Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 011

 

   Б.Б-эд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б-эд холбогдох эрүүгийн 1713001610008 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор М.Фарида, шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багийн Их булан ,,,, тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б.Б РД: БЮ87011310.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүний байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, энэ хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч  Б.Б-ийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийг үйлдсэн, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 6 сарын хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-эд биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б намайг анхан шатны шүүх “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настан, хүний эсрэг үйлдсэн", “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн’’ гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн дүгнэлтийг өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн хувьд учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Б.Б миний үйлдэл нь байнгын шинж чанартай биш, гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулаагүй, үргэлжилсэн үйлдэлтэй байхад гурван гэмт хэргийг зэрэг үйлдсэн гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.Б надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.М-д “шөнө хаана явж байгаад ирсэн  бэ” гэж түүний баруун талын мөрөн тус газар нь гараараа 1 удаа цохисон, улмаар гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулан, согтуурч, гэртээ буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн 35-5 тоотод ирж эхнэр А.М-ыг ор руу түлхэн унагаж, баруун хөлийн гутлыг  нь тайлж аван баруун талын өгзөг, гуя тус газарт нь 2 удаа цохиж, гэдсэнд нь өвдгөөрөө дарж, гараараа хүзүүг нь боон, үсдэж, нүүрэн тус газар нь гараа атгаж 2 удаа цохиж зодсон, мөн орон доор байсан өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн бууг авч А.М-ын цээж тус газарт нь тулган “буудаж ална” гэж айлган сүрдүүлсэн, толгойн баруун хэсэгт нь гараараа 1 удаа цохиж зодсон, энэ үед буюу хохирогч А.М-ын гар утас руу  бэр эгч Б.А залган ярих үед нөхөртөө зодуулж байгаагаа хэлэн тусламж дуудахад Б.Б утсыг нь булаан авч салгасан зэрэг үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б, А.М нар нь 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон бөгөөд эхнэр А.М нь нөхөр болох Б.Б удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж, улмаар Б.Б-эд хариуцлага хүлээлгэж байсан нь тогтоогджээ. Тухайлбал, 2017 оны 6 дугаар сард архи ууж согтуурсан үедээ, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эхнэр А.М-ыг тус тус зодсоны улмаас хохирогч цагдаагийн байгууллагад хандаж, улмаар холбогдогч Б.Б нь 14 хоногоор баривчлах шийтгэл хүлээж байсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр архи ууж согтуурсан үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан нь тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А.М, хүү Б.А /хх-ийн 29-30 дугаар хуудас/ нарын мэдүүлэг,  Б.Р-г хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-13х/, гэрч Г.Б, К.Б нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1-т заасан эрүүгийн хэргийг “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь сайн дураараа эвлэрсэн...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай 5/311 дүгээр тогтоолын хуулбар /хх-64х/ зэргээр хангалттай нотлогджээ.

Б.Б нь урьд удаа дараа гэртээ агсам согтуу тавьж, эхнэрээ байнга зодож, захиргааны шийтгэл хүлээж байсан талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа, захиргааны арга хэмжээ авах материал, зөрчлийн хэргийн хуулбар, шүүхийн шийтгэвэр хэрэгт авагджээ.

Прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 тоот яллах дүгнэлтээр яллагдагч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж  үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх “хадам ээж, хүүхдээ зодсоноороо гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсантай, түүнчлэн 69 настай ахмад Б.Р, 9 настай хүүхэд Б.А нарыг зодсон. Мөн А.М-ыг зодож буй гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Р, Б.А нарыг эсэргүүцэж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэнтэй тус тус нийцэж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг А.М, Б.Р, Б.А зэрэг хохирогч нь хэн байхаас үл хамааран, давтан үйлдэж байгаа нь байнга гэсэн дээрх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. Архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, ахуйн маргааны улмаас, санаатайгаар, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргүүдийг үйлджээ” гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Хохирогч Б.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд “тухайн үед би очиж чадаагүй ба би 16 цагийн үед охин А.М-ын гэрт очсон. Би тэдний гэрт сууж байхад 19 цагийн үед Б.Б гэртээ согтуу ирсэн. ... Дараа нь тэрээр надад “муу хөгшин, чи охиноо болохоор юу болсныг мэдэх гэж манайд ирсэн. Юу хийгээд ирсэн бэ гэхэд би түүнд “охиныг минь зодсон болохоор юу болсныг мэдэх гэж ирлээ” гэж хэлсэн.Тэр үед тэрээр хэрүүл маргаан үүсгэж намайг гараараа толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед охин А.М яагаад ээжийг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд А.М-ыг чирч гадаа гарсан. Би тэдний араас гарах үед Б.Б А.М руу хагарсан блок шидэхэд баруун хөлний шагай орчимд хүрсэн. Тэр үед хүү нь болох Б.А, Б.Б рүү ээжийг битгий зод гэж дайрахад өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед гар утсаараа цагдаагийн газарт дуудлага өгөх гэж байх үед Б.Б урьд нь цохисон толгойн зүүн хэсэг рүү дахин нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний толгой өвдөөд газарт суусан Б.Б цагдаа ирнэ гэж бодсон уу зугтаад яваад өгсөн. Б.Б байнга архи ууж гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Б.Б манай гэр бүлийн бусад гишүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэггүй. Өөрөө эхнэрээ зодож удаа дараа цагдаагийн байгуулагад шалгуулж байсан“ гэж мэдүүлжээ.    

Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “аав эмээг цохиж байхад би түүнд очиж боль гэж барьж аваад гараараа хоёр удаа цохиж аваад өөрөө зугтах гэхэд миний бөгсөн биед нэг удаа өшиглөж авсан нь үнэн. Аав Б.Б байнга архи ууж ирээд ээжид агсам тавьдаг, гараараа цохиж хөлөөр өшиглөж зоддог. Ээж заримдаа цагдаа дуудаж бариулдаг. Миний мэдэх зүйл энэ болно.” гэж мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр А.М-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс шүүгдэгч Б.Б-эд холбогдох 1713001610008 дугаартай эрүүгийн хэргээс түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн хүүхэд болох Б.А, хадам ээж Б.Р нарыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал тогтоогдоогүй, гэр бүлийн гишүүн нь болох эхнэр А.М-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад нь таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдал, нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзаж, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг:

“1.Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бэд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг:

“2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 57 /тавин долоо/ хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Д.МӨНХӨӨ