Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0638

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаарh221/МА2018/0638

Улаанбаатар хот

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0612 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Солонгоцацралтын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0612 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 55.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн шаардлага, тайлбар зэргийг үнэлэн шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин шийдвэр гаргасан байдаг.

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны өмнөх шүүх хуралдаан буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх хурапдааны дэгийн дагуу шүүгчээс шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж шүүгч хэргийн талаар танилцуулснаар хэрэг хэлэлцэх ажиллагаа эхэлсэн.

 Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар тайлбар өгсөний дараа гэнэт туслахаа дуудан юм асууж байснаа шүүх хуралдааньг хойшлуулж байна гэсэн шийдвэр гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Энэ нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шиидвэрлэх эрхгүй байтал нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг дуусгалгүй хойшлуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ стандартын талаар тодорхойлон дүгнэхдээ захиалагч тендерийн баримт бичигт дүйцүүлэн хэрэглэх талаар тусгаагүй, түүнчлэн дахин хэрэглэхдээ мэргэжлийн байгууллагаас МNS 5620-2006 стандартийг МNS 6654-2017 стандарттай дүйцүүлэн эсхүл орлуулан хэрэглэх талаар тодруулга хийгээгүй байна гэжээ. Энэ нь анхан шатны шүүхийн дүгнэснээр дээрх стандартыг дүйцүүлэн хэрэглэх талаарх ойлголттой холбоогүй юм.

Учир нь стандартыг үзвэл бүтээгдэхүүний стандарт буюу МNS 5620:2006 стандартын 3-т норматив ишлэл “... дараах стандартаас иш татсан ба түүнд өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг ашиглана ... ”, 3.2-т ‘... Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, ангилал ... ”, 8.1.2-т “. . . тоосноос хамгаалах чадвар нь FFР2 байна... ,

... FFР2 ... тэмдэглэгээ нь европын стандартын тэмдэглэгээ юм. 

Эндээс үзэхэд ...FFР2... гэдэг хошуувч нэршилтэй бүртээгдэхүүн үйлдвэрлэхэд МNS 5620:2006 стандарт хангасан байна, харин үйлдвэрийн байгууллага нь МNS 6654-2017 стандартын дагуу хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангасан хэрэгслийг сонгохдоо ...FFР2... гэх европын стандартын тэмдэглэгээтэй хошуувч нэршилтэй, бүтээгдэхүүний стандарт тохирлын гэрчилгээ бүхий хзрэгслийг сонгох ойлголт юм. Өөрөөр хэлбэл МNS 6654-2017 стандартын хамрах хүрээний томъёололт ч “... агаарын бохирдолтой нөхцөлд ажиллаж буй ажилтанд зориулан амьсгал хамгаалах хэрэгслийг сонгох, тэдгээрийг хэрэглэхэд тавих эрүүл ахуйн шаардлага ...” гэж маш тодорхой заасныг шүүх шийдвэр гаргахдаа огт судалж үзээгүй, ойлгоогүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож чадаагүй байна.

Мөн Монгол Улсын Сангийн яам 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/4247 дугаар шийдвэртээ МNS 5620:2006 стандартыг хангасан амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл /хошуувч/ юм, өөрөөр хэлбэл манай хэрэглэж буй бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ нь захиалагч талаас зарласан тендерийн шаардлагыг бүрэн хангаж байна гээд маш тодорхой дүгнэсэн байсныг судалж үзэлгүй, нотлох баримтыг буруу үнэлэн шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 55.3.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “... Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу гомдол гаргахаар журамласан.

Харин 55.2 дахь хэсэгт "... Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно ...” гэж зааснаар Монгол Улсын Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 дугаартай шийдвэр нь эцсийн шийдвэр болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0612 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хүчингүй болгуулахаар шаардсан гаргасан Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах XX-2018/15-002 тоот тендерийн Багц 8-д оролцсон “Т” ХХК, “Д“ ХХК, “М” ХХК-иудын тус тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан үзээд тус багцийн үйл ажиллагааг хүчингүй болгож, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулан дахин нээлттэй тендер зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулж шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр “Т” ХХК, “Д“ ХХК, “М” ХХК-иудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай байжээ.

Тодруулбал, эдгээр компаниуд нь тус тендер шалгаруулалтын оролцогч бөгөөд тендерийг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зохион байгуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий Сангийн яамны албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр үүссэн энэхүү маргаан нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч дээрх компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхол  хөндөгдөхөөр байна.

Тиймээс хуулийн этгээдүүдэд эрх үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах зэргээр хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-н гаргасан гэх хариу тайлбарт гарын үсэг зурагдаж, баталгаажуулаагүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч ...бичгээр хариу тайлбар гаргах...”-аар заасан шаардлагыг хангасан гэж үзэн, уг хариу тайлбарыг нотлох баримтаар үнэлж эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан ажиллагаанууд хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилгаж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

                ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН