Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2017/05172/И |
Дугаар | 001/ХТ2018/01476 |
Огноо | 2018-10-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/01476
Ч.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04056 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1044 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Д-д холбогдох,
3 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.О би 2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 3 дугаар орцонд байрлах дугуйн дэлгүүрээс дугуй худалдан авахаар болсон ба худалдагч Д.Д хүүгийн минь сонгон авсан дугуйг 2 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд 2017 оны 08 дугаар арын 02-ны өдөр урьдчилгаа гэж түүний Хаан банк дахь 5166318224 тоот дансанд 1 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх мөнгийг дугуйг авахдаа өгөхөөр тохирсон. Гэтэл тэрээр мөнгөө яаралтай шилжүүл, дугуйн үнэ 3 100 000 төгрөг болсон. Маш сайн чанартай дугуй, танай хүүхэд 18 нас хүртлээ унахад ямар нэг асуудал гарахгүй гэж хэлсэн учраас өөрийн эгч Ч.Насанжаргалын Хаан банкны 5041306003 тоот данснаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 100 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 3 100 000 төгрөгөөр уг дугуйг худалдан авсан.
Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр уг дугуй хойд хэсгээрээ хугарсан. Иймд эдийн доголдол буюу чанар муутай дугуйг надад худалдсан учир би Д.Д руу утасдаж “дугуй эвдэрчихлээ, чанартай дугуй гэсэн ч чанаргүй дугуй байна” гэдгийг хэлсэн ба тэрээр аваад ир гэсний дагуу дугуйг өгч явуулсан. Үүнээс хойш одоог хүртэл сураггүй болсон бөгөөд хүн явуулж Д.Д-тай уулзуулахад “засварын зардал 600 000 төгрөг гарна” гэж хэлсэн ба уг мөнгийг намайг төл гэсэн бөгөөд би төлөх боломжгүйгээ хэлсэн. Надад эдийн доголдолтой, чанар муутай унадаг дугуй нийлүүлсэн дугуйны үнэ 3 100 000 төгрөгийг Д.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Намсрай гэх фэйсбүүк хаягнаас үйлчлүүлэгч холбогдон “хямдавтар бартаат замын уулын унадаг дугуй сонирхож байна” гэсэн ба манай дэлгүүрт захиалаад ирэх боломжтой бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийн бартаат замын уулын дугуй захиалахаар болсон.
Ч.О нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба захиалга ирэхээс өмнө унадаг дугуйны зарим нэг эд ангийг сайжруулан нэмэлт тоноглолтой болгохыг захиалагчийн зүгээс хүссэн бөгөөд сайжруулсан нийт өртөг 3 500 000 төгрөг болсон тухай Ч.Од мэдэгдсэн. Дугуйны эмээлийн доод хэсгээр амаржинтай болгосон, Японы шиманогийн тоноглол буюу араа, гинж, дөрөө, урд, хойд тоормосыг сольсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 2 100 000 төгрөгөө дансаар шилжүүлсэн. Ч.О-ын худалдан авсан дугуйг энд авчирч угсарсан бөгөөд нэхэмжлэгч тал дугуйгаа шалгаад авсан. Миний хувьд ямар нэг компани, хуулийн этгээдийн өмнөөс худалдаа хийдэггүй.
Би худалдан авагч Ч.О-ын хүсэлтийн дагуу дугуйныхаа үнийг 2 100 000 төгрөг болтол нь бууруулахад хамгаалалтын бээлий, цамц зэрэг 270 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг бэлэглэхийг надаас шаардсан ба н.Намсрай болон хамт ирсэн ахад нь боломжгүй бол заавал авах шаардлагагүй, урьдчилгаа 1 000 000 төгрөгийг нь буцааж өгөх боломжтойгоо хэлсэн. Тэд дугуйгаа аваад явсан бөгөөд үүнээс хойш 28 хоногийн дараа 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дугуйны рамыг хугалчихлаа гээд зургийг нь явуулсан ба зургийг нь шалгаж үзэхэд хэрэглээний гэмтэл байсан. Би Тайвань руу дугуй худалдаж авдаг газар руугаа Ч.О-ын мессежээр явуулсан дугуйны зургийг явуулахад тухайн газар хэрэглээний гэмтэл гэж надад хэлсэн.
Гэхдээ надад энэ талаар баримт байхгүй ч би өөрөө дугуй унадаг хүн болохоор сайн мэдэж байна. Би Ч.О-д гэмтсэн рамыг засуулах эсвэл солих боломжтой, засуулахад 350 000 төгрөг, бүтэн солиход 680 000 төгрөгийн өртөгтэйг хэлсэн бөгөөд хэд хоногийн дараа надад унадаг дугуйг авчирч өгсөн. Үүнээс хойш Ч.О нь нэг бол бүтнээр солиулна, эсхүл засуулмаар байна гэсэн эргэж буцсан зүйл ярьж байсан. Засварын хөлс 350 000 төгрөгийг төлөөд дугуйгаа авч болно.
Унадаг дугуйг буцаах тохиолдолд би тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглээ, эд ангийнх нь элэгдэл, хорогдлыг тооцож үзээд тухайн худалдан авсан үнийн талыг нь буцааж өгөх боломжтой гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04056 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Д-аас 3 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 64 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1044 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04056 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-аас 3 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдолтой хөрөнгө гэх ба худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, өөр төрлийн эд хөрөнгөөр солих, боломжгүй бол үнийг төлнө” гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар ижил нэр төрлийн дугуйгаар сольж өгөх нь худалдагчийн үүрэг байтал анхан шатны шүүхээс хэрэглэх байсан хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй бөгөөд өөр төрлийн эд хөрөнгөөр солиулах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн “Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Ч.О-д биет байдлын доголдолтой хөрөнгө нийлүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр худалдан авагч буюу нэхэмжлэгч Ч.О-ын шаардсанаар үнийг төлөх үүрэгтэй байна” гэж үзсэн нь мөн адил Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасныг үнэлж үзээгүй, нэхэмжлэгчийн хүсэл зориг болох дугуйны загвар болон үндсэн рамд өөрчлөлт оруулсан, хэрэглээний гэмтэл зэргийг анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй байна.
...Нэхэмжлэгч нь тус дугуйг анхлан хэрэглээний чанарыг өөрчилсөн энэ тухайгаа мэдэж байсан. Тус маргаан бүхий дугуй рам нь хугарахад засуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч засвар хийлгэж өгсөн боловч үндсэн рамыг солиулах хүсэлтэй байна гэж удаа, дараа шаардсаны дагуу дугуйны рамыг солиулахаар явуулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар тус маргаан бүхий дугуйны рам бүрэн солигдсон бөгөөд нэхэмжлэгчийн нэмэлт хэрэгслүүдийг хассан байдалтай Монгол улсад байна. Энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд худалдан авагч нь аль нэг эрхээ эдлэх байтал арилгуулах талаар хүсэлт гаргаж түүнийг зассан үүний дараачаар солиулах хүсэлтийн дагуу солиулахаар гадаад улсруу явуулсан боловч өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад хариуцагч миний бие туйлын их гайхаж байна. Анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хариуцагч миний бие засварын зардал мөн рам солиулах болон тээвэрлэлтийн зардлыг өөрөөсөө гаргахгүй байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу байхад надаас гарсан зардлыг тооцохгүй худалдан авсан үнийн дүнгээр хангаж байгаад гомдолтой байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоож, гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй улмаар хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг зөв тогтоогоогүй нь учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч Ч.О нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийн үнэд төлсөн төлбөр буюу 3 100 000 төгрөгийг буцаан авахаар хариуцагч Д.Дд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Д.Д нь шаардлагыг эс зөвшөөрч, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдсан, эд хөрөнгөд гарсан эвдрэлийг зассан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ч.О 3 100 000 төгрөгөөр хариуцагч Д.Даас унадаг дугуй худалдан авсан ба дугуй сарын дараа хугарч эвдэрсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэж, гэрээнээс татгалзан, эд хөрөнгийн үнэд төлсөн 3 100 000 төгрөгийг буцаахыг шаарджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар шийдвэрлэх ёстой гэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Харин хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3.-т зааснаар үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Зохигчийн хоорондох худалдах-худалдан авах гэрээний зүйл анхнаасаа биет байдлын доголдолтой байсан, эсхүл худалдан авагч тал доголдолгүй зүйлийг ашиглалтынхаа явцад гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй учир гэрээнээс татгалзах нэхэмжлэгчийн шаардлагыг хангахдаа худалдан авагч тал эд хөрөнгийг сарын хугацаанд эзэмшиж, ашигласан, ийнхүү ашиглах явцад эд хөрөнгийн гэмтэл гарсан байдлыг харгалзаж, тухайн эд хөрөнгийг засварлахад хариуцагчаас гаргасан 350 000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчийн буцаан авах мөнгөний үнийн дүнгээс хасч тооцох боломжтой гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1044 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1., 205.2.3.-т” гэж, “3 100 000 төгрөг” гэснийг “2 750 000 төгрөг” гэж, “гэж өөрчлөн” гэснийг “гэж, 2 дахь заалтын “Д.Д-аас 64 550 төгрөг” гэснийг “Д.Д-аас 58 950 төгрөг” гэж өөрчлөн” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 64 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН