Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0525/З |
Дугаар | 500 |
Огноо | 2018-08-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 500
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БОАЖСад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Богдхан Уулын Арцатын аманд байрлах 1.7 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр тушаалын иргэн Х.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн миний бие Дархан цаазат Богдхан Уулын Арцатын амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны А-27 дугаар тушаалаар аялал жуулчлал-ын зориулалт бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан.
Энэхүү ашиглах эрхийг авахдаа их хэмжээний зардал гаргаж, хууль болон журамд заасан шаардлагатай бүх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг.
Гэтэл БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр тушаалаар иргэн миний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгээр ирүүлсэн нь хуулийг зөрчсөн газар ашиглах эрх маань дуусгавар болох ямар ч хууль ёсны үндэслэл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр эрхийг нь зөрчиж байна.
Учир нь тус тушаалын гол үндэслэлүүд нь
1. Цахилгааны шугам дайрсан: Энэ үндэслэлийн тухайд иргэн миний ашиглах газар дээр ямар ч цахилгааны шугам болон бусад инженерийн шугам сүлжээ яваагүй байгаа бодит байгаа газар нь түүнийг нотолно.
2. Уулын унаган төрх алдагдуулах: ашиглах эрхтэй газраа би уулын унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа явуулахгүй нь мэдээж бөгөөд ил цагаан хуулийг зөрчих боломжгүй. Ямар байдлаар алдагдуулах гэж байгаа, хэрхэн алдагдуулсан түүнийг ямар нотлох баримтаар тогтоосон нь ойлгомжгүй.
3. Бусдын тарьсан ойжуулалтын төгөл, мод бутыг сүйтгэх эрсдэлтэй: Энэхүү үндэслэлийн тухайд ямар ч хамаарал байхгүй ба бодитоор тарьсан ургамал, мод, бут сөөг байхгүй.
4. Төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй: Энэхүү үндэслэлийн тухайд газар ашиглах гэрээг хуулийн дагуу байгуулах үе шатыг Төрийн захиргааны байгууллага маш хойргоор хандаж бодитоор газар ашиглах эрхийг нээж өгөөгүй бөгөөд энэ тохиолдолд газраа бодитоор ашиглаагүй байж төлбөр төлөх үндэслэлгүй, мөн үйл ажиллагаа явуулах боломжийг бодитоор олгоогүй байсан бөгөөд уг ажиллагааг хийж дуусгаж байтал ийнхүү хууль бус шийдвэрийг Төрийн захиргааны байгууллагууд хувилдах, иргэд аж ахуй нэгжээ хохироох, хэт хамааралгүй, илэрхий байдлаар хууль бус шийдвэр гаргаж байгаа нь хуулийг зөв хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг гэж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, мөн зүйлийн 7.2-т Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулах журмыг хуулиар тогтооно гэж заасны газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулснаар төлөх ёстой байсан. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хуульд заасны дагуу газар эзэмшиж, ашиглахдаа гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тодорхойлон тохиролцсон, нөхцөл болзол, шаардлагын үндсэн дээрх эрхээ хэрэгжүүлж бөгөөд гэрээ байгуулаагүй тохиолдолд газрыг эзэмшиж, ашиглах боломжгүй болохыг тодорхой зааж зохицуулсан байна.
5. Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн Шашны цогцолбор байгуулах авто зогсоол дээр олгогдсон: Гэх энэхүү үндэслэл нь ямар ч хуульд байхгүй үндэслэлийг заасан бөгөөд дээрх бурхан шашны байгууллага нь иргэн миний газраас хэд дахин илүү том ашиглах газартай атлаа яагаад заавал миний газрыг хүчингүй болгох замаар авто зогсоолын асуудлаа шийдэж байгаа нь Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн санаачилгаар дээрх тушаал гарсан гэх хардлагыг төрүүлж байна. Энэхүү газрыг авахад маш их зардал, цаг хугацааг зарцуулж өндөр шалгуурыг давж байж авдаг. Гэтэл дээр дурдсан ямар ч хуульд нийцээгүй үндэслэлүүдийг зааж газар ашиглах эрхийг минь дуусгавар болгосон нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад иргэн миний хуулиар зөвшөөрөгдсөн эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн гэж үзэж байна.
6. Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй: Энэ үндэслэл бол иргэн миний батлуулсан 2015 оны байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан болон ерөнхий үнэлгээгээр шууд үгүйсгэгдэх болно.
Хариуцагч байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10/2346 дугаар албан бичгээр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд дурдсан ганц ч үндэслэл нь хуульд нийцээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн үүргээ зөрчсөн зүйл байхгүй талаар албан бичгээр хандсан боловч нэр төдийн хуулийг хэрэгжүүлж байна гэх зүгээр нэг албан бичиг байсан болох нь дээрх тушаалыг шууд гаргаж байгаагаас харагдаж байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 37 дугаар 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэж гэсэн бөгөөд иргэн миний хувьд газар ашиглах эрхийн хугацаа, гэрчилгээний хугацаа дуусгавар болоогүй байхад хүсэлт гаргах ёстой байсан гэж буруутгаж байгаа нь илт хууль зөрчсөн болохыг харуулж байгаа нэг нотолгоо гэж үзэж байна.
Иймд иргэн миний Богдхан Уулын Арцатын аманд байрлах 1.7 га газрын ашиглах эрхийг хууль бусаар дуусгавар болгосон БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр тушаалын иргэн Х.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.
Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 1.75 га газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Х.А нь дээрх шалтгааны улмаас газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Хан-Уул дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байсан.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм.
Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан.
Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхааруулгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраа холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр Х.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.А нь анх 2015 онд Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан Уулын Дархан цаазат газрын Арцатын ам нэртэй 1.7 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхтэй болж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг авчээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Аийн газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн дуусгавар болгосон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл газар ашиглагч этгээд нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээ холбогдох газарт бүртгүүлж, гэрээ байгуулаагүй, мөн газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалж ашиглаагүй бол тухайн газар ашиглагчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд газар ашиглагчаас хамаарах шалтгаанаар гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох учиртай.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх боловч нэхэмжлэгч Х.А нь газар ашиглах эрх олгосон гэрчилгээ, тушаал гарснаас хойш гурвалсан гэрээнүүдээ байгуулахаар Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус хандсан боловч эдгээр захиргааны байгууллагуудаас хамаарч гурвалсан гэрээг байгуулаагүй болох нь Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1025 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн материалууд, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08/802 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасны дагуу нэгэнт нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулаагүй байх тул гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, тодруулбал, газрын төлбөрөө төлөх, зориулалтын дагуу газраа ашиглах зэрэг Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээргүй байна.
Түүнчлэн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгч болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай зохих ёсоор гурвалсан гэрээ байгуулаагүй атлаа гэрээ байгуулсны дараа эдлэх газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй буюу газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгч нарын 79 иргэний нэрсийг тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэний дотор нэхэмжлэгч Х.А багтаагүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайд шийдвэр гаргасан нь учир дутагдалтай.
Дүгнэвэл, нэхэмжлэгч Х.А нь маргаан бүхий газар болох Хан-Уул дүүрэгт байрлах Богдхан Уулын Дархан цаазат газрын Арцатын ам нэртэй 1.7 га газрыг БОАЖСын тушаал, гэрчилгээний үндсэн дээр ашиглах эрх нь үүссэн ч өөрөөс үл хамаарах нөхцөл байдлын улмаас Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулаагүй тул Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Богдхан Уулын Арцатын аманд байрлах 1.7 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр тушаалын Х.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр тушаалын Х.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖСаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА