Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 302

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтан сагсын Сансар дэлгүүрт байрлах, Номин-Ундрах ХХК /РД:2024365, утас 99037682/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Барилгачдын 3-17 тоотод оршин суух,  Боржигон овогт Наранхишигийн Нарантуяа /регистрийн дугаар ТА81122401, утас 95781034/-д холбогдох

 

 “3,053,260 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Одцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, гэрч А.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Н.Нарантуяа нь төмөр замын 16 дугаар байрны Өсөх нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд манай компанитай харилцдаг худалдан авагч юм. Анх би 2016 оны эхээр өөрт нь үзүүлж засал ном хийлгэх гэж очоод танилцаж байсан. Түүнээс хойш манай бөөний төвтэй харилцаж зээлээр бараа бүтээгдэхүүн аваад мөнгийг нь буцаагаад төлчихдөг байсан юм.

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Н.Нарантуяа нь манай Сансар бөөний төв дээр ирээд би древенд байдаг хашаандаа дэлгүүр барьсан юм. Түүнийгээ супермаркет болгож нээж ажиллуулах гэж байгаа одоо ямар ч бараагүй байна.  11-12 сая төгрөгөнд бараа багтаагаад бараа зээлээч. Би нээсэн супермаркетаа банкинд үзүүлээд банкнаас зээл аваад 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө мөнгийг чинь буцаагаад төлчихнө” гэж хэлээд манай Дархан зах дотор байрлалтай Сансар бөөний төвөөс нийт 11,478,970 төгрөгийн бараа, хүнсний бүтээгдэхүүн зээлээр худалдаж аваад явсан.

Авсан зээлээ 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг болтол тохиролцсон ёсоороо бүрэн төлж барагдуулаагүй байна. Төлөлт хийх хугацаа өнгөрснөөс хойш 4,425,710 төгрөгийн барааг буцаан өгч 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд одоо үлдэгдэл 3,053,260 төгрөгийн өртэй байна.

Н.Нарантуяа бараагаа хүлээлгэж өгөхдөө зарлагын баримтан дээр манай худалдагч А.Номин-Эрдэнэ бид хоёр хүлээлгэж өгч байгаа бараагаа бүртгэж тоо ширхэгийг нь тулгаж Нарантуяатай хүлээлцсэн 13 хуудас зарлагын баримт Туяа эгч л гэж дууддаг байсан болохоор зарлагын баримтан дээрээ Мөнхтуяа гэж нэрийг нь андуурч бичсэн, авсан бараанаасаа буцаалт хийсэн Нарантуяагийн өөрийнх болон миний бүртгэл хөтөлсөн 2 дэвтэрийг эх хувиар нэхэмжлэлдээ хавсаргалаа.

Утсаар холбогдож мөнгөө нэхэхээр удахгүй өгнө удахгүй мөнгө бүтнэ дэлгүүрээ зараад өгнө биеэ эмчлүүлээд завгүй явж байна гэх зэргээр хүлээлгэсээр өдий хүрлээ. Би Н.Нарантуяаг сайн бөө эгч гэж бодож засал ном хийлгэдэг, хүндэлж явдаг байсан болохоор итгээд ямар ч барьцаагүйгээр компанийхаа бараа бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр нь зээлээр өгсөн байхад тохирсон хугацаандаа эргэж төлөхгүйгээр өдий хүрч манай компаний эргэлтийн хөрөнгөнд хохирол учруулж байх тул Н.Нарантуяагаас үлдэгдэл 3,053,260 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие шүүхэд гаргасан нэхэмлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 8,425,710 төгрөгний бараа ирсэнээс  4,425,710 төгрөгийн барааг буцаан өгч,  үлдэх 4,000,000 төгрөгийг өгсөн, одоо надад өгөх өр төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК нь “хариуцагч Н.Нарантуяа нь манай Сансар бөөний төвөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийт 11,478,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан. Үүнээс 4,425,710 төгрөгийн барааг буцаан өгсөн, үлдэх  3,053,260 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Н.Нарантуяа нь “2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус бөөний төвөөс 8,425,710 төгрөгийн бараа авсан. Үүнээс 4,425,710 төгрөгийн барааг буцаан өгсөн, үлдэх 4,000,000 төгрөгийг өгсөн. Одоо ямар ч өгөх өр төлбөр байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.

Талууд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан бараанаас 4,425,710 төгрөгийн барааг буцаан өгсөн, хариуцагч Н.Нарантуяа нь бэлнээр 4,000,000 төгрөг өгсөн  талаар хэн аль маргаагүй.

Харин 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Номин-Ундрах ХХК-иас хэдэн төгрөгийн барааг хариуцагч Н.Нарантуяад өгсөн талаар талууд  маргасан болно.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно”,  262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ”,  263.4-д “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ”  гэж тус тус заасан байна.

Зохигч талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулагаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх  үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК нь худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар Номин-Ундрах ХХК нь хариуцагч Н.Нарантуяад 11,478,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдсан болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал зохигч талууд барааны үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК нь хариуцагч Н.Нарантуяад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 11,478,970 төгрөгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэх 13 хуудас зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү зарлагын баримтад хүлээн авагчийн гарын үсэг байхгүй, зохигч талуудын хүсэлтээр асуусан гэрч Н.Оюунчимэг, Д.Оюунсайхан, А.Номин-Эрдэнэ нар нь анх хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнийн дүн зөрүүтэй мэдүүлсэн, гар утасны мессежид “талуудын хооронд хэдэн төгрөгийн бараа өгч авсан болон хэдэн төгрөгийг өгөөгүй талаар тусгаагүй” байх тул  нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК-ний “хариуцагч Н.Нарантуяад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нийт 11,478,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгснөөс 4,425,710 төгрөгийн барааг буцаан авсан, 4,000,000 төгрөгийг өгсөн, үлдэх 3,053,260 төгрөг гаргуулахаар” нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК-ний гаргасан хариуцагч Н.Нарантуяагаас 3,053,260 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Номин-Ундрах ХХК-ний гаргасан хариуцагч Н.Нарантуяагаас 3,053,260 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,810 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ТУНГАЛАГМАА