Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0595

 

 

Х.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс

Гуравдагч этгээд Х.А нар

Нэхэмжлэгч: Х.Б-н

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн гуравдагч этгээдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гуравдагч этгээдийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах, 

гуравдагч этгээдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын нэхэмжлэгчид өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгчийн ярилцлагын шалгалтын холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0025 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б-н , түүний өмгөөлөгч С.Н,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Е, М.Н нар,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээд Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 110/2021/0055/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б-н ээс Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд өгсөн үнэлгээг (1), салбар зөвлөлийн гуравдагч этгээдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоолыг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гуравдагч этгээдийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалыг (3) тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах (4) гуравдагч этгээдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг (5), шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын нэхэмжлэгчид өгсөн үнэлгээг (6) тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгчийн ярилцлагын шалгалтын холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст (7), нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд (8), нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах (9)” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0025 дугаар шийдвэрээр Х.Б-н ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-н ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын Х.А т өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.А ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.А ыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ярилцлагын шалгалтын Х.А т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Х.А ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Б-н д өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Б-н д холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Б-н ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Б-н ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

 3. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссоос давж заалдах гомдолдоо: Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор томилогдсон Сонгон шалгаруулах комиссоос холбогдох хууль, журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан журмын дагуу явуулж, шалгалтын дүнг аймгийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, салбар зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэж, зохих шийдвэр гарсан зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3.1. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д "Төрийн жинхэнэ албаны шалгалт нь сорил, ярилцлага болон бусад хэлбэртэй байна", 33.6-д "Төрийн жинхэнэ албаны шалгалт нь 33.6.1-д “удирдан зохион байгуулах чадварыг шалгах;”,  33.6.2-т “дүн шинжилгээ хийх чадварыг шалгах;”, 33.6.3-т “асуудал шийдвэрлэх чадварыг шалгах;”, 33.6.4-т “манлайлах чадварыг шалгах;”, 33.6.5-т “монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах;”, 33.6.6-т “багаар ажиллах чадварыг шалгах”, 33.6.7-т “бусад" гэсэн агуулгын хүрээнд шалгалт явуулна гэж заасан. Шалгалтын комиссоос дээрх агуулгын хүрээнд авсан шалгалтын бүх үйл явцыг ил тод, шударга зохион байгуулсан ба эдгээр бүх шалгалтын материалыг анхан шатны шүүхэд гаргаж өгч ажилласан.

3.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 6.5-д "удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлэхээр заасан болно. Тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан ярилцлагын шалгалтад гуравдагч этгээд Х.А т өгсөн ярилцлагын үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан нь шүүх нотлох баримтын хүрээнд төрийн албаны шалгалтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, 2 хүний ярилцлагын үеэр хариулсан байдал, удирдах албан тушаалд томилогдож ажиллах мэдлэг, мэргэшил, хандлага, зан үйл, манлайлах чадварыг ярилцлагын шалгалтаас үнэлэх зарчмыг алдагдуулж, заавал хуулийн заалт, тодорхойлолт ярих ёстой гэж тодорхойлон шалгалтын үеэр ярьсан байдалд нь дахин үнэлэх гэсэн эргэлзээтэй шаардлагыг хангаж хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үүнд:

3.2.1. Комиссоос Х.А  нь эхний асуултад бүрэн хариулсан гэж үзсэн тул хамгийн өндөр оноо буюу 10 оноо өгсөн. Учир нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн эрхэм зорилго нь тухайн хэлтсийн даргын эрхэм зорилго нь мөн. Өөрөөр хэлбэл тухайн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан эрхэм зорилго, зорилт, чиг үүрэг нь бусад хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын чиг үүрэгт дэлгэрэнгүй тусгагдсан байдаг.

Шүүх "гуравдагч этгээд нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын эрхэм зорилгыг хариулах ёстой атал Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн буюу нэгжийн чиг үүрэг, зорилгоо тодорхойлсон байдал, үйл ажиллагаа, зохион байгуулалт талаар ярьсан" гэх дүгнэлт нь хуульд нийцээгүй байна. Нэгжийн зорилго, зорилт, чиг үүрэг хэрэгжүүлэх ажил нь тухайн нэгжийн хэлтсийн даргын албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг хэрэгжүүлэх ажил ба энэ хоёр нь нэг ойлголт бөгөөд яагаад шүүх 2 өөр ойлголт гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна.

3.2.2. Гуравдагч этгээд Х.А  нь ярилцлагын шалгалтын үеэр эхний асуултад хариулахдаа "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, за тэгээд дотроо болбол бид нар нийгмийн бодлого, хууль эрх зүйн салбараас бусад бүх эдийн засгийн хөгжлийн салбарт оролцдог салбаруудын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. .... эрхэм зорилго гэвэл Засгийн газраас гарч байгаа төлөвлөлт, бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, тухайн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах гол зорилготой хэлтэс", ...бүх салбарын яамдуудтай уялдаа холбоотой ажилладгаас гадна Үндэсний хөгжлийн газартай хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах ажлыг Үндэсний хөгжлийн газартай хамтарч ажилладаг. Засгийн газрын уйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулаад аймгийн Хөгжлийн бодлогод гол зорилт, зорилгоо тодорхойлоод ажиллаж байгаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөс гадна, хөрөнгө оруулалтыг манай хэлтэс хариуцаж ажилладаг. Хөрөнгө оруулалт нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймгийн орон нутгийн төсвийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бас зохион байгуулдаг" гэж хариулснаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан эрхэм зорилго-д "Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн аймгийн эдийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах, чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана." гэж тусгагдсан тодорхойлолтыг ерөнхийд нь бүрэн хариулсан, гол санаануудыг нь гаргасан гэж үзсэн тул дарга, гишүүд тус бүр хамгийн дээд оноо буюу 10 10 10 гэсэн оноо өгсөн.

3.3. Гуравдагч этгээд Х.А  нь 2 дахь асуулт болох Монгол улсын нэгдсэн төсөв, түүний тогтолцооны талаар хариулахдаа "Монгол улсын нэгдсэн төсөв нь болбол Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. Жил болгон Монгол улсын төсвийг  батлахдаа Улсын төсвийн тухай хууль дээр үндэслээд тухайн жил болгон жилийн Төсвийн тухай хуулиа батлаад явдаг. Монгол улсын төсөв нь юунаас бүрддэг вэ гэхээр орлого бүрдүүлэлт, зарлага, эдийн засгийн онцлог үйл ажиллагаатай ялдуулан бусад чуулганаар Төсвийн бүрдүүлэлтээс бүрддэг.", “Улсын их хурлын чуулганаар 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг. Нэгдсэн төсөв нь татварын орлого, мөн ашигт малтмал, уул уурхайн салбарын татварын орлого, бусад орлогоос бүрдүүлээд...”, "...Төсөв нь болбол Улсын төсөв, орон нутгийн төсөв гэж 2 хуваагдаад хэрэгждэг. Төсвийг захирдаг Төсвийн захирагч нь бас хуульдаа яг тус бүрд нь тухайн байгууллага засаг захиргааны нэгжийн захирагч нарын эрх үүргийг нь заагаад өгсөн байдаг. Улсын Их хурал, Ерөнхий сайд, ...дарааллын мартчихлаа ...төсвийн захирагч нарыг Ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн, шууд захирагч гэж хуваадаг. Манай аймгийн хувьд Засаг дарга нь Төсвийн ерөнхийлөн захирагч, Засаг даргын Тамгын газар шууд захирагч гэж.." тус тус хариулсан нь товч бөгөөд тодорхой тухайн асуултын гол агуулгыг мөн бүрэн хариулсан гэж үзсэн ба комиссын дарга гишүүдээс энэ асуултад хамгийн өндөр үнэлгээг өгөөгүй хариулсан байдалд 9, 9.5, 9 гэсэн үнэлгээг өгсөн болно. Иймд Шүүхийн дүгнэсэнчлэн Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасан заалт тус бүрийг бүрэн гүйцэт хариулаагүй, асуултад хамааралгүй зүйл ярьсан гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т "9, 9.5, 10" оноогоор үнэлсэн гэх хэсэг нь ойлгомжгүй, юу тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байна.

Учир нь гуравдагч этгээд Х.А  нь ярилцлагын шалгалтад "9, 9.5, 10" үнэлгээ авсан гэх баримт байхгүй байна. Шалгалтын комиссоос хуулийн дагуу, хараат бусаар шалгуулагч нарын асуултад хариулсан байдалд нь үнэн бодитоор үнэлгээ өгсөн ба энэ үнэлгээг дахин хийх тухай анхан шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Комисс тухайн нэгжийн даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад заасан "боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, манлайлах, бусад/"-уудыг харгалзаж, тухайн албан хаагчийн хандлагыг тодорхойлох гол шалгаруулалт нь ярилцлагын шат буюу шууд томилогдоод тухайн нэгжийг удирдаж чадах чадвартай гэж үзнэ.

3.5. Мөн шүүх тусгай шалгалт ярилцлагын шалгалтаар хуулийн тодорхойлолт ярих мэтээр дүгнэлт гаргаж байгаа нь учир дутагдалтай байна, учир нь хуульд заасан тодорхойлолтыг үгчлэн цээжилснийг хууль эрх зүйн мэдлэгийн шалгалтаар буюу сорил хэлбэрээр үнэлдэг ба ярилцлагын шалгалтаар шалгуулагчийн өрсөлдөж буй албан тушаалын чиг үүрэг болон уг албан тушаалыг хашихад шаардагдах хандлага, зан үйлийн чадварын түвшинг үнэлж тодорхойлдог юм.

Иймд комисс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2-т заасан хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" нөхөх журмын дагуу тусгай шалгалтад орсон иргэдээс хуулиар тогтоосон шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын ур дунд тулгуурлах”-ыг, 25 дугаар зүйлийн 25.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.", 26 дугаар зүйлийн 26.1-т "Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хунийг томилно." гэсэн хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан болно.

3.6. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

4. Гуравдагч этгээд Х.А  давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор томилогдсон Сонгон шалгаруулах комиссоос холбогдох хууль, журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан журмын дагуу явуулж түүнчлэн томилох эрх бүхий этгээд зохих шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

4.2. Тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ярилцлагын шалгалтад гуравдагч этгээд буюу надад өгсөн ярилцлагын үнэлгээг “Мэдлэг, мэргэшил, хандлага, зан үйл, манлайлах чадварыг ярилцлагын шалгалтаар үнэлэх зарчмыг алдагдуулж, заавал хуулийн заалт, тодорхойлолт ярих ёстой гэж тодорхойлон дахин үнэлэх”-ийг даалгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Учир нь ярилцлагын шалгалтаар хуулийн тодорхойлолт ярих гэхээр дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна, хуульд заасан аливаа тодорхойлолтыг нэг бүрчлэн цээжилснээр тухайн иргэний удирдах, манлайлах, багаар ажиллах чадварыг үнэлэх нь өөрөө учир дутагдалтай гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгч Х.Б-н  нь ярилцлагын шалгалтын үеэр шалгалтын оноогоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан мөртлөө гэнэт ярилцлагын шалгалтын оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцсэн нь буруу гэж үзэж байна.

4.4. Томилох эрх бүхий этгээд нь намайг төрийн албанд шатлан дэвших шалгуурыг хангасан гэж үзээд сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаж өгснөөр миний бие Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр оноо авч тухайн албан тушаалд томилогдон, улмаар миний өмнө ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэн мөн хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж нөхсөн болно.

4.5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан, зөвхөн нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуульд нийцээгүй шийдвэр гаргаснаас үүдэлтэй гуравдагч этгээд миний эрх ашиг зөрчигдөж байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч Х.Б-н  нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга /ТЗ-10/-ын албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, нийт 6 төрлийн шалгалтыг өгч, үүнээс, хууль, эрх зүйн мэдлэгийн шалгалтад авах ёстой 30 онооноос нэхэмжлэгч нь 28 оноог, гуравдагч этгээд нь 16 оноог, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад авах ёстой 20 онооноос нэхэмжлэгч нь 4 оноог, гуравдагч этгээд нь 8 оноог, асуудал шийдвэрлэх чадварын шалгалтад авах ёстой 20 онооноос нэхэмжлэгч нь 12 оноог, гуравдагч этгээд нь 8 оноог, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтад авах ёстой 20 онооноос нэхэмжлэгч нь 20 оноог, гуравдагч этгээд нь 14 оноог, мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээнд авах ёстой 30 онооноос нэхэмжлэгч 30 оноог, гуравдагч этгээд нь 30 оноог, удирдан зохион байгуулах багаар ажиллах ярилцлагын шалгалтад авах ёстой 30 онооноос нэхэмжлэгч нь 10 оноог, гуравдагч этгээд Х.А  нь 29.16 оноог тус тус авч, нэхэмжлэгчийн нийт оноо 104, харин гуравдагч этгээдийн нийт оноо 105.16 авсан болох нь Төрийн албаны тусгай шалгалт “ТШ/202106 тайлан, 1 дүгээр хавсралт болон “сонгон шалгаруулалтад тэнцсэн” гэсэн тэмдэглэгээ, шалгалтын онооны үнэлгээний хуудас, шалгалтын комиссын гишүүдийн нэг бүрийн үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
  3. Нэхэмжлэгч Х.Б-н  нь “...сонгон шалгаруулалтын ярилцлагын шат ил тод бус болсон, шаардлага хангаагүй хүнийг бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулсан, шалгалтын комисс хууль зөрчсөн” гэж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нараас “...Х.Б-н , Х.А  нарыг тухайн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан гэж үзээд бүртгэл баталгаажуулж, шалгалтад оруулсан ... ярилцлагын шалгалтын хувьд оролцогч нарын авсан асуултад хариулсан байдал, тухайн албан хаагчийн хандлага, зан үйл, манлайлах чадварыг гишүүд тус тусдаа өөрийнхөө дотоод үнэлэмжээр үнэлгээ өгсөн ..” гэж,   гуравдагч этгээд Х.А аас “...сонгон шалгаруулалт нь Төрийн албаны хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд миний хувьд хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 5 жил ажиллаж ... тухайн салбарт мэргэшсэн албан хаагч ...” гэж тус тус маргажээ.
  4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “...Х.А ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Б-н д өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Б-н д холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах, Х.Б-н ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Б-н ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...гуравдагч этгээд нь ... 2018, 2019, 2020 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг ирүүлсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1 дүгээр хавсралтын 6.6-д заасан “Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ сүүлийн гурван удаагийн үнэлгээнээс ...” гэсэнтэй нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гуравдагч этгээдийг шалгалтад бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна ... нэхэмжлэгчид өгсөн шалгалтын комиссын үнэлгээ нь бодит байдалд тохирсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.
  5. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоо болох нийт 14 албан тушаалд томилогдох ажилтны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулахаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Сул орон тооны захиалга хүргүүлэх тухай” 93 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, улмаар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор байгуулжээ.
  6. Уг ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулж, дүнг нэгтгэн комиссын хуралдаанаар хэлэлцээд маргаан бүхий ажлын байранд тэнцсэн иргэдээс өндөр үнэлгээ авсан гуравдагч этгээд Х.А ыг Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлж, уг саналыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд шатлан дэвшүүлж томилсон байна.
  7. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”,  27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. ...”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.” гэж,

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасантай нийцжээ.

  1. Дээрхээс дүгнэн үзвэл, Төрийн албаны тусгай шалгалтын комиссын гаргасан сонгон шалгаруулалтын оноотой холбоотой асуудлаар буюу оноог дутуу эсхүл илүү дүгнэсэн гэх байдлаар хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан үнэлгээг үндэслэлтэй эсэхийг шүүх дүгнэх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн “...Шалгалтын комиссоос хуулийн дагуу, хараат бусаар шалгуулагч нарын асуултад хариулсан байдалд нь үнэн бодитоор үнэлгээ өгсөн ба энэ үнэлгээг дахин хийх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0025 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-н ийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын Х.А т өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.А ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.А ыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ярилцлагын шалгалтын Х.А т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах, Х.А ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Б-н д өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Б-н д холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Б-н ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Б-н ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

  ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

          ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ