Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01506

 

Л.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00045 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00009 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Ц, С.Т нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 9 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Төмөрсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, хариуцагч С.Т,хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Л.П нь өөрийн өмчлөлийн 24 тооны үхэр, Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөөний газар, саравч, зуны амбаар зэргийг нийлүүлээд нийт 21 000 000 төгрөгөөр хариуцагч С.Т, Ж.Ц нарт зээлээр худалдсан.

Зээлээр худалдах гэрээг бичгээр хийгээгүй, амаар тохиролцоод С.Т, Ж.Ц нар нь 21 000 000 төгрөгийг 2014 оны намар 5 000 000 төгрөг, үлдсэн 16 000 000 төгрөгийг 2015 оны хавар ноолуурын үед өгнө гэсэн.

Зээлээр худалдсан 24 тооны үхрийн үнэ нь 8 тугалтай үнээ 1 500 000 төгрөгөөр 12 000 000 төгрөг, 5 бяруу 500 000 төгрөгөөр 2 500 000 төгрөг, 3 сувай үнээ 1 000 000 төгрөгөөр 3 000 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөг болж байгаа.

Эд хөрөнгөний үнэ нь 21 000 000 төгрөгөөс үхрийн үнэ 17 500 000 төгрөгийг хасаад 3 500 000 төгрөг болж байгаа юм. Гэрээний үнэ 21 000 000 төгрөгөөс Л.П нь 5 000 000 төгрөг банкаар, 4 000 000 төгрөг бэлнээр, Мэндээд 400 000 төгрөг, 400 000 төгрөг, Эркад 200 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг хүлээн авсан. Мөн Ш.Батчулуунд өгсөн 5 хонины үнэ 1 000 000 төгрөгийг, нүүлгэсэн 250 000 төгрөгийг, хадам ээжийн 200 000 төгрөгийг, ямааны 400 000 төгрөгийг, нийт 1 850 000 төгрөгийг хасаж байна.

Ингээд 10 000 000 төгрөг дээр 1 850 000 төгрөг, нийт 11 850 000 төгрөгийг авсан байна. 21 000 000 төгрөгөөс 11 850 000 төгрөгийг хасаад 9 150 000 төгрөг үлдэж байна. Нэхэмжлэл гаргахдаа 9 600 000 төгрөг гэж бичсэн боловч шаардлагаа 450 000 төгрөгөөр багасгаж, 9 150 000 төгрөгийг С.Т-ээс нэхэмжилж байна.

Энэ гэрээ байгуулахад Ж.Ц оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгч Л.П нь өндөр настай өөрөө малаа маллаж чадахгүй байсан тул өөрийн хүү Ш.Батчулуунаар маллуулж байгаад бусдад худалдах талаар хүүдээ хэлсэн. Л.П-ын хүсэлтээр Ш.Батчулуун нь С.Т-тэй  амаар хэлцэл байгуулсан юм.

Иймд хариуцагч С.Т-ээсүхрийн үнэ, өвөлжөөний газрын үнийн үлдэгдэл 9 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Пд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие нь 2014 оны 10 сард Ш.Батчулуунтай 21 000 000 төгрөгийн наймаа хийсэн. 21 000 000 төгрөгт Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөө, саравч, 1 га газар, зуны амбаар, 24 тооны үхэр багтсан. 24 тооны үхрийн үнийг тогтоохдоо тугалтай үнээ 8 буюу 1 400 000 төгрөг 11 200 000 төгрөг, бяруу 5 буюу 400 000 төгрөг 2000 000 төгрөг, сувай үнээ 3 буюу 1 000 000 төгрөг 3 000 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгөөр бодсон. Үлдсэн мөнгөнд нь өвөлжөө, газар, саравчны үнэ орсон байгаа. Төлбөрийг 2014 оны 10 сард 5 000 000 төгрөгийг төлнө, үлдэгдлийг 2015 оны хавар ноолуурын мөнгөнөөс өгнө гэж тохиролцсон.

Ш.Батчулуун ах Алтанбулаг суманд ганцаараа хэдэн малтай амьдардаг байсан, би түүнийг өөрийнхөө малыг зарж байна гэж ойлгосон, өвөлжөөний бичиг баримт ээж Л.П-ын нэр дээр байдаг гэж хэлсэн. Л.П гуай, Ш.Туяа нар үхэр малаа авсны дараа нилээн сүүлд ирж уулзаад “...Ш.Батчулуунд битгий мөнгө төгрөг өгөөрэй, Ш.Туяагийн данс руу хийгээд байгаарай” гэж хэлээд явсан. Ингээд би эхнэр Ж.Ц-гийн хамт Ш.Туяа болон түүний нөхөр Гүрсэдийн дансаар 4 664 000 төгрөг, Л.П гуайд 5 000 000 төгрөгөөр, 2017 онд 4 000 000 төгрөгөөр, 1 000 000 төгрөг, 400 000 төгрөг, 400 000 төгрөг, 200 000 төгрөг, Ш.Батчулууныг нүүлгэхэд 250 000 төгрөг, Ш.Батчулуунд 200 000 төгрөг, Ш.Туяад бэлнээр 750 000 төгрөг, Ш.Батчулуунд 4 ямаа 1 хонь 300 000 төгрөг, нийт 17 164 000 төгрөг өгсөн байна.

Ингээд 24 тооны үхрийн мөнгө дууслаа, өвөлжөөний бичиг баримтаа аваад тооцоогоо дуусгая гэхэд Ш.Батчулуун зохицуулаад өгнө гэсэн. Бичиг баримтгүй өвөлжөө зарчихаад одоо болохоор өөрсдөө хөөцөлдөж ав гээд байгаа нь шударга биш байна. Энэ өвөлжөөний газар нь Алтанбулаг сумын нутагт цэргийн анги байдаг, тэнд гранат дэлбэрээд хүний амь нас хохирсон гээд утас татаад малчдыг өвөлжүүлээгүй юм. Тэгэхээр би саравчийг буулгаад 2 дугаар багийн нутаг руу нүүсэн. Л.П надаас 9 600 000 төгрөг эсхүл 3 500 000 төгрөг гээд юуны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Ш.Батчулуунтай наймаа хийсэн болохоос Л.Птай огт юу ч яриагүй, гэтэл одоо Л.П болж солигдоод байгааг ойлгохгүй байна. 21 000 000 төгрөгөөс өөрийн өгсөн 17 164 000 төгрөгийг хасахад 3 836 000 төгрөг үлдэж байгаа. Хэрэв надад өвөлжөөний бичиг баримт өгвөл энэ мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 9 150 000 төгрөг нэхэж байгаа зөвшөөрөхгүй хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

2014 онд манай нөхөр С.Тнь Ш.Батчулуунаас 24 тооны үхэр, өвөлжөөний газрыг 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Ш.Батчулуун өвөлжөөний бичиг баримт ээж Л.Пын нэр дээр байгаа гэхээр нь итгэсэн. Анхнаасаа бичиг баримтгүй бол авахгүй байсан юм. Энэ наймаа хийх үед би байгаагүй. Дараа нь Л.П, Ш.Туяа нар С.Т-тэй  уулзаад Ш.Батчулуунд битгий мөнгө төгрөг өгөөрэй, Л.П өөрөө дансгүй тул Ш.Туяагийн данс руу хийж байгаарай гэсэн. Ингээд Л.Пын охин Ш.Туяагийн дансанд 1 400 000 төгрөг, 1000 000 төгрөг, 500 000 төгрөг, Ш.Туяагийн нөхөр Гүрсэдийн дансанд 1000 000 төгрөг, 764 000 төгрөг тус тус хийсэн.

2015 оны 04 сарын 22-нд Л.Пын дансанд 958 000 төгрөг, 4 420 000 төгрөг, нийт 5000 000 төгрөг хийсэн. 2017 онд Ш.Туяад бэлнээр 4 000 000 төгрөг мөн 750 000 төгрөг өгсөн. 1 000 000 төгрөг, Мэндээд 400 000 төгрөг, модны үнэ 400 000 төгрөг, Эркад 200 000 төгрөг, Ш.Батчулууныг нүүлгэхэд 250 000 төгрөг, 200 000 төгрөг, 3 ямаа 1 хонь 300 000 төгрөг, нийт 17 164 000 төгрөг өгсөн. 21 000 000 төгрөгөөс дээрх 17 164 000 төгрөгийг хасаад 3 836 000 төгрөг болж байна. Өвөлжөөний бичиг баримтаа авъя гэхээр өөрсдөө хөөцөлдөөд ав гэдэг. Бичиг баримтгүй өвөлжөө худалдсан байгаа тул энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00045 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Т-ээс 9 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Ц-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.П-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00009 дүгээр магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т-ээс 3 836 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 314 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...хэвээр үлдээсүгэй” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагч С.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 76 326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.П нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШЗ2018/00923 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагч С.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие нэхэмжлэгчтэй анх тохиролцохдоо нийт 21 сая төгрөгөөр маргааны гол обьект болох өвөлжөөг хэдэн тооны малын хамтаар харилцан тохиролцож авсан юм. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж байх явцад нэхэмжлэгч тал надаас нийт 17 164 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, аваагүй гэдгээ нотлох баримт хавтаст хэрэгт тусгаж өгөөгүйг хяналтын шатны шүүх сайтар анхаарах нь зүйтэй. Үлдэх 3 836 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.П-ыг өвөлжөө болон түүнийг дагалдах газрын хамтаар холбогдох бүх бичиг баримтуудаа миний нэр дээр шилжүүлсэн тохиолдолд өгнө гэж би хэлсэн. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх буруу ойлгон, ямар ч баримтгүй, маш тодорхой, илт зүйл дээр өөрчлөлт оруулан намайг хохирсон дээр минь нэмж хохироож байгаад нь маш гомдолтой байна.

...Миний сүүлд олж мэдсэн мэдээллээр дээрх өвөлжөө нь анхнаасаа Л.П-ын нэр дээр байгаагүй, өөр хүний нэр байдаг байсан ба би настай намбатай хүн болохоор нь л итгээд дээрх хэлцлийг хийж байсан юм. Би энэхүү асуудлыг хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдүүлсний дараагаар нэхэмжлэгч Л.П-т өгсөн 17 164 000 төгрөгөө буцаан шүүхээр нэхэмжлэх болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Л.П худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 600 000 төгрөг гаргуулахаар хариуцагч С.Т, Ж.Ц нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Ц-д холбогдох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийнхээ хэмжээг 9 150 000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч Л.П болон түүний хүү Ш.Батчулууныг худалдсан өвөлжөөний бичиг баримтыг өгөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан боловч  3 836 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Л.П нь Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөөний газар, саравч, зуны амбаарыг эзэмшиж ирсэн ба нутгийнхан уг өвөлжөөг Л.П-ых гэж мэддэг боловч түүнд тухайн газрыг малын өвөлжөөний журмаар эзэмших, ашиглах эрх алба ёсоор олгогдоогүй байна. “Өвөлжөөний бичиг баримтыг өгөөгүй” гэх хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй байдал нь тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй, эрх бүхий байгууллагаас өөрийн эзэмшиж буй газрын зөвшөөрлийг өөрийн нэр дээр авах боломжийг хаагаагүй байна.

Хариуцагчийн зүгээс “3 600 000 төгрөг төлөх ёстой” гэж нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарыг, мөн  “21 000 000 төгрөгөөс 17 164 000 төгрөг төлснийг хасаад  3 836 000 болж байгаа” гэж шүүх хуралдаанд тайлбарласныг давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох харилцааны маргаангүй хэсэг гэж үзэж, хариуцагчаас энэ хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН