Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А, Б.Э, Ж.Д

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Э, Б.А,

хохирогч Ж.Одгэрэл, түүний өмгөөлөгч М.Баянзул,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Э, Б.А, Ж.Д нарт холбогдох 1708008790184 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бурд овогт Б-н А, 1997 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн Цахилгаан хангамжийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

2. Олуул овогт Б-н Э, 1970 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, хувиараа караоке ажиллуулдаг, ам бүл 4, охин, хүү, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

3. Онход овогт Ж-н Д, 1979 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Ус  удирдах газрын урьдчилсан цэвэрлэх албаны шугам худагийн засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

1. Б.А нь Б.Этэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио залуус” караокений гадна иргэн Ж.Одгэрэлтэй гар утасны мөнгө дутуу өглөө гэж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2. Ж.Д нь 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио залуус” караокений гадна иргэн Б.Эийг “...танай охин хүүхдээ хаяж явсан биз дээ...” гэж хэлэхэд нь уурлан нүүрэн тус газарт нь цохиж, зүүн бугалгыг нь эргүүлж, эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

3. Б.Э нь Б.Атай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио залуус” караокений гадна иргэн Ж.Одгэрэлтэй утасны мөнгө дутуу өглөө гэж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.А, Б.Э нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ж.Дын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Онход овогт Ж-н Дын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, Олуул овогт Б-н Э, Бурд овогт Б-н А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Аг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Э, Б.А, Ж.Д нарт үүрэг болгож,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.Эээс 314.000 төгрөг, Б.Агаас 314.000 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 10-28а тоотод оршин суух Ж.Одгэрэлд, Ж.Даас 285.230 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 16-137а тоотод оршин суух Б.Эт тус тус олгож, хохирогч Б.Э бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Б.Э, Б.А, Ж.Д нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор А.Мөнхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ” хэсэгт ялтанд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Агийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзалгүйгээр, 0-1 насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны хүүхдээ өөрөө асардагтай холбоотойгоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, нийгмийн халамж үйлчилгээний газраас шинээр төрсөн хүүхдэд олгодог тэтгэмжээс өөр орлогогүй, ээжийнхээ гэрт хамт амьдардаг, өөрийн гэсэн гэр оронгүй нөхцөл байдал хэрэгт байсаар байхад шүүхээс түүнд торгох ял оногдуулсан нь шүүх биелэгдэх боломжгүй ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.А нь торгуулийн ялыг хэн нэгэн хүний тусламжтайгаар, магадгүй хүүхдийнхээ тэтгэмжийн орлогоор төлөх нөхцөл байдал үүсч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.Одгэрэлийн өмгөөлөгч М.Баянзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.А, Б.Э нарт оногдуулсан ялын талаар тусгайлан гаргах санал байхгүй. Гэхдээ баримттайгаар хохирогч Ж.Одгэрэлд 608.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ хохирлын талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч одоо болтол хохирлыг барагдуулаагүй. Хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн шийдэл хийгээгүй учраас Б.А, Б.Э нарт гомдолтой байна.” гэв.

Хохирогч Ж.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Агийн орлого, зарлагын банкны хуулга авагдсан байгаа. Нотлох баримтад үндэслэн манай охин Б.Ад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би одоо “Таван богд групп”-ын харьяа ресторанд угтагч, зөөгч хийж байгаа. Би сар бүрийн 10-н 25-нд цалингаа авдаг. Нийгмийн даатгалаа төлж байгаа. Хөдөлмөрийн гэрээнийхээ эх хувийг гаргаж өгсөн. Миний хувьд “Таван богд групп”-ээс сар бүр цалин авч байгаа дансны хуулгаа өгсөн. Төлбөрөө төлөх боломжтой байгаа.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Б.А, Б.Э нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио залуус” караокений гадна иргэн Ж.Одгэрэлтэй “Гар утасны мөнгө дутуу өглөө” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2. Ж.Д нь өөрийн эхнэр Ж.Одгэрэлийг өмөөрч иргэн Б.Эийг “Танай охин хүүхдээ хаяж явсан...” гэх асуудлаас болж нүүрэн тус газарт нь цохиж, зүүн бугалгыг нь эргүүлж, эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ээж бид хоёр утсаа авахаар гарах гэтэл Одгэрэл хаалга тэгнэж зогсчихоод гаргахгүй байсан. Одгэрэлийн охин Батцэцэг, түүний нөхөр, жирэмсэн дүү нь болон Д нар гадаа байсан. Гараад Одгэрэл хорооны үүдэнд намайг үсдсэн. Тэр үед хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж биднийг салгасан. Одгэрэл намайг “хамар цохисон, нүүр, гар самардсан” гэж ярьсан. Хороон дотор Одгэрэл хаалга тэгнэж зогсочихоод гаргахгүй байсан тул би гарыг нь буулгах гээд самардсан, маажсан нь үнэн. ...Д, Одгэрэл нар ээжтэй
зууралдаад Д ээжийн нүүр рүү нь цохисон. Ээжийн хамарнаас нь маш
их цус гараад ээж бид хоёр хорооны цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231-244 дүгээр хуудас/,

шүүгдэгч Ж.Эийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Одгэрэлтэй хэрэлдээд зогсож байхад нөхөр нь хүрч ирээд миний охиныг түлхээд унагасан. Тэгэхээр нь би охиноо цагдаа дууд гэж хэлээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал Одгэрэлийн нөхөр нь миний нүүрэн дунд цохиж хамраас цус гоожуулаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-20, 154-156, 231-244 дүгээр хуудас/,

хохирогч Ж.Одгэрэлийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Чимгээ нь намайг үсдээд, охин нь миний биеээс чимхээд, гар хазаад, ээжээс нь салсан чинь охин нь хоолойноос багалзуурдаж хананд шахаад бид нар ноцолдсон. ...намайг тэр караокений эзэн Чимгээ охиныхоо хамт цохиж зодсон. Миний цээжин биеэр дүүрэн маажиж, чимхэж, урагдсан, хөхөрсөн. Зүүн гарын шуу, хурууг хазаж хөхрүүлсэн, хамар руу цохиж хавдаж мурийсан. ...Миний биед учирсан гэмтлийг Э гэх эмэгтэй өөрийн охины хамт бүлэглэж учруулсан. ...надад учирсан гэмтлийг би нэг бүрчлэн “тэрийг охин нь энийг ээж нь учруулсан” гэж салгаж хэлж чадахгүй ямартай ч хэрүүл болоод зууралдахаар хамт давхцаж ирээд цохих, чимхэх, хазах гэх мэтчилэн үйлдлийг хоёулаа хийгээд байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 6-7, 14-16, 132-134, 231-244 дүгээр хуудас/,

гэрч  С.Сүрэнхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн  үед  зодуулсан  гэх  караокены эмэгтэйн хамар нь хавдсан, гэхдээ цус гараагүй, гар шуу хэсэг нь маажуулсан байдалтай шалбарсан, үс нь сэгсийсэн, харин цагаан цамцтай эмэгтэй нь хувцас нь цус болчихсон байдалтай, нэг эмэгтэй нь бас хувцас цус болчихсон хоорондоо зодолдсон гэж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай ээжийг тэр эрэгтэй хүн хамар руу нь цохисон. Тэгээд ээжийн хамраас цус гараад ээж намайг 00-ын цаас аваад ир гээд би авч ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Эийн биед үзлэг хийхэд хамар яс уг хэсгээрээ сэтэрсэн хугаралтай байсан, уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байсан ба хэрэг болох үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Одгэрэлийн биед тархи доргилт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцралт, цээж, зүүн бугуй, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн шуу баруун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 9950 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

“...Б.Эийн биед хамар ясанд хугарал, зүүн булгалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх 9961 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Прокурор А.Мөнхзулын бичсэн “...Шүүгдэгч Б.Ад оногдуулсан ял шийтгэл тохироогүй, торгох ялыг албадан ажил хийлгэх ялаар солих” тухай прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул эсэргүүцлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Э, Б.А, Ж.Д нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

Харин прокурор А.Мөнхзулын бичсэн эсэргүүцлийн “...Шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ” хэсэгт ялтанд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна” гэх хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Э, Ж.Д нар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай” гэж нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц. ОЧ