| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2017/0000/Э |
| Дугаар | 012 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 012
Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, аймгийн прокурор Т.Батсүх, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт, хохирогч Н.Ж, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Баяннуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Е овогт Ж.Б, РД:000000
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ө.Ж , РД:00000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Е овогт А.Т, РД:000000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Е овогт Т.Т, РД:00000.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, гурван дүүгийн хамт Баяннуур сумын 03 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт С.Е, РД:00000.
Шүүгдэгч Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд тус аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг “Битүү” гэдэг газарт хохирогч Н.Жанибекийн хээр зүсний 1 азарга, цавьдар зүсний 2 гүү, хохирогч Ш.Хадыханы хээр зүсний 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг хулгайлан нядалж /шүүгдэгч Ж.Бий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ хохирогч Н.Жанибект 2900000 төгрөг, хохирогч Ш.Хадыханд 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-наас мөн оны 11 дүгээр сарын 05-ны хооронд тус аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэдэг газар хохирогч С.А-ы 4 эр хонийг хулгайлж /шүүгдэгч Ж.Бий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрийн хооронд тус аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг “Сэвс” гэдэг газар хохирогч М.Сын 4 эм хонийг /шүүгдэгч Ж.Бий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ хулгайлж 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд тус аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг “Өнөр” гэдэг газар хохирогч А.Ж-ын хул зүсний 1 морь, хохирогч И.У-ы хээр зүсний 1 морийг тус тус хулгайлж /Т.Т, А.Т нар өөрсдийн мориороо тууж ирж Ж.Бд өгсөн ба Ж.Б аймагт авч ирж худалдсан/ А.Ж-т 600000 төгрөг, И.У-д 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд тус аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг “З” гэдэг газраас хохирогч М-ын Ф-А тамгатай зээрд морь, Ф-0 тамгатай хүрэн морь, бүгд 2 морийг хулгайлж /Бий дүү Ж.Б-ын мотоциклыг ашиглаж үйлдсэн ба 2 морийг Ж.Бд өгсөн/ 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.Төлеген, Т.Т нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баяннуур сумын 01 дүгээр багийн нутаг “Сэжигт” гэдэг газарт байрладаг хохирогч К.Е-ы өвөлжөөн дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч дотроос нь 8 килограмм ноолуурыг хулгайлж 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ө.Ж 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн Х.С-н хүрэн зүсний даагыг мөн багийн иргэн Х.Махаббатын адуун дотроос хулгайлж 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч С.Е нь Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нар 2016 оны 01 дүгээр 19-ний өдрийн 19-20 цагийн үед Баяннуур сумын “Б” гэдэг газарт 5 адуу хулгайлж нядалсан гэж мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр Ж.Б, А.Тө, Т.Т, Ө.Ж бүлэглэн 5 адуу хулгайлж нядлаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ө.Ж-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч С.Е-г худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. С.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож, түүний дундын өмч УАЭ-31512 маркийн БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Ж-ийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар бодож эдлэх ялаас 208 /хоёр зуун найм/ цагийг хасаж биеэр эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 192 /нэг зуун ерэн хоёр/ цагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх Ж.Б-д холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Ж.Б нь бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэн хулгайлаагүй байхад түүнийг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон асуудлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа юм. Үүнд:
1. Шүүгдэгч гэх Ж.Б-ыг анх уг эрүүгийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татсан үеэс эхлэн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг хүртэл өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж тогтвортой мэдүүлж ирсэн ба үүнийг анхаарч үзээгүй байна.
2. Шүүгдэгч А.Т, Т.Т нарын урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад эргэлзээтэй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь эрс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-ийн 1, 2, 3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Хэрэгт авагдсан А.Т, Т.Т нарын урьдчилсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч А.Т, Т.Т нараас мэдүүлэг авахад нэг хэв маягийг хуулбарласан байдлаар мэдүүлэг авсан нь эргэлзээтэй байна.
3. Шүүгдэгч Ө.Ж нь "Би Ж.Б-тай хамт огт хулгай хийж байгаагүй, ер нь хулгайн асуудлыг мэдэхгүй, энэ бол хилс хэрэг, анхан шатны шүүх хуралдаанд намайг цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлж байгааг анхаарч үзээгүй байна.
4. Олон тооны малаа хулгайд алдсан гэх хохирогч нарын мэдүүлэг эх сурвалж нь тодорхой бус, тэд хулгайд алдсан малаа шүүгдэгч Ж.Б хэзээ, хаана, хэдийд, ямар байдлаар хулгайлсан гэдгийг тодорхой мэдүүлж чадаагүй байна. Хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг нь зөвхөн шүүгдэгч А.Т, Т.Т нарын мэдүүлгийг давтан ярьж мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байна.
5. Тухайн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа тус аймгийн прокурорын газар зөвхөн нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Ж.Б-ий өмгөөлөгчөөс зарим хохирогч болон нэр бүхий гэрч нарыг асуух талаар удаа дараа гаргасан хүсэлтийг хангаагүй. Тухайлбал шүүгдэгч Ж.Б, өмгөөлөгч Я.Сьезд нар бид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хавтаст хэрэгтэй танилцан хэрэгт нэмж зохих ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргахад эрүүгийн хэргийг тэр өдөрт нь шүүхэд шилжүүлэх зэрэг хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн асуудал гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
6. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Хуат нь хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа зөвхөн нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан асуудлыг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1,5, 1.6 дахь хэсэгт заасан зүйлүүдийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаар тооцогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан шүүгдэгч А.Т, Т.Т, Ж.Б, Ө.Ж, гэрч С.Е нарын мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй явдалд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 тоот шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, шүүгдэгч Ж.Б-д холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Тогосын Батсүх би, Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад дор дурдсан үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл гаргаж байна.
Нэг. Хэргийн товч утга:
1. Яллагдагч Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд тус аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг “Битүү” гэдэг газарт хохирогч Н.Жийн хээр зүсний 1 азарга, цавьдар зүсний 2 гүү, хохирогч Ш.Хы хээр зүсмийн 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг хулгайлан нядалж /яллагдагч Ж.Бий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ хохирогч Н.Жт 2900000 төгрөг, хохирогч Ш.Х-д 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Яллагдагч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-аас мөн оны 11 дүгээр сарын 05-ны хооронд тус аймгийн Б сумын 1 дугаар багийн нутаг “Хуйган” гэдэг газар хохирогч С.А-ы 4 эр хонийг хулгайлж /яллагдагч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. Яллагдагч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрийн хооронд тус аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “Сэвс” гэдэг газар хохирогч М.С-ын 4 эм хонийг /яллагдагч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ хулгайлж 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
4. Яллагдагч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд тус аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг “Өнөр” гэдэг газар хохирогч А.Ж-ын хул зүсний 1 морь, хохирогч И.У-ны хээр зүсний 1 морийг тус тус хулгайлж А.Ж-т 600000 төгрөг, И.У-нд 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
5. Яллагдагч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд тус аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “Замын шоогуур” гэдэг газраас хохирогч М-ын Ф-А тамгатай зээрд морь, Ф-0 тамгатай хүрэн морь, бүгд 2 морийг хулгайлж /Ж.Б-ий дүү Ж.Бе-ын мотоциклыг ашиглаж үйлдсэн ба 2 морийг Ж.Б-д өгсөн/ 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
6. Яллагдагч А.Т, Т.Т нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б сумын 1 дугаар багийн нутаг “Сэжигт” гэдэг газарт байрладаг хохирогч Е.Е-ны өвөлжөөн дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч дотроос нь 8 кг ноолуурыг хулгайлж 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
7. Яллагдагч Ө.Ж 2015 оны 11 дүгээр сарын эхээр Б сумын 1 дүгээр багийн иргэн X.С-ийн хүрэн зүсний даагыг мөн багийн иргэн X.М-ын адуун дотроос хулгайлсан гэмт хэрэг,
8. Яллагдагч С.Е нь Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нар 2016-01-19-ний өдрийн 19-20 цагийн үед Б сумын Битүү гэдэг газарт 5 адуу хулгайлж нядалсан гэж мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2017-01-13-ны өдөр болсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нар бүлэглэн 5 адуу хулгайлж нядлаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон.
Хоёр. Эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоо:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ж.Б, Т.Т, А.Т нарыг 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Ө.Ж-ийг 2015 оны эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1, С.Е-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нарыг 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 5 сарын хугацаагаар, А.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар, Т.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосон байна.
Анхан шатны шүүхийн энэхүү шийтгэх тогтоолыг би дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь яллах дүгнэлт болон улсын яллагчийн дүгнэлтэд нийцсэн зөв шийдвэр болсон. Гэхдээ шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан нь хууль зөрчсөн буруу шийдвэр болсон гэж үзэж эсэргүүцэл бичиж байна.
1. Анхан шатны шүүх “Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдлээ.” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ харин ч хүнд буюу олон иргэний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд өсгөж үржүүлсэн олон тооны малыг олон удаагийн үйлдлээр, машин ашиглаж үйлдсэн байдаг. Мөн хувийн байдлын хувьд шүүхийн гэм буруугийн хуралдаан дуусах хүртэл хугацаанд огт гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаан эхлэхийн өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлоо төлөхөөр завсарлага авч байсан боловч нэг ч төгрөгийн хохирол төлөлгүйгээр хэргээ шийдүүлсэн байна. Шүүхийн “учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал” гэдэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалтыг журамласан шинжтэй болжээ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь тэр хуулиа л баримтлах ёстой болохоос хуучин шинэ хоёр хуулийг хольж хутгаж хэрэглэхийг ойлгохгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг баримталсан атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн “учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэдэг гипотезийг /нөхцөлийг/ баримталсан нь буруу юм. 2002 оны эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд...тэнсэж” гэж заасан байдаг.
2. Анхан шатны шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолын 19 дэх заалтад Ж.Б, Т.Т, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримталсан нь буруу бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэх учиртай.
Эдгээр үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүгдэгч Ө.Ж түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдлын агуулга: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Бахыт, шүүгдэгч Ө.Ж бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-т заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1. Өмгөөлөгч Т.Бахыт миний бие уг шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б сумын “Битүү” хэмээх газар хохирогч Н.Жийн 3, Ш.Х-ы 1, эзэнгүй 1 адууг хулгайлан нядалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь шүүгдэгч нар болох А.Т, Т.Т, С.Е нарын зөвхөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн, шүүгдэгч нарт ял халдаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байдаг.
Шүүгдэгч нарын урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад эргэлзээтэй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч Ө.Жагсалаг нь дээрх гэмт хэргийг огт үйлдээгүй гэдгийг эхнээсээ тууштай мэдүүлсээр ирсэн.
Шүүх нь шүүгдэгч Т.Тийн /1-р хх-ийн 171-180-р хуудас/, мөн шүүгдэгч А.Т-ий /1-р хх-ийн 184-192-р хуудас/, шүүгдэгч С.Е нарын мэдүүлгүүдийг үндэслэл болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж мөн “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан байдаг. Үүнийг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад анхаараагүй байна гэж үзэж байна.
Шүүгдэгч Т.Т, А.Т нар мөрдөн байцаалтын шатанд “...Тэнд Ж.Б өөрийн цагаан өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Аймгаас Б гэгч ченж 2 хүн дагуулж цагаан өнгийн портер машинаар ирсэн ба бид тэр адууг тууж ирсэн шөнө 22 цагийн үед цавьдар гүү, алаг гүүг нядалж ченж Б-ын машинд ачиж явуулсан. Үлдсэн 2 адууг өглөө нядалж Ж.Б өөрийн фургон машинд ачиж явсан ...” гэсэн мэдүүлгийг шүүх үндэслэжээ. Тэгвэл шүүгдэгч С.Е-ы өгсөн мэдүүлэгт Ж.Б-ий хажууд 2 залуу дагаж ирсэн /заримдаа 1 хүн дагаж ирсэн гэх/ гэж мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлгүүдийг мөрдөн байцаалтын шатанд тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй, мэдүүлгүүд нь харилцан адилгүй, зөрүүтэй байдаг. Шүүгдэгч нар өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байдаг. Харин үндэслэл болгосон бусад гэрч хохирогч нарын мэдүүлгүүд шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, дамжмал хов живийн чанартай, бусдаас сонссон гэх мөн адуугаа алдаж хайж байснаа мэдүүлсэн зэрэг баримтууд байна. Уг хэргийг мөрдөн байцаалтын явцад хэт нэг талыг /зөвхөн яллах талыг/ баримтлан шалгасан, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын удаа дараа гаргаж байсан хүсэлт, гомдлыг хүлээж авахаас татгалзан шийдвэрлэж байснаас болж, хэргийн бодит байдал үнэн зөвөөр тогтоогдоогүй байдаг боловч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн явдалд гомдолтой байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анх 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхээс шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд “...Цагаан өнгийн Портер маркийн машинаар 26-30 настай 3 хүн ирсэн” гэж мэдүүлсэн байдаг тул Б гэгч нь өөр бусад 2 залуугийн хамт уг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд буцаасан шүүгчийн захирамжид улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн боловч, Давж заалдах шатны шүүх захирамжийг хэвээр баталснаар мөрдөн байцаалтад очсон ч тодорхой ажиллагаа хийгдээгүй харин Бад холбогдох хэргийг тусгаарлаад дахин шүүхэд шилжүүлсэн боловч өмгөөлөгч нарын /Я.Сьезд, Т.Бахыт/ хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхэд мөн л анхан шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн 147 дугаартай захирамжаар “Хэргийг буруу тусгаарласан байна” гэсэн үндэслэлээр 2 дахь удаагаа буцаасан. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын хэргийг татаж авах талаар гаргасан хүсэлтийн дагуу дахин прокурорт буцаасан боловч урьд гаргасан тогтоолд үг үсгийн өөрчлөлт оруулснаар хязгаарлаж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Бусдын 5 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийн гэм бурууг шүүхээр тогтоолгох гэсэн бол 5 тооны адууны үнийг /хохирлыг/ 5 хүнд хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа 1 хүний хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлснээс болж шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Нэгэнт тусгаарлаж байгаа бол “...5 тооны адууг хулгайлсан" гэх үйлдлийг бүхэлд нь тусгаарлаж шалгасан байсан бол хэргийн үнэн бодит байдал тогтоогдох боломжтой байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Яагаад гэвэл шүүгдэгч нарын мэдүүлэгт байгаа Б гэх ченж болон түүнийг дагаж явсан 2 залуу болон Ж.Б-тай хамт ирсэн гэх 2 залуу энэ гэмт хэргийг үйлдэхэд ямар үүрэгтэй оролцсон эсэх нь тодорхой бус байхад бусад шүүгдэгч нарт ял халдаасан явдал нь өөрөө Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна.
2. Шүүгдэгч Ө.Ж намайг Ж.Б, Т.Т, А.Т нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б сумын “Битүү” хэмээх газар Н.Ж-ийн 3, Ш.Хы 1, эзэнгүй 1 адууг хулгайлан нядалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Бид нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шүүгдэгч нар болох А.Т, Т.Т, С.Е нарын нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн ял халдаасан юм. Энэ хэргийг мөрдөн байцаагч А.Хуат эхнээсээ тал бүрээс нь үнэн зөв шалган тогтоогоогүй харин нэг талыг баримтлан шалгасны харгайгаар шүүхийн өмнө хэрэгтэн болж байгаадаа гомдолтой байна. Дээрх 3 хүний мэдүүлгүүд нь хоорондоо огт ялгаагүй, компьютерт бичсэнийг хуулбарлан тавьсан мэдүүлэг гэдэг нь илт тодорхой харагдаж байна. Тэдний дээрх мэдүүлгүүдэд "...тэр өдөр аймгаас цагаан өнгийн Портер маркийн машинаар Б гэгч залуу, хажуудаа үл таних 2 залуугийн хамт ирсэн, Ж.Б мөн фургон машинаар ирсэн түүний хажууд мөн 2 хүн байсан" гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн уг үйлдэлд буруутгасан. Тэгвэл тэр адууг нядлах үед Ж.Б, А.Т, Т.Т, Б, С.Е нар болон нэр нь үл мэдэгдэх 3-4 залуу байсан болж тараад байна. Хэрвээ шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь гарцаагүй үнэн зөв гэж шүүх үзэж байгаа бол тэр 8-9 хүн ямар үүрэгтэй оролцсон, тэр хүмүүсээс 1 нь гэрч болоод 4 хүн хэрэгтэн болж, бусад нь яагаад хэрэгтэн биш гэм зэмгүй хүмүүс болдог юм вэ? Хэрвээ тэр гэрчээр байцаалт өгсөн С.Е гэгч нь адууг нядалж байхад харж зогсож байсан бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг нуун далдалсан, үл мэдээлсэн гэдэг зүйл ангиар яагаад хэрэгт татагдаагүй байдаг вэ? Энэ хэрэг удааширч олон хүнийг чирэгдүүлж байгаа явдал нь хэргийг эхнээс тал бүрээс нь үнэн зөв шалгаагүй байгаагийн харгай гэж үзэж байна.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэгт “...3 адууг Б ачиж явсан, 2 адууг өглөө нядалж Ж.Б-ий машинд ачиж явсан” гэсэн мэдүүлгүүд байдаг. Гэтэл Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт "...шүүгдэгч Ж.Б-ий фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан” гэсэн өгүүлбэр оруулсан байдаг, гэтэл шүүгдэгч Т.Т-ийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэгт "...ченж Б-ын ЖИП машинд ачиж явуулсан" гэж бичсэн байдаг. Мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд уг эрүүгийн хэргээс шүүгдэгч Ө.Ж, Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Ж, Ш.Х нарын болон эзэнгүй нэг адуу бүгд 5 адууг хулгайлан нядалсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хохирогч Н.Ж, Ш.Х, Ж.М нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримталж шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнссэн байна. Шүүгдэгч нарын аль аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй буюу гэм буруугийн талаар маргасан, үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж өгөөгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан...” гэж заажээ.
Хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад шүүх шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнссэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Т.Бахыт, хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар, дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, ял оногдуулахдаа мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон” хуулийг буцаан хэрэглэхгүй талаарх зохицуулалтыг хэрэглээгүйгээс гадна уг заалтыг мөн хуулийн 1.8 дугаар зүйлтэй уялдуулж тайлбарлаагүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан хорих ялыг, шүүгдэгч А.Т-д оногдуулсан хорих ялыг, шүүгдэгч А.Т-т оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзсан нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна нотлох баримтад тулгуурлаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймээс хууль хэрэглээтэй холбоотой гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогч нарын өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасан тул шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ө.Жагсалаг, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын хэргийн үйл баримт, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ө.Ж, А.Т, Т.Т, С.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Д.МӨНХӨӨ