Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 010

 

А.Х, М.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор Х.Өрен, шүүгдэгч А.Х, М.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Х, М.С нарт холбогдох эрүүгийн 1713000390108 дугаартай хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1972 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт А-ы Х, регистрийн дугаар 000000.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 13 дугаар баг, Нарангийн 10-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт М.С, регистрийн дугаар 000000.

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 22 цагийн үед 93-49 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Бахытбекийн 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийг чирж явж байхад хатуу холбоос нь салж чирэгдэж яваа ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгсэл чирж яваа А.Х-ийн тээврийн хэрэгслийг мөргөж зогсох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу ирж явсан “Истана” маркийн 66-64 ХОҮ улсын дугаар бүхий хүн тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл араас нь ирж мөргөлдөн зорчин явсан иргэн У.Т-ийн биед хүндэвтэр хохирол, иргэн А.Т-, М.С нарын биед хүнд хохирол, иргэн Х.Р-ын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,

            шүүгдэгч М-ын С нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 22 цагийн үед “Истана” маркийн 66-64 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт А овогтой Х-ийн 93-49 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Бахытбекийн 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийг чирж явж байхад хатуу холбоос нь салж чирэгдэж яваа ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгсэл чирж яваа А.Х-ийн тээврийн хэрэгслийг мөргөж зогсох үед чирэгдэж явсан 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийн араас нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлэн ирж мөргөлдсөний улмаас зорчиж явсан иргэн У.Т-ийн биед хүндэвтэр хохирол, иргэн А.Т-гийн биед хүнд хохирол, иргэн Х.Р-ын амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор:

            “1. Шүүгдэгч А.Х-ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 2 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М.С-ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, М.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, шүүгдэгч М.С-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тоолсугай.

              5. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийн Голомт банкан дахь Прокурорын дансанд шилжүүлсэн 8600000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-т олгож, шүүгдэгч нар хохирогч А.Т-д учирсан 4775487 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдаж, шүүгдэгч М.С-ээс өмгөөллийн хөлс 300000 /гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч А.Х-ээс өмгөөллийн хөлс 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-т олгосугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 30000000 төгрөг, хохирогч А.Т-гийн цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх шүүгдэгч А.Х-т холбогдох эрүүгийн 171300090108 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч А.Х би анх удаа тохиолдлын шинж чанартай хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийг чин санаанаасаа гэмшин ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өндөр настай, өвчтэй ээж нь түүний байнгын асрамжид байдаг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан анхан шатны шүүх түүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэх боломжтой байсан үзэж байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч А.Х-т хорих ял оногдуулахаар санал болгосныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл. “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ"

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Шүүгдэгч А.Х намайг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Иймээс шүүгдэгч А.Х-ийн үйлдсэн хэрэгт давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-ийн 1.2-ийг хэрэглэх хууль зүйн орчин нээлттэй байна гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч А.Х-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хуульд заасан хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 23-ны өдрийн 19 тоот дугаартай шийтгэх тогтоолыг “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан хуулийг хэрэглэсэн” гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч М.С миний холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж байгаа тул үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн байдалд чин санаанаас гэмшиж, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг “бүрэн төлж барагдуулсан” болно. Цаашид энэ хэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг хууль журмын дагуу тогтоогдсон нөхцөлд “сайн дурын үндсэн дээр” төлж өгөхөө мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийлж мэдүүлсэн.

Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх “нөхцөл байдал"-д тооцогдох ёстой. М.С-ийн холбогдож буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн" гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэм буруугийн болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлуудыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 23-ны өдрийн 19 тоот дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулахад харгалзаж үзээгүй болох нь шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн 1 дүгээр заалтад заасан “шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” үндэслэлд тусгагдаагүй үлдсэн нь (тогтоолын 13-15 дугаар хуудас) ял шийтгэлийг оновчтой оногдуулах, ял шийтгэлийн зорилгыг хангахад сөргөөр нөлөөлсөн. Анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 23-ны өдрийн 19 тоот “шийтгэх тогтоол”-ын “Тодорхойлох нь” хэсэгт М.С надад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээд, харин “хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийг илчилсэн, хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн”, мөн замын зорчих хэсэгт машин зогсож буй эсэхийг урьдчилан тааварлах боломжгүй тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 -д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл, болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, үйлдсэн хэрэг маань “Хөнгөн” гэмт хэргийн ангилалд багтаж байгаа зэрэг “хөнгөрүүлэн үзэх онцгой нөхцөл байдлуудыг” харгалзаж үзээгүй явдлыг хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс М.С миний үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг хүндрүүлэх” нөхцөл байдал байхгүй байгаа талаар зөв дүгнэсэн мөртлөө “ял шийтгэл” оногдуулахад харгалзаж үзээгүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.С надад “хорих ял” оногдуулах хуулийн заалттай боловч, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон миний үйлдэл холбогдолд хуульд заасан “хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал” байхгүй, “хөнгөн” гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, шүүгдэгч А.Х-ийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг болон хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “оногдуулсан хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсвэл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж” Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохоор байгаа. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэл, журмыг” хэрэглээгүй орхигдуулсан явдал нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад зөрчилдөж байна.

            Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилгыг  “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тодорхойлсон байдаг. Эрүүгийн хариуцлагын энэхүү зорилго нь “Хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийг хүлээн зөвшөөрч гэмшсэн, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн байгаа М.С миний хувьд “нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн” эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ялыг тэнсэж” ялын зорилго болох “нийгэмшүүлэх” арга хэмжээ авах боломжтой.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 23-ны өдрийн 19 тоот дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсвэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Х.Н миний бие М.С, А.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор оролцож байна. Ялтнуудын өмгөөлөгч нарын давж заалдах гомдол нь огт үндэслэлгүй байна.

Төрөөс болгоомжгүй үйлдэгдэх гэмт хэргийн ялын бодлогыг өчнөөн хөнгөрүүлж байгаа ч гэсэн хаа хамаагүй ялаас чөлөөлөх ёстой мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх бол дотоод итгэлээрээ 1 хүний амь насыг хохироосон, 2 хүний биед хүнд хохирол учирсан, 1 хүний биед хүндэвтэр хохирол учирсан, 2 хүний биед хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч нарт ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэл байхгүй. Шүүх хуулийг буруу хэрэглээгүй, ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байхад шийдвэрийг өөрчлөх шаардлага байхгүй.

Миний бие энэ ослын улмаас ханиа алдаж маш ихээр хохирсон ба ялтнуудын давж заалдах гомдол нь огт үндэслэлгүй тул өөрийн биеэр шүүх хуралдаанд заавал биечлэн оролцож тайлбар гаргах болно.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө 22 цагийн үед БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Б-ийн БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийг чирж явах үед хатуу холбоо нь салж чирэгдэж яваа ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгсэл чирж яваа А.Х-ийн тээврийн хэрэгслийг мөргөж зогсох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу зорчиж явсан “Истана” маркийн ХОҮ улсын дугаар бүхий хүн тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас “Истана” маркийн ХОҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн У.Т биед хүндэвтэр хохирол, иргэн А.Т, М.С нарын биед хүнд хохирол, иргэн Х.Р-ын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,

            шүүгдэгч М.С нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө 22 цагийн үед “Истана” маркийн ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэр А.Х-ийн БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Б-ийн БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийг чирж явах үед хатуу холбоос нь салж чирэгдэж яваа ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгсэл нь чирж яваа А.Х-ийн тээврийн хэрэгслийг мөргөж зогсох үед чирэгдэж БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийн араас нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлэн ирж мөргөсний улмаас зорчиж явсан иргэн У.Т биед хүндэвтэр хохирол, иргэн А.Т-ийн биед хүнд хохирол, иргэн Х.Р-ын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Х, М.С нарын үйлдэл, гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ уг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлын талаар буюу БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Б-ийн үйлдэл, эс үйлдэхүйн талаар анхаарч үзээгүй орхигдуулсан байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалтын явцад /хэргийн I хавтасны 205 дугаар талд/ хатуу холбоо нь мултарсны улмаас чирч яваа тээврийн хэрэгслийг чирэгдэж явсан тээврийн хэрэгсэл мөргөсөн ослын улмаас замд зогсож байсан “3ИЛ 130” маркийн жолооч А.Х болон чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн “Истана” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.С нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба шүүгдэгч А.Х, гэрч З.Б нарын мэдүүлгээр чирч яваа А.Х-ийн тээврийн хэрэгсэлд чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жолооч, гэрч З.Б нь сууж зорчиж явсан, чирч явсан тээврийн хэрэгслийг чирэгдэж явсан тээврийн хэрэгсэл мөргөж ослын зогсолт хийж байх үед дээрх зам тээврийн осол гарсан нь тус тус тогтоогджээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 20 дугаар зүйлийн /механикжсан тээврийн хэрэгслийг чирэх/ 20.1-т “чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын “д”, 6.3-ын “г” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.”, 20.2-т “хатуу холбоогоор чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл нь шулуун чигт чирч яваа тээврийн хэрэгслийнхээ дугуйн мөрийг дагахаар холбогдоогүй бол эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно” гэж, мөн дүрмийн 6.2-т “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед, д/ чирэгдэж яваа /механикжсан тээврийн хэрэгсэл/ үед” гэж, 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ, а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед, г/ чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл ажиллахгүй бол, энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.“ гэж тус тус журамлан зохицуулсан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоох үүднээс шүүгдэгч А.Хийн тээврийн хэрэгсэлд чирэгдэж явсан тээврийн хэрэгслийн жолооч, гэрч З.Б-ийн үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасан тул шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч М.С болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын Эрүүгийн хуулийн хэрэглээтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Х, М.С нарт холбогдох 1713000390108 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Х, М.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                   

 

Д.МӨНХӨӨ