Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Я.А нар холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 46,834,671 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Я.А, Д.Цнартай зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр 21,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 1 хороолол, 22а байр 27 тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээл, барьцааны гэрээнд талууд гарын үсгээ зурцгааж нотариатаар баталгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Би сарын 5 хувийн хүүтэй зээл олгох зарыг сонинд гаргасан бөгөөд Я.А нь сонингийн зарын дагуу надтай холбогдсон ба анх 20,000,000 төгрөгийн зээл авна гэж байсан боловч гэрээ байгуулдаг өдөр ТҮЦ-нийхээ барааны эргэлтэнд зориулж нэмж 1,000,000 төгрөг авмаар байна гээд нийт 21,000,000 төгрөгийг хариуцагч нарын дансаар шилжүүлсэн. Зээл авахдаа манай ах АНУ-д ажиллахаар явах гэж байгаа тул мөнгө хэрэгтэй болоод байна, тэнд очоод ажил хийгээд төлнө гэж л хэлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нар нь сар бүр зээлийн хүүгийн төлбөр 1,050,000 төгрөг төлөх ёстой. Гэтэл Я.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,050,000 төгрөгийн хүү төлөх ёстой байсан хугацаа хэтрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 480,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,400,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750,000 төгрөг нийт 3 удаа 2,630,000 төгрөг төлсөн. Миний бие зээлдэгч нарт тухай бүрт зээлээ төлөхийг шаардаж байсан боловч худлаа хэлсээр өнөөг хүргэсэн. Иймд хариуцагч Я.А нараас үндсэн зээл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 10,223,114 төгрөг, алданги 15,611,557 төгрөг нийт 46,834,671 төгрөг гаргуулан өгч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. ... хариуцагч нартай 31,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч болно, өөрөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, эвлэрэх боломжгүй гэжээ.” гэжээ.

 

Хариуцагч Я.А түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нараас шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Г.Ж зээлийн гэрээний дагуу 21,000,000 төгрөг авсан. Зээл, барьцааны гэрээ байгуулагдсан асуудлаар маргахгүй, нэгэнт зээл авсан учир буцааж төлнө. Гэхдээ хариуцагч нар нь нэн ядуу амьдралтай, байрныхаа өмнө ТҮЦ ажиллуулж хоногийн хоолтойгоо залгуулж байгаа ба энэ зээлийг авч ашигласан гол хүн болох ах Я.А нь мөнгө төгрөгийн асуудлаас болж шоронд сууж байгаа. Хамтран зээлдэгч дээр гарын үсэг зурсан эх Д.Ц нь өндөр настай ажил төрөл хийх боломжгүй, гэртээ охиныхоо хүүхдийг хардаг. Хариуцагч Я.А гэнэтийн их өрөнд орсоны улмаас энэ гэр бүл маш их хохирч байгаа. ... гэрээнд алдангийн хэмжээг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 0,5 хувиар тооцсон, зээлийн хүүг зах зээлийн ханшнаас илт өндөр 5 хувиар тогтоосон нь зэрэг нь хариуцагч нарыг төөрөгдүүлсэн шинжтэй, маш хохиролтой заалт болсон. Өнөөдөр аль ч банк, бусад зээлийн байгууллагын хүү 1-2 хувьтай байгаа. Иймд хариуцагч нарын ар гэрийн хүнд хэцүү байдал, зээл, алдангийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, алдангиас чөлөөлж өгнө үү. Хариуцагч нар нь зээлийн төлбөрт нийт 2,630,000 төгрөг төлсөн ба энэ мөнгийг үндсэн зээлээс хасаад 18,370,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үүнээс илүү хүү, алданги төлөх боломжгүй ...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Я.Анарт холбогдуулж зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 10,223,114 төгрөг, алданги 15,611,557 төгрөг нийт 46,834,671 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 18,370,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг буюу зээлийн хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодруулбал нэхэмжлэгч Г.Ж, хариуцагч Я.А нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээл, барьцааны гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 21,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Я.А өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ.

 

Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг зээлийн гэрээ нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрээнд хүү, алдангийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, зээлдэгч нарын амьдарлын түвшин доогуур, зээл төлөх чадваргүй байдалтай холбон тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн  282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.” гэж заасан. 

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны депозит дансны хуулга болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 21,000,000 төгрөгийг хариуцагч Я.А банкин дахь дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна.

 

Гэрээнд зээл, зээлийн хүүг сар тутам төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 480,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 1,400,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчээс зээлдэгч нарт холбогдуулж гаргасан шаардлага үндэслэлтэй байна. 

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, талуудын байгуулсан гэрээний 2.3-т “зээлийн хүү сарын 5 хувь”, 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн хүү, алданги шаардах эрхтэй ба хариуцагч нарыг зээлийн хүү, алдангиас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөр 10,223,114 төгрөг, алданги 15,611,557 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгах, чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, шүүхэд баримтаар оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт болон ХААН банкны зээл, хадгаламжийн хүүгийн лавлагаа, танилцуулга зэргийг гаргажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасан ба шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, Төв банкны зээлийн хүү, шимтгэл, хураамжийн тухай цахим мэдээлэл, Хаан банкны зээл, хадгаламжийн хүүгийн мэдээлэл болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хариуцагч нарын төлөх зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгах боломжтой гэж үзэв.

Хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаанд төлсөн нийт 2,630,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцоход зээлийн хүүгийн төлбөр 9,970,000 төгрөг, алданги 15,485,000 төгрөг болох боловч шүүх хариуцагчийн төлөх зээлийн хүүгийн төлбөрийг 5,040,000 төгрөг, алдангийг 6,500,000 төгрөг болгон багасгав.

 

Иймд хариуцагч Я.А нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 21,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,040,000 төгрөг, алдангид 6,500,000 төгрөг нийт 32,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,294,671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Нэхэмжлэгч Г.Ж, хариуцагч Я.А нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 22а байр 27 тоот, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбай орон сууцыг барьцаалсан бөгөөд энэхүү гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна. 

           

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А нараас нэхэмжлэлийн хангасан дүн болох 32,540,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.А нараас 32,540,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14,294,671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.А нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 22а байр 27 тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А нараас улсын тэмдэгтийн хураамж 320,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж олгосугай.

 

  1. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЛХАГВАСҮРЭН