| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2018/0180/З |
| Дугаар | 208 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 208
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХЗДХ-ийнсайдад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “...ХЗДХ-ийнсайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж.Д миний бие ХЗДХ-ийнсайдын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр тушаалаар нотариатын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсоноор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нотариатын үйл ажиллагааг тууштай гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд би Баянзүрх дүүрэг дэх Да хүрээ захад нотариатын үйл ажиллагааг явуулдаг байсан ба Да хүрээ зах дээр машин худалдаалах асуудлаас болж нотариатын үйлчилгээ зарим үед ачаалалтай байдаг. Хууль зүйн сайдын тушаалын үндэслэл нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны 2017 оны 06 дугаар тогтоол болсон байна.
Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт “Нотариатын ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн...” гэдэг үндэслэлийг заасан байна.
Миний хувьд нотариатын ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж нотариатын үйл ажиллагааг цуцлах хэмжээнд хүртэл хэн нэгэн үйлчлүүлэгчийг эрх ашгийг хохироосон асуудал байхгүй гэж үзэж байгаа болно. Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны 2017оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын тогтоох хэсэгт зааснаар “...Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж овогтой Д нь нотариатын уйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутайд тооцсугай ...” гэжээ. Хууль зүйн сайд хуульд заасан эрх үүргийнхээ хувьд Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн дүгнэлтийг хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, хуульд нийцсэн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох учиртай.
Өөрөөр хэлбэл хуульд заасан эрхээ хуульд заасан журмаар хэрэгжүүлэх байтал энэхүү хянаж шалгах ажиллагаа зохих ёсоор хийхгүйгээр А/310 дугаар тушаалыг гаргасанд гомдолтой байна. Нотариатын танхим нь Ж.Д намайг гэм буруутай гэж үзсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэл нь Монгол улсад өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжоор гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүхээр тогтоодог болно. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор гэм буруутай байна гэж дүгнэсэн нь зөв гэж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд миний тусгай зөвшөөрлийн эрхээ хуульд заасны дагуу хянуулах, цуцлуулах эрх маань хөндөгдсөн гэж үзэж байгаа учир ХЗДХ-ийнсайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.Д нь нотариатын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олон иргэдийг, олон удаа хохироож байсан талаар Монголын нотариатын танхим руу өргөдөл гомдлыг гаргасныг Сахилгын хороонд шилжүүлж, шийдвэрлэсэн талаархи тогтоолыг ХЗДХ-ийнсайдад ирүүлдэг юм. Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Сахилгын зөвлөл нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэсэн байна.
Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын Зөвлөлөөс ХЗДХ-ийнсайдад ирүүлсэн нотариатч Ж.Дд холбогдох хавтас хэргийн материал: Иргэдийг хохироосон өргөдөл, гомдол, Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №3/1725 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №3/2126 тоот санал, Нийслэлийн прокурорын газрын мэдэгдэл /2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №5/219 тоот/, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг олон факт, баримтуудыг үндэслэн Монголын нотариатчдын танхимын Сахилгын зөвлөлөөс Ж.Дын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Ж.Д нь нотариатын үйлчилгээг явуулахдаа Монгол Улсын суурь болон салбар хуулиуд, холбогдох дүрэм журам, зааврыг хатуу баримтлан ажиллах үүрэгтэй атал харин ч эдгээрийг ноцтой зөрчиж, улмаар удаа дараа зөрчил дутагдал, алдаагаа байнга давтан гаргаж байгааг ХЗДХ-ийняам, Монголын нотариатчдын танхим хүлээн зөвшөөрөх нь өөрөө хууль бус үйлдэл болох юм. Түүнчлэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүйн сайдад Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” эрх нь олгогдсон байдаг бөгөөд хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Ж.Дын асуудлыг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анх ХЗДХ-ийнсайдын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Дд нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, Монголын Нотариачдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот тогтоолыг тус тус үндэслэн Нотариатын үйлдэл хийх зааврыг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Дыг нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн ч Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/92 дугаар тушаалаар нотариатч Ж.Дын нотариатын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Дыг нотариатчаар ажиллаж байх хугацаанд Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс нийт 5 удаа сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1725 дугаар албан бичгээр “...Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Дын гэрчилсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь илт хууль бус буюу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрийн биеэр байхгүй байхад иргэний үнэмлэхийг хуулбарлан баталгаажуулах, дахин хувилан баталгаажуулах тохиолдол гарч байна. Түүний хууль бус үйлдэлд хариуцлага тооцож, нотариатчийн эрх, үүргээ холбогдох хуулийн дагуу мөрдөн ажиллах тал дээр Монголын Нотариатчдын танхимын зүгээс анхаарал хандуулж ажиллана уу” гэж Монголын нотариатчдын танхимд хандсан байх бөгөөд иргэн Н.Эрдэнэжаргалын эзэмшлийн автомашиныг худалдах гэрээг хавсарган ирүүлсэн байна.
Монголын Нотариатчдын танхимын зүгээс уг албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 688 дугаар албан бичгээр Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд шилжүүлсэний дагуу тус зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Шалгалтын удирдамж баталж, бүрэлдэхүүн томилох тухай” 01 дүгээр тушаал гаргаж Сахилгын зөвлөлийн гишүүн Р. г, С.Ц, С.М, Э.Д, Х.Х, Ц.О нар нь нотариатч Ж.Дын 2016 оны 4 дүгээр улирал болон 2017 оны 10 дугаар сар хүртэлх нотариатын үйл ажиллагаа буюу ажлын байр, үйлдлийн төрөл, бүртгэл хөтлөлт, архив, хувийн сахилга, ажлын мэдлэг ур чадвар, туслах ажилтан ажиллуулж байгаа зэрэг асуудлыг шалган “Туйлын хангалтгүй” гэж дүгнэсэн байна.
Мөн дээрх шалгалт үргэлжилж байх хугацаанд Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/1725 дугаар албан бичгээр “...нотариатч Ж.Дын 221 дугаартай тамга, тэмдгээр баталгаажсан засвар оруулсан нотариатын гэрээгээр тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэхээр манай салбарт хандсан тул хууль бус нотариатын гэрээний хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна...” гээд нэхэмжлэгч Ж.Дын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрчилсэн засвартай 2 гэрээг ирүүлжээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 тоот, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5/219 тоот тус тус мэдэгдлээр мөн нэхэмжлэгч Ж.Дын нотариатын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Монголын нотариатчдын танхимд хүргүүлж байсан байна.
Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар 2016 оны 10 дугаар сард сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд үүнээс хойш 1 жилийн хугацаанд буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан нь ХЗДХ-ийнсайдын 2011 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатчийн ёс зүйн дүрэм”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д “Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал: ёс зүйн зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа ёс зүйн зөрчил ахин гаргасан” гэдэгт хамаарч байна.
Улмаар Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоол гарч уг тогтоолоор нотариатч Ж.Д нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм журмыг зөрчсөн гэж үзэн түүний нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг тогтоолыг батлах үеийн хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцсон байх бөгөөд гаргасан зөрчлүүдээ хүлээн зөвшөөрсөн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
ХЗДХ-ийнсайд Нотариатын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Ж.Дын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, түүний нотариатын тамга, баталгааны тэмдэг, дардас, гэрчлүүлсэн баримт бичгийг зохих журмын дагуу Монголын Нотариатчдын танхим хураан авч, архивт шилжүүлэхээр болсон байна.
Нэхэмжлэгчээс “...Миний хувьд нотариатын ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж нотариатын үйл ажиллагааг цуцлах хэмжээнд хүртэл хэн нэгэн үйлчлүүлэгчийг эрх ашгийг хохироосон асуудал байхгүй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нэхэмжлэгч Ж.Д нь нотариатын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олон иргэдийг, олон удаа хохироож байсан талаар Монголын нотариатын танхим руу өргөдөл гомдлыг гаргасныг Сахилгын хороонд шилжүүлж, шийдвэрлэсэн талаархи тогтоолыг ХЗДХ-ийнсайдад ирүүлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон...” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Ж.Дын хувьд 2009 оноос хойш удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, жил дарааллан сахилгын шийтгэл авч, ажилдаа хариуцлагагүй хандаж байсан болох нь хэрэгт авагдсан Сахилгын зөвлөлийн хуралдааны 2009 оны 05, 2010 оны 01, 2013 оны 02, 2014 оны 02, 2016 оны 05, 2017 оны 06 дугаар тогтоол, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын тайлан, түүнд хавсаргасан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Монгол Улсын ХЗДХ-ийнсайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хуралдааны 06 дугаар тогтоол болон Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дах хэсгийг тус тус үндэслэн гаргажээ.
Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 18.1.6-д “нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн”, ХЗДХ-ийнсайдын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатчийн ёс зүйн дүрэм”-ийн 7.1-д “Нотариатч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана”, 7.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатчийн эрх үүргийг тодорхойлсон нотариатын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн бусад акт, энэ дүрмийн хэм хэмжээг мэргэжлийн үйл ажиллагаандаа ягштал мөрдөж, иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх” гэж тус тус заажээ.
Ж.Д нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Нотариатчийн ёс зүйн дүрэм, Нотариатын архивын хадгаламжийн нэгж, бүрдүүлэх, хадгалах, архивт шилжүүлэх, лавлагаа олгох журмыг зөрчиж нотариатын гэрчилсэн үйлдэл, бүртгэл хөтлөлт, архивын баримт бичиг бүрдүүлэлт, ажлын байр нь стандартын шаардлага хангаагүй, нотариатын үйлчилгээний хөлс зардлыг буруу хэрэглэсэн, нотариатчийн туслах ажилтны ажиллах журмыг зөрчсөн, сар бүрийн мэдээ, тайлан, гишүүний татварыг хожимдуулсан зэрэг зөрчлийг гаргаж, Нотариатын тухай хууль болон холбогдох журамд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь хэрэгт авагдсан шалгалтын материал, гэрч Н.Эрдэнэжаргалын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна
Мөн нэхэмжлэгчээс “...нотариатын танхим нь Ж.Д намайг гэм буруутай гэж үзсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэл нь Монгол Улсад өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжоор гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүхээр тогтоодог болно...” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь аливаа иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрхгүй ч Ж.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд бус харин нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм, журмыг зөрчсөн буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Дүгнэвэл, Монгол Улсын ХЗДХ-ийнсайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалаар “Ж.Дын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Сахилгын зөвлөл нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана.”, 54.3-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.” тус тус заасантай нийцсэн байх тул ХЗДХ-ийнсайдад холбогдуулан гаргасан “ХЗДХ-ийнсайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ж.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны байгууллагын зүгээс мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийхээр нэхэмжлэгч Ж.Дтай утсаар холбогдсон гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэгэнт шүүхэд маргаан бүхий захиргааны актыг хуулийн хугацаанд хянуулахаар нэхэмжлэл гаргасан тул энэ талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Даас ХЗДХ-ийнсайдад холбогдуулан гаргасан “ХЗДХ-ийнсайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА