Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 612

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: ММЭХХК

Хариуцагч: СЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “СЯны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ММЭХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “М*******” ХХК нь 2015 оноос Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн амны хаалт нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани байгуулагдсан цагаас Монгол улсын стандарт буюу 5620-2006MNS стандартыг мөрдөж ирсэн. Энэ нь европын FFP2 стандартад нийцэж тоосонцроос 95 хувиас дээш шүүлттэй гэсэн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн юм. Тус компани нь байгуулагдсан цагаас эхлэн Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлэх санал хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч шууд гэрээгээр өөр компанитай хамтран ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ХХ******* дугаар бүхий багц тендер зарлаад үүний 8 дугаар багцад маск ханган нийлүүлэлтийг шалгаруулах тендерийг зарласан. Ингээд тендерийн үнэлгээний хороонд 8 компани материал ирүүлснээс 8 дугаарт жагссан компани буюу өмнө нь бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан компанийг сонгон, шалгаруулсан байна. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэгч болон бусад тендерт оролцогч компаниуд СЯанд гомдол гаргасан. Уг гомдлыг авч хэлэлцээд СЯнаас дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан байна. Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “М*******” ХХК уг тендерт шалгарсан болохыг зарлаж мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээ байгуулахаар очтол СЯанд дахин гомдол гарсан. Уг гомдлыг шийдвэрлэсний дараа хариу өгнө гэж биднийг буцаасан. СЯны шийдвэр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Уг шийдвэрт нэхэмжлэгчтэй холбоотой ганц зүйл байсан нь стандартын асуудал байсан. Захиалагч байгууллагаас тендер зарлахдаа MNS6654-2017 стандартын шаардлага тавьсан байна. Энэ стандартыг СЯны өмнөх шийдвэрт тодорхой тайлбарласан байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хувийн хамгаалах хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавигдах ерөнхий шаардлага гэсэн нэршилтэй стандартаар зарласан. СЯны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 5620-2006 стандарт нь тухайн бүтээгдэхүүний стандартыг бүрэн хангаж байна гэж дурдсан байдаг. Энэ шийдвэрээ 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр үгүйсгэж, чанарын шаардлага хангаагүй байна гэдэг байдлаар тайлбарласан нь ойлгомжгүй юм. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн агуулгын хувьд СЯны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байна.” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэрээс “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, гүйцэтгэгч сонгон шалгаруулах багц 8” гэж тендер зарласан. Энэ тендерийн багц 8 дугаар багцад “М*******” ХХК оролцож гомдол гаргаад үүний дагуу СЯнаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны 61/3165 дугаартай шийдвэр гарч, үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 23-ны 61/3165 дугаартай шийдвэр нь эцсийн шийдвэр гэж үзэж байна. Энэ шийдвэр гарсны дараа тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, тендерийн мэдэгдэл өгсөн. Гэтэл энэ шийдвэрт тендерт оролцогчид дахин Сангийн гомдол гаргаж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гарсан нь хуульд нийцэхгүй байна. Тендерт оролцогчид дахин СЯанд гомдол гаргах эрхгүй байна. Хэрэв дахин гомдол гаргахаар бол шүүхэд хандах ёстой. 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуулиар өөрчлөн, найруулахдаа дахин гомдол гаргах эрхгүйгээр буюу СЯны шийдвэр эцсийн шийдвэр байхаар зохицуулалт хийж өгснөөр тендер богино хугацаанд явагдаж, түргэн шийдвэрлэгдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Иймд СЯны 2018 оны 05 дугаар сарын 23-ны 61/3165 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.”гэв.

Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр ХК-иас зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Багц 8-д оролцсон оролцогчдоос гаргасан гомдлыг захиалагчаас ирүүлсэн баримт материал дээр үндэслэн хянан үзсэн. 

Дээрх тендер шалгаруулалтын Багц 8-д нийлүүлэгдэх Тоосонцроос хамгаалах амны хаалтны техникийн тодорхойлолтод захиалагч EN149:2001+2009 FFP2 NR D8 MNS 6654-2017” гэж заасан байна. 

Захиалагч тендерт оролцогч ММЭХХК-ийн санал болгосон MNS 5620-2006 стандарт бүхий тохирлын гэрчилгээтэй тендерээс тохирлын гэрчилгээ ашиглалтын заавартай нийцэхгүй байна гэж татгалзсан нь үндэслэлтэй тогтоогдохгүй буюу тохирлын баталгааны талаар мэргэжлийн байгууллагад хандан нягталж, шалгуулсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын 8-р багцын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг СЯны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл захиалагчийн дахин үнэлгээ хийсэн баримт материалыг хянан үзэхэд MNS 6654-20178 MNS 5620-2006 стандартын талаар мэргэжлийн байгууллагын тодруулга дүгнэлт байхгүй тул захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан тендерт оролцогч нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийг хангасан гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-д заасны дагуу тендерээс татгалзах үндэслэлтэй. СЯ хуулийн дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд дуусах хугацаа 2018 оны 6 дугаар сарын 19 дуусахаар байхад дахин үнэлгээ хийхдээ захиалагч хугацаа алдаж 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн нь хуулийн 28.2, 29.2-т заасныг буюу хуулийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулах хүчинтэй хугацаа үйлчлэхээр байсныг зөрчсөн.

Иймд хуулийн 55.3.1-д заасны дагуу гомдлыг авч хэлэлцээд “энэ хуулийг зөрчсөн захилагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргана” гэж заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож дахин зохион байгуулахыг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ММЭХХК-иас “СЯны 2018 оны 7   дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн  шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн шаардлага, тайлбар зэргийг үнэлж, нэхэмжлэгч ММЭХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс СЯны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрт холбогдуулан “...СЯ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг зөрчиж, өмнө нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 тоотоор хүргүүлсэн үндэслэл, шийдвэрээ үгүйсгэн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 албан тоотоор дахин шийдвэр хүргүүлсэн. ...МNS 6654-2017 стандарт шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзсэн нь хууль бус ...” гэж , хариуцагч СЯнаас “...тендер шалгаруулалтын Багц 8-д нийлүүлэгдэх Тоосонцроос хамгаалах амны хаалтны техникийн тодорхойлолтод захиалагч EN149:2001+2009 FFP2 NR D8 MNS 6654-2017” гэж заасан байна. Гэтэл захиалагчийн дахин үнэлгээ хийсэн баримт материалыг хянан үзэхэд MNS 6654-2017, MNS 5620-2006 стандартын талаар мэргэжлийн байгууллагын тодруулга, дүгнэлт байхгүй тул захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан тендерт оролцогч нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийг хангасан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.” гэж маргажээ.

Нэхэмжлэгч ММЭХХК нь Эрдэнэт үйлдвэр ХК-иас зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Багц 8-д оролцсон боловч, захиалагч техникийн тодорхойлолтод заасан шаадлагыг хангаагүй гэх үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БШ-т-12/136 тоотоор тус компанийн тендерээс татгалзсан.

Нэхэмжлэгчээс захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, СЯанд гомдол гаргасныг СЯны 2018 оны 5 дугаар сарын 6-1/3165 тоотоор нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн, уг тендерийн үнэлгээг дахин хийх шаардлагатай гэж шийдвэрлэжээ.

Захиалагчаас тендерийн үнэлгээг дахин хийж, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ХБ-112-12/820 тоотоор ММЭХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн боловч, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БШ-112-12/918 тоотоор уг гэрээ байгуулах мэдэгдлийг тендерт оролцогчдийн гомдлын дагуу түр түдгэлзүүлснийг мэдэгдсэн байна.

Тендерийн дахин үнэлгээ хийсэн шийдвэртэй холбогдуулан тендерт оролцсон ТХЧ, Даяанч өлгий, МЦЖ ХХК-иудаас гаргасан “тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангаагүй тендер шалгаруулсан.” гэсэн гомдлыг дагуу СЯнаас хянан үзээд “...MNS6654-2017, MNS5620-2006 стандартын талаар мэргэжлийн байгууллагын тодруулга дүгнэлт байхгүй тул захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан ММЭХХК нь тендерийн баримт бичгийн тоосонцроос хамгаалах амны хаалтын техникийн тодорхойлолтод “EN149:2001+2009 FFP2 NR D8 MNS 6654-2017” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу оролцогчийн 8-р багцад ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэлтэй байна...” гэж үзэн  тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн бичиг баримтыг зохих журмын дагуу боловсруулан дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг захиалагчид мэдэгджээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлийг хянан үзэхэд түүнийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь  Захиалагч тендерийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий шаардлагадаа MNS 6654-2017 стандартыг шаардсан гэдэгтэй нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаагүй. Энэ стандарт нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгслээс сонгох, хэрэглээнд тавигдах ерөнхий шаардлага” гэсэн нэршилтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс Монгол улсад  мөрдөгдөж эхэлсэн байна. 

Нэхэмжлэгч компани уг тендерт оролцохдоо MNS 5620-2006 гэсэн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгосон нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий шаардлагыг хангах эсэх талаар маргааныг үүсгэсэн бөгөөд СЯны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 61/3465 албан бичгээр уг стандарт нь агуулгын хувьд адил боловч захиалагчийн тавьсан шаардлагыг хангахгүй тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр дахин үнэлгээ хийх талаар захиалагчид чиглэл өгсөн байдаг.

Захиалагчаас тендерийн дахин үнэлгээг хийж, нэхэмжлэгч компанийг шалгаруулсан боловч  дээр дурдсан СЯны “... мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр” дахин үнэлгээ хийх шаардлагыг биелүүлээгүйгээс, MNS 5620-2006 стандарт нь шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэжээ.

Нэхэмжлэгчээс “MNS 5620-2006 нь бүтээгдэхүүний стандарт, MNS 6654-2017 ерөнхий шаардлагын стандарт юм. MNS 5620-2006 дотор MNS 6654-2017-д шаардсан европын хамгийн сүүлийн FFP2 стандарт багтсан тул шаардлагад нийцсэн.” гэж маргаж байгаа боловч захиалагч тендерийн баримт бичигт дээрх стандартуудыг дүйцүүлэн хэрэглэх талаар тусгаагүй, түүнчлэн дахин үнэлгээ хийхдээ мэргэжлийн байгууллагаас MNS 5620-2006 стандартийг MNS 6654-2017 стандарттай дүйцүүлэн эсхүл орлуулан хэрэглэх талаар тодруулга хийгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “СЯны 2018 оны 5 дугаар сарын 23-ны 61/3165 дугаартай шийдвэр нь эцсийн шийдвэр. Энэ шийдвэр гарсны дараа тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, тендерийн мэдэгдэл өгсөн. Гэтэл тендерт оролцогчид СЯанд дахин гомдол гаргаж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гарсан нь хуульд нийцэхгүй байна. Тендерт оролцогчид дахин СЯанд гомдол гаргах эрхгүй. Хэрэв дахин гомдол гаргахаар бол шүүхэд хандах ёстой.” гэж маргажээ.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” гэж заасан нь уг тендер шалгаруулалт буюу үнэлгээтэй холбоотой асуудлыг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:

55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;

55.3.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах;

55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж заасан эрхийн хүрээнд дахин үнэлгээ хийсэн шийдвэрийг хянах эрхийг хязгаарлахгүй.

Тодруулбал, СЯны 2018 оны 5 дугаар сарын 23-ны шийдвэрээр “...мэргэжлийн байгууллагаас тодруулга авсны дагуу дахин үнэлгээ хийх” чиглэл өгсний дагуу хийсэн дахин үнэлгээг СЯ хянах эрхтэй гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т хамааруулж ойлгохоор байна. 

Нэхэмжлэгч ММЭХХК-ийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээнд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Стандартчилал хэмжил зүйн газраас MNS 6654-2017 стандартыг хангаж байгаа талаар  бичигдсэн боловч маргаан бүхий акт 2018 оны 7 дугаар сарын 02-нд гарсан байна. 

Тендер шалгаруулалт нь захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүчингүй болсон бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт  MNS 6654-2017 стандартыг шаардсан боловч дахин үнэлгээ хийж, MNS 5620-2006 стандартыг хангасан бүтээгдэхүүнийг буюу нэхэмжлэгч компанийг шалгаруулахдаа СЯны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 61/3465 албан бичгээр “...мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр дахин үнэлгээ хийх талаар” өгсөн үүргийг биелүүлээгүй нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий шаардлагыг хангаагүй тендерийг шалгаруулсан гэж үзэх үндэслэл болжээ.

Иймд СЯнаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч ММЭХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/Ш32018/5393 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 55.3.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгч ММЭХХК-ийн гаргасан “СЯны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН