Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0506

 

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0506

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

       “О-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “О-У” ХХК

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “О-У” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой нэртэй газарт орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А дугаар тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 354 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0752/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О-У” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “О-У” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор толгой нэртэй газарт орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А дугаар тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 354 дүгээр шийдвэрээр: 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О-У” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “О-У” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сумын Талын бор нэртэй газар орших 96,7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т “аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан” бөгөөд харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах зэрэг холбогдох чиг үүргийг зааж өгсөн.

3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино..., 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна..., 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзвэл тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, мөн хуулийн 14 дүгээр зүйлээр зохицуулах харилцаа биш юм. Гэтэл анхан шатны шүүх ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг барьж шийдвэрлэж байгаа нь өөрөө хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус үндэслэн нөхөх олговрыг тогтоон, олгох хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно...” гэснээс үзвэл хүсэлтийг тухай бүр холбогдох чиглэлийн хүрээнд шийдвэрлэсэн байх бөгөөд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай журмын хүрээнд өргөдөл, гомдлоо гаргах асуудлыг хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа мөн хэлсэн байдаг.

3.3.Гэтэл анхан шатны шүүх дээрхийг “эс үйлдэхүй гаргасан” хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутагт хүсэлтээ гаргаад Сангийн яам руу шилжүүлээд явах эрх нээлттэй байгаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломж, үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 403 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын “О У” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2016 оны 154 дүгээр тогтоолын мөн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-011839 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ТЭЗҮ-ийн дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 889.0 төгрөг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хяналтын журмаар хэлэлцээд “…Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол илт хууль бус боловч уг актын улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтогдоогүй байна…

…2006 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх 2010 оныг хүртэл хугацаанд хязгаарлагдаагүй, …тухайлбал ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын хийгээгүй, олборлолт явуулаагүй, татвар, төлбөр, хураамж төлөөгүй…

…маргаан бүхий 154 дүгээр тогтоол хууль ёсны тохиолдолд хууль бус актын улмаас учирсан хохирол”-ын асуудал яригдахгүй, харин холбогдох хууль тогтоомжийн дагуу “нөхөх олговор”-ын асуудал яригдана. Нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөх олговрыг шаардах боломжтой.

Гэвч нэхэмжлэгч анхнаасаа “хууль бус актын улмаас учирсан хохирлоо гаргуулах” агуулгаар маргасан, өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг хариуцагчаас тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор “нөхөх олговор” авах асуудлаар маргаагүй тул “Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-ын дагуу нөхөх олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан…” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй…” гэж эцэслэн дүгнэжээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “нэхэмжлэл”-д үндэслэл болон шүүхээс ямар шийдвэр гаргах тохиолдолд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх талаарх шаардлагаа хэрхэн тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчийн эрхэд хамаарах бөгөөд шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэх нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан үүрэг болно.

“О У” ХХК-иас анхнаасаа дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсэн, харин Улсын дээд шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт нь одоогийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсны “…тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолд “…нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй…” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Ашигт малтмалын тухай хуулиар бус харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдсан зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой элс, хайрганы орд байх бөгөөд, мөн тус ордыг ил уурхайн аргаар ашиглахаар боловсруулсан ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын хийгээгүй, олборлолт явуулаагүй, татвар, төлбөр, хураамж төлөөгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь хамруулан тусгай хэрэгцээнд авснаар нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд хангалттай дүгнэсэн байх тул Засгийн газраас нөхөх олговор олгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

3.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-т Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж заасан, хэдийгээр одоогийн маргаж буй асуудал нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын талбайг бүхэлд нь Засгийн газрын тогтоолоор улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлэхийг даалгах боловч ийнхүү даалгаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нөхөх олговор авахтай холбоотой ямар ч баримт хэрэгт авагдаагүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг Улсын дээд шүүхийн тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь буруу.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг баримтлан “О У” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан тус компанийн “Төв аймгийн Сэргэлэн сумын “Талын бор” нэртэй газар орших 96.7 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 11839А тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лын давж заалдах гомдлыг хангасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН