Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01507

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00544 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Т -д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 578 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.     

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Т тай харилцан тохиролцож, тодорхой хугацаатайгаар бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, 2015 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн баримтаар надаас 9 224 500 төгрөгийн барааг Ц.Т өөрийн гарын үсгээ зураад хүлээн авсан байдаг. Бид хоёр 2015 оны 9 дүгээр сард тооцоо нийлээд надад өгсөн бэлэн мөнгийг хасаад үлдсэн тооцоо буюу 7 719 000 төгрөгийг Ц.Т нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталгаа гарган өгч, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд хугацаа хэтэрвэл 0.3 хувийн алданги төлнө гэсэн болно. Ц.Т 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор болон 3 жилийн дотор тооцоо нийлснээсээ хойш нэг ч төгрөг өгөөгүй өдийг хүрсэн ба удаа дараа утсаар ярьж, хэлсэн.

Иймд 7 719 000 төгрөг, алданги 3 859 500 төгрөг, нийт 11 578 500 төгрөгийг Ц.Т аас гаргуулж өгнө үү. Ц.Т- аас дансаар 3 000 000 төгрөг ирсэн нь үнэн, бэлнээр 2 000 000 төгрөг өгөөгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

2015 оны 04, 05 дугаар сараас эхлэн “Форевер ливин Монголиа” компанийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ахуйн 9 244 500 төгрөгийн барааг зараад мөнгийг нь гаргаад өгөөч, чи том багтай учраас амархан зарна, тэгнэ гэвэл тус компанийн зардлаар АНУ, Мексикийн аялалаар чамайг аваад явна гэсэн саналыг тавьсан. Ингээд би бизнесийн түнш БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэн н.Гэрэлтуяад санал тавьж, Н.Лгээс 2015 оны 6 дугаар сард авсан барааг түүнд хүлээлгэн өгч, барааг зарж чадвал 15 хувийн шагнал өгөхөөр тохирсон. Энэ барааг явуулахдаа Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахад 5 удаа явсан бөгөөд 1 удаагийн зардалд 800 000-1 000 000 төгрөгийн зардал гаргаж, н.Гэрэлтуяад бараануудыг хүлээлгэж өгсөн. Гэтэл н.Гэрэлтуяагаас мөнгө орж ирээгүйн улмаас Н.Лгийн төлбөрийг төлж чадахгүй удаасан зүйл байгаа. Н.Л нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр АНУ явахаас өмнө барааныхаа тал мөнгийг өг, өгөхгүй бол авч явахгүй гэсэн тул Н.Лд дансаар 3 000 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг өгсөн ба нотариат дээр намайг дуудаад, бэлдсэн гэрээн дээр гарын үсэг зур гэсэн. Би мөнгө биш бараа авсан, яагаад алданги гэж заасан юм гэхэд, гарын үсэг зурахгүй бол АНУ авч явахгүй, нөхрөө авч явлаа гэсэн. Ингээд аргагүй эрхэнд уг гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээн дээр гарын үсэг зурж байгаа нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж, хүлээн зөвшөөрөөд зурсан зүйл байхгүй.

н.Гэрэлтуяагаас мөнгөө авч байж өгөхгүй бол шууд өгчих мөнгө байхгүй. Барааны үлдэгдэл төлбөр 7 719 500 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2 719 500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 336 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 241 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 200 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 164 338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “466 дугаар зүйлийн 466.1, 466.6” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 120 826 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Бид нарын маргаад байгаа гол зүйл нь нэхэмжлэгчээс “Форевер Ливинг продактс монголиа” ХХК-ийн бүтээгдэхүүнээс 18 хувь болох 1 660 000 төгрөгийг, мөн алдангид тооцсон 3 112 250 төгрөгийг тус тус хасуулах хүсэлтэй байна. Би бэлэн мөнгө аваагүй харин ч тухайн бүтээгдэхүүнийг зарах гэж БНХАУ руу зөөж надаас 4-5 удаа явахад 5 сая төгрөгийн зардал гарсныг яагаад хасч тооцож болдоггүй юм бэ үүнээс болж би ч алдагдалд орж байна. Болсон үйл явдлын талаар нэхэмжлэгчид байнга хэлж байсан ба би хэрвээ Мексикийн аялалд яваагүй бол 7 сая гаруй төгрөгөөр шатахаар байсныг нэхэмжлэгч хэлж байсан. Захиалсан билетээ буцаагаад торгууль төлөхөд яах байсныг өөрөө мэдэж байгаа байх. Мөн бэлнээр өгсөн 2 сая төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэгч маргадагч үнэндээ өгсөн авснаа шударгаар хүлээсэн бол надад маргаад байх зүйл байгаагүй. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс урамшууллын 16 660 000 төгрөг, алдангийн 3 112 250 төгрөг, бэлнээр өгсөн 2 сая төгрөг нийт 6 772 250 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Үлдэгдэл 2 452 250 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Нэхэмжлэгч Н.Лтэй худалдах худалдан авах гэрээ хийгээгүй бөгөөд энэ бүтээгдэхүүнийг надаар заруулж оронд нь Мексикийн орноор аялах аялалд намайг авч явахаар болж энэ төлбөрийн баталгаан дээр гарын үсэг зурахгүй бол авч явахгүй гэж шантаажилж надаар зуруулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг дан ганц нэхэмжлэгч эдлээд хариуцагч яагаад дагах ёстой гэж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдолд бичээд байгаа зүйлд бодитой дүгнэлт хийж нолтох баримтуудыг тал бүрээс нь үнэлж өгөхийг хүсч байна. Ц.Лхамсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй байхад эсрэгээр нь хариуцагчийг хуульд зааснаар нотлох ёстой гэж дүгнээд байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь Худалдах худалдан авах гэрээг хийсэн гэж үзвэл төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бэлнээр хийх, мөн хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээ хийсэн үү гэдэг гэрээний нөхцлийг зөв тодорхойлох ёстой. Тийм учраас зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг хянуулж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Магадлалд хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлоод байгааг зөвтгүүлэхийн хүсч гомдол гаргаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний залруулга хийсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Н.Л хариуцагч Ц.Т аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 578 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Ц.Т  нь шаардлагыг эс зөвшөөрч, барааны үнийг бусдаас аваагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ц.Т д “Форевер ливинг Продактс Монголиа” ХХК-ийн 9 224 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид 3 000 000 төгрөгийн төлбөр хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Ц.Т  нь Гэрэлтуяа гэгчээс бүтээгдэхүүний үнийг авч чадахгүй байгаа нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх учиртай.

Зохигч нь хоорондын харилцааг тодорхойлох баримтад талуудын тооцоо нийлсэн акт үйлджээ. Гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг хариуцагч хэсэгчлэн төлдөг байсан ба хэдий хэмжээний төлбөр үлдсэн, төлбөрийн үлдэгдлийг хэзээ хэрхэн төлөх талаар уг актад заасан байна. Худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг хэсэгчлэн хийх тохиолдол бүрт гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхгүй. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан өөрийн онцлогтой ба зохигчийн хооронд үүссэн харилцаанд зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинж байхгүй байна.

Талуудын тооцоо нийлсэн байдлыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасан тооцоо нийлэх гэрээний зохицуулалтад хамааруулсан анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээдэг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1., 466.6-д заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН