Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0217

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ТӨХК /РД:*******/

Хариуцагч: Ц.Н, 

Хариуцагч: Л

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Б, хариуцагч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч М ТӨХК нь Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн **********, САГ*********** дугаартай төлбөр барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Үндэсний Аудитын газраас М ТӨХК-ийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн  М ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд байгуулсан “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түрээслэх ТҮГ-19/141134/13 , ********дугаартай гэрээний түрээсийн орлогыг ********* төгрөгөөр дутуу тооцож бүрдүүлсэн байна гэж үзэж, ********* төгрөгийг Улсын төсвийн 100900000301 тоот дансанд төвлөрүүлэх тухай **********, , САГ*********** дугаартай төлбөр барагдуулах акт тогтоосон.

М ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН нарын хооронд байгуулагдсан Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар түрээсийн төлбөрийг нэг сарын ********* **** төгрөг байхаар тохиролцож, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар түрээсийн төлбөр тооцох хугацаа нь эд зүйлийг албан ёсоор хүлээлцэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно” гэж заасан.

Замын-Үүд дэх Бүс нутгийн логистикийн төвийн эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлцэж, акт үйлдсэн. Энэ өдрөөс эхлэн түрээсийн төлбөр тооцогдож эхэлсэн. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д  “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байгаа.

Үндэсний Аудитын газар Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **********, , САГ*********** дугаартай төлбөр барагдуулах акт  нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 27 дугаар зүйл  Сонсох ажиллагааг явуулах,  47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн , хуулийн этгээдийн эрх , хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал М ТӨХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН -ийн хооронд байгуулагдсан Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түрээсийн гэрээний төлбөрийг гэрээ байгуулсан үеэс буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцох ёстой гэж үзсэн ба шалгалтыг зөвхөн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн учраас 2020 оны түрээсийн гэрээний нийт төлбөр буюу орлогыг 12 сард хувааж, зөрүү ********* төгрөгийг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлд шууд нөлөөлсөн, гэрээний чөлөөт байдалд халдсан, бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй буюу огт орж ирэхгүй, орлогыг орж ирэх ёстой байсан гэж үндэслэлгүй дүгнэж манай компанийн эрх ашигт ямар ч хууль зүйн үндэслэлгүй шууд халдаж, дам байдлаар манай “Улаанбаатар Төмөр зам” ХХН-ийн эрх ашигт нөлөөлөх, хоёр байгууллагын хооронд үйл компанийн хамтран ажиллагч байгууллага болох ойлголцол үүсгэх, санхүүгийн алдагдал, эрсдэлд орох, цаашлаад шүүхийн маргаан үүсгэх нөхцөлийг бий болгосон илт хууль бус акт гэж үзэж байна.

Иймд Үндэсний Аудитын Газар Аудитын Хоёрдугаар Газрын захирал Тэргүүлэх Аудитор Ц.Н, Аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн **********, , САГ*********** дугаартай төлбөр барагдуулах тухай актыг холбогдох хууль тогтоомжийн дагуу илт хууль бус болохыг тогтоож, манай компанийн хууль ёсны эрх , ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “... “М ТӨХК” болон “Улаанбаатар Төмөр зам” хоёрын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-нд түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас М ТӨХКын 2020 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийгээд түрээсийн төлбөр болох 310,000,000 сая төгрөгийг дутуу авсан, авах ёстой төлбөрийг аваагүй гээд тухайн төлбөрийг улсын орлого болгоно гэж акт тавьсан. Түрээсийн төлбөрийн тухайд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө хүлээлцээд эд хөрөнгө хүлээлцсэн өдрөөсөө эхлээд түрээсийн төлбөрийг талууд тохиролцож тухайн төлбөр нь он сар өдрөөрөө оногдож эхэлсэн. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр хуульд нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон биелэгдэх боломжтой эрх ашгийг хөндөхгүй байх ёстой юм. “... Ложистикийн төвийг ашиглаагүй буюу түрээсийн төлбөр төлөөгүй байгаа бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөх болно. Эд хөрөнгө ашиглаж хүлээлцэхдээ холбоотой харилцааг манайхаас шалгасан. Улаанбаатар Төмөр зам зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Манай байгууллага төрийн өмчийг ашиглаж байгаа боловч нөгөө талдаа төрийг төлөөлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа байгууллага юм. Иргэний эрх зүйн харилцаанд  талууд тэгш эрхийн зарчим дээр гэрээний чөлөөлт байдлыг хангаж, аль аль талынхаа эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...М ТӨХК” ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/64 дүгээр тушаалаар баталсан аудитад хамрагдах байгууллагын жагсаалтын дагуу Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.8-д заасан цаглабарт хугацаанд “М ТӨХК” ТӨҮГ-ын 2020 оны санхүүгийн тайлан, тодруулгад санхүүгийн тайлангийн аудит хийж “Хязгаарлалтай” дүгнэлт өгсөн.

Аудитаар нийт 257,427.7 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 230.538.4 сая төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулж , 681.2 сая төгрөгийн зөрчилд 2 акт тогтоож 23,168.5 сая төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж 3,039 5 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 5 зөвлөмж өгсөн.

 Нэхэмжлэгч нь Yндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн **********, дугаар төлбөрийн акт барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус болохыг тохиолдлыг заасан бөгөөд М ТӨХК-д 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ногдуулсан **********, дугаар төлбөрийн акт нь илт хууль бус гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна.

 Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 103/А0170073 дугаар төлбөрийн актыг зөвшөөрч мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдлоо гаргах ёстой байсан.

Гэвч тус компани хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан. Төлбөрийн актын үндэслэлийн тухайд тус компани нь 2020 онд машин механизмын, вагон, шилжүүлэн ачих байгууламж, Логистикийн төв зэрэг өөрийн хөрөнгийг түрээслүүлж нийт 11.342.9 сая төгрөгийн түрээсийн орлого бүртгэсний 2,900.0 сая төгрөг / НӨАТ-гүй / нь УБТЗ ХНН-тэй 2019 онд байгуулсан ********дугаар гэрээ бүхий Замын-Үүдийн Логистикийн төвийн түрээсийн гэрээний орлого байсан.

“УБТЗ” ХНН-тэй 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ********дугаар бүхий Төрийн өөрийн өмчийг түрээслүүлэх гэрээ байгуулахдаа гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т түрээсийн гэрээний эхлэх, дуусах хугацааг хоосон орхиж хоёр талаас гарын үсэг арж баталгаажуулсан нь Иргэний тухай хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж заасанд нийцэхгүй , 4 дүгээр зүйлд заасан Түрээслүүлэгчийн эрх , үүргийн 4.8-д түрээслүүлэгчид гэрээний зүйлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж , хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор хавсралтын дагуу хүлээлгэн өгч, гэрээний 2.1-т заасан актад бүрэн тусгах үүрэгтэй” гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор түрээсийн хөрөнгийг хүлээлцэх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.  Мөн гэрээний 1.9- д “дор дурдсан хавсралтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно”, 1.9.5 -д “Түрээсийн төлбөр болон төлөх график тавдугаар хавсралт болно” гэж заасан бөгөөд уг хавсралтад 2019 онд 1,458.0 сая төгрөг, 2020 оны 1-7 сард 2,042.0 сая төгрөг төлөхөөр хоёр талын эрх бүхий албан тушаалтан нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

Логистикийн төвийн төмөр зам, барилга байгууламжийн техникийн баримт, актыг цаасан хэлбэрээр М ТӨХК -ийн Инженер , технологийн хэлтсийн дарга, Ахлах инженер, “УБТЗ” ХНН -ийн Ерөнхий инженерийн орлогч , Тээвэр зохион байгуулалтын ерөнхий инженер, Барилга орон сууцны албаны ерөнхий инженер нарын бүрэлдэхүүнтэй комисс гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 23 -ны өдөр хүлээлцэн баталгаажуулж, түрээсийн хөрөнгийг ашиглуулж эхэлсэн боловч хөрөнгийг биетээр хүлээлцэх хугацааг хойшлуулснаар М ТӨХК нь төрийн өмчийг түрээслүүлснээс олох орлогыг 2019, 2020 онд нийт 1,748.0 сая төгрөгөөр тасалдуулж, үнэ төлбөргүй ашиглуулсан байна.

Энэ нь хөрөнгийг бүхэлд нь хүлээлцээгүй гэх үндэслэлгүй болгож байгаагаас гадна түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 -т “Түрээслүүлэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг шаардах эрхтэй” гэж заасанд нийцэхгүй байна.

Түрээсийн гэрээний хөрөнгийн хэвийн бус ажиллагаанаас хүлээлцэх хугацааг хойшлуулсан , туршилтын журмаар ашигласан , түрээсийн төлбөр төлөх графикийг өөрчилсөн зэрэг хоёр талын үйлдсэн акт, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт байхгүй тул санхүүгийн тайлангийн аудитаар зөвхөн 2020 оны дутуу бүртгэсэн 310.0 сая төгрөгийн түрээсийн орлоготой холбоотой асуудлыг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 -т “санхүү , төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 - т “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.5 - д “бүх орлого” гэж заасанд нийцэхгүй бөгөөд санхүүгийн тайлагналын “эрх ба үүрэг”  батламж мэдэгдлийг хангахгүй зөрчлөөр тооцон улсын төсөвт татан төвлөрүүлэх акт тогтоосон. Орлого хариуцсан нягтлан бодогч нь дутуу төлөгдсөн түрээсийн төлбөрийн дүн 310.0 сая төгрөг бөгөөд 2021 онд төлөгдөхөөр тухайн оны орлогоор бүртгэнэ гэж тайлбар өгсөн нь актын хэрэгжилтийг бүрэн хангах боломжтой гэж үзэхэд хүргэсэн.

Иймд түрээсийн орлогыг ҮАГ-ын улсын төсвийн дансанд төвлөрүүлэх акт тогтоох тухай сонсох ажиллагааг эрх бүхий албан тушаалтнуудад явуулж, актыг албажуулж шалгагдагч байгууллагын ерөнхий нягтлан бодогч Д.Даваадоржид 2021 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр гардуулан өгч , баримтжуулсан.

М ТӨХК уг хөрөнгийг Сангийн яам, ЗТХЯ -тай ОL-2719 MON дамжуулан зээлийн гуравласан гэрээний үндсэнд зээлийн эх үүсвэрээр бэлтгэсэн бөгөөд тайлант / 2020 / онд 3.042.7 сая төгрөгийг зээлийн нөхөн төлбөрт төлөх үүрэг хүлээж, цаашид 2037 он хүртэл жил бүр зөвхөн үндсэн төлбөрт 2,086,469.24 ам доллар буюу 5,842.1 сая орчим төгрөг төлөх графиктай байна.

Гэтэл “УБТЗ” ХНН байгуулсан ********тоот түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрт жилд 3,480.0 сая төгрөг төлөхөөр байгаа нь компани жил бүр наад зах нь 2,362 1 сая орчим төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа нь төрийн өмчийг үр ашиг,үр нөлөөгүй захиран зарцуулсан шинж чанар урт хугацаанд хадгалагдаж, улмаар компани санхүүгийн эрсдэлд орох бодит нөхцөлд орсон байна. Иймд М ТӨХК ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн **********, дугаар төлбөрийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төрийн аудитын  тухай хуулийг үндэслэж төрийн өмчит компанийн 2020 оны санхүүгийн тайлангийн дансанд аудит хийгээд хязгаарлалттай дүгнэлт өгсөн.

Уг аудитороор 257,4 тэрбум төгрөгийн алданги зөрчил илэрснээс 230,5 тэрбум төгрөгийн алдааг залруулж 681,200,000 сая төгрөгийн 2 акт тогтоосон. 23 тэрбум төгрөгийн үлдэгдэл болох 3 шаардлага хүргүүлсэн. 3 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг арилгах 5 зөвлөмж өгч хуулийн хүрээнд ажилласан.

Логистикийн гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй гэж үзсэн. Аудитын байгууллагын хувьд төрийн өмчид хяналт шалгалт хийх албан шаардлага үйлдэж өгөх бүрэн эрхтэй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч М ТӨХК нь Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” **********, , САГ*********** дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал Тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай №**********, , САГ*********** дугаартай актаар тайлант онд /2020 он/ Ложистикийн төвийн түрээсийн орлогыг 310,000,000 төгрөгөөр дутуу бүртгэсэн гэж үзэж тус 310,000,000.00 төгрөгийн түрээсийн орлогыг М ТӨХК нөхөн төлүүлэхээр акт тогтоосон  байна.  

Нэхэмжлэгч нь Төрийн өөрийн өмчийг түрээслэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар түрээсийн төлбөр тооцох хугацаа нь эд зүйлийг албан ёсоор хүлээлцэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасан. Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистикийн төвийн эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлцэж, акт үйлдсэн. Энэ өдрөөс эхлэн түрээсийн төлбөр тооцох ёстой”  гэсэн үндэслэлээр маргаж байна.

Харин хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...Түрээсийн гэрээний 4.8-д түрээслүүлэгчид гэрээний зүйлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж , хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор хавсралтын дагуу хүлээлгэн өгч, гэрээний 2.1-т заасан актад бүрэн тусгах үүрэгтэй” гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор түрээсийн хөрөнгийг хүлээлцэх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.  Мөн гэрээний 1.9- д “дор дурдсан хавсралтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно”, 1.9.5 -д “Түрээсийн төлбөр болон төлөх график тавдугаар хавсралт болно” гэж заасан бөгөөд уг хавсралтад 2019 онд 1,458.0 сая төгрөг, 2020 оны 1-7 сард 2,042.0 сая төгрөг төлөхөөр хоёр талын эрх бүхий албан тушаалтан нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. ...М ТӨХК нь төрийн өмчийг түрээслүүлснээс олох орлогыг 2019, 2020 онд нийт 1,748.0 сая төгрөгөөр тасалдуулж, үнэ төлбөргүй ашиглуулсан байна... санхүүгийн тайлангийн аудитаар зөвхөн 2020 оны дутуу бүртгэсэн 310.0 сая төгрөгийн түрээсийн орлоготой холбоотой асуудлыг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “санхүү , төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.5-д “бүх орлого” гэж заасанд нийцэхгүй...” гэсэн үндэслэлээр маргаж байна.

М ТӨХК болон У ХНН-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 23-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийг түрээслэх” ********дугаар гэрээний 2.1-д “ Түрээслүүлэгч, түрээслэгч нь гэрээний зүйлийн өнгө үзэмж, чанар, байдлыг нэг бүрчлэн шалгаж фото зургаар баримтжуулан 2 хувь акт үйлдэж хүлээлцэнэ. Гэрээний хүлээлцсэн акт нь энэ гэрээний хоёрдугаар хавсралт болно. Түрээсийн төлбөр тооцох хугацаа нь эд зүйлийг албан ёсоор хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно.” гэж шууд, тодорхой, нарийвчлан заасан байх бөгөөд тус гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн /Борхойн тал/ “Түрээсийн хөрөнгө хүлээлцсэн акт”-аар Бүс нутгийн логистикийн төвийн эд хөрөнгийг хавсралт дөрвөн хүснэгтээр бүхэлд нь хүлээлцсэн байх ба уг эд хөрөнгө хүлээлцэх актын үндэслэл нь “Төрийн өөрийн өмчийг түрээслэх” ********дугаар гэрээний 2.1 дэх заалт байна.

Дээрх “Төрийн өөрийн өмчийг түрээслэх” ********дугаар гэрээний 2.1-д ...Түрээсийн төлбөр тооцох хугацаа нь эд зүйлийг албан ёсоор хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно.” гэж заасан, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Бүс нутгийн логистикийн төвийн эд хөрөнгийг албан ёсоор хүлээлцсэн болох нь түрээсийн хөрөнгө хүлээлцсэн актаар тодорхой нотлогдож байх тул 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцох ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний 2.1-д түрээсийн төлбөр тооцох хугацаа нь эд зүйлийг албан ёсоор хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно гэж нарийвчлан заасан байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, маргаан бүхий акт болох Үндэсний Аудитын газрын аудиторуудын 2021 оны “Төлбөр барагдуулах тухай” акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан байна.

“Төрийн өөрийн өмчийг түрээслэх” гэрээний 2.1-д түрээсийн төлбөрийг эд зүйлийг албан ёсоор хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно” гэж заасан тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй талаар дээр тодорхой тайлбарласан ба үүнээс үзэхэд, хариуцагч нь Төлбөр барагдуулах тухай акт үйлдэх үндэслэл үүсээгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Үндэсний Аудитын газрын аудиторуудын 2021 оны “Төлбөр барагдуулах тухай” акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь “...“Төрийн өөрийн өмчийг түрээслэх” ********дугаар  гэрээний 4.8-д “Түрээслэгчид гэрээний зүйлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор хавсралтын дагуу хүлээлгэн өгч, гэрээний 2.1-т заасан актад бүрэн тусгах үүрэгтэй” гэж заасны дагуу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор түрээсийн хөрөнгийг хүлээлцэх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.  ... М ТӨХК нь төрийн өмчийг түрээслүүлснээс олох орлогыг 2019, 2020 онд нийт 1,748.0 сая төгрөгөөр тасалдуулж, үнэ төлбөргүй ашиглуулсан байна...” гэж тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь тус түрээсийн гэрээний 2.1-д түрээсийн төлбөр тооцох хугацаа нь эд зүйлийг албан ёсоор хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасан бөгөөд түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг дээрх байдлаар гэрээнд нарийвчлан заасан байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь төрийн өмчит хувьцаат компани байх ба “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс М ТӨХК-д 2020 онд түрээсийн орлого орж ирээгүй байхад нэхэмжлэгчээр түрээсийн орлогыг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлнэ. Прокурорын байгууллага Ерөнхий аудиторгүй шилжүүлсэн мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий аудиторт хариу мэдэгдэнэ.” гэж заасан байна.

Магадгүй “Төрийн өөрийн өмчийг түрээслэх гэрээ”-ний 4.8-д заасан гэрээ хүчин төгөлдөр болж гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргийг нэхэмжлэгч М ТӨХК-ийн холбогдох албан тушаалтан  биелүүлээгүйгээс тус ТӨХК-д орох ёстой байсан орлого ороогүй гэж үзвэл, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлсэн эсэх, энэ нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар дээрх Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг хариуцагч авах боломжтой юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг  баримтлан нэхэмжлэгч М ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний Аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Л.М нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” **********, , САГ*********** дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Үндэсний аудитын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.БАТЗОРИГ