Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0963/з |
Дугаар | 340 |
Огноо | 2016-11-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 340
“Сэтгэшгүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Хүрэлбаатар нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 560 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Сэтгэшгүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сэтгэшгүй” ХХК-ийн нэхэмжлэлийн “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх ЭХ-98/22/2758, ЭХ-10/22/3358 дугаарын тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/643, хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/866 дугаар захирамжуудыг хүчингүй болгох, “Сэтгэшгүй” ХХК-д учирсан 40.000.000 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Сэтгэшгүй” ХХК-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 дугаар албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 560 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны 431 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/643, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 дугаар захирамжуудын “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/643, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/866 дугаар захирамжуудын “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч “Сэтгэшгүй” ХХК-ийн ерөнхий захирал С.Хүрэлбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би урьдах шатны шүүхүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлээ холбогдох хуулиудын зүйл заалтаар нь нотлох баримттайгаар хангалттай тайлбарласан гэж үздэг.
1. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Захиргааны акт”-ын талаарх заалтын шаардлагыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2/830 тоот албан бичиг бүрэн хангасан баримт бичиг юм. Энэ албан бичиг нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх тусгай зөвшөөрлийн урт нэртэй комиссын дүгнэлтийг үндэслэн сувиллын үйл ажиллагааг зогсоохыг захирамжилсан утгатай бөгөөд эрх зүйн үр дагаврыг шууд тодорхойлсон утгаар нь би сувиллын үйл ажиллагаагаа зогсоосон тул захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа юм. Би сувилалд хийсэн шалгалт, илэрсэн дутагдлыг үгүйсгэж эсэргүүцээгүй, мөн түдгэлзүүлсэн шийдвэрийг ч эсэргүүцээгүй тул эмнэлэг, сувиллын үйл ажиллагаагаа зогсоосон. Гагцхүү энэ албан бичгээс эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа хирээс хэтэрч надад хохирол учруулсан эрх зүйн үр дагаврыг бий болгосныг залруулахыг хүсэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон түүний дэргэдэх тусгай зөвшөөрлийн комисс аж ахуйн нэгжийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах эрх бүхий субъект биш бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй байхад эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг зогсоон эрх хэмжээгээ хэтрүүлэн буруу ашигласан хууль бус үйлдлийг шүүх зөвтгөж байгааг зохигчдод ялгавартай тэгш бус хандаж буйн илрэл гэж үзэж байна.
Үүний уршгаар манай компанид наад зах нь 40 сая төгрөгийн хохирол учирсан тул Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичгийг илтэд хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа юм.
2. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага Төрийн хяналт шалгалтын тухай болон Тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчиж, шалгалтын удирдамж, хяналтын хуудас, тэмдэглэлээ надад өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гаргасан бүх шийдвэрийг нууцалсан нь хариуцагчийн хууль бус үйлдэлд цаг тухайд нь гомдол гаргах, эрх бүхий субъект болох Нийслэлийн Засаг даргад хандан өөрийгөө ойлгуулах боломжийг хааснаас манай тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн, цуцалсан захирамжууд хууль бусаар гарсан гэж үзэж байна.
Хэрвээ хариуцагч нь холбогдох албан тушаалтнууд хуулиар тогтоосон шаардлагын дагуу бүх бичиг баримтуудыг биш гэхэд ядаж шалгалтын тэмдэглэл, эсхүл тусгай зөвшөөрлийн комиссын дүгнэлтийн аль нэгийг надад өгсөн бол өнөөдрийн энэ маргаантай байдал бий болохгүй, би заагдсан алдаа дутагдлыг засаад, гүйцэтгэлийг нь шалгуулаад явчих байсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын актаар заасан дутагдлуудыг арилгах ажил зохиосон, үзүүлж харьцуулах юмтай байсан. Гэтэл шүүх хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал, Э.Навчаа нарын “Сэтгэшгүй” ХХК дутагдлаа арилгах ажил зохиогоогүй, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй ажиллуулж байсан, хохирогч Ёс зүйн хороонд гомдол гаргасан, сувиллын байр стандарт шаардлага хангахгүй, гүйцэтгэлийн шалгалт хийлгэх хүсэлт гаргаагүй, шилэн данснаас мэдээлэл авч болох байсан зэрэг ямар ч нотолгоогүй, албан тушаалтны үүрэгт ажлаа ёсчлон хийгээгүй хариуцлагагүй байдлыг хаацайлсан илт худал тайлбарыг хүлээн авсанд гомдолтой байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-р зүйлийн 2-т заасан заалтуудаар тавигдсан үүргүүдийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнууд огт биелүүлээгүй. Одоо ч дээрх баримт бичгүүд нь шилэн дансанд тусгагдаагүй байгаа бөгөөд байсан ч би гарын үсгээ зурж чадахгүй нь ойлгомжтой. Шалгалтын тэмдэглэлийг надад танилцуулж гарын үсэг зуруулан, нэг хувийг нь өгснөөр түүнд дурдагдсан алдаа дутагдлыг арилгах үүрэг үүснэ.
Гэтэл тэр үүрэг хариуцлага үүсгэх баримт бичгээ надад өгөөгүй, 2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдээд гүйцэтгэлийн шалгалт хийх хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй атлаа гүйцэтгэлийг хангаагүй гэж хийсвэрээр дүгнэж намайг буруутгаж байгаа нь учир дутагдалтай. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шаардлагаар сувиллын үйл ажиллагааг зогсоон үйл ажиллагаа явуулахгүй байгааг нотолсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Байгалмаагийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 0203482/306/ тоот акт бий. Энэ актуудыг няцаах ямар нэг нотлох баримт хариуцагчид байхгүй бөгөөд зөвхөн тайлбар бичгээр, сэжиг таамаглалаар няцааж болохгүй байх. Сувиллын үйл ажиллагааг зогсоосныг баримтаар нотолсон байхад үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг үндэслэлээр гүйцэтгэлийн шалгалт хийлгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсан нь буруу юм. Дээр дурдсан бодит байдлыг зөв ойлгуулахын тулд нотлох баримтад анхаарлаа хандуулахыг эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна.
Миний дурдсан албан бичиг, баримтууд хэрэгт хавсаргагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д заасантай нийцэж байгаа. Миний дээр дурдсан хуулийн заалтуудыг өмнөх шатны шүүхүүд хэрхэн хангалтгүй, эсхүл огт хэрэглээгүйгээс гарч буй үр дагаврыг, өөрөөр хэлбэл миний 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн бүхнийг минь албан тушаалтны хүнд суртал, хонзогносон үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр шударга бусаар сүйтгэж байгааг зөвтгөж байгааг үнэн зөвөөр тогтоож өгөөсэй гэж хүсэж байна.
Иргэн Д нас барсан асуудалд “Сэтгэшгүй” ХХК-ий эмч ажилтнуудын гэм буруугүйг шүүх шинжилгээний болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хохирогч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн хороонд гомдол гаргасан гэдэг нь худлаа болох нь батлагдсан болно. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2/830 тоот албан бичгийг илтэд хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/643, А/86б тоот захирамжуудын “Сэтгэшгүй” ХХК-ий Сувиллын үйл ажиллагаа эрхлэх 10/22/3358 дугаарын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, цуцалсан хэсгийг хүчингүй болгох, “Сэтгэшгүй” ХХК-д учирсан 40 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисс нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, энэ өдрийн хуралдаанаар “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлгийн зүгээс ямар ч гомдол гаргаагүй нь өөрсдийн үйлдлийн бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа юм.
Нэхэмжлэгч С.Хүрэлбаатар нь хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил гаргасан иргэн Д-г сувилалд хэвтүүлэхдээ өвчтөнд бодит үзлэг дутуу хийсэн анамнез дутуу авсан, багажийн болон лабораторийн шинжилгээ хийгээгүй хэвтүүлсэн байсан. Тухайн үед талийгаач Д-г карт, өвчний түүхийг хуулийн байгууллага татан авсан байсан тул танилцаж чадаагүй болно. С.Хүрэлбаатар эмчийн өгүүлэмжээр DS: Нурууны ясны мурийлт, мушгиралт, захын мэдрэлийн дарагдалт өвдөлтийн синдром гэж оношилж, хэвтэх үед багажийн болон бусад шинжилгээ бүрдүүлэлгүй хэвтүүлсэн.
Эмнэлгийн анхан шатны бичиг баримтыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 420 дугаар тушаалын дагуу хөтөлдөггүй, амь тэнссэн яаралтай тусламжийн үеийн эм, эмнэлгийн багаж хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй, эмч мэргэжилтнүүд энэ талаар мэдлэг дутуу, шаардлагатай тохиолдолд өвчтөн шилжүүлэх журамгүй, их эмч буюу эмчлэгч эмч гэх С.Хүрэлбаатар нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй ажиллаж байснаас иргэн Д нь амь насааа алдсан талаар олон нийтэд зарлагдаж, улмаар телевизээр нийтэд цацагдсан мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийгдсэн. Эмнэлэг, сувилалд нийт 3 эмчийн орон тоотой эмч нар эмнэлэг ажиллуулах хүрэлцээ муутайгаас гадна эмчлэгч эмч С. Хүрэлбаатар нь хүний амь нас эрсдсэн асуудал шалгуулахдаа компанийн захирал, өвчтөнд эмч болж хувирч хуулийн байгууллагаар нэлээдгүй тоглож байгааг шүүх анхаарах ёстой юм.
Үүнээс гадна үйл ажиллагаа явуулж буй байр нь сувиллын үйл ажиллагаа явуулахад зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага. хөдөлмөр хамгаалал техникийн аюулгүй байдал хангахгүй, орчин бохир, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хураан авч. нийслэгамн Мэргэжлийн хяналтын газарт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн холбогдох арга хэмжээ авч хамтран ажиллах талаар 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн /744 албан бичгээр хандсан. Мөн талийгаачийн ар гэрийнхэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ес зүйн салбар хороонд гомдол гаргасан болно.
Хариуцагч байгууллагын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 143 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах удирдамж"-ийн 6.2.3-т "...тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг комиссын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулна" гэж" тус тус зохицуулсан. Дээрхээс үзвэл Нийслэлийн Засаг даргаас "эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах" тусгай зөвшөөрөл олгох, түүнчлэн түдгэлзүүлэх, хүчингүй болгох эсэх асуудлыг хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтын дагуу "тусгай зөвшөөрлийн комисс" дүгнэх эрх хэмжээтэй болно.
"Сэтгэшгүй" ХХК-ийн үүдэн эмнэлэг нь 2015 оны 9 дүгээр сарын 11-нийг хүртэл, сувилал нь 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажиллаж байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02-03482/306 дугаар акт, мөн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02-03482/319 дүгээр актуудаар тогтоогдож байх тул "тусгай зөвшөөрлийн комисс"-ын дүгнэлтээр үйл ажиллагаа түдгэлзсэн гэж үзэхээргүй байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 02-02/701 дугаар удирдамжийн дагуу эмнэлгийн тусламж, чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Байгалмаа, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Уран-Учрал нар нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж танилцуулга үйлдсэн. Танилцуулгын 3-т: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/643 дугаар захирамж болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд шалгалт шалгалт хийснийг дурьдсан байх ба "... сувилал нь 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажиллаагүй, үүдэн эмнэлэг нь 2015 оны 8 дугаар сарын 22-ноос эхлэн ажилласан. ... Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 25.1, 46.1.1, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 15 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг зөрчиж байгаа" нөхцөл байдал тогтоогдож, “...эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байхад “Сэтгэшгүй” эмнэлэг нь ажиллаж байгаа нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас албан бичгээр ирүүлсэн асуудал үндэслэлтэй, эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанг томилоогүй, хийх ажлын төлөвлөгөө гаргаагүй, дотоод хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцож ажилладаггүй" гэсэн дүгнэлт гаргасан.
Дээрх шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, “тусгай зөвшөөрлийн комисс”-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд арга хэмжээ авч ажиллах талаар хандаагүй тул “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн шийдвэр болсон.
“Сэтгэшгүй” ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар нь төрийн байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй тохуурхаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар зарлан үйл ажиллагааг явуулсаар байсан тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Сэтгэшгүй” ХХК-д 960.0 төгрөгөөр торгох шийдвэр гарсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Сэтгэшгүй” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ЭХ-98/22/2758, ЭХ-10/22/3358 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/643 дугаар захирамж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/866 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2/860 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн гэм буруутай этгээдээс 40000000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
-эмнэлгийн үйл ажиллагааны талаар
“Сэтгэшгүй” ХХК нь уламжлалтын сувилал чиглэлээр ЭХ-10/22/3358 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй, мөн бариа засал, ховс эмчилгээний чиглэлээр ЭХ-98/22/2758 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй байна.
2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ЭХ-10/22/3358 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй сувилалд хэвтэн эмчлүүлж байсан эмчлүүлэгч нас барсан үйл явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, эмнэлэг болон сувиллын үйл ажиллагааг хоёуланг нь түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэвч Эрүүл мэндийн газраас зөвхөн үйл явдал болсон сувиллын үйл ажиллагааг хянаж шалгасан болохоос түүнээс өөр газар байрлах, тусдаа үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийн үйл ажиллагааг хянаж шалгаагүй атлаа эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, хүчингүй болгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн /2011 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хяналт шалгалтаар зөрчил илэрсэн” гэж гомдол гаргаж байгаа боловч эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн шалгасан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Илтгэх хуудаст “сувиллын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн” гэж тэмдэглэсэн байгаа нь хавтаст хэрэгт авагджээ.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.
-сувиллын үйл ажиллагааны талаар
Эрүүл мэндийн тухай хуулийн /2011 оны/ 19 дүгээр зүйлийн 19.10, 19.11-т зааснаар тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгохоор байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн түдгэлзүүлэх ба Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2269 дүгээр албан бичгээр хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлсэн тухай хариуг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.
Энэхүү хяналт шалгалтын дүн болон бусад баримтыг үндэслэн “Сэтгэшгүй” ХХК-ийн сувиллын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх захиргааны байгууллагын зорилгод тохирсон гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргаас түдгэлзүүлэх шийдвэр гараагүй байхад эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг зогсоон эрх мэдлээ хэтрүүлсэн, Эрүүл мэндийн газар нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрхгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн /2011 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Засаг даргад танилцуулах эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд эрх бүхий албан тушаалтанд дүгнэлтийг хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан Комиссын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон байна.
Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамжийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ба Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 2/830 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандаж, Комиссын хурлын шийдвэрийг мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл Комисс 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуралдаанаас гарсан шийдвэрийг мэдэгдсэн, эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг зогсоохыг анхааруулсан болохоос “түдгэлзүүлсэн” тухай шийдвэр гаргаагүй байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой салбар болохын хувьд нэгэнт хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тул анх тусгай зөвшөөрөл олгосон Засаг даргаас шийдвэр гаргах хүртэл нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулахгүй байх нь Эрүүл мэндийн тухай хуулийн /2011 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт нийцэх юм.
“Шалгалтын тэмдэглэл комиссын дүгнэлтийг танилцуулаагүй, танилцуулсан бол заагдсан алдааг засах байсан, шалгалт хийхээс 2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх үүргээ биелүүлээгүй” гэх гомдлын тухайд:
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэг удаа буюу 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хяналт шалгалт хийсэн бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн /2011 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар харъяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарч байна. Комиссын дүгнэлт нь бие даасан захиргааны актын шинжгүй, нэхэмжлэгчид хаяглагдаагүй болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргад хаяглагдсан, захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны нэг хэсэг байсан тул энэхүү Комиссын дүгнэлтийг танилцуулаагүйгээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, хяналт шалгалттай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаагүй учир Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэглэх, “2 хоногийн өмнө мэдэгдэж, гүйцэтгэлийн хяналт хийх” тухай гомдол нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.
Нэхэмжлэгчийн тухайд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсаар байхад төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үл биелүүлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тул сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр хуулийн үндэслэлтэй болжээ.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 560 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ