Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0467/З |
Дугаар | 576 |
Огноо | 2018-09-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 576
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НМХГт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “...2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 тоот улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн илт хууль бус актын улмаас учирсан хохиролд 15 825 000 /арван таван сая найман зуун хорин тав/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Хөвсгөл аймгийн иргэн Ц.Эээс 8x8 м харьцаатай, 10x8 м мансардтай өвлийн байшинг нь зээлээр 7 000 000 /долоон сая / төгрөгөөр худалдан авч буулгаад өөрийн улсын 35-49 ХӨВ дугаартай автомашинаар Улаанбаатарт тээвэрлэн аваачаад н.Од 13 сая төгрөгөөр зарахаар явж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн товчоон дээр саатуулагдан шалгагдаад хураалгасан.
Мөн миний 35-49 ХӨВ дугаартай автомашиныг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 55 хоног журмын хашаанд саатуулсан.
Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Х нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02-04-524/142 тоот улсын байцаагчийн акт гаргаж 8x8 харьцаатай байшингийн модыг хурааж улсын орлого болгосон. Үүнийг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.
Нэгдүгээрт: Б.Б миний 35-49 ХӨВ дугаартай автомашинаараа н.Огээс худалдан авсан өвлийн байшинг буулгаж тээвэрлэж явсныг Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасныг зөрчсөн зөрчил гэж үзсэн. Гэтэл би н.Огээс өвлийн барьчихсан байсан байшинг нь худалдан аваад буулгаад ачаад явж байсан. Энэ бол Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасан зөрчилд хамаарахгүй юм.
Хоёрдугаарт: Миний өвлийн зориулалттай байшингийн модыг улсын
байцаагчийн актаар хурааж авсан нь мөн илт хууль бус юм. Учир нь зөрчил гэж үзсэн бол Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасны дагуу торгох шийтгэл ногдуулаад хурааж улсын орлого болгох ёстой байсан.
Иймд улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоож хураалгасан модны үнэ болох 7 000 000 /долоон сая/ төгрөг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын журмын хашаанд нийт 55 хоног саатуулагдаж түүний төлбөрт төлсөн 275 000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөг, буудалд 51 хоног байрлаж /хоногийн 50 000 төгрөг/ буудалд төлсөн 2 550 000 /хоёр сая таван зуун тавь/ төгрөг, н.Од тухайн өвлийн байшингийн модыг 13 000 000 /арван гурван сая/ төгрөгөөр зараад дундаас нь олох байсан ашиг болох 6 000 000 /зургаан сая/ төгрөг нийт 15 825 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Бын нэхэмжлэлтэй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 дугаар улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоолгох, улсын
байцаагчийн илт хууль бус актын улмаас учирсан хохиролд 15 825 000 төгрөг
гаргуулах тухай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар
татагдсан НМХГ дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 тоот зарлиг, Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02-01/189 дугаар “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт тухай” удирдамжийн дагуу тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Хишиг-Эрдэнэ нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад иргэн Б.Б нь
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрээс мод, модон материалын гарал
үүслийн гэрчилгээний нөхцөл болзлыг зөрчиж 27 ширхэг 3-10.5 метрийн урттай
байшингийн зориулалтаар бэлдсэн модыг 35-49 ХӨВ улсын дугаартай Daewoo маркын автомашиныг саатуулан, тээвэрлэж явсан модыг Ойн тухай хуулийн 47
дугаар зүйлийн 47.2.4-д /зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод түгээ бэлтгэсэн,
ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин,
шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан,
эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан
иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох/ заалтын дагуу модыг улсын орлого болгосон байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02-01/1210 дугаартай албан бичгээр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраар байшингийн модны хэмжээ болон экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож өгөхийг хүссэн албан бичиг явуулсан. Байшингийн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон тухай 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 5/506 тоот албан бичгийн хавсралтаар 27 ширхэг буюу 12.1м3 мод тээвэрлэж явсныг тогтоосон.
Тухайн үед Б.Б нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байна. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дугаар заалтыг зөрчиж буюу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хүлээж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 27 ширхэг 3-10.5 метрийн урттай байшингийн зориулалтаар бэлдсэн модыг 35-49 ХӨВ улсын дугаартай Daewoo маркын автомашинаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж явсныг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн товчоон дээр улсын байцаагч нар саатуулан шалгаж, улмаар 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улсын байцаагчийн 02-04-524/142 тоот акт гарч Б.Бын байшингийн зориулалттай модыг Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасныг үндэслэн хураан авч улсын орлого болгожээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ““Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-т заасны дагуу олгосон баримт бичгийг”, 6.3-д “Мод, модон материалыг тээвэрлэгч нь төв замаар явж дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтыг байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн ажилтан нарт шалгуулна”, 6.4-т “Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдах бөгөөд ачсан модтой хамт байхад хүчинтэй” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын дагуу аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн, худалдан авсан мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахдаа мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээтэй хамт тээвэрлэхийн зэрэгцээ уг баримтаа холбогдох эрх бүхий албан тушаалтанд шалгуулах үүрэгтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа “....би н.Огээс өвлийн барьчихсан байсан байшинг нь худалдан аваад буулгаад ачаад явж байсан. Энэ бол Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасан зөрчилд хамаарахгүй юм....” гэж тайлбарлан маргаж байгаа боловч гэрч Б.Бын шүүх хуралдаан дээр гаргасан “...3549 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хуучин авто тээврийн шалган бүртгэх товчоогоор мод, модон материал ачин бидэнд мэдэгдэлгүйгээр өнгөрч явсныг, хөдөлгөөнт эргүүлийн алаг машинтай эргүүлийн цагдаа бүртгүүлэлгүй явсан байна гэж бидэнд хэлсэн бөгөөд мод, модон материалийн гарал үүслийн гэрчилгээг шалгахад тухайн тээврийн хэрэгслийн дугаар зөрүүтэй байсан. Түүнчлэн мод, модон материалийн хэмжээ, төрөл зөрүүтэй байна гэсэн шалтгаанаар уг машиныг журмын хашаанд саатуулаад өглөө нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчид бичиг баримтыг шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг, мөн нэхэмжлэгч Б.Бын “...Би гарал үүслийн гэрчилгээгүй, харин мод бэлтгэх эрхийн гэрчилгээ, хяналтын хуудастай явж байсан...” зэргээс дүгнэхэд мод бэлтгэх эрхийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж явсан болох нь нотлогдож байна.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Шүүгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, эсхүл байгаль хамгаалагч ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна” 47.2.4-д “... гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн ... бол хууль бусаар ... тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох ...”, 10.9.12-т “хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 тоот улсын байцаагчийн актаар Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.4-д заасны дагуу Б.Бт шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тодруулбал, нэхэмжлэгчийн тээвэрлэсэн модыг хураан авч улсын орлого болгосон улсын байцаагчийн акт нь эрх зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байх бөгөөд Ойн тухай хуульд заасан “торгох шийтгэл”-ийг ногдуулаагүй нь уг актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр НМХГт холбогдуулан гаргасан “...2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 тоот улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн илт хууль бус актын улмаас учирсан хохиролд 15 825 000 /арван таван сая найман зуун хорин тав/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д заасныг тус тус баримтлан НМХГт холбогдуулан гаргасан “2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 тоот Улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын байцаагчийн илт хууль бус актын улмаас учирсан хохиролд 15 825 000 /арван таван сая найман зуун хорин тав/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА