Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э, Ц.Б, Ш.Снарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Тамир,

өсвөр насны шүүгдэгч Ц.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Цогтжаргал,

өсвөр насны шүүгдэгч Ш.Сгийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Э, Ц.Б, Ш.Снарт холбогдох 1711010280339 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Ц-н Б, 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, 50 дугаар сургуулийн ........................ ангийн сурагч, ам бүл 3, Баянгол дүүргийн ........................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

2. Хотгойд овогт Б-н Э, 2003 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, 9 дүгээр сургуулийн ........................ ангийн сурагч, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

3. Сартуул овогт Ш-н С, 2003 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, 50 дугаар сургуулийн ........................ ангийн сурагч, ам бүл 6, Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

Б.Э, Ц.Б, Ш.Снар нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух Б.Игийн байшингийн цонхоор нууцаар орж, дивиди тоглуулагч, чихэвч, микрофон зэргийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Э, Ц.Б, Ш.Снарын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Ц Б, Хотгойд овогт Б-н Э, Сартуул овогт Ш-н С нарыг бүлэглэн нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Ц Быг 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Хотгойд овогт Б-н Эг 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Сартуул овогт Ш-н Сг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.Снарт шүүхээс тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүр 1 жилийн хугацаагаар тогтоож, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.Снар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б, Б.Э, Ш.Снарын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарын өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарт оногдуулсан ял шийтгэл нь хүндэдсэн гэж үзэж байна. Энэ хүүхдүүдийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн хохирол төлбөр байхгүй. 200.000 төгрөгийн хохирол учирсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хойшлуулах болон тэнсэх боломж байхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчсөн гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч нараас яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд яллагдагчийн эрх зүйн байдлыг зохицуулж өгсөн. Яллагдагч нарын эрх зүйн байдлыг нь танилцуулж өгснөөр яллагдагч нар эрхээ эдлэх ёстой байсан. Эрх нь бүрэн гүйцэт эдэлж хүсэлт гаргах байсан.” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцсан. Шүүгдэгч нарын хувьд хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь тогтоогдсон учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлэхдээ өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдал, бусдад учруулсан хохирлоо төлсөн, хохирогч санал гомдолгүй гэж гаргасан хүсэлт зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр ял шийтгэлийг оногдуулсан. Оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Цогтжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Ц.Б 9 дүгээр ангид сурдаг. Миний бие хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Эх нь хоёр настайд нь орхиод явсан. Миний хүүд оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ш.Сгийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үр хүүхэддээ анхаарал халамж муу тавьсан нь миний буруу. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С, Э, Отгончимэг бид нар уулзаад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байрны 65 дугаар байрны урд байх эвдэрхий автомашин дотор нилээн юм ярьж суусан. Тэгтэл Э “хажууд байх 65 дугаар байрны хаалга нь цоожтой байнаа 2, 3 хоног хүн байхгүй байна” гэж хэлсэн ба байшингийн урд нь очиж зогстол Э нөгөө байшингийн цонхыг нь хагалснаа цонхоор нь Сгийн хамтаар ороод гарахдаа Э миний цүнх рүү дивиди, чихэвч, микрафон зэргийг хийсэн. Тэгээд бид 3 тэр айлаас гараад Отгончимэгийнх рүү явж байтал Э “буцаж очоод саяны айлаас зурагтыг нь авна” гэсэн. Тэгэхээр нь “би яах юм бэ” гэсэн чинь миний үгийг тоогоогүй. Тэгээд бид 3 тэр айлын нөгөө хагалсан цонхон дээр очоод би жижиг хэсгээр нь цээжээ оруулж байгаад том рам цонхныхон түгжээг нь тайлаад рамнаас нь мултлаад унагасан. Тэгээд Э “би хүн хараад байж байя, та 2 тэр хананд байгаа зурагтыг салгаад авчих” гэж хэлсэн ба С бид 2 цонхоор орж хананд байсан зурагтыг нь салгаж аваад газар тавитал гаднаас гэрийн эзэн гэм хүмүүс ирсэн. Тэгээд тэр айлын хүмүүс нь С бид хоёрыг “наанаа байж бай” гэснээ цагдаа дуудсан. Энэ үед Э гадна байж байснаа зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

өсвөр насны шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...автомашинаас гараад 65 дугаар байрны 12 тоот айл хүнгүй байхаар нь цонхыг нь би хагалсан ба С айл руу орсон. Дараа нь би араас нь орсон. Араас Б орж ирсэн. Тэгээд бид 3 гэрт нь ороод би нэг хар өнгийн жижиг дөрвөлжин дивиди байхаар нь аваад Бын цүнхэнд нь хийсэн бас цагаан өнгийн чихэвч, микрафон зэргийг бас С аваад цүнхэнд хийгээд тэгээд гарцгаасан. Тэгээд тэр айлаасаа гараад доошлоод зогсож байгаад нөгөө Бын цүнхэнд хийсэн эд зүйлээ айлын хашааны хажуу руу нууц тавиад буцаад нөгөө айл руугаа орж зурагтыг нь авцгаая гэтэл Б, С 2 зөвшөөрөөд тэгээд гурвуулаа буцаж очиж нөгөө айлын цонхыг Б жижиг хагарсан хэсгээр нь цээжээ оруулаад түгжээг нь мултлаад цонхыг рамаар нь аваад газар тавьсан. Тэгээд би гадна хүн харж үлдсэн ба С, Б 2 дотогшоо ороод зурагтыг нь хананаас буулгаж байсан ба би гадна зогсож байтал нэг эгч уг байшин руу явсан ба би “хүн хүн” гэж Б С нарт хэлсэн ч тэр 2 нээх тоогоогүй. С нэг гарч ирснээ худлаа яриад бай гээд буцаад орсон. Гэтэл тэр эгч эргэж явснаа удалгүй гэрэл асаагаад хүрээд ирэхээр нь би хүн хүн гэж хэлээд зугтаасан. Тэр айлд С, Б 2 үлдсэн. Тэгээд би зугтаагаад Отгончимэгийнд очиж дуудсан ба Отгончимэгт юу болсон талаараа бүгдийг хэлээд С Б цагдаад баригдаад би зугтаачихлаа гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

өсвөр насны шүүгдэгч Ш.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгснээ Э гараараа тэр байрны цонхыг нь цохиод хагалчихсан. Тэгээд Э “зугтаагаарай” гэснээ болиод Быг хагархай цонхоор гараа оруулаад хөшигийг нь холдуулаач гэсэн. Тэгээд Э тэр хагалсан цонхоороо орсон ба араас нь би ортол Э Бын цүнхийг аваад гэрээс хар өнгийн дивиди, чихэвч, микрофон зэрэг эд зүйлсийг цүнхэнд хийгээд гарсан. Энэ үед Б гадна зогсож байсан. Тэгээд тэр айлаас бид 3 яваад Отгончимэгийн гэрийн гадна очсон ба Э буцаж очоод саяны айлаас зурагтыг нь авна гэсэн. Тэгэхээр нь би “тийм том зурагтыг яаж цонхоор нь гаргах гээд байгаа юм лай” гэж хэлтэл Э “зүгээрээ гаргачихна, хагарсан цонхны нэг модон рамыг нь хугалаад авчихвал зурагтыг гаргаж болно” гэж хэлсэн. Тэгээд “тэр зурагтаар яах гээд байгаа юм бэ” гэж асуутал Э “зурагтыг ломбарданд тавина, доод тал нь 450.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгээд “хэнээр тавиулах юм бэ” гэж асуутал “өвөөгөөр тавиулчихна” гэсэн. Тэгээд Э Б бид 3 буцаж очоод нөгөө айлын хагалсан цонхоор нь орохоор болоод Б дээш гараад жижиг хэсгээр нь цээжээ оруулаад дээд том цонхны түгжээг нь буулгаад тэгээд цонхны том модон рамыг буулгаад газар тавьсан. Тэгтэл Э, Б бид хоёрыг ороод зурагтыг аваад ир гэхээр нь би Бын хамт гэрт ороод зурагтыг нь хананаас салгах гэтэл дийлэхгүй байтал Э, татаад буулга гэхээр нь Б бид 2 зурагтыг татаад өргөөд буулгаж байтал нэг ах 1 эгчийн хамт ирсэн. Тэгээд тэр айлын хүмүүс нь Б бид хоёрыг “наанаа байж бай” гэснээ цагдаа дуудсан. Энэ үед Э гадна байж байснаа зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

хохирогч Б.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай гэрийн цонхыг хагалаад модон рамыг нь эвдэлчихсэн байсан. Тэгээд гэрт байсан зурагтыг хананаас салгаж аваад буулгаад газар тавих үедээ гэмтээчихсэн байсан. Өөр хар өнгийн жижиг дивиди алга болсон байсан. Бас хүүхдийн цагаан өнгийн чихэвч микрофон зэрэг эд зүйлс нь байхгүй байсан. Би цагдаагаас дивиди, цагаан өнгийн хүүхдийн чихэвч, микрофон зэрэг эд зүйлсээ бол хүлээн авсан, ...чихэвч микрофон үнэлүүлэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

гэрч Г.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 7 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод хичээлдээ яваад орой 20 цагийн орчимд гэрийнхээ гадаа очтол манай гэрийн цонх хагарчихсан дотор нь 2 банди байсан байсан. Гэрээс хар өнгийн жижиг дивиди алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э хашаа даваад ирлээ гээд таарсан. Э надад “нөгөө автомашинтай хашаанд байдаг 65 дугаар байрны цонхыг нь хагалчихлаа, С, Б хоёр баригдчихлаа” гэсэн. Э бид 3 санаачилж хулгай хийсэн, би хүн хараад, С, Б хоёр орсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ны ЧД1-63 дугаартай үнэлгээний тайлан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снар нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны 65-12 тоотод оршин суух Б.Игийн байшингийн цонхоор нууцаар нэвтэрч ДВД тоглуулагч, чихэвч, микрофон зэргийг авч гарсан бөгөөд уг байр луу буцаж ороод зурагтыг нь авахыг завдаж байгаад гэрийн эздэд баригдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

Гагцхүү анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарыг “Бүлэглэн нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 244,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараахь дүгнэлтийг хийж энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 Өсвөр насны шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарын хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тусад нь зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хүндрүүлж дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлд заасантай нийцэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог хийлгэхэд шүүгдэгч нарын хулгайлсан ДВД тоглуулагчийг 24.000 төгрөгөөр үнэлсэн байна /хэргийн 55 дахь тал/. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 244.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол 24.000 төгрөгөөр үнэлэгдвэл зохих эд зүйлс байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилснаас дүгнэхэд хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тусад нь тайлбарласан ч “24.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг орон байранд нэвтэрч үйлдсэн” шинжээр насанд хүрээгүй шүүгдэгч нарын анх удаагийн үйлдлийг “хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан” гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу дээрх хэргийн улмаас учирсан нийт хохирол 24.000 төгрөг бөгөөд хулгайд алдсан гэх эд зүйлсийг хохирогч буцаан авсан зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарыг бусдад бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улс 1989 онд нэгдэн орсон Олон Улсын гэрээ болох “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн 37 дугаар зүйлд “Энэхүү конвенцид нэгдэн орсон оролцогч улсууд нь хүүхдийг хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэж байх” тухай зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарыг цагаатгасугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ш.Снарыг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                      Ц.ОЧ