Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 757

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00757

 

 

“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 270 055 217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Болдбаатар, Л.Шагдарсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Буяндаваа

Хариуцагчийн өмгөөлөгч: Ү.Амарбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧХБ нь “С” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2466/01/СС-2014 тоот зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр, 306 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг зээл Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банктай байгуулсан гурван талт гэрээний дагуу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдсон зээл юм. Зээлдэгч үйл ажиллагааны онцлог, төлбөрийн чадварын байдалтайгаа уялдуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг банкны зүгээс хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлийн төлбөрт 49 208 471 төгрөг, хүүнд 54 731 299 төгрөг, төслийн нэмэлт хүүнд 1 380 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 321 615 төгрөг, нийтдээ 106 641 755 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 16.2 дахь хэсэгт заасан гэрээний хавсралт хэсэг болох зээлийн эргэн төлөлтийн хуваариа байнга зөрчсөөр байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч “С” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 256 791 521 төгрөг, хүүг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцож 10 148 639 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 115 057 төгрөг, нийт 270 055 217 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн тул үндсэн зээлээс хасч тооцож болно.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу 306 000 000 төгрөгний зээл авсан нь үнэн. Мөн зээлд 106 641 755 төгрөг төлсөн, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, төлбөр төлөх мэдэгдлүүдийг хүлээн авсан гэдэгт маргахгүй. Эдийн засгийн байдлаас хамаарч төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй. Энэ зээлийн гэрээнд төслийн хүүг тооцож авах тухай байхгүй тул төлөх зээлээс хасч тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “С” ХХК-иас 236 899 712 төгрөг гаргуулж, ЧХБинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 155 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг П.Нарантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015543 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г байр 1 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Батмандах, Д.Алтангэрэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021398 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр 13 тоотод байрлах 42 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, П.Эрдэнэбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019302 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 93 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Барилгын гадаргууг цэвэршүүлсэн болон ионжуулсан усаар угаадаг тэргэнцэр дээр суурилсан Англи улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж 6 ширхэг, Америкийн нэгдсэн улсын Ну Стар компанийн үйлдвэрлэсэн автомат төхөөрөмж 1 ширхэг, Бүгд найрамдах хятад улсын Мэнтолл брэндийн өргөгч зэргээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 722 903 төгрөгөөс илүү төлсөн 144 477 төгрөгийг улсын орлогос буцаан гаргуулж, хариуцагчаас 1 412 648 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

            Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний төлбөрт 258 280 075 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ хүүгийн бодолтын тооцооллын алдаа гаргаж хариуцагчаас 5 000 000 төгрөгийг илүү тооцон нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хариуцагчаас 236 899 712 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тооцооллын алдаа гарган илүү тооцсон 5 000 000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, талуудыг мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт гаргаж нотлох баримтуудыг хавсарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хүсэлтийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмгөөлүүлэгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхэд халдсан гэж үзэж байна.

Хэргийг шийдвэрлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэхдээ "өмгөөлөгч үндэслэл бүхий шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан атал хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэх гэж байгаа явдал нь шүүгч илтэд хариуцагчийн талд ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж байна" хэмээн тайлбарласан. Харин шүүгчээс уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь, зохигчид шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш хэмээн тайлбарласан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 270 055 217 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгч, тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарласан. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг удаа дараа хангаж, товлогдсон шүүх хуралдааныг нийт 5 удаа хойшлуулж байжээ. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс татгалзах, өөр өмгөөлөгч авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй.

 

Мөн шүүх хуралдааны шатанд шүүгчийг татгалзан гаргах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь “Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон” шалтгаанаар шүүгчийг татгалзан гаргах тухай шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй. Иймээс шүүгч хүсэлтийг хуульд заасан журмаар гарсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хэргийн оролцогч нарт хандаж татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад байхгүй гэж зохигчид хариулсан байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 306 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар зээлдэгчид зээлдүүлэхээр тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн байх бөгөөд мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр зээлийн барьцаанд П.Нарантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015543 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г байр 1 тоотод байрлах 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.Батмандах, Д.Алтангэрэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021398 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 8/2 дугаар байр 13 тоотод байрлах 42 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, П.Эрдэнэбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019302 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байр 93 тоот хаягт байрлах 40 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Барилгын гадаргууг цэвэршүүлсэн болон ионжуулсан усаар угаадаг тэргэнцэр дээр суурилсан Англи улсад үйлдвэрлэсэн төхөөрөмж 6 ширхэг, Америкийн Нэгдсэн Улсын Ну Стар компанийн үйлдвэрлэсэн автомат төхөөрөмж 1 ширхэг, Бүгд Найрамдах Хятад Улсад үйлдвэрлэсэн Мэнтолл брэндийн өргөгч зэрэг тоног төхөөрөмжүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49 208 471 төгрөг, зээлийн хүү 54 731 299 төгрөг, төслийн нэмэлт хүүд 1 380 362 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 1 321 615 төгрөг нийт 106 641 755 төгрөг төлсөн болон эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримтуудын хувьд талууд маргаагүй.

 

            Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоосон тул нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 236 791 521 төгрөг, зээлийн хүү 1 382 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106 003 төгрөг, нийт 238 280 074 төгрөгөөс төслийн хүүд төлсөн 1 380 362 төгрөгийг хасч 236 899 712 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай байх боловч энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн уг асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Скай профешнл” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 95 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА