Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

   

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Б.Төмөрчөдөр,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ч О-т холбогдох эрүүгийн 1834003680300 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв. 

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Ч О, Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 14-282 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5 сар 1 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэв. 

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.О нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутагт Б.Төмөрчөдөрийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны  04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч Г.Цэрмаа нь “хохирогч Б.Төмөрбаатар, Оыг хутгалсан” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дашзэвэг гуайнд архи уусан, гэрийн баруун талд орны урд сууж байсан. Төмөрчөдөр намайг хутгалхаар нь би босож ирээд түлхтэл баруун урагшаа унасан. Босож ирхэд нь хартал нүднийх нь тэнд шалбарсан байсан. Тэгээд хутгыг нь хайтал алга болчихсон байсан, маргааш өглөө нь би хутгалсан хэсгээрээ боосон байсан футболкоо үнсэнд хаясан. Би маргааш нь хэлхэд царай нь сонин болсон. Өдөр нь 4 үүлээ яваад архи ууж байхад нүд нь зүгээр байсан. Харин тэр үед нөгөө хутга нь өөрт нь байсан тэгээд салцгаасан” гэв.

Хохирогч Б.Төмөрчөдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 31-ны өдөр орой Ч.О манайд ирээд архи уусан, орой тэр өвгөнийд очиж архи уусан. Тэгээд байж байтал Ч.Отгонбаатрын ирсэн машин нь яваад өгсөн. Тэр үед Ч.О чи машин явуулчихлаа гээд намайг цохиод би аккумлятор дээр нүдээрээ унасан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-09 тал/, хохирогч Б.Төмөрчөдөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-14, 150-151 тал/, гэрч Б.Дашзэвэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-20 тал/, гэрч Л.Түмэндолгороос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-23 тал/, гэрч Г.Цэрмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-25, 2-р хавтас хх-13, 40, 57-58 тал/, гэрч Б.Хүрэлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26-27/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №321 дугаар дүгнэлт /хх-29 тал/, Б.Төмөрчөдөрийн өвчний түүх/хх-31-41 тал/, Ч.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-50 тал/, Ч.Оын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-60-65 тал/, гэрч С.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-152-153 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №334 дугаар дүгнэлт /2-р хавтас хх-11-12 тал/, гэрч Г.Цэрмаа, Л.Түмэндэлгэр нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-25 тал/, гэрч С.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-59-60 тал/, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай прокурорын тогтоол/хх-48 тал/зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ч.О нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутагт Б.Төмөрчөдөрийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны  04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч Г.Цэрмаа нь хохирогч Б.Төмөрбаатар, О-ыг хутгалсан гэж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Б.Төмөрчөдөрийн “...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орой үхэр сааж байхад О танихгүй цагаан өнгийн машинтай танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт ирээд Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи хувааж уучихаад намайг аваад засмал зам руу явсан. Тэгээд замдаа Даш гэдэг айлаар ороод байж байхад жолооч залуу нь О тэр эмэгтэй хоёрыг хаячихаад яваад өгсөн тэгтэл О над руу чи манай жолоочийг явуулчихлаа гээд гараараа нүүр лүү нэг удаа цохисон тэгээд би унахдаа баруун нүдээрээ дэргэд байсан машины аккумляторыг баруун нүдээрээ мөргөсөн тухайн үед надаас гуйгаад байхлаар нь би цагдаад хэлээгүй юм.  ...Миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон тэгээд унахдаа баруун нүдээ сохорсон” гэх мэдүүлэг /хх-12 тал/, ...Тэгж байтал намайг О чи жолооч явуулчихсан юм уу гэж хэлээд намайг гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд л миний нүд сохорсон байгаа. Би цохиулаад унахдаа аккумлятор мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг /хх-151 тал/, 

Гэрч Б.Дашзэвэгийн: “ ... би гэртээ шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь бостол Төмөрчөдөрийн баруун нүднээс нь цус гарчихсан байсан тэгээд манайхаас мотоцикльтой Төмөрчөдөр, О тэр хүүхэн Төмөрчөдөрийн хүүхэдтэй сундлаад манайхаас өглө 09 цагийн үед гараад явцгаасан. Харин жолооч нь урьд орой нь манай гадаа ирчихээд ганцаараа шууд яваад өгсөн юм. Би тухайн үед унтаж байсан тэр талаар сайн мэдэхгүй байна. Тэр шөнө манайд Төмөрчөдөр, О тэр танихгүй хүүхэн, Төмөрчөдөрийн хүүхэд манай эхнэр тэгээд би байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Гэрч Л.Түмэндэлгэрийн: “ ... Тэгээд О Төмөрчөдрөөс өр нэхээд л байх шиг байсан юм. Тухайн үед тэр хоёр манай гэрийн зуухны баруун урд сууж байсан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед О Төмөрчөдөрийг гараараа нүүрэнд нь цохих шиг болсон. Тэгээд Төмөрчөдөрийн нүүрнээс цус гараад байсан. Тэгээд байж байгаад унтацгаасан. Өглөө 10 цагийн үед бүгд манай гэрээс гараад явсан юм. ...Тэр хоёр манай гэрийн баруун урд газар сууж байгаад О шалдан гараараа Төмөрчөдөрийн нүүрэнд нэг удаа л цохисон. ... Тухайн үед Төмөрчөдөр ёолоод баруун нүднээс нь цус гараад байсан. Тухайн үед эмнэлгийн тусламж аваагүй” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Б.Хүрэлмаагийн: “ ... Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдээ сургуульд өгөх гээд Дундговь аймгийн төвд ирээд байж байтал манай төрсөн ах Төмөрчөдөр над руу утсаар залгаад ах нь хүнд зодуулчихлаа миний нүд рүү цохьчихоод зугатаагаад явчихлаа гэсэн мөн би одоо 3 настай хүүхдийнхээ хамтаар байна гэж байсан. Машин олоод яваад Довын гуанз гэх газар байсныг аваад шууд Улаанбаатар хот авч ороод 3 дугаар эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн. Довын гуанз дээр очиход нэг гуанзны үүдэнд хэвтчихсэн байж байсан. Баруун талынх нь нүд нэлээн улайчихсан хавдчихсан байсан өөрөөр ямар нэгэн гэмтэл тухайн үед байгаагүй” гэх мэдүүлэг /хх-27 тал/, 

Гэрч С.Мягмарсүрэнгийн: “ ... Тэгтэл 2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 16 цагийн орчим над руу Төмөрчөдөрийн эгч утасдаад Төмөрчөдөр нүдээ сохолуулчихсан юм шиг байна замын колонк дээр байна гэхээр нь би очоод нөхрөө аваад шөнөдөө Улаанбаатар хот ороод 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд өглөө нь буюу 02-ны өглөө хагалгаанд орсон байгаа. Тухайн үед надад хэлэхдээ От цохиулаад нүдээ сохолчихлоо гэж байсан мөн сүүлд архи уусан гэх Даш гэх айлд ороод асуусан чинь Төмөрчөдөр зүгээр сууж байхад О чи унаа явууллаа гээд цохиод авсан гэж ярьж байсан. О давтан хэрэгтэй би шууд шоронд явах гээд байна гэж гуйгаад байсан юм. Хэрвээ чи ойчсон гээд хэлчих юм бол торгууль л ирнэ тэр торгуулийг нь би төлнө чамд ямар ч асуудалгүй гээд гуйгаад байсан бөгөөд миний хувьд бол тэрийг нь зөвшөөрөөгүй юм. Тэгж байтал шүүх хуралд орохын өмнө манай нөхөртөө уулзаад ингээд гуйгаад байхаар нь манай нөхөр зөвшөөрчихсөн юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-153 тал/,

Гэрч Г.Цэрмаагийн: “ Эхэлж мэдүүлэг өгөхдөө О надад хэлэхдээ “бид хоёр хоорондоо тохирчихсон учраа олчихсон намайг цохисон талаар битгий хэлээрэй.” гэж байсан тэгээд л би эхний мэдүүлэг дээрээ цохисон талаар хэлээгүй. О битгий хэл бид хоёр учраа олчихсон гэсэн учир л тэгж хэлсэн байгаа. Миний хувьд худлаа хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд шүүх дээр өгсөн мэдүүлэг зөв” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-40 тал/,

Гэрч Г.Цэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-25 тал/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл/хх-225-244 тал/,

Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №321 дугаартай 1. Б.Төмөрчөдөрийн биед баруун нүдний сохрол гэмтэл тогтоогдлоо. 2.3.5. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 7.31.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-29 тал/,

Б.Төмөрчөдөрийн өвчний түүх /хх-31-40 тал/, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай прокурорын тогтоол/хх-48 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад баримттай харьцуулах, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэхэд тухайн хэрэг учрал гарах цаг хугацаанд буюу дүгнэхэд:

Гэрч, хохирогчийн удаа дараагийн мэдүүлэгт хэрэг учрал гарсан гэх цаг хугацааны өмнө хохирогч Б.Төмөрчөдөр нь ил харагдах шарх, бэртэл гэмтэлгүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутагт Б.Дашзэвэг гэх айлд Ч.Отай цуг байх хугацаандаа  буюу Ч.О хохирогч Б.Төмөрчөдөрийн нүүрэн тус газар цохьсны улмаас унаж баруун нүдний сохрол гэмтэл бүхий хүнд гэмтэл авсан байна.

Уг гэмтэл авсны дараа буюу 2017 оны 9 сарын 2-ны өглөө 7 цаг 51 минутад “Нүдний эмгэг судлалын тасагт” хэвтэж нүдний хагалгаанд орж 2017 оны 9 сарын 6-ны өдөр эмнэлгээс гарчээ. /хх-31-40 тал/

 Хохирогч Б.Төмөрчөдөр нь шүүгдэгч Ч.Оын гуйснаар тухайн үед Цагдаагийн байгуулагад хандаагүй боловч тухайн өдөр хохирогч Б.Төмөрчөдөр нүдэндээ гэмтэл авсан талаар шүүгдэгч маргадаггүй боловч  “Төмөрчөдөр өөрөө унаж нүдний гэмтлээ авсан. Төмөрчөдөр намайг хутгалсан” гэдэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар няцаагдаж байна.

Гэрч Б.Дашзэвэгийн: “Маргааш өглөө нь бостол Б.Төмөрчөдөрийн баруун нүднээс нь цус гарчихсан байсан тэгээд манайхаас мотоцикльтой Төмөрчөдөр, О тэр хүүхэн Б.Төмөрчөдөрийн хүүхэдтэй сундлаад манайхаас өглөө 09 цагийн үед гараад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Гэрч Л.Түмэндэлгэрийн: “О,  Б.Төмөрчөдөрийг гараараа нүүрэнд нь цохих шиг болсон. Тэгээд Б.Төмөрчөдөрийн нүүрнээс цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч С.Мягмарсүрэнгийн: “ ... Тэгтэл 2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 16 цагийн орчим над руу Б.Төмөрчөдөрийн эгч утасдаад Б.Төмөрчөдөр нүдээ сохолуулчихсан юм шиг байна замын колонк дээр байна гэхээр нь би очоод нөхөрөө аваад шөнөдөө Улаанбаатар хот ороод 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд өглөө нь буюу 02-ны өглөө хагалгаанд орсон байгаа. Ч.О давтан хэрэгтэй би шууд шоронд явах гээд байна гэж гуйгаад байсан юм. Хэрвээ чи ойчсон гээд хэлчих юм бол торгууль л ирнэ тэр торгуулийг нь би төлнө чамд ямар ч асуудалгүй гээд гуйгаад байсан бөгөөд миний хувьд бол тэрийг нь зөвшөөрөөгүй юм. Тэгж байтал шүүх хуралд орохын өмнө манай нөхөртөө уулзаад ингээд гуйгаад байхаар нь манай нөхөр зөвшөөрчихсөн юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-153 тал/,

Гэрч Г.Цэрмаагийн: “О надад хэлэхдээ “бид хоёр хоорондоо тохирчихсон учраа олчихсон намайг цохисон талаар битгий хэлээрэй.” гэж байсан гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Оаас хэрэг учрал гарсны дараа буюу 2017 оны 9 сарын 4-ны өдрийн байдлаар 296950 төгрөг, 2017 оны 10 сарын 6-ны өдөр хохирогч Б.Төмөрчөдөрийн зээл 210000 төгрөг, 2017 оны 10 сарын 6-ны өдөр хохирогч Б.Төмөрчөдөрийн хадам ээж гэх Б.Оюунчимэгийн дансанд 1800000 төгрөг, 9 сарын 4-ний өдөр эхнэр Мягмарсүрэнд 400000 төгрөгийг тус тус төлж байсан баримтуудаар няцаагдаж, Б.Төмөрчөдөр шүүгдэгчийг хутгалсан гэх талаар гэрч хохирогч нар мэдүүлээгүй байна.

Ч.О нь өөрийн найз гэрч Г.Цэрмааг мөрдөн байцаалтын шатанд ятгаж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн нь шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Л.Түмэндэлгэр, Мягмарсүрэн нарын мэдүүлэг, хохирогч Б.Төмөрчөдөрийн мэдүүлэг, эрүүгийн хэргийг тусгаарласан тогтоол хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогддог.

 

Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэг

Шүүгдэгч Ч.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.Оын хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэрч Г.Цэрмаагаар хохирогч Б.Төмөрбаатар, Ч.О-ыг хутгалсан гэж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүх Ч.Оыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Шүүх шүүгдэгч Ч.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан санал Эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны байх, гэм буруугийн зарчим болон Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж,

2016 оны 10 сарын 21-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 8 сарын 31-ний өдөр шинээр гэмт хэрэг үйлдсэн тул тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаандаа буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Төмөрчөдөр “нүдний хагалгаанд орох тул энэ зардалаа нэхэмжилж байна.” гэсэн боловч хэрэгт нотлох баримтгүй тул шүүгдэгч Ч.Оыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бэлнээр 1000000 төгрөг, шилжүүлэг 1800000 төгрөг, эхнэр Мягмарсүрэнд нь 600000 төгрөг, хохирогчийн зээл 210000 төгрөг нийт 3.610.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргадаггүй тул   шүүгдэгч Ч.О-аас гаргуулах хохирол төлбөргүй байна.

Харин хохирогч Ч.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болно.

               

Шүүгдэгч Ч.О-ын энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоног, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоног, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 51 хоног, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 75 хоног, нийт цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Ч О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

   гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ч. О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялтай дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 гурав сарын хугацаагаар хорих ялыг,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.О-ын нийт эдлэх ялыг 7 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан 7 /долоон/ жил 4 /гурван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ын цагдан хоригдсон 148 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2020 оны 05 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүйг, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Төмөрчөдөрт гаргуулах хохиролгүй, хохирогчид 3610000 төгрөг төлсөн, хохирогч Б.Төмөрчөдөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОТГОНЖАРГАЛ