Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 818

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/**8 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээлгэх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е, нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг  нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Д 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/**7 дугаар тушаалаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр шилжин ажиллаж байгаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/**8 дугаар тушаалаар төрийн албанаас халагдаж, цэргийн 

 

цолоо хураалгасан. Тус тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлд шилжүүлсэн, Төрийн албаны зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хандан гомдлыг шийдвэрлэсэн хариуг гаргаж өгөхийг хүсэхэд, миний гомдлыг хариугүй хэмээн хаасан байсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.А нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг үндэслэн намайг “...урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан..." гэж үзэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халж, цэргийн дэслэгч цолыг хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын зөрчилд Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулдаг.”  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3.2-т тус тус заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй байдаг. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.2-т “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын зөрчил нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон байна...” гэж заасан байдаг. Надад оногдуулсан сахилгын шийтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын шийдвэр хүчин төгөлдөр биш тул урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Б.Цтай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2018 оны Үр дүнгийн гэрээгээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тус гэрээний 1.5-д “Гэрээний биелэлтийг менежерт улирал тутам мэдээлж, хагас, бүтэн жилээр тайлагнана”, 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, менежер 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор багтаан дүгнэнэ” гэж заасан. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргаж байгаагүй, мөн Үр дүнгийн гэрээг тайлагнаж, дүгнэх хугацаа болоогүй, миний үр дүнгийн гэрээнд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байтал “өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан” хэмээн энэ талаар надад ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэхгүйгээр тушаал гаргаж төрийн албанаас халсанд гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1.1 “...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь төрийн албанаас халах үндэслэл болно...” гэж заасан байх бөгөөд намайг халах үндэслэл бүрдээгүй байсан. Маргаан бүхий тушаалаар миний цэргийн “дэслэгч” цолыг хураасны зэрэгцээ уг тушаал гарсантай холбогдуулан Б.Д миний шийдвэр гүйцэтгэгчийн “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх” хаагдсан, ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас цалин хөлсөө авч чадаагүй, нийгмийн болон эрүул мэндийн шимтгэл төлөгдөөгүй зэргээр эрх ашиг зөрчигдөөд байна.

Иймд Б.Д миний төрийн албанд ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/**8 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээх, уг тушаал гарсантай холбогдуулан хаагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж өгнө үү.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэн Б.Дд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/392 дугаар албан бичгээр төлбөрт хураан авсан эд хөрөнгөнд ажиллагаа явуулаагүй,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна”гэж заасныг зөрчсөн байх тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах тухай өгсөн үүргийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Б.Дд “цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах” сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч нь хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөн маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэлдээ үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй гэж тайлбарлаж байгаа боловч

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 205 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.2-т “Цэргийн цол бууруулах буюу хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох, ажлаас халах шийтгэлийг  зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ногдуулна” 3.3-т “Сануулах, үндсэн цалинг бууруулах, цолны мөнгийг хасах шийтгэлийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, тасаг, хорих ангийн дарга ногдуулна” гэж тус тус заасан байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргын 2016 оны А/196 дугаар тушаалаар тус заалтуудыг мөрдөж эрхийг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нарт олгож, тус тушаалыг  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2А/3657 дугаар албан бичгээр харьяа алба, тасагт хүргүүлсэн.  Иймд  энэ тушаалын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас нэхэмжлэгчид  сахилгын шийтгэлийг оногдуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 6.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан сахилгын шийтгэл оногдуулсан тухай шийдвэр гүйцэтгэлийн алба, хорих ангийн даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий байгууллагын даргад  14 хоногийн дотор  гомдол гаргах эрхтэй.” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Б.Дд оногдуулсан сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд хүчин төгөлдөр юм. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, Б/20 дугаар тушаалаар цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах сахилгын  шийтгэлийг тус тус оногдуулахдаа тухай бүр даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулсан байна. Сар бүр Нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх газар хуралддаг байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна” гэж заасны дагуу Нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөгдсөн тул  цолыг хураан авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Дд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаал, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл оногдуулахдаа ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлж ажиллахыг  тухай бүр үүрэг болгосоор байтал хууль тогтоомжоор хүлээсэн ажил, үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэлгүй зөрчил, дутагдал дахин давтан гаргасан нь Төрийн албаны тухай хуулиин 25 дугаар зүйлийн 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасны дагуу түүнийг төрийн албанаас халах үндэслэл болсон байна. БДэлгэрмөрөн нь Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр байлцсан хуралдаанаас гарсан шийдвэрийг тухайн өдөр өөрт нь танилцуулж, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/03 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн даргад хувийг Б.Дд тус тус хүргүүлсэн байна тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/**8 дугаар тушаалыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/**8 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээлгэх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч тал “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3.2-т тус тус заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй байдаг тул надад оногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр биш тул урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан гэдэг нь үндэслэлгүй” гэж  хариуцагч тал “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.3-т сануулах, үндсэн цалинг бууруулах, цолны мөнгийг хасах шийтгэлийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, тасаг, хорих ангийн дарга ногдуулна гэж тус тус заасан байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргын 2016 оны А/196 дугаар тушаалаар тус заалтуудыг мөрдөж эрхийг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нарт олгож, тус тушаалыг  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2А/3657 дугаар албан бичгээр харьяа алба, тасагт хүргүүлсэн тул энэ тушаалын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж  маргаж байгаа болно           

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.2, 2.3.3.8 дахь заалтаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг үндэслэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч урьд нь зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгавар удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцэж байгаа болно.   

Нэхэмжлэгчийн зүгээс “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1.1 “...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь төрийн албанаас халах үндэслэл болно...” гэж заасан байх бөгөөд намайг халах үндэслэл бүрдээгүй байсан” гэж тайлбарлаж байна.

Тэгвэл  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Дд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 тушаалаар “...үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг зохих хувьд хүргэж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр үндсэн цалинг нэг сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасныг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан” гэж цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ.

Нэхэмжлэгч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актуудтай маргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй тул дээрх сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл  дээрх сахилгын шийтгэл ногдуулсан актууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.2-т “Гүйцэтгэлийн бодит биелэлтийн сарын дундаж үзүүлэлтэд хүргэх чиглэлээр ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний нэгжийн ажил, үйлчилгээний 1.2.1-ийн б заалтад “долоо хоногт 2-оос доошгүй гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгоно” гэж тус тус заасан байна. 

     С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Дг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийн хувийг 2018 оны 1,2 дугаар саруудад зохих хувьд хүргэж ажиллаагүй, удаа дараа сахилгын шийтгэл авагдсан боловч, гаргасан алдаандаа дүгнэлт хийгээгүй, дахин 3 дугаар сарын бодит биелэлтийн хувийг  бууруулж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлэн ажиллаж, зөрчлийг давтан гаргасан тул түүнд сахилгын шийтгэл ногдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн хурлыг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хуралдуулж, зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас халах саналыг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болох нь 18 дугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч  2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад өргөдөл гаргажээ. Тэрээр өргөдөлдөө “...С дүүргийн 155 дугаар тойрог нь бусад тойргоос онцлогтой, гүйцэтгэх хуудасны тоо, ажлын ачаалал их зэргээс шалтгаалан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтийг бууруулсан тул тухайн нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ажлаас халах санал хүргүүлсэнд гомдолтой байна...” гэсний дагуу хянан шалгалтын газраас шалгалтын газраас албаны шалгалт явуулж, тус шалгалтаар Б.Дгийн ажлын ачаалал, хариуцсан гүйцэтгэх баримт бичгийн тоог бусад дүүргийн шийдвэр гүйцэтгэгчдийн гүйцэтгэх баримт бичгийн тоотой харьцуулж үзэхэд ижил төвшинд байна албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болохыг тогтоож”, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад танилцуулж, хариуцагч Б.Дг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-т “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж албанаас халж,  мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар  түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, тусгай хэрэгслийг хураасан  нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах гэснийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” бүрэн эрхтэй байна.

Ийнхүү шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн  “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээлгэх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь: 

 

   1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1, 280 дугаар зүйлийн 280.1-т заасныг баримтлан иргэн Б.Дгийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаснаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/**8 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын С дүүргийн 155 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, цэргийн дэслэгч цолыг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нээлгэх, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                   Д.ЧАНЦАЛНЯМ