Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0613

 

 

              “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: “Д” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “ “Д” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-35210000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 444 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.Т нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0277/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдууланНийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “ “Д” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-35210000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02  дугаар сарын 11-ний өдрийн “ “Д” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдэх “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-35120000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,

 2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.     Анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлүүдийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа хууль хэрэглээний үр дагаварыг дутуу тодорхойлсноос үүдэн нэхэмжлэлийн даалгах шаардлагыг хангаагүй орхигдуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь шүүхээс “татварын нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчийн төлөөлөгч Ч.Г гэх хүнд гардуулж тэмдэглэл үйлдсэн атлаа гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргахад төлөөлөх эрхгүй этгээд байна гэж үзсэн нь учир дутагдалтай. Хэрэвзээ анхнаасаа төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж үзэж байгаа бол төлөөлөх эрхгүй этгээдэд нөхөн ногдуулалтын актыг гардуулсан нь мөн адил буруу. Иймээс нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчийн хууль ёсны төлөөлөх эрхтэй этгээдэд гардуулж ажиллагааг зөвтгөх учиртай” гэж маргааны үйл баримтыг зөв дүгнэж улмаар Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт татвар төлөгчийг төлөөлөх эрхгүй этгээдэд тогтоол гардуулсан гэж үзэж цаашлаад маргаан бухий тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэнтэй бол нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үзэхгүй. Энэ тохиолдолд шүүх татварын нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг сэргээх нь зүйд нийцэх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн дагалдах шаардлага болох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг баталгаатай хангах нөхцлийг бүрдүүлэх юм.

            3.2. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх мөрөнд “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж өөрчлөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “ “Д” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-35210000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02  дугаар сарын 11-ний өдрийн “ “Д” ХХК-ийн хүсэлтийн тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдэх “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн НА-35120000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. 

3.3.  Маргаан бүхий 05 дугаар тогтоолоор “... “Д” ХХК-ийн 35120000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан”, шүүх 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

3.4. Анхан шатны шүүх “... Маргаан таслах зөвлөл иргэн Ч.Г нь “Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч биш гэх үндэслэлээс өөр үндэслэлээр нэхэмжлэгч нь НА-35210000122 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэхийг шалгаж хүсэлтийг дахин шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзээд “... НА-35210000122 дугаар актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.5. Учир нь хариуцагч шүүх хуралдаанд “... Маргаан таслах зөвлөл зөвхөн итгэмжлэлгүй этгээд төлөөлсөн гэдэг үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан зүйл байхгүй, Татварын ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж зааснаар төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан” гэж тайлбарласан, шүүх “Д” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Д байхад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/037 дугаар албан бичгээр захирал гэх Ц.Ж-гийн олгосон итгэмжлэлээр Ч.Г-г нөхөн ногдуулалтын актыг гаргах ажиллагаанд оролцуулж, актыг түүнд танилцуулж, гардуулсан атлаа Ч.Г-г уг актад гомдол гаргахад түүнийг компанийн хууль ёсны төлөөлөгч биш гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн байх тул нэн түрүүнд актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхийг тогтоох учиртай.

3.6. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, 94.2-т зааснаар энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан.

3.7. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь 35120000122 дугаар нөхөн ногдуулалтын актад хуульд заасны дагуу гомдол гаргах хугацаа хэтэрсэн эсэх, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн эсэхийг бүрэн нягталсны үндсэн дээр хүсэлтийг дахин шийдвэрлэх нь цаашид уг маргааныг даамжирахаас сэргийлэх юм. 

3.8. Мөн 05 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн “35120000122 дугаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацаа сэргээх” хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар нэхэмжлэгч нь уг актад гомдол гаргах боломжгүйд хүрсэн, үүгээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... уг тогтоол нь захиргааны акт биш” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН