Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 77

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00101/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Боржигон овогтой Н-ийн Н-д холбогдох,

          “Зээлээр авсан барааны үлдэгдэл 3.053.260 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “*******” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Н.Н- нь төмөр замын 16 дугаар байрны “*******” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг, манай компанитай харилцдаг худалдан авагч юм. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Н.Н- нь манай “Сансар” бөөний төв дээр ирээд би древенд байдаг хашаандаа дэлгүүр барьсан. Түүнийг супермаркет болгож ажиллуулах гэж байгаа одоо ямар ч бараагүй 11-12 сая төгрөгөнд бараа багтаагаад зээлээч  гэж хэлсэн.  Би банкнаас зээл аваад 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө мөнгийг чинь буцаагаад төлнө гэж хэлээд Дархан зах дотор байрлалтай “Сансар” бөөний төвөөс нийт 11.478.970 төгрөгийн бараа, хүнсний бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан. 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор зээлээ бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон хэдий ч  тохиролцсон ёсоор бүрэн төлж барагдуулаагүй байна. Төлөлт хийх хугацаа өнгөрснөөс хойш 4.425.710 төгрөгийн барааг буцаан өгч 4.000.000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 3.053.260 төгрөгийн өртэй байна. Иймд 3.053.260 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н-гаас:

Миний бие 8.425.710 төгрөгийн бараа ирсэнээс 4.425.710 төгрөгийн барааг буцаан өгч, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад өгөх өр төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан хариуцагч Н.Н-гаас 3.053.260 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.810 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одцэцэг давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Н.Н- нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай “Сансар” бөөний төвөөс 11.478.970 төгрөгийн бараа, хүнсний бүтээгдэхүүн зээлээр худалдан авч 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл үлдэгдэл 3.053.260 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч удахгүй өгнө гэж хэлсэн учир анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандсан. Н.Н-д барьцаа болон урьдчилгаа төлбөргүйгээр 11.478.970 төгрөгийн бараа зээлээр өгсөн. Барааг зээлээр өгөхдөө гэрчээр мэдүүлэг өгсөн худалдагч А.*******ийн хамт байсан бөгөөд зарлагын баримтан дээр зээлээр авч байгаа бараа бүтээгдэхүүнээ тоо ширхэг үнийн дүнгээр нь бичиж хүлээлгэн өгсөн тэмдэглэгээ хийсэн. Анхан шатны шүүх нотлох баримтаар гаргаж өгсөн 13 хуудас зарлагын баримтыг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч тал үндэслэлгүй хөрөнгөжихөөр санаархаж огт үндэслэлгүйгээр 3.053.260 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Н.Н-д холбогдуулж зээлээр өгсөн барааны төлбөрийн үлдэгдэл 3.053.260 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч Н.Н- нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх  зохигчдын  хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнээд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвхөн давж заалдсан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийсэн болно.

Зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр худалдах худалдан авах хэлцэл амаар хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүнсний бөөний “Сансар” төвөөс тодорхой хэмжээний барааг дараа төлбөрийг нь төлөхөөр хариуцагч Н.Н- авсан бөгөөд талууд одоо нийлүүлсэн барааны үнэ дээр маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь 11.478.970 төгрөгийн бараа нийлүүлснээс 4.425.710 төгрөгийн барааг буцаан өгч, 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч,үлдэгдэл 3.053260 төгрөг төлөөгүй гэж, хариуцагч нь 8.425.710 төгрөгийн бараа хүлээн авч, 4.425710 төгрөгийн барааг буцаан өгч, 4.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж төлбөрөө бүрэн барагдуулсан гэж маргасан бөгөөд зохигчдын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 13 хуудас зарлагын баримт хүлээн авагч талын гарын үсэггүй, өөр хүний нэр дээр бичигдсэн баримт байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

Мөн тэрхүү баримтууд нь хариуцагчид 11.478.970 төгрөгийн бараа өгсөн гэдгийг үнийн дүнгийн хувьд ч нотлохгүй зөрүүтэй байна.

Болсон үйл баримтаас үзвэл бараа өгч авалцахад талуудын хэн аль нь өөрсдөө биечлэн байлцаагүй бусдаар дамжуулж өгч авалцсан байх бөгөөд хоорондоо тооцоо нийлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй болно.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн гар утасны зурвасууд  нь талуудын хооронд хэдэн төгрөгийн бараа өгч авалцсан болон хэдэн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй тухай нотлоогүй бөгөөд агуулга нь маргааны зүйлд хамааралгүй байна.  

Мөн талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэр бүхий 3 гэрчийн мэдүүлгүүд эх сурвалжаа заагаагүй бөгөөд тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаах нь ач холбогдолгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Зохигчдын хэн аль нь 4.425.710 төгрөгийн барааг буцаасан талаар болон 4.000.000 төгрөг төлсөн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.810 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                                              ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                Л.АМАРСАНАА