Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00034/И |
Дугаар | 130/ШШ2017/00125 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2017/00125
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, утас *********, РД:ТЕ*********** С овогт О н А ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б, ************/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, орчуулагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 612 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу туслах тогоочийн ажилд орохоор болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч ажиллуулаагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Хариуцагч Б.Б чамайг ажилд буцаан авахаар болж гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон юм. Одоо чамайг ажилд эгүүлэн аваагүй бол шүүхэд дахин гомдлоо гаргах ёстой хэмээн хариу өгсөн юм. Шүүхээс намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх газарт байгаа гүйцэтгэх ажлыг хаалгахын тулд намайг ажилд эгүүлэн авахаар тохиролцсон дүр эсгэж гүйцэтгэх ажиллагааг хаалгасан боловч бодит байдалд намайг ажилд аваагүй юм. Надад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан талаарх тушаал, ажлаас халсан тушаалаа ч өгөөгүй, ажлын байрандаа ойртуулахгүй байна. Эрхлэгч Б.Б нь бидэнд хандаж хэлэхдээ ажилд авна гэсэн ойлголт байхгүй, шүүхийн шийдвэр надад хамаагүй, би та нарт нэг сарын хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан та нар зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээний хугацааг заагаагүй тул би нэг сараар юм уу нэг хоногоор юм уу хэдий хугацааны гэрээ байгуулахыг өөрөө мэднэ" гэж хэлдэг юм. Шүүхээс намайг ажилдаа эгүүлэн тогтоохдоо ажил олгогчийн хугацаатай гэрээ байгуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэмээн намайг ажлаас халсан тушаалыг хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой гэж үзэж гомдлыг ханган шийдвэрлэсэн юм. Гэвч эрхлэгч Б.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бидэнтэй заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна хэмээн зүтгэж гарын үсэг зуруулахыг завдсан тул үүнийг зөвшөөрөөгүй тул биднийг ажлаас халагдсан гэж хэлэх боловч ажлаас халсан тушаалыг гардуулан өгөөгүй юм. Намайг ажилд томилсон болж дүр эсгэсэн боловч бодит байдалд ажлаас дахин чөлөөлсөн тушаал гаргасан байна. Иймд Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн туслах тогоочоор эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Манай цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бид гурвыг дуудаад би шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэх үүднээс та нарыг ажилд авлаа гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр очиход бид гуравтай 1 сарын хугацаатай хөдөлмөрийн байгуулна гэсэн болохоор гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан. Тухайн үед бид нарыг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан ч гэсэн та нар ажлаа хийгээрэй гэсэн учраас 3 өдөх ажилласан. Ингээд 3 өдөр ажилласны дараа би өмгөөлөгчтэйгөө зөвшилцлөө, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажиллуулах ёсгүй юм байна гэж хэлсэн гээд бид нарыг гарын үсэг зурахыг шаардсан. Тэгэхэд бид нар 1 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь нэгэнт би шүүхээс гарсан шийдвэрийг биелүүллээ. Та нар өөрсдөө гарын үсэг зурахаас татгалзсан учраас ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Мөн бид нарыг 3 өдөр ажлаа тасалсан гээд бүртгэсэн байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тухайн шийдвэрийг биелүүлэхээр хүсэлт гаргаж ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б гэдэг хүн дээр очиж уулзахад манай эрхлэгч тухайн үед бид нарыг ажилд авна гэж хэлж байсан. Би урьд нь шүүхэд цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргая гэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг олж чадалгүй явсаар сарын дараа нэхэмжлэл гаргасан. Миний нэг хүүхэд маань урьд нь цэцэрлэгт явдаг байсан. Одоо санхүүгийн байдлаасаа болж цэцэрлэгээс гаргаж авсан. Одоо ханиад томууны эм авч хэрэглэх ч боломж байхгүй байна. Миний урьд нь ажиллаж байсан оронд тухайн ажлын байрны нэрийг өөрчилж сав угаагч нэртэйгээр хүн ажиллуулж байгаа. Тийм учраас Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: О.А тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочоор ажилд эгүүлэн тогтоосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаалаар гэрээт туслах тогоочоор ажилд авсан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаанд марган ажилд ирээгүй, ажил тасалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ирж миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээг үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Миний бие О.А ийг чөлөөлөх тушаал гаргаагүй, урьд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа гэжээ.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: О.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг сонслоо. Урьд нь шүүхээр энэ асуудал хэлэлцэгдэж шүүх хуралд орж байсан учраас энэ асуудлын талаар сайн мэдэж байна. Урьд нь гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу төрийн зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу А нарын хэдэн хүнийг шинэ цэцэрлэг байгуулагдахад аймгийн Засаг даргаас гэрээт ажилтан гэж өгсөн байна. Аймгийн Засаг дарга нь солигдоод 10 дугаар сарын үед тэр захирамж нь хүчингүй болоод төрийн зарим ажил, үйлчилгээг гэрээгээр ажиллах хүмүүсийн орон тооны асуудлыг бүр мөсөн захирамжаар хүчингүй болгоод хассан байсан. Урьдах гарсан шийдвэрийг биелүүлэх үүднээс 1 сарын хугацаатайгаар гэрээт туслах тогоочийн ажилд авч ажиллуулаад 3 хоног ажилласны дараа бид нар 1 сарын хугацаатай гэрээгээр ажиллах гээд ганцхан А ч биш бусад нь ч гэсэн ажилдаа очоогүй, ажлаа гүйцэтгээгүй асуудал байдаг. Энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хянаж үзээд шүүхийн шийдвэр бол биелэгдсэн байна. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгоно гээд албан ёсны бичиг баримтаа гаргаад эдгээр хүмүүст өгсөн байдаг. Тэрнээс хойш өөрсдөө ажилдаа очоогүй. Хоёрдугаарт О.Аийн хувьд гэрээт туслах тогоочийн орон тоо хасагдсан байсан учраас түүний шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэх боломж үнэхээр байхгүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, эсвэл хөдөлмөрийн харилцааг зогсоосон ямар нэгэн эрх зүйн акт гараагүй учраас урьдах шүүхээс гарсан шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэх боломжтой. Тийм учраас энэ асуудлыг шат шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах замаар шийдвэрлэх нь зүйтэй байх. Иймд О.Аийн шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч О.А ийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаартай шийдвэрээр Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
Улмаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар О.Аийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус хүүхдийн цэцэрлэгийн туслах тогоочийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж, Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар тогтоосон байна.
Нэхэмжлэгч О.А нь ажил олгогчийн туслах тогоочийн ажлыг Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээгээр болон нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийхийг шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, түүнийг гэрээт үйлчлэгчийн ажилд томилсон томилгоог хууль бус гэж эсэргүүцсэн болох нь Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн ажилчдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.А нь О.А ажилд томилогдсон гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаартай О.Аийг ажилд томилох тухай тушаал гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан байна.
Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргтэй байхад О.Аийг ажилд томилсон тушаалыг хэлбэр төдий гаргасан нь шүүхийн шийдвэр бодит байдал дээр биелэгдээгүй болохыг нотолж байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаартай захирамжаар Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан 16, 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2016 оны А/206, А/208 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжаар Өлгий сумын Хүүхдийн ...16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтад тус цэцэрлэгийн нийт 14 орон тоон дотор туслах тогоочийн орон тоог тусгагдаагүй, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай Орон тоо, ажлын байр, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалын хавсралтад мөн туслах тогоочийн орон тоо байхгүй болох нь тогтоогдож байна.
Тухайн нөхцөл байдал бий болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан үүргийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь биелүүлээгүй болох нь нотлогдож байна.
Хариуцагч Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай тушаалаар О.А ийг туслах тогоочийн ажлыг Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээгээр томилон, хөдөлмөрийн гэрээг нэг сарын хугацаагаар байгуулах тухай хууль бус шаардлага тавьсныг нэхэмжлэгч О.А хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа хэлж хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь хавтаст хэрэгт авагдсан тус цэцэрлэгийн ажилчдын хурлын тэмдэглэл, зохигчдын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан байх тул хариуцагч талын гаргаж өгсөн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн 6, 7 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлийг үнэлэх боломжгүй болно.
Иймд Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн зургаад гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ, албан тушаалын жагсаалтад хүүхдийн цэцэрлэгийн туслах тогоочийн ажил үйлчилгээг тусгаагүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байхад О.Атэй хугацаатай Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар тушаал гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч О.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ТЕ88040742 С овогт О н А ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн иржшийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК