Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2018/00009

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр                      Дугаар 223/МА2018/00009

 

Л.П-н нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00045 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.П-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Ц , С.Т нарт холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 9 150 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,  хариуцагч С.Т , нарийн бичгийн даргад О.Батномин  нар оролцов.

Нэхэмжлэгч  Л.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтанбулаг сумын иргэн С.Т , эхнэр Ж.Ц гийн хамт надад 21 сая төгрөг өгөхөөс одоо үлдсэн 9 600 000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд С.Т , Ж.Ц  нараас 9600 000 төгрөгийг гаргуулан надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хоёроос удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байна. 70 гарсан хөгшин хүн болохоор хөдөө гадаа явж, очиж хөөцөлдөж мөнгөө олж авч чадахгүй байна.” гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.П нь өөрийн өмчлөлийн 24 тооны үхэр, Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөөний газар, саравч, зуны амбаар зэргийг нийлүүлээд нийт 21 000 000 төгрөгөөр хариуцагч С.Т , Ж.Ц  нарт зээлээр худалдсан. Зээлээр худалдах гэрээг бичгээр хийгээгүй, амаар тохиролцоод С.Т , Ж.Ц  нар нь 21 000 000 төгрөгийг 2014 оны намар 5000 000 төгрөг, үлдсэн 16000 000 төгрөгийг 2015 оны хавар ноолуурын үед өгнө гэсэн. Зээлээр худалдсан 24 тооны үхрийн үнэ нь 8 тугалтай үнээ 1500 000 төгрөгөөр 12 000 000 төгрөг, 5 бяруу 500 000 төгрөгөөр 2500 000 төгрөг, 3 сувай үнээ 1000 000 төгрөгөөр 3000 000 төгрөг, нийт 17500 000 төгрөг болж байгаа. Эд хөрөнгөний үнэ нь 21 000 000 төгрөгөөс үхрийн үнэ 17 500 000 төгрөгийг хасаад 3 500 000 төгрөг болж байгаа юм. Гэрээний үнэ 21 000 000 төгрөгөөс Л.П нь 5000 000 төгрөг банкаар, 4000 000 төгрөг бэлнээр, Мэндээд 400 000 төгрөг, 400 000 төгрөг, Эркад 200 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг хүлээн авсан. Мөн Ш.Батчулуунд өгсөн 5 хонины үнэ 1000 000 төгрөгийг, нүүлгэсэн 250 000 төгрөгийг, хадам ээжийн 200 000 төгрөгийг, ямааны 400 000 төгрөгийг, нийт 1 850 000 төгрөгийг хасаж байна. Ингээд 10 000 000 төгрөг дээр 1 850 000 төгрөг, нийт 11 850 000 төгрөгийг авсан байна. 21 000 000 төгрөгөөс 11 850 000 төгрөгийг хасаад 9 150 000 төгрөг үлдэж байна. Нэхэмжлэл гаргахдаа 9600 000 төгрөг гэж бичсэн боловч шаардлагаа 450 000 төгрөгөөр багасгаж, 9 150 000 төгрөгийг С.Т ээс нэхэмжилж байна. Энэ гэрээ байгуулахад Ж.Ц  оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгч Л.П нь өндөр настай өөрөө малаа маллаж чадахгүй байсан тул өөрийн хүү Ш.Батчулуунаар маллуулж байгаад бусдад худалдах талаар хүүдээ хэлсэн. Л.П-н хүсэлтээр Ш.Батчулуун нь С.Т-тэй амаар хэлцэл байгуулсан юм.

Иймд хариуцагч С.Т ээс үхрийн үнэ, өвөлжөөний газрын үнийн үлдэгдэл 9 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Пүрэвжавд олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие нь 2014 оны 10 сард Ш.Батчулуунтай 21 000 000 төгрөгийн наймаа хийсэн. 21 000 000 төгрөгт Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөө, саравч, 1 га газар, зуны амбаар, 24 тооны үхэр багтсан. 24 тооны үхрийн үнийг тогтоохдоо тугалтай үнээ 8 буюу 1400 000 төгрөг 11 200 000 төгрөг, бяруу 5 буюу 400 000 төгрөг 2000 000 төгрөг, сувай үнээ 3 буюу 1000 000 төгрөг 3000 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгөөр бодсон. Үлдсэн мөнгөнд нь өвөлжөө, газар, саравчны үнэ орсон байгаа. Төлбөрийг 2014 оны 10 сард 5000 000 төгрөгийг төлнө, үлдэгдлийг 2015 оны хавар ноолуурын мөнгөнөөс өгнө гэж тохиролцсон. Ш.Батчулуун ах Алтанбулаг суманд ганцаараа хэдэн малтай амьдардаг байсан, би түүнийг өөрийнхөө малыг зарж байна гэж ойлгосон, өвөлжөөний бичиг баримт ээж Л.П-н нэр дээр байдаг гэж хэлсэн. Л.П гуай, Ш.Туяа нар үхэр малаа авсаны дараа нилээн сүүлд ирж уулзаад ...Ш.Батчулуунд битгий мөнгө төгрөг өгөөрэй, Ш.Туяагийн данс руу хийгээд байгаарай гэж хэлээд явсан. Ингээд би эхнэр Ж.Ц гийн хамт Ш.Туяа болон түүний нөхөр Гүрсэдийн дансаар 4 664 000 төгрөг, Л.П гуайд 5000 000 төгрөгөөр, 2017 онд 4000 000 төгрөгөөр, 1000 000 төгрөг, 400 000 төгрөг, 400 000 төгрөг, 200 000 төгрөг, Ш.Батчулууныг нүүлгэхэд 250 000 төгрөг, Ш.Батчулуунд 200 000 төгрөг, Ш.Туяад бэлнээр 750 000 төгрөг, Ш.Батчулуунд 4 ямаа 1 хонь 300 000 төгрөг, нийт 17 164 000 төгрөг өгсөн байна.

Ингээд 24 тооны үхрийн мөнгө дууслаа, өвөлжөөний бичиг баримтаа аваад тооцоогоо дуусгая гэхэд Ш.Батчулуун зохицуулаад өгнө гэсэн. Бичиг баримтгүй өвөлжөө зарчихаад одоо болохоор өөрсдөө хөөцөлдөж ав гээд байгаа нь шударга биш байна. Энэ өвөлжөөний газар нь Алтанбулаг сумын нутагт цэргийн анги байдаг, тэнд гранат дэлбэрээд хүний амь нас хохирсон гээд утас татаад малчдыг өвөлжүүлээгүй юм. Тэгэхээр би саравчийг буулгаад 2 дугаар багийн нутаг руу нүүсэн.

Л.П надаас 9600 000 төгрөг эсхүл 3500 000 төгрөг гээд юуны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Ш.Батчулуунтай наймаа хийсэн болохоос Л.Пүрэвжавтай огт юу ч яриагүй, гэтэл одоо Л.П болж солигдоод байгааг ойлгохгүй байна. Ш.Батчулуунтай наймаагаа хийсний дараа нь Л.Пүрэвжав, Ш.Туяа нар ирээд Ш.Батчулуунд мөнгө төгрөг өгч болохгүй шүү гээд өөрсдийнх өгсөн дансанд төлсөн мөнгийг аваагүй гээд байгаа ойлгохгүй байна. Огт танихгүй хүнд 17 164 000 төгрөгийг өгөөгүй шүү дээ. 21 000 000 төгрөгөөс өөрийн өгсөн 17 164 000 төгрөгийг хасахад 3 836 000 төгрөг үлдэж байгаа. Хэрэв надад өвөлжөөний бичиг баримт өгвөл энэ мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин 9 150 000 төгрөг нэхэж байгаа зөвшөөрөхгүй хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч Ж.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд манай нөхөр С.Т нь Ш.Батчулуунаас 24 тооны үхэр, өвөлжөөний газрыг 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Ш.Батчулуун өвөлжөөний бичиг баримт ээж Л.П-н нэр дээр байгаа гэхээр нь итгэсэн. Анхнаасаа бичиг баримтгүй бол авахгүй байсан юм. Энэ наймаа хийх үед би байгаагүй. Дараа нь Л.Пүрэвжав, Ш.Туяа нар С.Т-тэй уулзаад Ш.Батчулуунд битгий мөнгө төгрөг өгөөрэй, Л.П өөрөө дансгүй тул Ш.Туяагийн данс руу хийж байгаарай гэсэн. Ингээд Л.П-н охин Ш.Туяагийн дансанд 1 400 000 төгрөг, 1000 000 төгрөг, 500 000 төгрөг, Ш.Туяагийн нөхөр Гүрсэдийн дансанд 1000 000 төгрөг, 764 000 төгрөг тус тус хийсэн.

2015 оны 04 сарын 22-нд Л.П-н дансанд 958 000 төгрөг, 4420 000 төгрөг, нийт 5000 000 төгрөг хийсэн. 2017 онд Ш.Туяад бэлнээр 4000 000 төгрөг мөн 750 000 төгрөг өгсөн. 1000 000 төгрөг, Мэндээд 400 000 төгрөг, модны үнэ 400 000 төгрөг, эркад 200 000 төгрөг, Ш.Батчулууныг нүүлгэхэд 250 000 төгрөг, 200 000 төгрөг, 3 ямаа 1 хонь 300 000 төгрөг, нийт 17 164 000 төгрөг өгсөн. 21 000 000 төгрөгөөс дээрх 17 164 000 төгрөгийг хасаад 3 836 000 төгрөг болж байна. Өвөлжөөний бичиг баримтаа авъя гэхээр өөрсдөө хөөцөлдөөд ав гэдэг.Бичиг баримтгүй өвөлжөө худалдсан байгаа тул энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Т ээс 9 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.П-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Ц д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.П-н тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Л.П-н нэхэмжлэлтэй, С.Т , Ж.Ц  нарт холбогдох   төлбөрийн маргаантай иргэний хэргийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч  дараах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх анх хэргийн зохигч биш тэр тусмаа төрсөн хүү болон охин Туяа нарыг албадаж ирүүлэн гэрчээр мэдүүлэг авсан нь Үндсэн хууль ноцтой зөрчсөн.

2. Энэ нь 2018 оны 01 сарын 15-ны өдөр дээрх хэргийг хэлэлцэх үед шүүх гэрчүүдийг албадаж ирүүлсэн нотлох баримт хууль бусаар цуглуулсан хэсгийг нь засаж шийдвэрлэх боломжгүй байдал үүссэн.

3. Мөн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн шийдвэрт Пүрэвжавгуай Төмөрсүх нарын хооронд зээлээр мал худалдах, худалдан авах гэрээ хийснийг нь зөв дүгнэсэн мөртлөө өр төлбөрийн асуудлыг нь нэхэмжлэгчид буцаан олгох талаар шийдвэрлээгүй нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон зэрэгт гомдолтой байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж хүчингүй болгож мөн шүүхэд нь буцаан дахин хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү.

 Харин нэхэмжлэгч Л.П нь тэтгэврээс өөр орлогогүй олоо тэтгэврийн зээлтэй, өндөр настай, cap шинэ болох гэж байгаатай холбогдуулан УТХ-аас чөлөөлөн өгч гомдол хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан  нотлох баримтыг тал бүрээс нь  бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, тухайн маргаантай эрх  зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Л.П шүүхэд гарсан нэхэмжлэлдээ С.Т , эхнэр Ж.Ц  нар нь надад 21 сая төгрөг өгөхөөс үлдсэн 9 600 000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд С.Т , Ж.Ц  нараас 9 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л.П нь өөрийн өмчлөлийн 24 үхэр, Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1-р багт орших өвөлжөөний газар, саравч, зуны амбаар зэргийг нийлүүлээд нийт 21 000 000 төгрөгөөр С.Т , Ж.Ц   нарт зээлээр худалдсан. Амаар тохиролцоод С.Т , Ж.Ц  нар нь 21 000 000 төгрөгийг 2014 оны намар 5 000 000 төгрөг, үлдсэн 16 000 000 төгрөгийг 2015 оны хавар ноолуурын үед өгнө гэсэн. 24 үхрийн 8 нь тугалтай үнээ бөгөөд 1 500 000 төгрөгөөр бодоход 12 000 000 төгрөг, 5 бяруу 500 000 төгрөгөөр 2 500 000 төгрөг, 3 сувай үнээ 1 000 000 төгрөгөөр 3 000 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөг болж байгаа.

Эд хөрөнгийн үнэ нь үхрийн үнийг хасаад 3 500 000 төгрөг болж байгаа юм. Л.П нь бэлнээр, дансаар , бусдаар дамжуулан, эд хөрөнгөөр зэрэг нийт 11 800 000 төгрөгийг хүлээн авсан.Шаардлагаа 450 000 төгрөгөөр багасгаж, 9 150 000 төгрөгийг С.Т ээс гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулахад Ж.Ц  оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.П-н хүсэлтээр хүү Ш.Батчулуун нь С.Т-тэй амаар хэлцэл хийсэн  гэжээ.

            Хариуцагч С.Т шүүхэд нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа хэлцлийг Ш.Батчулуунтай хийсэн гэсэн ба  гэрээний үнэ нийт 21 000 000 төгрөг  болон гэрээний  зүйл,  үнэ төлөх хугацаа, сувай үнээ нэг бүрийг 1 000 000 төгрөгөөр 3 үнээг 3 000 000 төгрөгөөр тохиролцсон тухайд  маргаагүй байна.

Харин тугалтай үнээ 8 буюу 1 400 000 төгрөгөөр 11 200 000 төгрөг, бяруу 5 буюу 400 000 төгрөгөөр 2 000 000 төгрөгөөр тохирсон,  нэхэмжлэгчид нийтдээ 17 164 000 төгрөг өгсөн гэж  маргажээ. Хэрэв өвөлжөөний бичиг баримтыг өгвөл 3 836 000 төгрөгийг  өгөхөд татгалзахгүй гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч Ж.Ц д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан ба 450 000 төгрөгөөр шаардлагаа багасгаж татгалзаж, 9 150 000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн байна.

Хариуцагч С.Т нь  худалдсан  хөрөнгө болох гэрээний зүйл буюу 24 тооны үхэр, саравч , зуны амбаар, хашаа, өвөлжөөний газар  зэргийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т заасны дагуу хүлээн авсан болох нь  зохигчдын тайлбар болон гэрчийн  мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

            Анхан шатны шүүх Л.Пүрэвжавыг төлөөлж, Ш.Батчулуун нь С.Т-тэй хэлцэл хийсэн болох нь гэрч Ш.Туяа, Ш.Батчулуун нарын мэдүүлгээр тогтоогдсон гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зохицуулсан хэлцэлд төлөөлөх, төлөөлөх бүрэн эрхийг амаар буюу бичгээр олгож болох заалтад харшлаагүй байна. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа Л.Пүрэвжав, С.Т нарын хооронд үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн ба хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн заримыг Л.П-д хүлээлгэн өгч байсан үйл баримтаар мөн нотлогджээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 9 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.  Хариуцагч нь   17 164 000 төгрөгийн хэмжээнд гэрээний үүргээ гүйцэтгэсэн болох нь  хариуцагчийн тайлбар болон гэрч Ш.Туяагийн мэдүүлгээр нотлогдсон   байна.  Харин өвөлжөөний газар нь бичиг баримтгүйгээс үлдэх 3 836 000 төгрөгийг төлөөгүй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байхад шүүх уг маргаангүй үйл баримтыг  нэхэмжлэгчийг нотлоогүй гэж буруутгасан нь Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, процессын эрх зүйн хувьд нотолгоо шаардагдахгүй үйл баримтад нөгөө талын хүлээн зөвшөөрсөн үйл баримт болон маргаангүй үйл  баримт хамаардаг болно.

            Шүүх зохигчдын хоорондох маргаанд Иргэний хуулийн 248 дугаар зүйлээр зохицуулсан эд хөрөнгийг хүлээн авах, 255 дугаар зүйлд заасан худалдан авагч нь  эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор шаардах эрхээ алдах тухай зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна. 

            Нэхэмжлэгч Л.П-н худалдсан эд хөрөнгөд багтсан  өвөлжөөний газар нь түүний нэр дээр эзэмших эрх олгогдоогүй байсан нь эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх боловч  хариуцагч С.Т нь  Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар  гэрээний зүйлийг бүхэлд нь хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд энэ тухайд маргаагүй тул мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алддаг байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн тайлбарыг үндэслэн 3 836 000 төгрөгийг шаардлагыг хангаж, үлдэх 5 314 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгчийн охин Ш.Туяа, Ш.Батчулуун нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол нь үндэслэлгүй байх бөгөөд тэднээс шүүх гэрчийн мэдүүлэг авахдаа төрсөн эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг сануулсан, гэрч нар мэдүүлэг өгөхөө хүлээн зөвшөөрснөөр шүүх гэрчээр асууж мэдүүлэг  авч, маргааны зарим үйл баримтыг тогтооход үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна. Харин түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар гаргасан гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах боломжтой байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2018/00045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т ээс 3 836 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 314 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын " .... хэвээр үлдээсүгэй" гэснийг “... хэвээр үлдээж, хариуцагч С.Т ээс улсын тэмдэгтийн хураамжид 76 326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.П-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Л.П нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШЗ2018/00923 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА                

                                           ШҮҮГЧИД                                      Т.ЭНХМАА

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР