Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01203

 

Л.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00489 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаар магадлалтай

Л.Оийн нэхэмжлэлтэй

Ж.У,  Б.О нарт холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.О, Ж.У нартай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Алтай хотхонд байрлах 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, төлбөрийг сар бүр 500 000 төгрөгөөр төлж байхаар тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

Хариуцагч нар орон сууцад 1 жил 3 сар гаруй хугацаанд амьдарч байгаа бөгөөд эхний 2 сарын төлбөрөө төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх хугацааны төлбөр болох 1 000 000 төгрөгийг төлсөн, одоо 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Л.Отэй сар сардаа 500 000 төгрөг тогтмол төлөхөөр тохиролцож, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2016 онд 3 сарын төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлсөн, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 6 000 000 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд сард тогтмол 1 000 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн байдлаар Л.От 6 000 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар бол 5 000 000 төгрөг төлөх юм байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00489 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар Б.О, Ж.У нараас 5 000 000 төгрөгийг гаргуулан Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 133 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 922 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Угийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Л.Оийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ж.У миний бие хариуцагч биш. Би Л.Отэй орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй. Харин гэрээг Б.О байгуулсан бөгөөд орон сууц хөлсөлсний сар бүрийн 500 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Миний бие энэ тухай давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч миний гомдлыг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж, намайг хариуцагчаас чөлөөлөөгүйд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний Хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгасан гэж үзнэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Ж.У намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.О, Ж.У нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар маргаагүй боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.О нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр Л.О өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн Алтай хотхонд байрлах 20 дугаар байрны 77 тоот 41.69мкв талбай бүхий 2 өрөө орон сууцын нэг жилийн хугацаатай хөлслөх, хөлслөгч нь сар бүр 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Хөлслүүлэгч гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн, харин хөлслөгч гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримт тогтоогджээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

  Хариуцагч Ж.У нь гэрээний оролцогч биш боловч хөлслөгч Б.Оийн төрсөн охин, тус байранд хамт амьдардаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрч, шүүх хуралдаанд тайлбар гаргаж байсан тул шүүх хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр үйлдэх шаардлагагүй бөгөөд хариуцагч Ж.У нь орон сууцыг хамтран хөлсөлж байсан талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын хэн алинаас шаардах эрхтэй тул Ж.У, Б.О нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Иймд гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хариуцагчаас чөлөөлөгдөхийг хүссэн Ж.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00489 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.Угийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД