Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 238

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: УН ХХК

Хариуцагч: СХДЗД, СХДГА

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СХДГА-ны УН ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, УН ХХК-ийн өргөдөлд дурдагдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч СХДГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гэрч П.Ө, Л.С, Ю.О, Э.Б Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч УН ХХК 2014 он, 2016 онуудад СХДГАнд үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

СХДГА УН ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг судлаад 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 651 тоот хариу мэдэгдэх хуудсандаа “... дуудлага   худалдаа ,   төсөл   шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”

гэж хариу өгсөн.

Манай компани газрын албаны дуудлага худалдаа, төсөл шалгаруулна гэсэн хариуг аваад хэзээ СХДЗД сонгон шалгаруулалтаа явуулахыг хүлээж байсан.

Ингээд дахин СХДГАнд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хандахад 433 тоот хариу мэдэгдэх хуудсандаа Нийслэлийн өмчийн газар тул холбогдох байгууллагад нь хандахыг зөвлөсөн.

Газрын албанд 2014 онд газар хүссэн өргөдөл гаргахад газрын албаны байцаагч н.О газар дээр нь ирж үзээд “Танайд олгох боломжтой, та нар ингэж хашаагаа хатга, удахгүй гэрчилгээ олгоно” гэж хэлсэн.

Мөн СХДГАны дарга Э.Б уулзахад “олгох боломжтой” гэж байсан.

УН ХХК газрын албаны байцаагч н.О заасан хэмжээгээр хашааны суурь цутгаж , блокоор 13.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 1680 м.кв талбайд 2014 онд хашаагаа хатгасан болно.

СХДГА нь манайд газар олгох боломжгүй, манай эрх хэмжээний асуудал биш гэж хариу өгч байсан мөртлөө иргэн Ц.А-гийн он, сар, өдөр нь тодорхойгүй хүсэлтийг хүлээн авч манай блокоор хашаалсан 1680 м.кв талбайг дамнуулан 2307 м.кв газрыг ашиг сонирхлын зөрчлөөр олгосон болохыг олж мэдсэн.

СХДГА-ны бидэнд өгөөд байдаг “ ...дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ“ гээд байсан зарчмаасаа ухарч Ц.А гэдэг этгээдэд газар олгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заагдсан зарчим болох “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн зарчмыг зөрчсөн болох нь харагдана.

СХДЗД-д СХДГА-наас Ц.А гэгч этгээдэд газар эзэмшүүлэхээр боловсруулсан төслөө явуулахдаа “...дуудлага худалдаа, төсөл шалгаруулах” зарчмаа танилцуулаагүйгээс гадна УН ХХК энэхүү газрыг хүсэж байгаа талаар огт дурьдаагүй байгаа нь Газрын албаны байцаагч нарын газар наймаалах, дамлан худалдах арга хэрэгслийн нэг шалгарсан хувилбар гэж үзэж байна.

Нэхэмжлэгч УН ХХК нь анхны нэхэмжлэлдээ газрын албаны газар олгоогүй эс үйлдэхүйг хангалттай дурьдсан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын энэхүү хууль бус шийдвэр нь УН ХХК-ийн газар эзэмших эрхийг хязгаарлаад зогсохгүй хууль бус шийдвэрээс болж орц гарцгүй болсон болохоо дурьдаж байжээ.“ гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч УН ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу компанийн үйл ажиллагаа явуулдаг газрын урд хэсэгт эвдрэл гэмтэлгүй, гуу жалга үүссэн нөхцөл байдалгүй, хэвийн ашиглах боломжтой газрыг эзэмшихээр хуульд нийцүүлэн хүсэлтээ гаргасан. 2014, 2016 онуудад 1680 мкв газрыг эзэмшихээр хүсэлтээ гаргаж, кадастрын зураг хийлгэсэн. Кадастрын зураг хийлгэх болсон шалтгаан нь Газрын албаны холбогдох мэргэжилтэн тухайн газарт очиж үзээд, ашиглуулах боломжтой гээд эргэлтийн цэгүүдийг зааж өгөөд кадастрын зураг хийлгэ гэж хэлсэн асуудал байдаг.  2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Шинэ кадастр ХХК-иар хашаа хатгасан хэмжээгээр, 5 эргэлтийн цэгтэйгээр  1684 мкв талбай бүхий, зургийг хийлгэсэн. Тухайн үед СХДГА-ны дарга байсан Э.Б Ц.А тус дүүргийн 20 дугаар хорооны газрын мэргэжилтэн байсан Ю.О байцаагчид УН ХХК-ийн газрыг зааж өг гэж хэлсний дагуу Л.С-гийн машинтай явж газар дээр нь очиж эргэлтийн цэгүүдийг зааж өгсөн. Үүний дагуу тухайн газар дээр блокон хашаа барьсан. Төрийн албан хаагч нь тухайн газрыг эзэмшүүлэх боломжтой гэж үзэж, удахгүй газрын гэрчилгээ гарна гэж хэлсэн байдаг.  Газрын албанд урьдчилаад эзэмших ашиглах хүсэлтээ гаргасан байтал Ц.А гэдэг хүнд тухайн газрыг олгосон байсан. Өөрөөр хэлбэл 2014 онд олгох ёстой, шийдвэрлэх боломжтой байсан газрыг СХДГА-наас шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ц.А-д тухайн газрыг олгосон байдаг.  

Ц.А-д тухайн газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь элэгдэлд ороод ашиглах боломжгүй болсон, гуу жалгатай байсан газрыг өөрийнхөө хөрөнгөөр тэгшилж авч байгаа Ц.А-д олголоо гэсэн агуулгатай байсан. УН ХХК нь ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа явуулахад том талбай шаардлагатай байдаг тул тухайн газрыг эзэмших хүсэлтийг гаргасан. Газрын тухай хуульд зааснаар бол хэн түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд газрыг эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр тус дүүргийн Газрын албанд хандахад Нийслэлийн Газрын албанд ханд гэсэн хариу өгсөн. Тус хариЦ.Аы дагуу  Нийслэлийн Газрын албанд хандахад тухайн газар нь бусдын эзэмшилд байна гэсэн хариу ирүүлсэн учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан. СХДГА нь нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр судлаад 651 тоот албан бичгээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Дуудлага худалдаа явагдах өдрийг нэхэмжлэгч компани хүлээж байсан. Мөн 430 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд хандахыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу хандахад тухайн газар нь ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар судалж үзээд хариу ирүүлнэ гэсэн байна. Ийм байдлаар Төрийн байгууллагууд энэ асуудлыг шийдвэрлэхгүй байж байгаад Ц.А гэдэг хүнд тухайн газрыг олгосон байсан. Ц.А нь газар хүссэн өргөдлийг өгөхдөө он саргүй бичилгүй өгсөн байдаг. Иргэнээс он, сар, өдөргүй өргөдөл авч байгаа нь луйврын шинжтэй. Дараа нь дуртай хугацаагаа тавиад, өмнө нь хүсэлтээ өгсөн мэтээр харагдуулж, хүсэлтийг завсар зайд нь шургуулах боломжтой харагдаж байна. Эзэмших хүсэлтээ хууль ёсоор гаргаж, хашаа хатгасан байгааг мэдсээр байж өөр хүнд эзэмшүүлж байгаа нь Газрын албаны хууль бус үйлдэлтэй холбоотой асуудал. УН ХХК-д эзэмшүүлнэ гэж хэлж тухайн газарт хашаа хатгуулан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа нь бусдын эзэмшилд шилжүүлж байгаа нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг зөрчиж байгаа явдал юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.А-гийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул СХДЗД 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2307 квадрат метр газар эзэмших эрх олгожээ. Захирамжийн дагуу дүүргийн Газрын алба 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж 00062******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч нь дээрх газрыг эзэмших хүсэлтээ 2014 онд гаргасан гэх боловч дээрх өргөдлөө нэхэмжлэгч буцаан авсан тул УН ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2014 онд гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Дээрх захирамж нь хууль тогтоомж, нэхэмжлэгч УН ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...Аливаа этгээд нь Газрын тухай хуульд заасан хүчин төгөлдөр эрхийн гэрээ гэрчилгээтэйгээр газар эзэмшиж ашиглана. 1680 м.кв газрыг хаана эзэмших гэж байгаа талаар өргөдөл, байршил нь байхгүй. Ц.Ад 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамжаар газар эзэмших эрхийг олгосон. Энэ нь ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцаагүй, зөрчилгүй байсан болохоор тухайн газрыг олгосон. Хээрийн судалгаа хийж, ямар  нэгэн зөрчилтэй байгаа эсэх талаар сайн судалсны үндсэн дээр газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гардаг. 1680 м.кв газар нь Ц.А-гийн эзэмшиж байгаа газартай давхцалгүй байгаа бол хүсэлтээ албан ёсоор дүүргийн Засаг даргад гаргах ёстой. Газар эзэмшүүлэх эрхийг дүүргийн Засаг дарга эдэлдэг болохоос биш дүүргийн Газрын алба шийддэггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч СХДГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай УН ХХК-ийн эзэмшлийн газар нь нийслэлийн Засаг даргын захирамжтай учир манай албанд тус аж ахуй нэгжийн захирамжийн хувийн хэргийн материалын бүрдэл байхгүй болно.

Иргэн Ц.А нь манай албанд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 6463 бүртгэлийн дугаараар газар эзэмших хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна.

СХДГА-нд УН ХХК нь 2014 оны 06 сарын 30-ны өдрийн 17 тоот албан бичгээр газар баталгаажуулах тухай хүсэлт ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг тухайн үед газар зохион байгуулагч байсан Ю.О шалгаж танилцан 2014 оны 08 сарын 28-ны өдрийн 651 тоот албан бичгээр хариу өгсөн байна.

Архивын материалыг шүүж үзэхэд иргэн аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, албан бичиг бүртгэх бүртгэлийн дэвтэрт УН ХХК-ийн хүсэлт бүртгэгдсэн, манай албанаас хариу явуулсан албан бичиг хадгалагдсан, тухайн аж ахуй нэгжээс ирүүлсэн хүсэлт материал нь архивт хадгалагдаагүй байна.

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 06/03 тоот албан бичгээр манай албанд газар эзэмших эрх баталгаажуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариуг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 433 тоот албан бичгээр тухайн үед газар зохион байгуулагч байсан Алтанх Ц.А газар зохион байгуулагч өгсөн байна.

Уг 2016 онд газар эзэмших хүсэлт гаргасан 10 хуудас материалаа УН ХХК-ийг төлөөлж Л.С буцаан хүлээн авсан байх тул архивын материалд хадгалагдсан бүртгэлийн хуудас, явуулсан албан бичиг, 2014 оны бүртгэлийн дэвтрийн хуулбар, явуулсан албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсралтаар шүүхэд хүргүүлсэн байна. Би СХДГА-нд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр томилогдон очсон. Намайг ажилдаа ороход Ц.А гэдэг хүний нэр дээр Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний А/377 дугаартай захирамж гарсан байсан. Би тэр захирамжийг үндэслэж Ц.А-д гэрчилгээ олгосон.” гэв.

Гуравдагч этгээд Ц.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.А нь СХДГА-нд 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар газар олгох хүсэлт гаргаснаар дээрхи газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжийн үндсэн дээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 00062******* дугаар гэрчилгээ гаргуулан, тухайн үеийн нэрээр дүүргийн өмч газрын харилцааны албатай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан сар бүр газрын төлбөрийг төлж байгаа ба газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан бөгөөд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хуулийн заалт зөрчөөгүй, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Харин манай газрын гэрчилгээ гарсны дараа уг газар дээр хашаа барьж үйл ажиллагаа явуулах гэхээр манай хажууд замын цаана байрлах эсгийний үйлдвэрийнхэн зам бүхий орц гарцыг өөрсдөө дур мэдэн хааж, манай эзэмшил газарт өөрсдөө ямар ч зөвшөөрөлгүй байж хашаа хатган, тухай үеийн газрын албаны дарга Б-д 40.000.000 төгрөг өгсөн миний өргөдлийг шийдвэрлэж өгнө гэсэн хэмээн дураараа аашлан одоо та нарын газрыг хүчингүй болгож авна гээд бидний. үйл ажиллагаанд саад учруулсаар байгаа билээ. Ингээд бид албан ёсоор газраа чөлөөлүүлэхээр 2017 оны 5 дугаар сард Дүүргийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу УН ХХК-д газар чөлөөлөх албан шаардлага өгсөн боловч өнөөдрийг хүртэл манай газар дур мэдэн хашаагаа барьсаар байгаа болно. Энэ бүх үйл явдал Иргэн Амгаланд газар эзэмшүүлэх зөвшөөрөл гарсны дараа болсон ба Газрын тухай хуульд зааснаар иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил болон өмчлөлийн газартай давхцалгүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй юм.

УН ХХК нь манай газрыг  2 дахин нийлүүлсэн 3200 м.кв талбай бүхий

хэмжээний газар эзэмшдэг гэсэн атлаа яагаад шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртлөө үүнийгээ нотлох баримтаа гаргаж өгөхгүй байгааг ойлгохгүй байна.

Иймд УН ХХК-ийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

“...Ц.А энэ газрыг эзэмшихдээ ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Карт дээр өргөдөл болон бусад бичиг баримтыг хэзээ, яаж хүлээж авсан талаар тодорхой тэмдэглэсэн байгаа. Газрын тухай хуульд тухайн газар нь тэр жилийнхээ ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байвал газар эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Маргаан бүхий газар нь 2015 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу ямар нэгэн газартай давхцаагүй байсан. Өөрөөр хэлбэл 2015 онд маргаан бүхий газрыг эзэмших тухай ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, эзэмшигч байгаагүй гэсэн үг. УН ХХК-иас газар баталгаажуулах тухай хүсэлт л ирүүлж байсан. Гэхдээ хаана байгаа ямар газрыг баталгаажуулахаар ямар хүсэлт өгсөн нь тодорхойгүй байдаг. Тухайн асуудалд 2014 онд хариу өгөөд хаачихсан. Ц.А-гийн зүгээс холбогдох бүх баримт бичгийг хуульд нийцүүлэн өгсний үндсэн дээр тухайн газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Тийм учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамжийн Ц.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангах үндэслэл байхгүй.

Мөн өргөдөл, хүсэлтээ өгөөгүй байгаа учраас УН ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 мкв газрыг эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах хэсэг нь СХДГАнд, СХДГА УН ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч УН ХХК-аас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СХДГА-ны  УН ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, УН ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар зэрэг баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч УН ХХК-ийн

гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/377 дугаар захирамжид холбогдуулан нэхэмжлэгчээс “...У ХХК 2014 он, 2016 онуудад СХДГА-нд үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.” гэж, хариуцагч СХДЗД “...нэхэмжлэгч дээрх газрыг эзэмших хүсэлтээ 2014 онд гаргасан гэх боловч дээрх өргөдлөө нэхэмжлэгч буцаан авсан тул УН ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2014 онд гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй...”, хариуцагч СХДГА “...2014 оны 06 сарын 30-ны өдрийн 17 тоот албан бичгээр газар баталгаажуулах тухай хүсэлт ирүүлсэн хүсэлтийг шалгаж танилцан 2014 оны 08 сарын 28-ны өдрийн 651 тоот албан бичгээр хариу өгсөн, 2016 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 06/03 тоот албан бичгээр газар эзэмших эрх баталгаажуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариуг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 433 тоот албан бичгээр өгсөн.” гэж маргажээ.

Нэхэмжлэгч УН ХХК-ийн 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны газраас 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 651 дугаар  албан бичгээр газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан.

УН ХХК-иас 2016 онд гаргасан газар эзэмших  хүсэлтийг  Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны  алба хүлээн авч, 4 дүгээр сарын 06-ны өдрийн 433 дугаар  албан бичгээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 10 хуудас баримт бичгийн хамт Л.С******* 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн бөгөөд Л.С******* шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... УН ХХК-ийн захирал Д.Б*******тэй хамт газар эзэмших хүсэлтийн хариу болон бичиг баримтуудыг авсан” гэж мэдүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч УН ХХК-иас Нийслэлийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргасныг Нийслэлийн Газрын албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/2188 дугаар  албан бичгээр “...хүсэлт гаргасан байршил нь бусдын эзэмшилд байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “бусдын эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн бөгөөд УН ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь Ц.А-гийн эзэмшил газартай давхцалтай гэж үзжээ.

Гуравдагч этгээд Ц.А-гийн газар эзэмших хүсэлтийг СХДГА 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар  захирамжаар гуравдагч этгээд Ц.А-д 2307 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь 1863230861******* нэгж талбарын дугаараар газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч УН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.А-д эзэмшүүлсэн газрыг өмнө нь эзэмших хүсэлт гаргаж байсан гэж маргаж байгаа боловч яг тухайн газрыг эзэмших хүсэлт, газрын байршлыг харуулсан зураг зэрэг баримтууд хариуцагчид хадгалагдаагүй, нэхэмжлэгчээс ирүүлээгүй, харин нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Шинэ кадастр ХХК-иар хийлгэсэн гэх нэгж талбарын баталгаажаагүй зургаар  Ц.А-д эзэмшүүлсэн газрыг түүнд эзэмшүүлэхээс өмнө эзэмших хүсэлт гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанаас УН ХХК-ийн 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно,” гэж заасан байдаг тул газар эзэмших эрх олгох боломжгүй” гэж, 

2016 онд гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 433 дугаар  албан бичгээр “...тус дүүргийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ бүхий 1 дүгээр бүсэд шинээр иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй байгаа тул хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг тус тус өгч байсан нь Газрын тухай хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч аль алинд нь гомдол гаргаж байгаагүй байна.

Мөн 2016 онд УН ХХК-иас газар эзэмших хүсэлт гаргах үед Ц.А одоогийн эзэмшиж байгаа газраа эзэмших эрхтэй болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Ц.А-д газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж нэхэмжлэгч УН ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсэг нэхэмжлэгч УН ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, мөн хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр СХДГА  УН ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй гэж үзэх боломжгүй, УН ХХК-ийн өргөдөлд дурдагдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж тухай бүрд нь хариу өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

УН ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 628 дугаар  захирамжаар хүсэлт гаргасан гэж маргаж буй газрын зэргэлдээ 3200 м.кв газар эзэмших эрхтэй бөгөөд уг газар 1863230864******* гэсэн нэгж талбарын дугаартайгаар газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгджээ.  Ц.А-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий захирамжийн улмаас  дээрх газрын орц гарц хаагдсан талаар маргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Түүнчлэн УН ХХК-иас маргаан бүхий газрыг хөрөнгө гаргаж хашаалснаас хохирол учирсан гэх маргааныг холбогдох шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УН ХХК-ийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, СХДГА-ны  УН ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, УН ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН