Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01170

 

Г.Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаар магадлалтай

Г.Жгийн нэхэмжлэлтэй

Я.А, Д.Цнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46 834 671 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Доржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дорж, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Я.А, Д.Цнартай зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 21 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 22а дугаар байрны 27 тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээл, барьцааны гэрээнд талууд гарын үсгээ зурж нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Я.А сонингийн зарын дагуу надтай холбогдон анх 20 000 000 төгрөгийн зээл авна гэж байсан боловч гэрээ байгуулдаг өдөр ТҮЦ-нийхээ барааны эргэлтэнд зориулж нэмж 1 000 000 төгрөг авч нийт 21 000 000 төгрөгийг хариуцагч нарын дансаар шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нар сар бүр зээлийн хүүнд 1 050 000 төгрөг төлөх ёстой. Гэтэл Я.А, Д.Цнар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 050 000 төгрөгийн хүү төлөх ёстой байсан хугацаа хэтрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 480 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 400 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750 000 төгрөг нийт 2 630 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 21 000 000 төгрөг, хүүнд 10 223 114 төгрөг, алданги 15 611 557 төгрөг нийт 46834 671 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Жгаас зээлийн гэрээний дагуу 21 000 000 төгрөг авсан. Зээл, барьцааны гэрээ байгуулагдсан асуудлаар маргахгүй, нэгэнт зээл авсан учир буцааж төлнө. Гэхдээ хариуцагч нар нэн ядуу амьдралтай, байрныхаа өмнө ТҮЦ ажиллуулж хоногийн хоолтой залгуулж байгаа ба энэ зээлийг авч ашигласан гол хүн болох ах Я.Амармэнд нь мөнгө төгрөгийн асуудлаас болж шоронд сууж байна. Хамтран зээлдэгч дээр гарын үсэг зурсан эх Д.Цээ өндөр настай ажил төрөл хийх боломжгүй, гэртээ охиныхоо хүүхдийг хардаг. Хариуцагч Я.Агийн ах Я.Амармэндийн гэнэтийн их өрөнд орсны улмаас энэ гэр бүл маш их хохирч байна. ...гэрээнд алдангийн хэмжээг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 0,5 хувиар тооцсон, зээлийн хүүг зах зээлийн ханшнаас илт өндөр 5 хувиар тогтоосон зэрэг нь хариуцагч нарыг төөрөгдүүлсэн шинжтэй, маш хохиролтой заалт болсон. Өнөөдөр аль ч банк, бусад зээлийн байгууллагын хүү 1-2 хувьтай байна. Иймд хариуцагч нарын ар гэрийн хүнд хэцүү байдал, зээл, алдангийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, алдангиас чөлөөлж өгнө үү. Хариуцагч нар зээлийн төлбөрт 2 630 000 төгрөг төлсөн ба үүнийг хасч 18 370 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүү, алданги төлөх боломжгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ядмаагийн Амарсанаа, Данаагийн Ц нараас 32 540 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Галсанцэрэнгийн Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14 294 671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.А, Д.Цнар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 22а байр 27 тоот, улсын бүртгэлийн Ү-2201018837 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А, Д.Цнараас улсын тэмдэгтийн хураамж 320 650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Жд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаар магадлалаар:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Агаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэн Г.Жгийн нэхэмжлэлтэй, иргэн  Я.А, иргэн Д.Цнарт холбогдох иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаартай шийдвэрийн “Я.А, Д.Цнараас 32,540,000 төгрөг гаргуулж... ” гэдгээс “алданги болох 6,500,000 төгрөгийг” эс зөвшөөрсөн, шийдвэрийг хэвээр үлдээсэн, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2018 оны 03-р сарын 30-ны өдрийн 798 тоот магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

2018 оны 03-р сарын 30-ний 798 тоот магадлалын хянавал хэсгийн 3-р хуудасны төгсгөлд “Талуудын хооронд 2016 оны 10-р сарын 11-ний өдөр 21 000 000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эхний 3 сарын хүүг төлж, дараа сараас үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр хариуцагч Я.Агийн өмчлөлийн Сонгиохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а дугаар байрны 27 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, хариуцагч нараас зээлийн төлбөрт 2 630 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-3-5/” гэж хянаад шийдвэр гаргасанд гомдол гаргаж байна.

   Хариуцагч нь шүүхэд гаргасан бүхий л тайлбар, мэдүүлэгтээ 21 000 000 төгрөгийг зээлсэн үүнээс 2 630 000 төгрөг төлсөн гэдгээ зөвшөөрч байна энэ талаар маргаагүй гэсэн нь үнэн. Харин нэхэмжилж байгаа хүү болон алдангийг шүүхийн бүхий л процесст хүлээн зөвшөөрөөгүй болохыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд гаргасан хавтаст хэрэгт байгаа 2018 оны 01-р сарын 23-ны тайлбарын 6, 7, 8, 12, 13, 14, 15, 19 дүгээр тайлбаруудад болон 01-р сарын 30-ний өдрийн шүүхэд тайлбар хийж гаргасан хүсэлтийн 1, 3, 4 дүгээр тайлбаруудаас харж болно. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалуудаас шүүгч буруу ойлголт авсан гэж бодож байна.

2018 оны 03-р сарын 30-ний 798 тоот магадлалын хянавал хэсгийн 4-р хуудсанд “Түүнчлэн анзын хэмжээг бууруулах талаар талууд хүсэлт гаргасан эсэхээс хамаарахгүйгээр шүүх хэргийн нөхцөл байдлаас хамааран бууруулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан талуудын бие даасан байдлын зарчимд үндэслэн нэхэмжлэгч тал уг асуудлаар гомдол гаргаагүй байхад түүний эрх зүйн байдлыг дордуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно” гэжээ.

Нэхэмжлэгч тал болох Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гэр бүл болох Чулуунбат нар нь анхан шатны шүүхийн 32 540 000 төгрөг гаргуулах шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаагүй талаар тэмдэглээд эрх зүйн байдлыг нь дордуулж бидний хасуулахыг хүссэн 6 500 000 төгрөгийн алдангийг төлөх хэвээр үлдээсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 2 дугаар хуудасны эхний өгүүлбэрт: “... хариуцагч нартай 31 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч болно...” гэжээ гэсэн нь нэхэмжлэгч Жгийн нэхэмжлэлийн дээд хязгаарын дүн 31 500 000 төгрөг гэдгийг харж болно. Мөн хариуцагчийн 2018 оны 02-р сарын 22-ны шүүхэд гаргасан гомдлын 1.4-д Эвлэрлийн ийм уулзалтын үеэр ч нэхэмжлэгч Жгийн өмгөөлөгч бөгөөд гэр бүл Чулуунбат нь бид байж болох хамгийн их дүнгээр нэхэмжлэл гаргасан учир 31,500,000 төгрөг авахад хангалттай, ямар ч хохиролгүй гэж байсан. Бид энэ мөнгөн дүнг төлөхөд хүндрэлтэй байгаагаа ойлгуулж улмаар шүүхээр хүүг 2%, алдангийг хасах шийдвэр гаргуулахаар дахин дахин хүсэлт тавьсан ч төлбөрийн дүнг анхан шатны шүүх эсрэгээр нь 1,040,000 төгрөгөөр нэмэгдүүлсэнд гомдолтой байна” гэж хариуцагчийн эрх зүйн байдал дордсонд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож болдоггүй байсаар атал хариуцагчийн эрх зүйн байдал дордсон шийдвэр болон магадлал гараад байгаад гомдолтой байна. /Шүүхээр төлөхийг тогтоосон дүн 32 540 000 - 31 500 000 нэхэмжлэгчийн шаардсан дүн = 1 040 000 хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүн/

2018 оны 03-р сарын 30-ний 798 тоот магадлалын хянавал хэсгийн 4-р хуудсанд “Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангид тооцсон 6 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийн дагуу зээлийн гэрээний дагуу тооцох хүү, алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар давж заалдах гомдлыг хангах боломжгүй” гэж мөн тогтоох нь хэсгийн 1-д “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын О6-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэсэнд гомдол гаргаж байгаа. Учир нь:

Анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 3-р хуудасны төгсгөлд “ ... мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан ба шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, Төв банкны зээлийн хүү, шимтгэл, хураамжийн тухай цахим мэдээлэл, ХААН банкны зээл, хадгаламжийн хүүгийн мэдээлэл болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хариуцагч нарын төлөх зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгах боломжтой гэж үзэв” гэсэн хэдий ч зээлийн төлөөгүй үлдэгдэлд 0.5 хувийн алданги бодох заалтыг хэдэн хувь болгоод багасгаад байгаа нь ойлгомжгүй байгаа.

Зээлийн хүүд л сар бүр алданги тооцож байж 6 500 000 төгрөгийн алдангийн тооцоо үүснэ үү гэхээс үндсэн зээлийн хугацаа хэтрээгүй нөхцөлд алданги бодох гэрээгүй билээ. Харин шүүхээс тогтоож өгсөн 5 040 000 төгрөгийн хүүг төлөх шийдвэрийг ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан 2016 оны 10 сарын 11-ний зээлийн гэрээний 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж гэрээнд зээлдэгч зээлийг л эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох талаар алдангийн тухай 1 л заалт бий. Харин зээл болон зээлийн хүүг эргүүлэн төлөх хугацааг гэж гэрээнд заалт байхгүй. Өөрөөр хэлбэл хүүд анз бодох заалт байхгүй. Тэгээд ч "... эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн” гэсэн үгийн холбоос хэрэглэсэн 2.6 дахь гэрээний заалтад зээлийн хүүгийн тухай яригдаагүй нь ойлгомжтой байна.

Хүүд төлөх хугацааг хэтрүүлсэн талаар уг гэрээнд огт заагаагүйгээс харахад анзыг гэрээгээр хүлээсэн боловч хугацаандаа төлөөгүй зээлийн үлдэгдэлд төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн үеийн хүүд анз бодох талаар талууд гэрээгээр тохиролцоогүй тул анз бодох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтэрсэн хүүгийн дүн орохгүй.

Гэрээний 2.6-д заасан Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэсэн хуулийн хэвшмэл хэллэг хуульд заасан байдлаар нь хуулж бичсэний гүйцэтгээгүй үүргийн дүн гэдгийг үндсэн зээлээс төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл гэж ойлгож байгаа болохоос хүүгээс олох ашиг дээр нэмж ашиг бодож алданги авах санааг гэрээнд тусгаагүй юм.

Иймд үндсэн зээл болон хүү дээр нэмж алдангиар тооцож нэхэмжилж байгаа 6 500 000 төгрөгийг төлөх шийдвэр болон магадлалын холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Я.А, Д.Цнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 834 671 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 32 540 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээ” байна.

Тус гэрээгээр зээлдүүлэгч Г.Ж нь  21 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэйгээр зээлдэгч Я.Ад зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22а байрны 27 тоот хаягт байрлах 29мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

 Хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэн, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлсэнгүй.

Нэхэмжлэгч Г.Ж олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бусдад зээл олгохоор зар гаргасан байх бөгөөд зарын дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчтэй холбогдож, зээлийн гэрээ байгуулж, зээл авсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би интернэтэд орон сууц барьцаалж, хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар тавьсан. Үүний дагуу Я.Агийн ээж над руу утасдаад байр барьцаалж мөнгө зээлдэг үү гэж асуухад нь би тиймээ, 5%-ийн хүүтэй гэсэн, ...би энэ хүмүүсийн таньдаггүй, өөрсдөө л мөнгө зээлье гэж мөнгө зээлсэн...” гэх тайлбар /хх-75-77/, хариуцагчийн “...Г.Жг интернетээс олсон, ...эд нарыг мэргэшсэн, зээлийн тусгай зөвшөөрөлтэй, мөнгө зээлдэг байгууллага гэж ойлгосон...” гэх тайлбар /хх-76/ зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд түүнийг зээлийн үйл ажиллагаа эрхэлж, энэ хүрээнд хариуцагчид мөнгө зээлдүүлсэн гэж үзэх үндэстэй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4.-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх”-ээр зохицуулсан.

Нэхэмжлэгч Г.Ж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохоо нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” байна.

Нэгэнт “Зээлийн гэрээ” хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар “хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” тул хариуцагч нь зээлд авсан 21 000 000 төгрөгөөс буцаан төлсөн 2 630 000 төгрөгийг хасч, үлдэх 18 370 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч үндсэн зээл болон хүүг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн байдалтай холбоотой бөгөөд шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзлээ.

Барьцааны эрх нь ямар нэг шаардлага үүсэж байгаа болон үүсэхээр байгаа тохиолдолд тухайн шаардлагыг хангуулахаар эд юмсыг  барьцаалахад үүссэн, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-д зааснаар тухайн шаардах эрхтэй салшгүй холбоотой, салгаж үл болох бие даан хэрэгжиж үл чадах, эрх юм.

Иймд хүчин төгөлдөр бус “Зээлийн гэрээ”-ний үүргийг тухайн гэрээг үндэслэж хийсэн барьцааны эрхээр хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1  дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.1.10., 56.5.-д зааснаар хариуцагч Я.А, Д.Цнараас 18 370 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 464 671 төгрөгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын “...320 650 төгрөг...” гэснийг “...249 800 төгрөг...” гэж, шийдвэрийн 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Я.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД