Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00015

 

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа

Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга С.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, хариуцагчийн асран хамгаалагч  Г.Сэнгээ нарыг оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Оюунцэрэнд холбогдох

Улсад учруулсан гэм хорын хохирол 27,092,425 /хорин долоон сая ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин тав/  төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч  Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбар нэхэмжлэлдээ: Ш.Оюунцэрэн нь тус салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа Улсын нөөцийн салбарын 2014 оны жилийн эцсийн бараа материалын борлуулалтын орлого болох 58,092,425 төгрөгийг байгууллагын касс, дансанд хийлгүй өөртөө бэлнээр хадгалж байгаад үрэгдүүлж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт нотлогдсон. Үүнээс 31 сая төгрөгний хохирлыг барагдуулсан ба үлдсэн 27,092,425 төгрөгийг Ш.Оюунцэрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн асран хамгаалагч Г.Сэнгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд хариуцагчаар татагдсан Ш.Оюунцэрэнгийн гэр бүлийн хүн нь бөгөөд нөхөр маань тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орж эрх зүйн чадамжгүй болчихсон юм. ... Ичинхорлоо нь Оюунцэрэнд 30,000,000 төгрөг өгсөн гэх боловч албан ёсоор хүлээлгэж өгсөн баримт, хүлээлцсэн гарын үсэг байхгүй байхад уг мөнгийг Оюунцэрэн авч үрэгдүүлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...миний бие ОБЕГ-ын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/381 дүгээр тушаалаар Ш.Оюунцэрэнг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлж, цэргийн алба хаасан хугацааны нэг удаагийн тэтгэмж 13,323,413 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Оюунцэрэнд холбогдох гэм хорын хохирол 27,092,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдолдоо: ... нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлсээр байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж тогтоосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч Г.Сэнгээ нь ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 27,092,425 төгрөгөөс ...Оюунцэрэнгийн нэг удаагийн тэтгэмж 13,323,410 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэрэгжүүлээгүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт дурьдаагүй,

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч Г.Сэнгээ оролцсон байхад шүүхийн шийдвэрт дандаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэнгээ гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйл 99.2  “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн,

Хавтаст хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан нотлох баримт болон хавтаст хэргийг дугаарлаагүй байсан нь шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлж, тайлбарласан нь эргэлзээтэй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул …шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй Ш.Оюунцэрэнд холбогдох хэрэгт оролцсон Г.Сэнгээгийн эрх зүйн байдал тодорхой бус, шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбар нь тус салбарын даргаар ажиллаж байсан Ш.Оюунцэрэнгээс улсад учруулсан хохирол 27,092,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Ш.Оюунцэрэнг тодорхойлж, шүүх түүнд холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн /хх-ийн 7-р тал/ байх боловч нэхэмжлэлд дурдсан этгээдэд бус Г.Сэнгээд нэхэмжлэлийн хувь /хх-ийн 14-р тал/ гардуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т  “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулах учиртай.

Шүүх эрх, үүрэг тайлбарласан баримтын /хх-ийн 10-р тал/ “хариуцагчийн төлөөлөгч” гэсэн хэсэгт, хэрэг танилцуулсан тухай баримт /хх-ийн 16, 22-р тал/, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтын /хх-ийн 30-р тал/  “хариуцагч” гэсэн хэсэгт Г.Сэнгээгээр гарын үсэг зуруулж, түүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагч” гэж, шүүхийн шийдвэрт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж өөр өөр тусгаснаас Г.Сэнгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр сууринаас оролцож байгааг тодорхойлох боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийн нэг боловч биечлэн оролцох боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.Энэ тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “итгэмжлэл, бусад бичиг баримтаар” тодорхойлогдоно. Хэрэгт Г.Сэнгээд олгосон итгэмжлэл, бусад бичиг баримт авагдаагүй тул түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч эрх зүйн чадамжгүй тохиолдолд Иргэний хуулийн 18 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р зүйлд зааснаар буюу хуульд зааснаар хууль ёсны төлөөлөгч нь бүрэн төлөөлж оролцох бөгөөд Г.Сэнгээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Хуульд зааснаар, сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх төлөөлөл нь эрх зүйн өөр өөр үр дагавартай тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Сэнгээ ямар хэлбэрээр оролцож байгааг зөв тодорхойлсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар болон нотлох баримт дутуу үнэлсэн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 176  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ГАНБАТ                                                                

                            ШҮҮГЧИД                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                         Б.СОСОРБАРАМ