Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0056/З |
Дугаар | 221/МА2022/0460 |
Огноо | 2022-06-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2022/0460
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайханы давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/181 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаар,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0056/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/181 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг шүүх хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг баримталсан, илтэд илэрхий үйл баримтыг ач холбогдолгүй гэж үзсэн, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй талаар:
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болгосон ба үүнийг нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн гэх илэрхий худал тайлбар, баримтыг шүүх үндэслэл болгож энэ талаарх баримтыг хангалттай цуглуулаагүй нь шүүх нотлох зарчмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хариуцагчийн гаргасан тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна.
Нэхэмжлэгч газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдэлгүй 5 жил үйл ажиллагаа явуулах ямар ч хууль зүйн боломжгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага, захиргааны байгууллага хууль тогтоомж хэрэгжүүлж ажилладаг гэдгийг шүүх дүгнээгүй. Өөрөөр хэлбэл эдгээр субъектүүд газар ашиглалтын байдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг шалгаж хэрэв эдгээр зүйл байхгүй, хэрэгжүүлдэггүй бол шат шатныхаа арга хэмжээг авдаг. Мөн нэхэмжлэгч газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн үедээ гаргаагүй. Үүнийг шүүх нотлохыг хүсэлтгүй шууд нэхэмжлэгчийн тайлбараар шийдвэр гаргасан нь илтэд хууль зөрчсөн.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмыг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24.4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн талаар:
Шүүх хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, маргаан бүхий газарт үзлэг хийгээгүй, орон нутгийн байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага, албан тушаалтнаас тайлбар, нотлох баримт цуглуулаагүй мөртлөө шууд дээрх хуулийн заалтуудыг хэрэглэж, тайлбарлаж шийдвэр гаргасан нь бүхэлдээ хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хянахад маргаан бүхий актын үндэслэлд хамаарах баримттай холбоотой шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад зарим баримтыг буруу үнэлсэн, заримыг үнэлэлгүй орхигдуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт байрлаж буй “Э” ХХК-ийн ашиглаж буй 3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож, газар ашиглах гурвалсан гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэлгүй болох нь, мөн маргаан бүхий газрыг тухайн цаг хугацаанд ашигласаар ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдсон, ... хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэж үзэж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.
4. Ийнхүү шийдвэрлэхдээ маргаан бүхий актын “Э” ХХК-д холбогдох хэсэгт “нуурын эргийн онцгой бүсэд байгаа” гэж тэмдэглэснийг маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл болоогүй, холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй гэж үзэж, үүнтэй холбоотой хариуцагчаас ирүүлсэн хэрэгт авагдсан Хөвсгөл нуурын онцгой бүс хамаарч байгааг харуулсан зураглал, холбогдох баримтыг үнэлээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох хэсгийг хэрэглээгүй, мөн нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий 3 га газрыг бүхэлд нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан эсэх, 2016 оноос өмнө газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан эсэх талаар баримтыг бүрэн цуглуулаагүй байна.
5. Шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа зөвхөн актад дурдсан хуулийн заалтын хүрээгээр хязгаарлагдаж хуулийг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд тухайн актыг гаргах эрх хэмжээ тухайн захиргааны байгууллагад олгогдсон эсэх, актын зорилго, агуулгад хамаарах хууль тогтоомж, зарчмыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
6. Гэтэл маргаан бүхий захиргааны актад “тусгайлан зааж бичсэн”, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн газар ашиглах эрх хууль ёсны эсэхэд хамаарах “нуурын онцгой бүсэд хамаарч байгаа” гэх асуудлыг тухайн актад хамааралгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.
7. Маргаан бүхий актад Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн ерөнхий зохицуулалт бүхий заалтыг баримталсныг “байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд газар ашиглаж байгаа” талаар тэмдэглэж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосонтой хамааралгүй гэж үзэхээргүй байна.
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана: 1/ онцгой бүс; 2/ аялал,жуулчлалын бүс;...” гэж, 15 дугаар зүйлийн 1-д “Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авна” гэж заасан тул нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь онцгой бүсэд байгаа эсэхийг тогтоох нь маргаан бүхий актын улмаас түүний аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх нь зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд хамааралтай.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрын тодорхой хэсэгт гэр, байшин барьж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан нь тогтоогдсон боловч хариуцагч нь аль цаг зориулалтаар нь ашиглаагүй гэж үзсэн нь тодорхойгүй, маргаан бүхий акт гарахаас өмнө 3 га газрыг бүхэлд нь зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, газрын төлбөрийг 2016 оноос өмнө жил бүр хугацаанд нь төлж байсан эсэх нь тогтоогдоогүй, нөгөө талаас нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын тодорхой хэсэг нь байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул онцгой бүсэд хамаарах газар болон зориулалтын дагуу ашиглаж байсан газрын хэмжээг бодитой тогтоох зэргээр тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин акт гаргах шаардлагатай, уг асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх баримтыг дутуу бүрдүүлсэн ...” гэх боловч дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тогтоож, маргаан бүхий актыг дахин гаргах боломжгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
11. Мөн гомдолд “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, 5 жилийн дараа мэдсэн байх боломжгүй ...” гэх боловч тухайн үед мэдэгдсэн талаарх баримтаа захиргааны байгууллагаас ирүүлээгүй, мөн тухайн яамны харьяа орон нутагт тухайн хууль болон сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага нь 5 жилийн өмнө хүчингүй болгосон газар ашиглах эрхийн гэрээг дүгнэж, 2017-2020 онд төлсөн төлбөрийн тооцоо нийлж, үлдэгдэлгүй гэж тодорхойлсон зэргээс үзвэл энэхүү гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн байх тул “маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн” өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Байгаль орчин, ногоон ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “Э” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчлөн, шийдвэрт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдсугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ