Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01181

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 757 дугаар магадлалтай

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“С” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт 270 055 217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч” ХХК нь “С” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2466/01/СС-2014 тоот зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр, 306 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг зээл Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банктай байгуулсан гурван талт гэрээний дагуу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдсон зээл юм. Зээлдэгч үйл ажиллагааны онцлог, төлбөрийн чадварын байдалтайгаа уялдуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг банкны зүгээс хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 49 208 471 төгрөг, хүүнд 54 731 299 төгрөг, төслийн нэмэлт хүүнд 1 380 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 321 615 төгрөг, нийтдээ 106 641 755 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 16.2 дахь хэсэгт заасан гэрээний хавсралт хэсэг болох зээлийн эргэн төлөлтийн хуваариа байнга зөрчсөөр байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч “С” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 256 791 521 төгрөг, хүүг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцож 10 148 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 115 057 төгрөг, нийт 270 055 217 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн тул үндсэн зээлээс хасч тооцож болно.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний дагуу 306 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Мөн зээлд 106 641 755 төгрөг төлсөн, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, төлбөр төлөх мэдэгдлүүдийг хүлээн авсан гэдэгт маргахгүй. Эдийн засгийн байдлаас хамаарч төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй. Энэ зээлийн гэрээнд төслийн хүүг тооцож авах тухай байхгүй тул төлөх зээлээс хасч тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “С” ХХК-иас 236 899 712 төгрөг гаргуулж, Чинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 155 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг П.Нарантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015543 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г байр 1 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Батмандах, Д.Алтангэрэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021398 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр 13 тоотод байрлах 42 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, П.Эрдэнэбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019302 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 93 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Барилгын гадаргууг цэвэршүүлсэн болон ионжуулсан усаар угаадаг тэргэнцэр дээр суурилсан Англи улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж 6 ширхэг, Америкийн нэгдсэн улсын Ну Стар компанийн үйлдвэрлэсэн автомат төхөөрөмж 1 ширхэг, Бүгд найрамдах хятад улсын Мэнтолл брэндийн өргөгч зэргээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 722 903 төгрөгөөс илүү төлсөн 144 477 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 1 412 648 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 757 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 95 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчийн зүгээс магадлалын зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний төлбөрт 258 280 075 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ хүүгийн бодолтын тооцооллын алдаа гаргаж хариуцагчаас 1 сая төгрөгийг илүү тооцон нэхэмжилсэн. Иймд Хариуцагчийн зүгээс 2018 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулан өгөхөөр шийдвэрлэсэн 236 899 712 төгрөгөөс тооцооллын алдаа гарган илүү бодсон 1 сая төгрөгийг хасуулах хүсэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар хэлэлцэгдэх С.Бумангэрэл, Б.Батболд нарын нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүд холбогдох хэрэгт нэхэмжлэгч С.Бумангэрэлийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд тус хоёр шүүх хурлын тов давхацсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох, талуудыг мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт гаргаж нотлох баримтуудыг хавсарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч миний хүсэлтийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг олгоогүйгээс гадна өмгөөлүүлэгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхэд халдсан гэж үзэж байна.

Мөн хэргийг шийдвэрлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэхдээ “өмгөөлөгч үндэслэл бүхий шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан атал хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэх гэж байгаа явдал нь шүүгч илтэд хариуцагчийн талд ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж байна” хэмээн тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй. Харин шүүгчээс уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь зохигчид шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш хэмээн тайлбарласан.

Дээрх нөхцөл шалтгаануудын улмаас хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу энэхүү хяналтын шатны шүүхэд гомдлыг гаргаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 757 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “С” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 250 055 217 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “3ээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч “Ч” ХХК зээлдэгч “С” ХХК-д жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох төслийн хүрээнд Барилгын цонх болон шил, чулуун гадаргууг цэвэрлэх үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн зориулалтаар 306 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7%-ийн хүүтэй   зээлдүүлэхээр, зээлдэгч нь зээлийг хүлээн авч, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний дагуу зээлдэгч 306 000 000 төгрөгийг хүлээн авч, гэрээний үүрэгт 106 641 755 төгрөгийг төлсөн боловч 2016 оноос төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үндэслэлээр гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний  17, 21.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас 236 899 712 төгрөгийг хангаж, үлдэх 13 155 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгч нь хүүгийн бодолтын тооцооллын алдаа гаргаж хариуцагчаас 1 000 000 төгрөгийг илүү тооцож нэхэмжилсэн...” гэж тайлбарлах боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн, гомдлын энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэрэг хянан шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүх хариуцагчийн “...өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, ...шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох эрх”-ийг хангуулахаар шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...өмгөөлөгч Захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэл дурдаж, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцохоор шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт дахин гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т зааснаар шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх бөгөөд шүүх энэхүү эрхээ хэрэгжүүлэхийг нь хангаж хариуцагчид өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох боломжийг удаа дараа олгосон, түүнчлэн хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаагүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтыг зөрчөөгүй тул мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчлан тогтоосон бөгөөд шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх бүрэлдэхүүн, ...шүүгчийг татгалзан гаргах эрхтэй ба энэ эрхээ хуульд заасан дэгийн дагуу хэрэгжүүлнэ.

Хуулийн 103 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг зарлан,  ..тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгсний дараа татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хуралдааны энэ үе шатанд хэргийн оролцогчид шүүгчээс татгалзан гаргах хүсэлт байхгүй гэснийг үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, дараагийн үе болох нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар гаргасан хүсэлтийг хэлэлцэж, хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн дээрх шийдвэртэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзсныг анхан болон давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн татгалзал шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн, хүсэлтийг хуульд заасан журмаар гаргасан гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 757 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД