10.000.000 төгрөгийг н.Бат-Эрдэнийн дэргэд өгсөн. Иймд 10.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, харин хариуцагч Э.Б.И  ХХК, Д.Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, Т.Т.Т нь  Э.Б.И  ХХК-ийн захирал А.А.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч мөнгийг А.Байгальмаа авсан. Тус компанийн нэрээр гэрээ л байгуулсан болохоос мөнгө компанийн нэрээр шилжиж орж ирээгүй. Т.Т.Т, А.А.Б нарын хоорондоо зээлүүлсэн мөнгийг компани болон Д.Д.Б нараас нэхэмжлэх эрхгүй тул хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан маргаж байгаа болно.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдний хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлж, тухайн гэрээний харилцааг зөв тодорхойлсон, хүчин төгөлдөр эрх зүйн харилцааны хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын /хх120/ 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тушаалаар... БНХАУ-д А /Н7N9/ вирусын халдвар дэгдэж, шувуу болон хүнд халдварлаж хүний амь нас эрсдэж, халдварын голомт тэлж байгаа тул тус улсаас бүх төрлийн “Шувуу шувууны гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх”-ийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр хугацаанд хориглож, мөн газрын даргын /хх 67/ 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар тушаалаар бүх төрлийн шувуу шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрсдлийг тооцож, зориулалтын тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн боомтоор импортлохыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөвшөөрсөн байна.

 

          Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд БНХАУ-аас бүх төрлийн шувуу шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хориглож, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөвшөөрсөн байх ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс харахад гэрээг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулсан нь хариуцагч А.Байгальмаагийн Хятад улсад шувууны өвчин гарч шувууны мах импортлохыг зогсоосноос бизнес явагдаагүй гэх тайлбар нь дээрх хориг тавьсан хугацаатай хэрхэн яаж холбогдож байгаа талаар нотолсон баримтгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй  байгааг дурдах нь зүйтэй.

 

         Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т... “Хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг 15 хоногт тогтмол тайлагнах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд тус компанийн захирал энэ үүргээ биелүүлээгүй, хэрэв түүний шүүх хуралдаан дээр тайлбарласнаар шувууны өвчин гарч хорио цээр тогтоосон бол тэр талаар нөгөө талд мэдэгдэх, гэрээгээ, цуцлах, сунгах, өөрчлөх талаар санал гаргаагүй, улмаар 3 сарын хугацаанд оруулсан мөнгө болох 67.000.000 төгрөгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

          Улмаар Т.Т.Т, А.А.Б нарын хооронд мөнгөө буцаан авах, ашиг орлогоо хуваах талаар маргаан гарч, талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “мөнгө төлөх хэлцэл” хийгджээ.

 

          Уг хэлцэлд... 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу дараахь төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон болно. Гэрээний үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-нд 10.0 сая, 2015 оны 7 дугаар сарын 30-нд 10.0 сая, 2016 оны 8 дугаар сарын 30-нд 10.0 сая, 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 10.0 сая төгрөг нийт 40.0 сая төгрөг төлнө, хугацаандаа төлөхгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй гэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Т.Т нь хариуцагч Э.Б.И  ХХК-ийн захирал А.А.Бг хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл болох ашгаа гэрээнд тохиролцсоны дагуу хуваарилж, олгохгүй  байсан тул “мөнгө төлөх хэлцэл” байгуулан дээрх гэрээний үргэлжлэл болох ашиг 40.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Харин хариуцагч хамтран ажиллах гэрээ болон мөнгө төлөх хэлцлийг байгуулсан гэдэгт маргаагүй боловч 61.500.000 төгрөг Т.Т.Тд өгсөнөөр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, шувууны өвчин гарч, тахианы мах оруулж ирээгүйгээс ашиг олоогүй, хэрэв нэхэмжлэгч ашиг гэж нэхэмжилж байгаа бол ашиг алдагдлаа тооцож байж хэр хэмжээний алдагдалтай байснаа тооцох ёстой гэж маргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд тэрээр гэрээнд зааснаар ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг 15 хоногт тогтмол тайлагнах үүргээ биелүүлээгүй, шувууны өвчин гарч хорио цээр тогтоосон бол тэр нь гэрээ байгуулсан хугацаанд хамаарч байгаа эсэх эсвэл огт оруулж ирээгүй эсэх, хэрэв тахианы мах оруулж ирээгүй, борлуулаагүй, ашиг олоогүй бол үндсэн мөнгөнөөс гадна дахин 40.00.000 төгрөг төлөх, төлөхгүй бол алданги төлөхөөр тохирч гэрээ байгуулсан нь ямар учиртай болох талаарх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн хариуцагч А.Байгальмаа 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн мөнгө төлөх хэлцлийг А.Т.Т намайг дарамталж, айлган сүрдүүлж хийлгэсэн гэж тайлбарлах боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар тогтоогдохгүй байна.

 

А.Байгальмаа Т.Т.Тын хамтран ажиллах гэрээний дагуу тахианы мах оруулж ирэхэд оруулсан 67.000.000 төгрөгнөөс дансаар 51.500.000 төгрөг буцааж өгсөн тал дээр маргахгүй ба харин 10.000.000 төгрөгийг бэлнээр н.Энхжаргал, н.Бат-Эрдэнэ нарын дэргэд өгсөн гэж зөрүүтэй мэдүүлж, улмаар тэднийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй, өөр байдлаар нотлоогүй тул 10.000.000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Т.Т 67.000.000 төгрөгөөс А.Байгальмаагийн өгсөн 51.500.000 төгрөгийг хасаж тооцоход 15.500.000 төгрөг үлдэж байна гэж тайлбарлаж байх ба улмаар гэрээ ёсоор хариуцагч 15 хоногийн дараа тухайн орж ирэх барааны ашгийн 50 хувь буюу 10.000.000 төгрөг өгнө гэж тохирсон дагуу нийт 25.500.000 төгрөг нэхэмжилж, үлдэх хэсгээс татгалзаж байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч А.Байгальмаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Т.Т.Таас компанийн өмнөөс биш хувь хүнийхээ хувьд тахианы мах оруулж ирэхээр 67.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан гэж тайлбарлах боловч тус компанитай гэрээ байгуулж, компанийг төлөөлж захирал А.А.Б гарын үсэг зурж баталгаажуулсан улмаар дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөнгө төлөх хэлцлийг А.А.Б хийсэн болох нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ /хх14-15/, мөнгө төлөх хэлцэл /хх 3/ зэргээр тогтоогдож байх тул  Эх булагийн ихэр ХХК, А.А.Б нараас 25.500.000 төгрөгийг гаргуулж, Т.Т.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т.Т хариуцагч Б.Д.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон Эх булагийн ихэр ХХК, А.А.Б нараас алданги 20.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсныг тус тус баталсугай.

 

          2.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б.И  ХХК, А.А.Б нараас 25.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Т.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б.И  ХХК, А.А.Б  нараас 285.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т.Тд олгосугай.

 

           4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН