Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 009

 

 

Б.М-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийж, прокурор М.Фарида, шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой, Б.М-т холбогдох эрүүгийн 1713000000114 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Халх, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, урьд тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.М, РД: 00000

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт байдаг гэртээ агсам тавьж, улмаар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор:

                “1. Шүүгдэгч Б.М-ыг “Бусдын эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах”, мөн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох хөнгөн ялыг хүнд ял болох хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.           

                4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч Б.М би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М надад холбогдох эрүүгийн 1713000000114 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.М би анх удаа тохиолдлын шинж чанартай хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн чин санаанаасаа гэмшин ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэм хорыг арилгасан, хохирогч нар гомдолгүй гэсэн, миний 3-6 насны бага насны 2 хүүхэдтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх заавал нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч надад хорих ял оногдуулахаар санал болгосныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл түүнээс бага хугацаагаа тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.М намайг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.-т “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Шүүгдэгч Б.М миний үйлдсэн хэрэгт давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-ийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.М надад оногдуулсан 7 сарын хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.М-ын давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж агсам тавьж, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг холбогджээ.

Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэг дэх шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох буюу түүний урьд ял шийтгүүлж байсан эсэх талаарх дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүгдэгч Б.М нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт  “тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан” гэж бичигдсэн бөгөөд Б.М-т холбогдох 1713000000114 дугаартай хэрэгт тус шийтгэх тогтоол авагдаагүй байна.

                Шүүгдэгч Б.М нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус шийтгүүлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүгнэж бичсэн боловч энэ талаар тус тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлээгүй алдаа гаргажээ.

                Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч Б.М-ын давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-т холбогдох 1713000000114 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

 

                                                                                                                                Д.МӨНХӨӨ