Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 216/МА2017/00010

 

Д.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00046 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д Н /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-УнЭ /РД: /-т холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нийт 24 420 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аминчимэг,  хариуцагчийн өмгөөлөгч Х.Ц, нарийн бичгийн даргад Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Х.Э харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлүүлсэн. Мөн 8 000 000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээгүйгээр зээлүүлсэн. Нийт 5 удаагийн зээлээр 54 700 000 төгрөгийг зээлүүлсэн ба үндсэн болон хүүгийн төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар хийсээр 43 400 000 төгрөгийг надад өгч, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үлдэгдэл 11 000 000 төгрөгийг төлөлгүй өдийг хүрлээ. Зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссантай холбоотойгоор Х.Э болон нөхөртэй нь уулзаж гэрээг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуустал сунгасан. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 2 талаас харилцан тооцоо нийлж, дээрх хоёр гэрээний үлдэгдэл 11 000 000 төгрөг болж байгааг гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд хариуцагч тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх тооцоо нийлсний дараа 11 000 000 төгрөгийн үлдэгдэл дээр зээлийн гэрээний нөхцлийг шинэчлэн хүүгийн хэмжээг 9 хувь болгон бууруулж, шинэ нөхцөлийн дагуу төлөлт хийж байгаад 2015 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлт тасарсан.

 

Шинэчлэн хийсэн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан ба энэ хугацаанд зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй болно. Гэрээний үүрэг хангагдахгүй удсан тул 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Х.Э эвлэрүүлэн зуучлалын уулзалтаас удаа дараа зайлсхийж, эвлэрч тохиролцоогүй тул 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөдлөө татан авсан.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл 11 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн атлаа уг зээлийн гэрээний хүү болон алдангийг төлөхгүй гэж тайлбар гаргажээ. Өмнө  нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хүүгийн төлбөрөө хэсэг хугацаанд төлж зогсоосон нь түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх хариуцлага буюу алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд Х.Э үндсэн зээл 11 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, хүү 7 920 000 төгрөг, нийт 24 420 000 төгрөг нэхэмжилсэн.

 

Харин миний зүгээс Иргэний хуулийн 222.7-д заасны дагуу “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу Х.Э өөрийнх нь хүсэл зоригийн дагуу түүнтэй харилцан тохиролцож Иргэний хуулийн 281. 282. 156.1-д заасны дагуу байгуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээний хүрээнд тус гэрээний 3 дугаар хэсэгт заасан “Зээлдүүлэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх”-ээр гэрээнд тусгагдсан үүргээ бодитойгоор биелүүлэхийг шаардаж ирсэн билээ. Хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоосон 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 7 сарын хүүгийн төлбөр 6 930 000 төгрөг болох ба гэрээний хугацаа дууссанаас хойш алданги тооцоход 2016 оны 4-12 сар дуустал 8 сар буюу 240 хоног болно. Үүний алданги 55 000 төгрөгөөр үржүүлэхэд алдангийн нийт хэмжээ 13 200 000 төгрөг болж байна. Эдгээрийг нэмж нэгтгэхэд зээлийн үндсэн төлбөр 11 000 000 төгрөг, түүний хүү 6 930 000 төгрөг болсон бөгөөд алдангийн нийт дүн 13 200 000 төгрөгийг нэмж тооцоход нийт 31 130 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Гэвч Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэн алданги нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас илүүгүй байх зарчмыг удирдлага болгон хариуцагч талд хөнгөлөлт үзүүлж 13 200 000 төгрөгийн алдангиас 7 700 000 төгрөг хасч 5 500 000 төгрөг болгон бууруулж, зээлийн үндсэн үлдэгдэл болох 11 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 6 930 000 төгрөг ба бууруулан тооцсон алдангийн хэмжээ 5 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын хураамжид төлсөн 30 000 төгрөгийг тус тус нэмж одоо 23 460 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Д.Н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Н бусдад хүүтэй мөнгө зээлдэг учраас би бага багаар мөнгө зээлдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан 42 400 000 төгрөг зээлж байгаагүй.

Би 2014 онд Д.Н хүүтэй мөнгө зээлж, зээлж авсан мөнгөө буцаагаад бүрэн төлж дуусгаж байсан юм. Би Д.Н 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус зээлж авсан. Уг зээлүүдийг өдөр бүр Д.Н 150 000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлэн төлсөөр байсан. Д.Н надаас зээлийн төлбөр авахдаа үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт авдаг. Уг нь зээлийн гэрээ байгуулсан хугацаанд л хүү өгөх ёстой боловч Д.Н шаардсаны дагуу сар бүр зээлийн хүүг бичгийн гэрээгүй төлсөөр байсан. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг зээлийн гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7 600 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 800 000 төгрөг, нийт 9 400 000 төгрөг зээлж авсан. Харин уг гэрээгээр 10 600 000 төгрөгийг надад шилжүүлээгүй. 2015 оны 06 дугаар сард Д.Н зээлийн тооцоо нийлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 11 000 000 төгрөг байсан юм. Гэтэл Д.Н надаас хэт их хэмжээний хүү нэхэж байсан болохоор бидний дунд зээлийн тооцооны маргаан тухайн үеэс үүссэн. Би авсан зээлийн хүүг бүрэн төлсөн. Төлбөрийг дансаар шилжүүлсэнээс гадна 1 500 000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 42 400 000 төгрөгийг төлсөн байна. 6 900 034 төгрөг илүү төлсөн тооцоо гарсан. 

Харин 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, 3 өрөө орон сууцаа барьцаалуулж байсан. Уг гэрээний дагуу авсан төлбөрөө барьцаалсан байраа худалдаж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээл, хүүгийн хамт 22 000 000 төгрөгийг төлж дуусгавар болгосон. 

Би үндэслэлгүй их хэмжээний хүү төлөхгүй. Өмнө нь 11 000 000 төгрөгийн төлбөрийг төлж дуусгая гэсэн саналыг тавихад огт зөвшөөрөхгүй надаас мөнгө нэхсээр байсан тул зээлийн төлөлтийг зогсоосон болохоор Д.Н над дээр ирж зээлийг өндөр хүүтэйгээр төлөхийг байнга шаардах болсон. Би хувиараа бизнес эрхэлдэг, бага насны хүүхэдтэй хүн. Д.Н 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс манай ажил дээр ирж байнга хэрүүл маргаан үүсгэх болсон  нь миний бизнесийн нэр хүндэд халтай, манай зоогийн газраар үйлчлүүлж буй иргэд болон ажилчдад үнэхээр хэцүү байсан. Тэр миний хоолойг олон хүний нүдэн дээр боож, үснээс зулгаан муухай ааш авир гарган, элдвээр доромжилж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зур, ард нь байгаа зүйлд гарын үсгээ хурдан зур гээд байсан. Тэр үед би айж, ичсэндээ зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсэн бүрт нь зурсан. Уг гэрээг надад огт уншуулаагүй шууд аваад явчихсан. Би юу гэж бичсэн гэрээнд гарын үсэг зурснаа мэдээгүй. Сая л шүүхэд нэхэмжлэл гаргахад нь ямар зүйлд гарын үсэг зурсан болохоо мэдлээ. Одоо Д.Н намайг айлгаж, ичээж, зодож, нүдэж байж надаар гарын үсэг зуруулсан зээлийн гэрээгээ ашиглаж онц их хэмжээний хүү, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно хэмээн заасан байна. Х.Э миний бие Д.Н 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 000 000 төгрөг зээлж аваагүй. Тийм мөнгө надад огт өгөөгүй болно. Нэгэнт аваагүй зээлийн төлөө бусдад хүү, алданги төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Хэрвээ дээрх гэрээг зээлийн гэрээний сунгалт хэмээн тайлбарлаж байгаа бол тухайн гэрээний тэргүү дээрх бичилт нь зээлийн гэрээний сунгалт гэсэн гарчигтай, доторх агуулга бичилт нь гэрээний үлдэгдэл тооцооноос үүдэн тохиролцсон агуулгатай байх ёстой. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Мөн гэрээний 4 дүгээр заалтанд ...зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно... гэж заасан. Зээлийн гэрээнийх нь он засвартай, нотариатаар гэрчлүүлээгүйгээс харахад анхнаасаа хүчин төгөлдөр бус болох нь тодорхой байна.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хүч хэрэглэж хийсэн хэлцлийг  хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд Д.Н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүү 7 920 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар хариуцагч Х.Э зээлийн үүргийн гүйцэтгэлд 1 911 830 төгрөг /нэг сая есөн зуун арван нэгэн мянга найман зуун гуч/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 548 170 төгрөгийн /хорин нэгэн сая таван зуун дөчин найман мянга нэг зуун дал/ шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 250 /хоёр зуун далан таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 4 750 төгрөгийг /дөрвөн мянга долоон зуун тавь/ гаргуулж Д.Н олгож, хариуцагч Х.Э 45 539.2 төгрөг /дөчин таван мянга таван зуун гучин есөн төгрөг хоёр мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Н олгохоор шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч Д.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1.2015.09.09-ний өдрийн гэрээгээр үлдэгдэл 11 сая төгрөг гэдгийг 2 тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталсан. 2015.12.04-ний өдрийн тооцоо нийлсэн баримтад үлдсэн 11 сая төгрөг, дээр нь хүү тооцож авахаар тохиролцож 2 талын гарын үсэг зурсан байна. Гэтэл сум дундын шүүх уг гэрээгээр мөнгө төгрөг өгч авалцаагүй тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзжээ. Ингэхдээ уг гэрээний 4 дэх заалтад мөнгийг бодитойгоор хүлээлгэн өгнө гэсэн байхад энэ гэрээгээр мөнгө шилжүүлээгүй гэж дурджээ. Гэтэл уг гэрээ нь сүүлд нөхөн хийсэн гэрээ байх бөгөөд хуулинд зааснаар ийм гэрээ нь талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх шаардлагыг хангасан байхад хангалттай юм.

2. Тийм учраас уг гэрээгээр мөнгө бодитой шилжих үндэслэлгүй гэдэг нь анханаасаа тодорхой байсан ба хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж үзвэл гэрээний 4-р заалт л хэрэгсэхгүй болгогдохоос биш гэрээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт  уг хэлцэлээр илэрхийлсэн хүсэл зорилгоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байна. Хариуцагч тал 2015.09.09-ний өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан тул би аргагүйн эрхэнд тооцоо нийлж хэлцэл хийснийг Х.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсныг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хурал дээр хариуцагч Х.Э намайг удаа дараа хэрүүл маргаан үүсгэж, сүүлдээ олон хүний нүдэнд боож, үснээс нь зулгаасан муухай ааш, авир гарган зээлийн гэрээнд албадан гарын үсэг зуруулсан гэсэн. Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна.

Үнэхээр ийм үйл явдал болсон бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэх олон боломж хариуцагчид байсан. Гэтэл ямар ч арга хэмжээ авалгүй мөртлөө шүүх хурал дээр ийм зүйл яриад зогсож байгаа нь харин ч миний нэр хүндэд ноцтойгоор халдсан хэрэг болж байна. Ямар нэгэн байдлаар тусгаарлагдсан орчинд эрх чөлөөг нь боож хааж, хүчээр гарын үсэг зуруулсан явдал болоогүй байхад шүүхийн шийдвэрт тусгуулан миний нэр хүндэд ноцтойгоор халдсан гэж үзэхээс өөр аргагүй юм.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх намайг Х.Э 42 400 000 төгрөг шилжүүлжээ гэж дүгнэсэн хэрнээ ямар үндэслэлээр 21 548 170 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

 

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Х.Э 2014.11.26-ны өдөр 20 сая төгрөгийн гэрээ байгуулж 3 өрөө орон сууцаа барьцаалуулж байсан. Уг байраа худалдаж 2014.12.24-ний өдөр зээл, хүүгийн хамт 22 сая төгрөгийг төлж дуусгавар болгосон гэсэн тайлбар гаргажээ. Хэрвээ энэ өдрөөс хойш ямар ч тооцоо байхгүй болсон бол 2015 онд яах гэж тооцоо нийлэн гарын үсэг зурж, гэрээгээ шинчилсэн болон, яах гэж аав ээжийнхээ орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалуулсан юм бэ. Энэ орон сууцны гэрчилгээ одоо ч надад байгаа ба анхан шатны шүүх хурал дээр уг гэрчилгээг нотлох баримт болгон үзүүлсэн. Энэ нь Х.Э надад өртэй байсныг хөдлөшгүй нотлох баримт болж байгаа юм. Ийм нотлох баримт байсаар байхад анхан шатны шүүх тооцоо нийлж хийсэн гэрээг хэрэгсэхгүй болгосон нь миний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Х.Э надаас л мөнгө зээлж өөрийн үл хөдлөх хөрөнгө буюу одоо ажиллуулж байгаа гуанзны барилгыг барьсан. Ийм ач санахгүй байгаад нь гомдож байна. Иймд Х.Э шүүхээр нэхэмжилсэн 23 430 000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч өргөдөл гаргаж байна гэжээ.                 

 

ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2- д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Х.Э холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл, хүү, алданги нийт 23 430 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, нэхэмжлэгчээс 5 удаагийн үйлдлээр нийт 42 400 000 төгрөгний зээл авч зээлийг  төлөх хэмжээнээс нь хэтрүүлж  төлж барагдуулсан тул нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар  гаргасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 11 сая төгрөгийг хүүтэй зээлсэн гэх боловч уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид бодитоор мөнгө шилжүүлээгүй, харин энэ нь урьд өмнө нь авч байсан зээлүүдийн үлдэгдэл болох нь талуудын тайлбараар нотлогдсон байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу талуудын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр /20000000 + 20000000 + 5000000 + 11000000+8000000=64000000/ нийт 64 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх гэрээнүүдийг бодитоор шилжүүлсэн  /9400000 + 20000000 + 5000000 + 8000000  = 42400000/ нийт 42 400 000 төгрөгөөр, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа дурдсан тооцоогоор мөн хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудыг  харьцуулан нотлох баримтын хүрээнд үнэлж тооцсон  нь үндэслэлтэй байна.  

 

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход  зээлдэгч нь зээлийн хөрөнгө болох мөнгийг буцаан төлөхийн зэрэгцээ холбогдох хүү төлөх ба зээлийн гэрээ бодит гэрээ болохын хувьд  зээлдэгчид зээлийн мөнгө шилжсэн үеэс эхлэн хүүг тооцох учиртай.

Тиймээс анхан шатны шүүх зээл тус бүрийн эргэн төлөлтийг сар бүрээр нарийвчлан тооцож  хариуцагчаас 1 911 830 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2017/00046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.БАЙГАЛМАА

                                                    ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                                    ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА