Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00016

 

Х.Сувд-Эрдэний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хариуцагч Д.Цэндхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Сувд-Эрдэний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Цэндхүүд холбогдох  зээл болон түрээсийн  гэрээний төлбөр 968,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Дэмбэрэлсүрэн овогтой Цэндхүү нь  “Гоо даль” салонд 2013 оны  12 дугаар сарын 17-ны өдөр буюу салон нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс үсчний үндсэн орон тоон дээр голын сандал, тэргэнцэр бүхий зүйлийг түрээслэн ажиллаж байснаа 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөө огт хийгээгүй ба улмаар өөр салонд орж ажилласан юм. ...Мөн Д.Цэндхүү нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг зээл авчихаад өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Д.Цэндхүүгээс 39 хоногийн түрээсийн төлбөр өдрийн 12,000 төгрөгөөр тооцоход нийт 468,000 төгрөг, зээлдүүлсэн 500,000 төгрөг  нийт 968,000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Цэндхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Миний бие нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ...“Гоо даль” үсчин, гоо сайхны салоныг тохижуулахад хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэж гуйсны үндсэн дээр 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкнаас миний нэрээр зээл гаргуулж, 5890283418 тоот данс руу 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба тус мөнгөнөөс зээл олгосон шимтгэлийг хасаад  25,740,000 төгрөгийг Х.Сувд-Эрдэний 5890283043 тоот дансанд шилжүүлэн өгсөн. ...би уг зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.  ...надаас түрээсийн төлбөр нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн гэрээнд түрээсийн төлбөр хоногийн 9,000  төгрөг байхаар гэрээ хийсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш амралтын хоногоо хасаад 12 хоногийн 108,000 төгрөг, 10 дугаар сарын түрээс амралтын хоногоо хасаад 27 хоногийн 243,000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 351,000 төгрөг болох ба миний бие 89,000 төгрөгийг илүү төлсөн. Надад 2012 онд өгсөн гэх 500,000 төгрөгийг би аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Д.Цэндхүүгээс 468.000 /дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.782 /хорин долоон мянга долоон зуун наян хоёр / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэндхүүгээс 14.690 /арван дөрвөн мянга зургаан зуун ерь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэнэд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Цэндхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс түрээсийн төлбөр болох 468,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь миний бие 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Гоо даль” үсчний газарт түрээсийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 1 сарын түрээсийн төлбөр 9.000 төгрөгөөр тохирсон. Гэтэл Х.Сувд-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр 12.000 төгрөг болсон гэж надад хэлсэн ба үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд бүрдүүлж өгсөн нотариатаар баталгаажуулсан “Гоо даль” үсчний газрын үсчин, гоо сайханчдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн төлбөр нэмэгдүүлсэн талаарх протокол нь сүүлд бүрдүүлсэн хуурамч баримт юм. Би энэ протоколд гарын үсэг зурж зөвшөөрсөн зүйл байхгүй. Х.Сувд-Эрдэнэ төлбөр нэмэгдсэнтэй холбоотой түрээсийн гэрээнд  нэмэлт өөрчлөлт хийж гарын үсэг зуруулах талаар санал болгоогүй бөгөөд тухайн үед түрээсийн төлбөр нэмэгдсэн талаар амаар хэлж байсан. Би түрээсийн төлбөр нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан бөгөөд анхны түрээсийн гэрээнд ямар ч нэмэлт өөрчлөлт ороогүй зөвхөн амаар хэлж байсан нөхцөлтэй байсаар байхад энэхүү гэрээний төлбөрийг 12,000 төгрөг болж гэрээ хийгдсэн мэт ойлгогдохоор тайлбарлан дүгнэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасныг зөрчсөн.

Уг үсчний газрыг Х.Сувд-Эрдэнэ нь бусадтай хамтран түрэээслүүлж ажиллуулдаг бөгөөд тэдний нэг болох Эрдэнэтуулд түрээсийн төлбөр гэж 16,000 төгрөг өгсөн. Иймд миний бие анхны түрээсийн гэрээний төлбөрийн дагуу тооцож 37 хоногийн төлбөр 333,000 төгрөг бөгөөд үүнээс Эрдэнэтуулд түрээсийн төлбөр гэж өгсөн 16,000 төгрөгийг хасаад 317,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэж үзэж байна. Иймд 468,000 төгрөгөөс 151,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  боломжтой  гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 468,000 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт 500,000 төгрөг нийт 968,000 төгрөг Д.Цэндхүүгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Зохигч нь 2016  оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч  нь нэг жилийн хугацаагаар үсчний сандал,  хэрэгсэл шилжүүлэх, түрээслэгч нь  түрээсийн  төлбөрт  хоногт 9,000  төгрөг төлөхөөр  тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ажиллаагүй хугацааны түрээсийн төлбөрийг өдрийн 12,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэхдээ  “хурлын тэмдэглэл”-ийг  үндэслэл  болгожээ. Уг хурлаар  “...түрээсийн төлбөр нэмэх” тухай асуудлыг хэлэлцсэн гэх боловч түрээсийн гэрээнд энэ талаар тусгаагүй, хуралд  Д.Цэндхүү оролцсон талаар тэмдэглэлд тусгаагүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хурлын шийдвэрийн дагуу түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар тохиролцох бөгөөд гэрээнд  холбогдох өөрчлөлт оруулах ёстой. Зохигчийн байгуулсан түрээсийн гэрээнд төлбөр нэмэх тухай тусгаагүй учир хариуцагчаас 12,000 төгрөгөөр тооцож төлбөр гаргуулах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч нь  “гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг”  хүлээнэ.  Хариуцагч Д.Цэндхүү нь  2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс уг салонд ажиллаагүй боловч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар түрээслүүлэгчид мэдэгдээгүй,  2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байна. Иймд  түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээнд зааснаар өдөрт 9,000 төгрөгөөр тооцож, 39 хоногийн 351,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Хариуцагч гомдолдоо түрээсийн төлбөрөөс 16,000 төгрөгийг  Эрдэнэтуулд өгсөн гэж дурдсан байх боловч үүнийгээ  баримтаар нотлоогүй байна.

Шүүх нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэний зээлийн гэрээний төлбөрт 500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг  үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа  нотолж, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй. Нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Д.Цэндхүүд 500,000 төгрөг зээлснийг нотлох баримт  шүүхэд гаргаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын  20-ны өдрийн  335  дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “468,000 / дөрвөн зуун жаран найман мянга/” гэснийг “351,000 /гурван зуун тавин нэгэн мянга/”  гэж, “500,000 /таван зуун мянга/”  гэснийг  “617,000 /зургаан зуун арван долоон мянга/” гэж, 2 дахь заалтын  “14,690 /арван дөрвөн мянга зургаан зуун ер/” гэснийг “11,180 /арван нэгэн мянга нэг зуун ная/” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн  59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ГАНБАТ

                ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                  Б.СОСОРБАРАМ