Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0343

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0343

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        “М т з” ТӨХК-ийн

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М т з” ТӨХК

Хариуцагч Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 3 дугаар 25-ны өдрийн 108/А0170073, САГ-2021/9/СТА-ТӨҮГ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бо, М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох

Хэргийн индекс: 128/2021/0792/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М т з” ТӨХК-иас Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарт холбогдуулан “Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 3 дугаар 25-ны өдрийн 108/А0170073, САГ-2021/9/СТА-ТӨҮГ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар шийдвэрээр: 

2.1.“...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 108/А0170073, САГ-2021/9/СТА-ТӨҮГ дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1... Шүүхийн шийдвэрт “Үндэсний аудитын газрын аудиторуудын 2021 оны “Төлбөр барагдуулах тухай” акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэлээ” гэжээ.

3.2.Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасан бөгөөд Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал Ц.Н, ахлах аудитор Л.М нар нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд “М т з” ТӨХК-д санхүүгийн аудит хийж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тогтоосон.

3.3.Үүнээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаа эхлэх журмыг Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал Ц.Н, Л.М нар зөрчиж аудитаар илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна.

3.4.Товчхондоо “М т з” ТӨХК нь төрийн өмчийг түрээслүүлснээс олох орлогыг 2019, 2020 онд нийт 1.748.0 сая төгрөгөөр тасалдуулж, төрийн өмчийг үнэ төлбөргүй ашиглуулж олох ёстой байсан орлогыг төвлөрүүлээгүй, ...2020 оны дутуу бүртгэсэн 310.0 сая төгрөгийн түрээсийн орлоготой холбоотой асуудлыг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.5-т “бүх орлого” гэж заасанд нийцэхгүй бөгөөд санхүүгийн тайлагналын “эрх ба үүрэг” батламж мэдэгдлийг хангахгүй зөрчлөөр тооцон улсын төсөвт татан төвлөрүүлэх акт тогтоосон.

3.5.Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлнэ. Прокурорын байгууллага Ерөнхий аудитор шилжүүлсэн мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий аудиторын аудиторт хариу мэдэгдэнэ” гэж заасан байна.

3.6.Шүүх “Төрийн өөрийн өмчийг түрээслэх гэрээний 4.8-д заасан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргийг нэхэмжлэгч “М т з” ТӨХК-д орох орлого ороогүй гэж үзвэл холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлсэн эсэх, энэ нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар дээрх Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг хариуцагч авах боломжтой юм” гэж дүгнэжээ.

3.7.Энэ дүгнэлтээс үзвэл аудиторын зөрчилд тооцож акт тогтоосныг зөвтгөсөн, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлээгүй гэдгийг давхар нотолсон гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

1.“М т з” ТӨХК-иас Үндэсний Аудитын газрын аудиторын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 108/АО170073, САГ-2021/9/СТА-ТӨҮГ тоот актыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр /01/958 дугаар албан бичгээр/ гаргасан гомдлыг Монгол Улсын Ерөнхий аудиторын мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2115 дугаар албан бичгээр буцаахдаа “…дээрх төлбөрийн актыг танай компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Д 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гардан авсан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар дээд шатны байгуулагад гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул гомдлыг хянан үзэх боломжгүй болно” гэсэн хариу өгсөн, мөн актаар тогтоосон төлбөрийн талаар үүнээс өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/728 дугаар албан бичгээр “УБТЗ” ХНН-д хандсан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон нь үндэслэлээсээ илүүтэй цаг хугацааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалттай холбоотой байна. 

Гэвч дээрх байдлаар гомдлоо урьдчилан шийдвэрлэх журмаар хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлээгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн бичгийн тайлбарт нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар тодорхой дурдсан байхад шүүхээс эдгээр нөхцөл байдалд огт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

2.Нэхэмжлэгчээс “УБТЗ” ХНН-тэй байгуулсан “Төрийн өөрийн өмчийг түрээслэх тухай” 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ТГ/19/373 дугаар гэрээний 2.1-д “…түрээсийн төлбөр тооцох хугацааг эд зүйлийг албан ёсоор хүлээлцсэн өдрөөс эхлэн тооцно” гэж заасан, гэвч бодит байдалд Замын-Үүд дэх Бүс нутгийн ложистикийн төвийн эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлцэж акт үйлдсэн гэх боловч төлбөрийг чухам хаанаас тооцсоноос үл хамаарч маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэхгүй.

Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан "шалгагдагч этгээд" гэдэгт нэхэмжлэгч “М т з” ТӨХК хамаарахаас гадна төрийн аудитын байгууллага нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-т зааснаар шалгагдагч этгээдэд санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтоох” чиг үүрэгтэй.

3.Дээрх гэрээнд зөвхөн түрээсийн төлбөр тооцох хугацаанаас гадна гэрээ хүчин төгөлдөр болох хугацааг “Түрээслэгчид гэрээний зүйлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор хавсралтын дагуу хүлээлгэн өгч, гэрээний 2.1-д заасан актад бүрэн тусгах үүрэгтэй” гэж 4.8-д заасан, харин гэрээний 1.4-т гэрээний хугацааг хэзээ эхлэх, хэзээ дуусахыг тусгаагүй байна.

Мөн гэрээний “Түрээсийн төлбөрийн хуваарь” гэсэн 5 дугаар хавсралтад 2019 оны 8-12 дугаар сарыг дуустал сар бүр 290.000.000, нийт 1.458.000.000 төгрөг төлөхөөр 2 талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул энэхүү төлбөрийн графикийг өөрчилсөн, эсхүл гэрээнд төлбөр төлөхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа энэ тохиолдолд, түүнчлэн гэрээ байгуулсан өдөр түрээсийн хөрөнгийг болон техникийн баримт бичгийг жагсаалтаар тус тус хүлээлцсэн атлаа ашиглалтын доголдлоос хамаарч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэх хугацааг хойшлуулснаас үүссэн буюу олох байсан түрээсийн орлогыг тасалдуулсантай холбогдуулан төлбөрийн акт тавьсаныг илт хууль бус гэж үзэхгүй.

4.“…түрээсийн хөрөнгө зориулалтын дагуу хэвийн байдлаар ашиглагдах боломжгүй байснаас шалтгаалж доголдлыг засварлах талаар удаа дараа хандсан талаар, мөн газар дээр нь уулзалт хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг хийсний үр дүнд бүрэн хэмжээнд ашиглах боломж хангагдаагүй ч үлдсэн доголдлыг түрээслэгч засах талаар актад тусгах байдлаар 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр акт үйлдэн хөрөнгийг албан ёсоор хүлээн авсан…” талаар “УБТЗ” ХНН-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10/2252 тоот албан бичигт тодорхой дурджээ. 

Мөн тус нийгэмлэгээс шүүхэд ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10/978 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “…Бүс нутгийн ложистикийн төвд өргөн царигийн чингэлэг ачилтын зориулалтын зам тавих ажлыг бид өөрсдөө хариуцан 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн хийж гүйцэтгэн актаар хүлээн авснаар 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тус ложистикийн төвд ачаа шилжүүлэн ачилт, буулгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн…” гэснээс үзэхэд ч нэхэмжлэгч нь “Төрийн өөрийн өмчийг түрээслэх гэрээ”-ний 1.3-т заасанчилан “Гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглаж болох хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрэн хангасан байх” ерөнхий нөхцөл хангагдаагүй байхад гэрээ байгуулж, улмаар төлбөрийн хуваарь тогтоосон байх тул тайлангийн аудитаар зөвхөн 2020 оны дутуу бүртгэсэн гэх 310 сая төгрөгийн түрээсийн орлоготой холбоотой асуудлыг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.5-д тус тус заасны дагуу зөрчилд тооцон улсын төсөвт татан төвлөрүүлэх зорилгоор акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт үл хамаарна.

5.Нэхэмжлэлд “илт хууль бус болохыг тогтоолгох” бус харин “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үндэслэлүүд тусгагдсан, гэвч нэхэмжлэгчээс шаардлагаа нэгэнт илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон энэ тохиолдолд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар дээрхээс өөрөөр дүгнэлт өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан “М т з” ТӨХК-ийн “Үндэсний Аудитын газрын Аудитын Хоёрдугаар газрын тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 08/АО170073, САГ-2021/9/СТА-ТӨҮГ тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН