Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Л.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ү.*******

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 онд Ахмадын хороонд сахиулаар ажилд орж 2014 он хүртэл хийсэн. Ахмадын хорооны хуучин барилга буугдаж Шинэ ахмадын хорооны ордон баригдах болсноор намайг шинэ ахмадын ордон ашиглалтанд орохоор ажилдаа эргэж ор. Ордон ашиглалтанд орох хүртэл чамайг манай байгууллага цалинжуулах боломжгүй гэсэн юм. Ахмадын ордонашиглалтанд орж би хуучин ажилдаа орохоор нягтлан *******той уулзахад даргад өргөдлөө өг гэсэн. Би ******* даргад өргөдлөө өгөхөөр уулзахад 2014 онд чамайг бүр мөсөн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Одоо чамайг ажилд авах боломжгүй гэсэн. Ингээд 2014 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2016 оны 09 сарын 29-ний өдөр хүлээн авч үзэхэд намайг 2014 оны 10 сарын 01-нд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байсныг мэдсэн. Миний ажлаас халсан тушаалыг мэдсэн мөртлөө надад танилцуулаагүй нуун дарагдуулсан. Би тухайн үед өөрийн хариуцсан ажлаа эзэн ёсоор хийдэг байсан. Шинэ ахмадын ордон ашиглалтанд орж шинээр 3 жижүүр авсан байсан. Үндсэн ажилчин намайг аваагүй юм. Намайг үндэслэлгүйгээр ахмадын хорооны сахиулын ажлаас чөлөөлсөн учраас үндсэн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Харин ажилгүй байсан хугацааны олговор 4.800.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх шаардлага гаргаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг 2014 онд ажлаас нь чөлөөлчихөөд 2016 он хүртэл ажлаас чөлөөлсөн тогтоолыг гардуулаагүй байдаг. Харин нэхэмжлэгч өөрөө 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гардаж авсан талаараа түрүүн тайлбарлалаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2014 онд ажлаас чөлөөлөгдсөн мөртлөө 2016 онд шүүхэд гомдол гаргасан. Тухайн үед нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах боломж байгаагүй. Яагаад гэвэл ажлаас чөлөөлөгдсөн байдлаа мэдээгүй байсан. Дээрх нөхцөл байдал нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалаагүй, ажил олгогч байгууллагын хүсэл зоригоос шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсныхаа төлөө мөнгө төлсөн байгаа. Энэхүү нэхэмжлэгчээс өмгөөлөгчид төлсөн 300000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* нь ахмадын хороонд сахиул 4 жил хийсэн байна. Ахмадын ордны барилга баригдах болж хуучин байрыг буулгаснаар сахиул, үйлчлэгч шаардлагагүй болж ажлаас нь бүр мөсөн чөлөөлж Зэвсэгт хүчний *******-р ангид машинистаар ажиллуулахаар ажил өгч чөлөөлсөн. Энэ үйл явц ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Л.*******тай ахмадын ордон баригдахаар ажилд ор гэсэн хэлцэл гэрээ хийгдээгүй.

Манайд ажиллуулах харуулууд харуулын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ цахилгааны, сантехникийн, мужааны мэргэжлийн хүн байх шаардлагатай учир Л.******* ажлын энэ катигорт тэнцэхгүй учир ажилд авах боломжгүй байсан юм.

Л.*******ын талаар байгууллагаас гаргасан эрхийн актуудаас үзэхэд үндсэн ажилчин болох нь харагдахгүй, мэргэжлийн хувьд ажлын шаардлага хангагдахгүй байсан. Л.******* 2 жил ажилгүй байгаагүй байгууллага цалин хөлс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн болон эд хөрөнгийн тооцоог бүрэн хийж дуусган Зэвсэгт хүчний *******-р ангид шилжүүлсэн дээрх бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан.

Л.******* нь 2010 онд ажилд орсон юм байна лээ. Тэгээд 2011 онд байгууллагынхаа түлшнээс авч байгаад баригдсан байдаг. Мөн Л.******* нь ёс суртахууны хувьд ууртай, омогтой, юу ч хамаагүй хэлдэг гэж удирдах зөвлөлөөр хэлэлцээд цаашдаа ажиллуулах шаардлагагүй гэж шийдвэр гаргасан байна лээ гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.3, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж түүнийг Завхан аймгийн Ахмадын хорооны харуулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн Ахмадын хорооноос 70200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн хууль болон хүний эрхийг зөрчиж Л.*******ыг ажлаас халж, тогтоолоо өгөлгүй нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байгааг хариуцагч тал гомдолтой байна.

1. Тухайн үед аймгийн Ахмадын хорооны дарга асан Д.*******уу ахмадын ордон ашиглалтад орохоор ажилд авна гэсэн албан бичгээр гэрээ хэлэлцээр хийсэн баримт байгаагүй Д.*******уу энэ талаар шүүхэд мэдүүлэг өгсөн байх ёстой.

2. Л.*******ыг ажлаас чөлөөлсөн тогтоолыг нуун дарагдуулсан зүйл байхгүй. Тухайн үеийн байгууллагын өмнө тавигдсан шаардлагыг танилцуулан хэрхэн шийдвэрлэж байгааг хэлээд тогтоолыг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлөөд дэвтрүүдийг нь гардуулж өгсөн нь тухайн ажилчинд ойлгомжтой байсан. Тогтоолоо авъя гээгүй, ав ч гээгүй.

3. Ахмадын хороо төрийн бус байгууллага төр ард иргэдийн дэмжлэг хандиваар үйл ажиллагаа явуулдаг байгууллага учир үндсэн ажилтан гэж үзсэн нь өрөөсгөлөөр ойлгосон байна. Тухайн байгууллага тухайн үеийн шаардлагаас ажиллах хүчээ зохицуулдаг болно.

4. Л.*******тай нэг жилийн гэрээ хийсэн байсан. Л.******* ажлаас чөлөөлөгдөн өөр ажилд шилжсэн, хөдөлмөрийн гэрээ ч дуусгавар болсон юм. Дээр хэлсэнчлэн аль нэг газраас батлагдсан ажилчны тоо байдаггүй учир урт хугацааны гэрээ хий боломжгүй жил, жилээр сунгаж хийдэг.

5. Нэгэнт хугацаа дуусаж буй гэрээг сунгалт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. Байгууллага дотроо зохицуулалт хийх ямар ч боломжгүйгээс ажиллаж байсан хүнээ ажилгүй болгохгүй байхыг л урьтал болгосон юм. Байгууллагад шаардлагатай ажиллах хүч хэрэгтэй цагт ажиллах хүч авч ажиллуулж тохиролцох, гэрээ хийх замаар хөдөлмөрийн харилцаа үүсгэн хэрэгжүүлдэг байсан одоо ч тийм байна. Л.******* энэ журмаар ажиллаж байсан.

6. Ажил олгогч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй цуглуулах үүргээ биелүүлээгүй, татгалзах үндэслэлээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй гэжээ. Шүүхээс шаардсан зүйлсийг гаргаж өгсөн, байцаасан байцаалтад хариу өгсөн.

Харин шүүх:

-Л.*******ын 2011 онд байгууллагын галын түлшнээс 20 тэвэр мод хулгайлан авсан тухайгаа өөрийн гараар бичиж үлдээсэн баримт,

- Дарга асан Д.*******уугийн гэрт нь очиж хэл амаар доромжлон дайрсан дайралт,

-Ү.******* хүн ажилд авахдаа хээл хахуульд шар авсан, энэ хөгшин юмнууд ажил хийж чадахгүй байж гэх мэтээр хүнийг хэлсдүүлэн гүтгэн доромжилсоныг шүүх харгалзан үзээгүй хянан шалгаж батлаагүй,

-Харуулаар ажилд орсон Д.*******ын гагнуурчин сантехникийн мэргэжлийн үнэмлэхийг удирдах зөвлөлийн хурлаар ажилд орохыг хүссэн өргөдлийн хамт хэлэлцэхэд мэргэжлийн үнэмлэхийг үзээд үнэмлэхний хуулбар аваагүй байсныг үнэмлэхгүй мэргэжилгүй хүн авсан гэж дурдсан нь үндэслэл муутай дүгнэлт болсон.

Шүүх шийдвэртээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 129.1.3 гэсэн заалтыг үндэслэн шийдвэр гаргажээ. 128.1.2-т ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай ажилчны гомдол, ажилтнаа буруу халаагүй байгууллагын зайлшгүй шаардлагаар ажилчнаа халаад өөр ажилд шилжүүлсэн. Л.*******ад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Л.******* ажлаа хийгээд байж байсан, ахмадын хороо байж л байсан, ажлаас чөлөөлөгдсөн тогтоол, шүүхэд хандах асуудал нээлттэй байсан. Л.******* 2 жилийн хугацаанд асуудлаа хаана ч тавьж шийдүүлэх боломж хугацаа байсан гэж үзэж байна.

Ахмадын ордоныг хүлээн авч ажиллаж эхлэхэд нэн тэргүүнд харуул хамгаалалтын ажилчин хэрэгтэй болоход 8 хүний өргөдлийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Энэ үед Л.******* ажилд орохыг хүссэн гэдгийг миний бие танилцуулахад Л.******* урьд ажиллаж байхдаа 20 тэвэр түлээ зөөсөн, мөн түрээсийн эздийн эд хөрөнгөнд хулгай орж хэл ам их татлаж, ажилд хариуцлагагүй ханддаг, хүнтэй зөв харьцдаггүй ууртай, хүний итгэл даах чадваргүй гэснээр ажилд аваагүй юм. Харуулын ажил сахиулын ажилтай эн зэрэгцэх ажил биш тул ажилд аваагүй болно. Манай байгууллага ажлын орон тоо хөрөнгө мөнгө байхгүйгээс ажиллаж байгаа 3 харуулыг ажлаас чөлөөлөх боломжгүй, ажилчин нэмж ажиллуулах санхүүгийн чадвар алга.

Шүүхийн шийдвэр нэгэнт материал бүрдүүлэлт хангалтгүй гэснээс 5 зүйлийг хамтатган шийдүүлэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Л.******* Д.*******уу, Ч.*******, Ү.******* нарыг доромжилсон байдал, Л.******* ажилд ороод 1 жил болоогүй 20 тэвэр түлш хулгайлсан үүнийг хүлээн зөвшөөрсөн өөрийнх нь гарын үсэгтэй баримт, зөвлөлийн хурлын тэмдэглэл, харуул Д.*******ын мэргэжлийн үнэмлэх, Л.*******тай хийсэн хөдөлмөрийн гэрээ эдгээр баримтуудыг дахин шалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалт буюу ажилтныг ажлаас буруу халах, ажилд буруу томилох гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Ахмадын хороо нь ажилтныг буруу халсан, ажилд буруу шилжүүлсэн зүйл байхгүй. Манай ахмадын хороо бол төрийн бус байгууллага учраас байнгын тогтоосон орон тоо байхгүй, тухайн жилд орсон санхүүжилтийн хэмжээгээр орон тоогоо тогтоож явдаг.

Манай ахмадын хороонд шинэ байр бариулах төсвийн хөрөнгө орж ирсэний дараа хуучин байрыг буулгаж шинэ барилга баригдаж эхлэсэн учраас үйлчлэгч, сахиул 2 хүний ажлын байр шаардлагагүй болсон. Үйлчлэгч маань өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болоод тэтгэвэрт гарсан. Л.*******ыг ажилгүй байлгаад яахав гээд Зэвсэгт хүчний ******* дугаар ангийн захирагч *******уутай ярилцаж Л.*******ыг машинистаар ажиллуулахаар болсон. Л.*******ыг ажлаас чөлөөлөөд нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг төлж Зэвсэгт хүчний ******* дугаар ангид ажиллахаар боллоо гэхэд Л.******* өөрөө зөвшөөрөөд явсан. Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн тогтоолыг тухайн үед Л.*******ад өгөөгүй гэж байгаа боловч түүнд нөхцөл байдлыг тайлбарлаж ******* дугаар анги руу шилжүүлсэн.

Л.*******ыг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлсэн түүнээс биш инженер хүнийг малчин болгоогүй. Иймээс бид Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-д заасан хугацааны асуудал яригдсан байгаа, удирдах зөвлөлийн тогтоолыг Л.*******ад өгөөгүй гэж байгаа боловч Л.******* ажлаас чөлөөлөгдөж байгаагаа ойлгож цалингийн бүх тооцоогоо хийгээд дараагийн ажилдаа шилжин ажилласан.

2016 оны 9 дүгээр сард Л.******* ахмадын ордонд харуулын орон тоо гарсан гээд ирж байсан. Би удирдах зөвлөлөөр оруулж ажилд авах талаар хэлэлцүүлсэн. Гэтэл удирдах зөвлөлийн гишүүдийн Л.*******ыг зан харьцаа, ёс суртахууны хувьд доголдолтой, түүнээс гадна харуул бол сахиул төдий ажил биш хүнтэй харьцдаг, эд хөрөнгө хаиуцдаг хариуцлагатай ажил юм. Мөн барилгын засвар үйлчилгээ хийдэг байх шаардлагатай байдаг. Иймээс гурван харуулыг чиглэл бүрийн мэргэжилтэй хүмүүс авах хэрэгтэй гэж үзсэн.

Л.******* ажилд ороод 2 жил болсны дараа байгууллагынхаа галын түлээнээс 20 тэврийг өөртөө авсан гэдгийг зөвшөөрч удирдлагаас түүнийг сануулаад өнгөрөөж байсан. Мөн энэ хүн ёс суртахууны хувьд доголдолтой юм. Намайг хэл амаар доромжилж хээл хахууль авсан гэж гүжирддэг, *******ууг нас барсан хүүгээр нь дайрч доромжлох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргадаг хүн юм.

Иймээс Л.*******ыг ажилд оруулсан, харуулын ажилд авахад мэргэжлийн чадвар болон ёс зүйн шаардлага хангахгүй байсан учраас харуулын ажилд авах боломжгүй байсан.

Ахмад хороо цугласан мөнгө хандивын хирээр орон тоо цалингаа жил жилдээ тогтоож явдаг. Төрөөс 3 өрөө түрээслэж 30 сая төгрөг өгдөг түүнд нийцүүлж ажиллуулахаас өөр аргагүй байдаг юм.

Мөн Ахмадын хорооны удирдах зөвлөл тогтоолдоо Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Л.*******ын хувьд нэг ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлсэн учраас заавал Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг дурдах шаардлагагүй, ажилтанд хохиролтой шийдвэр гаргасан зүйл байхгүй. Барилга баригдаж байхад Ахмадын хороо төсөв мөнгө муутай түрээсээ төлөх хэмжээнд л 2 жил ажиллаж байсан гэжээ.

Нэхэмжлжэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ахмадын хорооны ажил арай дуусаагүй байхад би Зэвсэгт хүчний ******* дугаар ангид орон тоо гарсан гэж сонсоод анкет өгөх гэтэл манай дарга энэ ажлаа дуусгачих тэгээд би *******уу даргатай яриад ажилд оруулаад өгье гэж хэлсэн. Ахмадын хорооны хуучин барилгыг буулгаж шинэ барилга ашиглалтанд орох хүртэл ажилгүй байгаад яахав гээд 10 дугаар сарын 01-ний өдрөөс Зэвсэгт хүчний ******* дугаар ангид гачигаарын ажил түр хийж байсан.

Шинэ барилга ашиглалтанд орохоор нь ажилд орох өргөдлөө өгөх гэтэл дарга намайг хамгийн түрүүнд авна гэж хэлээд буцааж байсан. Тэгээд байр ашиглалтанд орохын өмнө очоод ажилд орох гэтэл чиний ажил сайн бүтэхгүй байна гэсэн. Маргааш нь өөр хүмүүс ажилд аваад намайг ажилд аваагүй. Би тэргүүлэгч нартай уулзаж намайг яагаад ажилд аваагүй юм бэ? гэхэд чамайг Зэвсэгт хүчний ******* дугаар ангид үндсэн ажилтнаар оруулсан гэж хэлсэн гэсэн.

Дарга надад хэлэхдээ нарийн мэргэжлийн хүмүүс ажилд авсан гэдэг. Би 14-15 жил барилга трестд ажилласан. Мөн Ахмадын хороонд ажиллаж байхдаа слесарийн дамжаанд сууж төгссөн. Би Зэвсэгт хүчний ******* дугаар ангид ажиллаж байхдаа буцаад намайг ажилд авах юм байна гэж бодож байсан.

Байгууллагын түлээ мод хулгайлсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамт ажиллаж байсан үйлчлэгч эгчид скаладны түлхүүр байдаг, бид хоёр хамт түлээ модоо оруулдаг байсан юм. Би мод хагалж байгаад хагарахгүй байсан 2-3 яр модыг гэрт хүйтэн орчихсон байна аваад явчих уу? гэж үйлчлэгчээс асуугаад авч явж байгаад Ширэндэв даргатай таарсан. Тэр үед Ширэндэв дарга мод авч явлаа гээд уурлаж байсан. Маргааш нь үйлчлэгч энэ хоёр яр мод авсан байна гээд 3 яр модыг 20 тэвэр мод авсан гээд бичиг хийж миний гарын үсгийг зуруулж авсан.

Намайг шинэ байр ашиглалтанд орохоор ажилд авна гэж байгаад байр ашиглалтанд орсны дараа намайг ажилд тэнцэхгүй хүн байна гээд ажилд аваагүй. Хариуулыг шалгаруулж 3 хүн авна гэсэн учраас шүүхэд хүсэлт гаргаж авсан 3 хүний материалыг шалгуулахад 2 хүн нь мэргэжлийн үнэмлэхгүй, 1 хүн нь надтай ижил 30 хоногийн сантехникийн сургалтанд суусан үнэмлэхтэй хүн байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэстэй гарсан. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонсоход хулгайн асуудал ёс суртахууны асуудлууд яригдаж байна. Энэ асуудал өмнө нь яригдаж байгаагүй, хэрэв үнэхээр мод хулгайлсан, ёс зүйн зөрчил гаргаж байсан бол түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь холбогдох арга хэмжээ авсан, ёс зүйн хороогоор оруулж хариуцлага хүлээлгэсэн байх ёстой. Гэтэл хариуцагч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгдөггүй. Давж заалдсан гомдол хууль зүйн үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Завхан аймгийн ахмадын хороонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Завхан аймгийн ахмадын хороо нь сахиулаар ажиллаж байсан Л.*******ыг ахмадын хорооны барилга буулгагдаж шинээр баригдах болсон тул гэсэн үндэслэлээр 2014 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 04 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Ахмадын хорооны дээрх шийдвэрийг Л.******* тухайн үед мэдээгүй ба тэрээр шинэ барилга баригдсаны дараа ажилдаа орох гэтэл 2014 онд ажлаас чөлөөлөгдсөнийг сонсч, шийдвэрийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан албан бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Г.Лхагважавын мэдүүлгээр тогтоогджээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Л.******* нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоологдоно.

Иймээс нэхэмжлэгч Л.******* нь 2016 оны 11-р сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Хариуцагч ахмадын хороо нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байхад ахмадын хорооны барилга буулгагдаж шинээр баригдах болсон тул гэсэн хуульд байхгүй үндэслэл зааж, сахиул Л.*******ыг ажлаас чөлөөлсөнийг Хөдөлмөрийн хуульд үндэслээгүй хууль бус шийдвэр гэж үзнэ.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Л.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх татгалзлалыг батлаж, шийдвэрлээгүй орхигдуулсаныг зөвтгөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны 29 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 ... гэснийг хасаж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ... гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд зааснаарнэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны олговор 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэж тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү.*******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ү.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР